Нийтлэл 12 сарын 30, 2014

Амжилтаа ахиулсан 'Алибаба групп'

 

“Алибаба ба 40 дээрэмчин” үлгэрээс санаа авч компанидаа нэр өгсөн Жак Ма анхнаасаа л олон улсын цахим худалдааны сүлжээ байгуулах зорилготой байжээ. Alibaba групп Alibaba.com, taobao.com, 1688.com зэрэг цахим худалдааны сайтаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, өдгөө Хятадын интернэт худалдааны 80 хувийг эзэлсэн байна.

Группийн дэргэдэх сайтуудаас хамгийн том нь Alibaba.com бөгөөд 600 сая орчим үйлчлүүлэгчтэй. Жак Ма энэ сайтыг анх нээхдээ 240 гаруй улсын импортлогч, экспортлогчдийн дунд гүүр болж, нэн ялангуяа Хятадын жижиг дунд үйлдвэрлэлийг гадаадын зах зээлд гаргах зорилготой байсан аж. Эдгээр сайтын нэг болох 1688.com-ыг 2013 онд нээсэн ч тун удалгүй өдрийн борлуулалтын дүн 30 сая долларт хүрч байсан. Мөн Taobao.com-ыг 2003 онд олон төрлийн жижиглэнгийн бараа худалдаалах ажиллуулсан нь ч төд удалгүй Хятадын хамгийн их хандалттай сайтуудын гуравдугаарт бичигдэх болсон юм.

Taobao-д үнэгүй бүртгүүлж, төлбөрийн системийг үнэгүй ашиглаж, захиалгын хөлс төлөх шаардлагагүй учраас хэрэглэгчдийн тоо ийнхүү хурдтай өссөн аж. Үүнээс гадна Америкийн PayPal-тай эн зэрэгцэхүйц Alipay системийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Ийнхүү үйл ажиллагай улам өргөжиж, дутагдлаа нөхөх зорилгоор салбар бүрт хүч үзэж эхлэв. Тухайлбал, кино урлаг, хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээний салбарт нөлөөгөө тогтоохоор “China-Vision Media Group”-ийн 60 хувийг худалдан авсан.

Түүнчлэн олон улсын тавцанд гарахын тулд АНУ-ын зах зээлд ажилладаг Shop Runners компанийг 1.6 тэрбум ам доллараар өөрийн болгосон. Alibaba групп Shop Runners-ын сүлжээг ашиглан Хятадын барааг Америкт гаргах сонирхолтой хэдий ч түүнээс илүүтэйгээр хятадын хэрэглэгчдэд америк барааг хурдан шуурхай худалдаж авах боломж бүрдүүлэхийг зорьжээ. Учир нь Хятадын онлайн хэрэглэгчдийн дунд гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлт их байдаг аж. Ийнхүү Ebay болон Amazon-тай өрсөлдөхөөс гадна Aliexpress вэб сайтыг шинээр байгуулав. Мөн Оросын Qiwi онлайн төлбөр тооцооны системтэй холбосноор Оросын зах зээл хятадуудад нээлттэй болсон юм.

Alibaba группийн өрсөлдөгчид дан ганц гадаадынхан биш. Хятадын Tencent, Baidu гээд тэдэнд хүчтэй өрсөлдөгч олон бий. Сүүлийн үед Хятадад ухаалаг гар утас ашиглалт компьютерийнхийг давжээ. Энэ нь онлайн худалдааны ирээдүй мобайлд тулгуурлан явагдана гэсэн үг юм. Гар утасны зах зээл дотоодын компаниудын өрсөлдөөний гол талбар болоод буй учир Alibaba групп үйл ажиллагаагаа гар утас руу чиглүүлж байна. Үүний хүрээнд Sina Weibo буюу Хятадын твиттерийн 18 хувь, газрын зураг, GPS үйлдвэрлэгч AutoNavi-г худалдан авч, Aliexpress болон Alipay үйлчилгээтэй холбожээ. Учир нь гар утсан дээр байршил заагч суурилуулснаар худалдан авалтад тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна.

Мөн KuadiDache буюу такси дуудлагын программыг худалдаж авсан бөгөөд такси дуудсан хүмүүс Alipay-ээр төлбөрөө хийх боломжтой болов. Мөн гар утасны хамгийн түгээмэл хэрэглэгддэг UVWeb браузерыг худалдан авчээ. Ингэснээр бүхий л илэрц, гарцууд Alibaba-гийн бүтээгдэхүүнийг заадаг болох юм.

Ийнхүү тэд Хятадын зах зээлийг бүхэлд нь мэдэлдээ оруулахаар эрмэлзэж байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд оролцож эхэлжээ. Гэхдээ зөвхөн гар утас болон электрон худалдааны компаниуд л тэдний бай болж байгаа юм. Зурвас илгээх программ Tango-гийн хувьцаанд оролцож компанийн үнэлэмжийг 215 сая, харин Lyft-ийнхийг нэг сая ам.долларт хүргэсэн бөгөөд Кабам видео тоглоомонд 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Хятадын зах зээлийг сонирхож буй жижиг бизнес эрхлэгчдийг Alipay цахим төлбөр тооцооны системийг ашиглах боломжоор хангахын тулд Бразилын төрийн өмчит, шуудангийн үйлчилгээний Correios компанитай хамтран ажиллаж эхлэв. Үүний зэрэгцээ Итали, Францын Засгийн газруудтай Tmall сайтаас худалдан авалт хийхэд хялбар болгох хэлэлцээр хийсэн байна. Ийнхүү Alibaba групп хувьцаа гаргах ажилд бэлтгэн хоёр тэрбум орчим ам.долларыг 10 гаруй жижиг компанид зарцуулжээ.

Бэлтгэл ажил амжилттай хангагдсанаар IPO гаргах ажил  2014 оны есдүгээрр сарын 19-нд Нью-Йоркийн хөрөнгийн биржид эхэлсэн юм. Арилжаа эхлэхийн өмнөх хувьцааны ханш 68 ам.доллар байсан. Харин эхэлсний дараа 93.89 ам.долларт хүрч 38 хувиар өсөв. Нэг минут ч хүрэхгүй хугацаанд 100 сая гаруй ширхэг хувьцаа арилжаалагдаж, Twitter-ийн рекордыг эвджээ. Уг нь Alibabа АНУ-ын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум ам.доллар олох төлөвлөгөөтэй гэж байсан. Гэхдээ шинжээчид дор хаяж 15 тэрбумыг олно гэж дүгнэсэн. Харин бодит байдал дээр Alibaba групп Нью-Йоркийн хөрөнгийн биржээс 25 тэрбум ам.доллар олж, АНУ-ын түүхэнд хамгийн өндөр хувьцаа арилжаалсан компани болсон билээ. Түүнчлэн компанийн нийт хөрөнгө 170 тэрбум ам.долларт хүрнэ гэгдэж байсан ч өдгөө 236 тэрбум ам.доллар болов. 

 

Энэ нь “Facebook” /200тэрбум/-ийг ардаа орхиж, “Google”/347 тэрбум/-ийн дараа орох үзүүлэлт билээ. Alibaba группийн захирал, хувьцааны найман хувийг эзэмшигч Жак Магийн хөрөнгийг “Форбес” сэтгүүлээс 8.9 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлж, тэрбээр Хятадын тэрбумтнуудын зургаадугаарт эрэмбэлэгджээ.

Нийт арилжаалагдсан хувьцааны хэмжээ 368 сая бөгөөд энэ нь компанийн хувьцааны 14.9 хувийг эзлээд байна. Мөн нэмж 48 сая хувьцаа арилжаалснаар YAHOO Inc! хамгийн их хувьцаа худалдан авсан компаниар тодорчээ. Alibaba групп хувьцаа гаргасны дараа борлуулалт нь 54 хувиар өсч, 16.8 их наяд юаньд хүрсэн байна. 

Өдгөө дэлхийн хамгийн их хандалттай арван вэб сайтын гурав нь Хятадынх бөгөөд тэдний нэгт Alibaba.com бичигддэг.  Хятад улсын интернет хэрэглэгчдийн тоо 200 саяыг давж, гар утасны интернэт ашиглагчид 850 саяас хэтрэв. Тиймээс Хятадын интернет сүлжээний хөгжил дэлхийд тэргүүлэх магадлал өндөр бөгөөд тус салбараас олох орлогын хэмжээгээрээ ч тэргүүлэх боломжтой болжээ. Өнгөрсөн жил Хятадын цахим бизнесийн нийт орлогын дүн 10 их наяд юанийг давж, онлайн худалдааны хоёрдогч том зах зээл болж байжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon