Нийтлэл 04 сарын 06, 2016

Чанаргүй зээлийн өсөлт ба санхүүгийн салбарын эрсдэл

Арилжааны банкууд дахь зээлийн үлдэгдэл 5 жилийн өмнө 3.7 их наяд төгрөг байсан бол 2015 оны эцсийн байдлаар 11.6 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Зээлийн үлдэгдэл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН болон иргэдийн арилжааны банкуудад төлөх өрийн хэмжээ юм.

Зураг 1. Монгол Улсын арилжааны банкууд дахь зээлийн үлдэгдэл (их наяд төгрөгөөр) болон чанаргүй зээлийн хувь

Зээлийн үлдэгдэл 2014 оны гуравдугаар улиралд хамгийн өндөр түвшиндээ буюу 12.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнээс хойш эдийн засгийн идэвхи суларснаар зээлийн эрэлт буурсан эсвэл зах зээлийн тодорхой бус байдлын улмаас зээлийн нийлүүлэлтийг хязгаарласан шалтгаанаар зээлийн үлдэгдэл буурах хандлагатай болжээ. 

2014 оны гуравдугаар улиралд нийт зээлийн 4.7 орчим хувь нь чанаргүй ангилалд байсан бол 2015 оны эцсээр 7.1 хувь нь төлөгдөхгүй буюу чанаргүй ангилалд шилжсэн байна.

Зураг 2. Салбаруудын чанаргүй зээлийн хувь

Нийт зээлийн үлдэгдлийн 15 хувийг бүрдүүлдэг бөөний болон жижиглэн худалдааны салбарын зээлийн 12 хувь нь чанаргүй ангилалд шилжсэн байна.

Мөн нийт зээлийн үлдэгдлийн 10 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын зээлийн үлдэгдлийн 24 хувь нь нь чанаргүй ангилалд шилжжээ.

Олон улсын болон манай улсын зарим эдийн засагчид уул уурхайн салбар ойрын2-3 жилийн хугацаанд сэргэхгүй байх тухай дүгнэсэн байна. Тухайлбал, СЭЗДС-ийн багш Ц.Батсүх яриандаа манай улсын эдийн засаг 2018 он хүртэл эерэг хандлага ажиглагдахгүй байх тухай дурьдсан байна.
 
 
Ирэх 2-3 жилийн хугацаанд чанаргүй зээл буурахгүй эсвэл өсөх хандлагатай байхаар байна. Иймд энэ хугацаанд манай улсын санхүүгийн салбар чанаргүй зээлийн өсөлтөд бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд бодлого боловсруулагчдын зүгээс мөн банкны дампууралд бэлтгэлтэй байх нь зүйтэй юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon