ДЭМБ-ын 2012 онд хуралдсан 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлэн гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон.
Учир нь дэлхийд ХАЛДВАРТ БУС ӨВЧНөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд 55 саяд хүрнэ
хэмээн ДЭМБ урьдчилан тооцоолжээ. Тиймд үүнээс сэргийлэхийн тулд давсны хэрэглээг багасгах нь халдварт бус өвчин, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг судалгаагаар нотлогдсон аж.
Одоогийн байдлаар дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 43%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж жилд дунджаар 38 сая хүн нас барж, тэдгээрийн 42% буюу 16 саяыг 70 нас хүрээгүй хүмүүс эзэлж байна.
Харин манай улсын хувьд ХБӨ-ний 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсарсан өвчлөлтийн нийт хүн амд эзлэх хувь нь 2005 онд 23.8%, 2009 онд 26.4% болж улмаар 2013 онд 36.9% болж эрс нэмэгдсэн байна.
Түүнчлэн өөр нэг онцгой үзүүлэлт байгаа нь ХБӨ-нөөс шалтгаалсан цаг бус нас баралтын 82%-ийг бага болон дундаж орлоготой улс орнууд байна. Харин нас баралтын голлох шалтгаанд:
40.5%-ийг судасны эрхтэн тогтолцооны өвчин (жилд 17.5 сая хүн),
21.5%-ийг хавдар (жилд 8.2 сая хүн),
10.5%-ийг амьсгалын дээд замын архаг өвчин (жилд 4 сая хүн)
3.9%-ийг чихрийн шижин өвчин (жилд 1.5 сая хүн) тус тус эзэлж байгаад давсны хэрэглээ ихээхэн нөлөөлж байгааг мэргэжлийнхэн хэлж байна.
Эдгээрээс гадна манай улс хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаараа Номхон Далайн Баруун Бүсийн орнуудаа тэргүүлж байна.
Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт зүрх судасны тогтолцооны өвчин (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг) болон төрөл бүрийн хавдар (жилд дунджаар 3500) орж байна.
Түүнчлэн тархинд цус харвалт, зүрхний шигдээс өвчин зэрэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн гол шалтгаан болдог аж. НЭМХ-ийн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.2 дахин их, 10 хүн тутмын 9 буюу 89.2% нь 5 гр-аас их давс хэрэглэж байгаа нь биднийг хэрэглээгээ хянахад хүргээд байна.
Мөн давс ихтэй хоол хүнсний талаар ойлголт, мэдлэггүй байх нь судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 14.3 хувь байхад эрэгтэйчүүд үүнээс 1.8 дахин их (25.4 хувь) байна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 81.6%, нийтийн хоолны 83.6% давс ихтэй
байна.
Дашрам дурдахад МУ-ын ЗГ-аас 2015 оны 8 сарын 31-ны өдөр 353 дугаар тогтоолоор баталсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийн зорилго нь Монгол хүний давсны хэрэглээг 2025 он гэхэд 30% бууруулахад оршиж байгаа бөгөөд стратегийн хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлтийг 2025 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%, нийтийн хоолны давсны агууламжийг 40% тус тус буурсан байхаар заажээ.
Давсны хэрэглээг хэрхэн бууруулах вэ ?
Дэлхийн улсуудын туршлагаас харахад хүн амын давсны хэрэглээг бууруулахад бодлого эрх зүйн орчинг бүрдүүлэх буюу үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах, хүнс хоол үйлдвэрлэгчидтэй хамтран бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэргээр нийт иргэдийнхээ давсны хэрэглээг бууруулж болдог байна. Гэхдээ хамгийн гол нь хувь хүн давсны хэрэглээгээ зохицуулах нь хамгийн үр дүнтэй арга юм.
Сэтгэгдэл бичих