– Эрх чөлөө гэж юу вэ? Сонголт арвин байх явдал уу?
Сонголт хэт ихэдвэл эсрэгээрээ сонголт хийхэд хүндрэлтэй болж, эндүү сонголт хийх эрсдэл ч байдаг шүү дээ. Тийм эрх чөлөөг жинхэнэ эрх чөлөө гэж хэлэх үү?
Жишээлбэл таны өмнө А, Н, М, Х, Ү гэсэн 5 үсгийн бүх сэлгэмэлээс тогтох 120 нэр бүхий намын нэр болон, тус бүрийн мөрийн хөтөлбөрийг эгнүүлж тавиад
- Таны ямар сонголт хийснээс, таны ирээдүй бүрэн шийдэгдэх болно гэж тулгавал ямар байх уу?
- Миний ирээдүйн төлөө ийм олон бүлгэм санаа зовж явдаг байх нь
гэж баярлаад, мөрийн хөтөлбөр нэг бүртэй сайтар танилцаж, тэдэн дотроос хамгийн таалагдсанаа сонгох уу? (эсвэл хамгийн танил цөөхөн хэдийг нь унших юм уу, бүр огт уншилгүйгээр урьдын сонголтоо давтах болов уу?)
Үгүй л болов уу. Сонголтын тоонд хязгаар гээч юм, эрх чөлөөгөө эдлэхэд хамгийн тохиромжтой хэм хэмжээ гэж байдаг мэт.
– Тэгвэл тэр сонголтын тоо нь ойролцоогоор хэд байвал хамгийн зохистой вэ?
Сэтгэлзүйч George Armitage Miller–ийн хариултаар бол, тэр шидэт тоо нь 7 ± 2 юм гэнэ. Өөрөөр хэлбэл, 7 хавьцаа сонголт байхад хамгийн тохиромжтой
.
Түүнээс олон сонголт гараад ирвэл ихэнх хүмүүс сонгож чадахаа больж, үр дүнд нь юуг ч сонголгүй, бүхнийг хэвэнд нь үлдээдэг. Эсвэл сонгосон ч "буруу сонголт" хийх нь ихсэнэ.
– Үүнээс дээр сонголт байсан юм биш үү?
маягаар сэтгэж, сонгосон сонголтондоо сэтгэл дундуур үлдэх явдал ч гарна.
Зарим судалгаагаар, эдийн засгийн таатай цаг үед олон компани дундаас ажлын сонголт хийсэн хүмүүсээс илүүтэйгээр, тогтворгүй цаг үед олдсон цөөхөн компаниасаа сонголт хийсэн хүмүүсийн "сэтгэл ханамжийн төвшин" өндөр байдаг гэсэн бодит дүгнэлт ч байдаг байна.
Өөрөөр хэлбэл, сонголт их байх тусмаа, сонголтын дараах сэтгэл ханамж доогуур байдаг
гэсэн үг.
Гэсэн ч хүмүүс сонголтын арвинд нь дуртай. Олон сонголтод өөрийн эрхгүй татагддаг. Яг үнэндээ энэ зөрчлийн цаана нэг төрлийн далд урхи байдаг байна.
Жишээ нь, сонголт арвинтай, дүүрэн бараатай дэлгүүрт хүн олон цугладаг. Гэтэл, хүн цуглахын хэрээр гүйлгээ их байх уу гэвэл заавал тийм байх албагүй юм.
Энд Профессор Sheena Iyengar–ийн "Варень амсах" гэдэг нэгэн алдартай туршилтын талаар толилуулъя.
6 төрлийн варень (буюу цөөхөн сонголттой), 24 төрлийн варень (буюу олон сонголттой) хоёрыг тусдаа лангуун дээр тавиад
– Алийг нь олон хүн сонирхож амсах вэ?
– Алийг нь олон хүн худалдаж авах вэ?
гэдгийг сонжиж үзсэн байна.
Дэлгүүрт орж ирсэн хүмүүсийн 60% нь олон сонголттой варенийг амсаж сонирхсон бол, үлдсэн 40% нь цөөхөн сонголттойг нь сонирхож үзэв. Өөрөөр хэлбэл сонголт арвин байх тусмаа хүмүүс илүү цугладаг байх нь (1.5 дахин).
Гэтэл бодитоор худалдаж авсан хувь хэмжээг нь харвал, 24 төрлийн варенийг амссан хүмүүсийн ердөө 3% нь л худалдан авалт хийсэн бол, 6 төрлийн варенийг сонирхсон хүмүүсийн 30% нь худалдан авалт хийсэн байна.
Тэгэхээр танд бяцхан тоо бодуулая л даа.
1000 хүний 60% (буюу 600 хүн) нь олон төрөлт варенийг сонирхож, тэндээс 3% нь варень худалдаж авсан гэхээр, 18 хүн болно.
Тэгтэл цөөхөн төрөлт варень амссан 40% (буюу 400 хүн)–ийн 30% нь варень авсан гэхээр, 120 хүн болж байгаа биз? (6 дахин)
Ямрав дээ? Эндээс хэлж болох дүгнэлт гэвэл:
Олон сонголт нь хүмүүсийг өөртөө татдаг. Гэвч яг худалдаж авах дээрээ тулахаар, хүмүүс сонголтын олонд шаналж, эцэстээ "авалгүй орхих" явдал олон байдаг байх нь.
Энэ төөрөгдөлд хуурталгүй ажилладаг их дэлгүүрүүд (supermarket) бий. Зэрэг дэвээрээ дэлхийд 9–д ордог ALDI супермаркетийн нийт барааны нэр төрөл нь дөнгөж 1,400 байдаг гэнэ. Жирийн их дэлгүүр дундажаар 45,000 төрлийн бараа тавьж, ALDI–ийн зиндааны акулууд 100,000 төрлөөр нь барааг эгнүүлдэгтэй харьцуулахад, ALDI нь бараг л ТҮЦ шиг харагдана (кетчуп л гэхэд ердөө ганцхан төрөл!!!).
Гэсэн ч барааны сонголт хомс гээд, ALDI–ийн борлуулалт бусдыг дагуулахгүй. ALDI–ийн бай бол, үзэмж төдий олон үйлчлүүлэгч бус, цөөн тооны чанартай үйлчлүүлэгчдээр гарцаагүй "худалдан авалт хийлгэх" явдал бөгөөд, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чаддаг байна.
Тэгээд ч барааны сонголт цөөхөн байгаа нь эргээд "сэтгэл ханамжийн түвшинг" ч өргөж өгдөг давуу талтай.
Шоглох гэсэн юм шиг албаар олон сонголт эгнүүлж орхивол, хүмүүс
– Энэ нь ч дээр юм уу?!?
– Тэр нь ч үнэтэй юм уу?!
гэх зэргээр "илүү юм" бодож эхлэнэ. Тэгж шаналсан хүн сонголт хийснийхээ дараа харамсах нь олон байдаг.
Эсрэгээрээ сонголт цөөхөн бол тэгтлээ илүү дутуу юм бодож төөрөлгүй, олдсон авсандаа сэтгэл хангалуун үлдэнэ (дээр үеийн хүмүүс бүгд гэртээ Лисьва хөргөгчтэй байсандаа тэгтлээ сэтгэл дундуур байгаагүй ч юм шиг).
Түүнээс гадна, сонголт хэт олон байвал, хүмүүс залхуурахдаа ч юм уу тогтсон нэг л сонголт хийх хандлага бас байдаг байна.
Зайрмаг л гэхэд үнэндээ хэдэн арван төрөл байдаг ч, "шоклад", "гүзээлзгэнэ", "ванил" гурвын гүйлгээ бүх зайрмагны 51%–ийг эзэлдэг байх жишээтэй. Хэт их сонголт байвал хүн дассан сурснаа л авъя гэдэг байх нь.
Тэгэхээр бидний сонголтын чадавхид хязгаар байгаа биз?
Ихэнх хүн бусадтай ижилхэн нэгэн хэвийн зүйл авах сонирхолгүй ч, хэт ганган (эсвэл гаж) сонголтоос бас зайлсхийдэг. Хэлбэлзэл хаана очиж тогтворжих вэ гэхээр, "үл ялиг дэгжин" тэр сонголт болно.
Хүн гэдэг хязгааргүй уудам эрх чөлөөг хүсэмжлэх мөртлөө, цагаа тулахаар ганц том алхаад л эрх чөлөөнд сэтгэл ханах аж.
Сонголтгүй нийгмийг тэвчиж чаддаггүй хэрнээ, хэт их сонголт өгчихвөл баахан гомдол тавихаас хэтрэхгүй.
Сайн дарга ажилчиддаа "тохирсон хэмжээний сонголт" тулгадаг гэдэг.
Хэт мундаг дарга бүгдийг нь өөрөө хийгээд байвал чадвараар үнэлэгдэх хэдий ч, манлайлал болон хүнлэг байдал нь бусдын эргэлзээг төрүүлнэ.
Эсрэгээрээ цэргүүддээ бүхнийг даатгаад байвал үл хүндлэгдэхэд хүрнэ.
Ажилчиддаа яг хоёр сонголт үлдээж байвал, манлайлал болон ажлын чадвараа хамгийн өндөрөөр үнэлүүлнэ гэсэн туршилтын үр дүн ч байдаг гэнэ.
За тэр яахав.
Ингэхэд өнөөгийн бид сонголтод бялуурсан нийгэмд амьдарч байна. Тийм ч учраас, бид олонтаа алдаж, бас олноороо сэтгэл дундуур явцгаадаг. Энэ бол ардчилал, эрх чөлөөнд төлдөг бидний өртөг юм
(энүүхэндээ гэж хэлэхэд өртөггүй юм гэж хаана ч байхгүй. Магадгүй, энэ блог ч бас).
Сонгох урлагЧөлөөт ертөнц гэдэг хязгаарлагдмал ертөнцөөс илүүтэй "сонгох урлаг (техник)"–ийг шаардана
.
Энэхүү сонгох урлаг гээч нь, маш энгийн сэтгэлзүй дээр тогтож байдаг:
Бүхнийг хялбараас нь сонгож эхлэх.
Та жишээ нь машин сонгох гэж байна гээд төсөөлөөд үз.
Та эхлээд 56 сонголт бүхий өнгөнөөс эхэлж машиныг сонгох уу? Эсвэл 4 хөн төрөл байдаг хөдөлгүүрээс нь эхэлж сонгох уу?
Мэдээж эхлээд аль хялбараас нь шигшилт хийгээд, хурдхан шиг сонголтын тоогоо цөөлөх хэрэгтэй. Үгүй бол та дороо ядарч орхино.
Энэ бол сонгох урлагийн үндэс юм.
Түүнээс гадна бидний өдөр тутамдаа хийж байдаг сонголтуудын тэн хагасаас илүү нь, үнэндээ "Онцын чухал биш" сонголтууд байдаг болохыг анзаарвал сайн. Тэгээд ч тэндээс ямар ч сонголт хийлээ гээд сүйдтэй ялгаа гарахгүй байх явдал, төсөөлснөөс хавьгүй олон бий.
Сонголтын үр дүнд хангалттай том сэтгэл ханамж авдаг тийм сонголт үнэндээ арав дотор үсрээл нэг гарвал их юм.
Үүнийг компанийн дарга, менежер хүмүүс сайтар ухамсарлаж байдаг.
Бусдад даатгах зүйлийг тэр дор нь даатгаж, өөрөө шийдвэр гаргах асуудлыг үсрээ л 10 минутад шийдэх нь олон. Харин маш чухал шийдвэрийг бол 1 цаг, түүнээс илүү хугацаа зарцуулж няхуур хандах юм.
Паретогийн хуулиар (Pareto principle) бол
– Өдөр тутмын амьдралаас авах таашаалын 80% нь ердөө 20%–ийн сонголтын үр дүн байдаг.
Тэгэхээр сонгох урлаг гэдэг маань тэр 20%–ийг л ялгаж харах урлаг гэхэд болно. Үүний тулд, сонголтуудыг хайр найргүй шигшиж сурах хэрэгтэй юм.
Нийгэм судлаач Nikolas Rose ингэж хэлсэн байдаг.
– Орчин үед амьдарч байгаа хүмүүс, зүгээр л чөлөөт сонголт хийгээд байдаг юм биш. Тэднийг хүчээр "чөлөөт сонголт" хийлгүүлдэг юм. (Өөрөөр хэлбэл, үнэндээ хэн ч бие даан сонголт хийх хүсэлгүй буюу, бүхнийг зөвхөн өөрийн толгойгоор шийдэх нь тийм ч хүсмээр зүйл биш)
Чөлөөт ертөнцөд амьдрах гэдэг бидний боддог шиг тийм ч хялбар зүйл биш бололтой. Эсрэгээрээ "хязгаарлагдмал эрх чөлөөг" таашаах нь, сэтгэл ханамжийг өндөрсгөх талтай. Тийм ч учраас чөлөөт нийгэмд элдэв жагсаал цуглаан тасардаггүй биз.
Эрх чөлөө ч бас ихдэхээрээ эргээд дөнгө болдог мэт. Сэтгэл маань хязгааргүй эрх чөлөөг хүсэвч, бие маань 2 таваг эрх чөлөөнд л цадаж орхино. Харин энэ хоёрын дунд, олон хүн одоо ч төөрөлдөж яваа болов уу. Тиймдээ ч олон бараатай дэлгүүр рүү хошууралдаж, (сонгохдоо шаналдаг хэрнээ) арвин сонголт харж хэсэг баясаад авч шальсан юмгүй эргээд харьдаг биз.
Хэт эрх чөлөөт нийгэм гэдэг, савлах зүү зогсох ёстой цэгийг бүрэлзүүлнэ. Тэр цэгийг онож хатгахад "сонгох урлаг" бидэнд туслана.
"Юм энгийн тусмаа сайн" гэж философич Ockham хэлсэн байдаг. Харин энгийн байх гэдэг, тийм ч энгийн амар яриа биш бололтой.
like