Нийтлэл 03 сарын 25, 2016

2015 онд эрчим хүчний салбар 790 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

-Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Сентерра Гоулд Монголиа, Зөөвч Овоо, Дулаан уулын ураны ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Арева, Мицубиши компанитай Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид "Монголын геологи хайгуул-2016” чуулга уулзалтын үеэр мэдээллээ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар геологийн салбарт зарцуулсан хөрөнгө 2013, 2014 онд 150 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байжээ.

-БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 10 аймагт төвлөрсөн эрчим хүчний станц байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийгдэж байна. 2015 онд эрчим хүчний салбар бүхэлдээ балансын дүнгээр 790 сая төгрөгийн ашигтай ажиллаж чаджээ.

-“Credit Suisse” банкнаас олгосон 250 сая ам.долларын эх үүсвэрээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй гэж Сангийн яамнаас мэдээллээ. Харин дотоодод гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх юм байна. Тиймээс өндөр хүүтэй дотоодын бондыг хямд өртгөөр татан төвлөрүүлсэн зээлийн санхүүжилтээр төлөх нь Засгийн газрын хувьд ашигтай хувилбар гэдгийг Сангийн сайд онцолж байна.

-2015 онд Банк бус санхүүгийн байгууллагууд салбарын хэмжээнд 46.3 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, 2014 оноос ашгийн түвшин нь 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт активын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 2.69 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өсчээ.

-Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-р буурчээ. Энэ оны эхний хоёр сард Монгол улс Хятад улс руу 1 сая 435 мянган тонн нүүрс экспортолжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon