Бид өглөө эртлэн босдог хүмүүст зориулагдсан дэлхийд амьдардаг. Үхрийн дуунаар сэрэх, ногоортлоо унтах гээд өглөө их унтдаг хүмүүсийг заах таагүй үг олон байдаг. Гэхдээ орой босдог хүмүүс ихэнх нь орой унтдаг хүмүүс байдаг агаад энэ нь цаг наргүй, дэглэмгүй нөхөд гэхээсээ хувь хүний биологийн цагийн онцлогоос нь шалтгаалдаг байх магадлалтай аж. Хүмүүсийн дийлэнх нь 23-7 цагийн хооронд унтвал сайн амардаг ч санаснаас өндөр буюу нийт хүмүүсийн 40 орчим хувийн биологийн цаг ийм хэмнэлд сайн зохицдоггүй
байна. Биологийн цаг нь удамшлын чанартай, өөрчлөх тийм амаргүйн дээр өөрчлөх гэж хүчилвэл эрүүл мэндэд таагүй нөлөө үүсэх магадлалтай. Гэхдээ орой унтаж, орой босдог шар шувуу бүлгийн хувьд физиологи, биологийн хүндрэлээс илүү нийгмийн хандлага хамгийн төвөгтэй стрессийн эх үүсвэр болдог аж. Орой тийшээ эрх дураар сайхан амьдарч байгаа шар шувуунууд өөрсдөө яагаад ч юм бэ сэрүүн байгаа болжморуудаас “Унтаач” гэдэг ганц гайтай үгийг 1000 удаа лавтайяа сонсоно
.
Унтах сэрэх цагаа хэдэн цагаар шилжүүлсэн бүлэгт арчаагүй, ажил амьдралаа зохицуулж чаддаггүй юм уу шоучин, нойрны тулам мэтээр хандах хандлага түгээмэл байдаг нь нэг төрлийн олонхиос цөөнхид хандсан ялгаврлал агаад сэтгэлзүйн дарамт үүсгэж, өөрийгөө дутуу үнэлэхэд хөтөлдөг.
“Би өөрөө өөртөө шал арчаагүй санагддаг, эрт босч чадахгүй байхаар. Аав ээжийн хүлээлтэд хэзээ ч хүрч байсангүй, намайг залхуу шаар л гэж боддог. Өдрийн хэмнэлээ засах гээд өглөө кофе, орой дарс ууж хэсэг явсан, ажил дээр нойрмоглосон гээд бангадуулсан” К, 34 настай
“Хүмүүс намайг унтлаа гэж их шоолно, урамшуулах, засах гэж их оролдоно. Би хичээхгүй байгаа биш, хичээдэг. Энэ миний буруу гэж үү, би бүх хүчээрээ хичээж ирсэн.” С, 21 настай.
Шар шувуунуудад болжморуудад тохируулсан хуваарьт багтахаар адгаж амьдрахад тулгарах бэрхшээл үүгээр зогсохгүй.
“Ажилдаа явна гэдэг бөөн айдас, сандрал. Оройтож очно, хулгана, юм асуухаар тэнэг хариулт өгнө...” А, 26 настай.
Шар шувуунууд болжмор болж өөрчлөгдөх ёстой юу, эсвэл нийгэм тэдэнд зай гаргах ёстой юу?
Угаасаа 9 хүртэл унтвал сайхан амрахаар биологийн онцлогтой хүн 8 цагийн уулзалтад яаж ийгээд амжих ёстой юу?
B-society хэмээх орой сэргэг байдаг хүмүүсийг дэмжих зорилготой олон улсын бүлгэмийг үүсгэн байгуулсан Камила Крингийн хэлж байгаагаар “Нийгэмд оройны бүлгийн эсрэг ялгаврлал их байдаг
” аж. Уулзалтууд голдуу өглөө явагддаг. Тархи нь өглөө хамгийн сэргэг байдаг хүмүүс захирлаас хамаг оноогоо авдаг. Тэрээр интернет нэвтэрч, ажлын багаж, хэрэгсэл хөгжсөн өнөө үед илүү уян хатан зохицуулалт хийх боломжтой гэж үзэж байна. Түүнийхээр бол нэг юм уу хоёр цагийн бага хэмжээний өөрчлөлт ч цөөнхийн хувьд сайн нойр, ажлын бүтээмж авчрах боломжтой.
Шинжлэх ухааны талбарт ч өдрийн хэмнэлийн олон хэв маягийг хүлээн зөвшөөрөх, илүү нарийн шинжлэх судалгаанууд хийгдэх болж ирж байгаа агаад өглөөний хэмнэлд хүчээр зохицуулсан бүлэг депресстэх магадлал өндөр байдгийг харуулсан дата ч хэвлэгджээ.
Ер нь хэзээ бүтээмжтэй байна төдийд ажиллаж амьдрах нь өөрт ч өрөөлд ч хэрэгтэй нь мэдээжийн хэрэг мэт. Харамсалтай нь энэ санааг туршиж үзэх, нийгмийн хэмнэлийг илүү уян хатан болгох хандлага одоохондоо төдийлөн газар аваагүй байна. Гэхдээ цагийн хуваарь өөрчлөгдөхөөс өмнө болжморуудад хийж чадах зүйл бий: шар шувуунуудын хувьд өглөө болоогүй байхад оройтлоо гэж загнах, өдөр нь болж байхад “унтаач” гэж захиргаадахаа болих!
Сэтгэгдэл бичих