Нийтлэл 04 сарын 14, 2016

Дэлхийн нүүрсний зах зээлийн хоёрдахь том компани дампуурлаа зарлалаа

Дэлхийн хамгийн том хувийн эзэмшлийн нүүрс олборлогч,  нүүрсний  салбарын хоёрдахь том компани болох Peabody Energy компани дампуурлын үеийн хамгаалалт хүсч шүүхэд хандлаа.
 
Дэлхийн зах зээл дээрх нүүрний үнийн огцом уналт нь тус компанийн хэрэгжүүлж байсан Австрали дахь нүүрсний төслөө өргөжүүлэхээр зээлсэн ззэлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учруулаад байсан юм. Компанийн бүртгэлтэй нийт хөрөнгө болон өр төлбөрийн хэмжээ нь 10-50 тэрбум хүртэлх хэмжээгээр үнэлэгдэж байгаа хэмээн шүүхийн зүгээс мэдэгджээ.
 
2014 оны дунд үеэс эхлэн Хятад, Бразилын эдийн засаг удааширч металийн үнэ ханш огцом унаж эхэлснээр түүхий эдийн зах зээлд хямралыг дагуулж  томоохон нүүрс үйлдвэрлэгч Peabody компани дампуурлаа зарлахад хүргэсэн байна.
Компанийн зүгээс Хуулийн 11 дэхь бүлэг заалтын дагуу дампуурах хүсэлтээ гаргасан бөгөөд тус хуулийн дагуу АНУ-н засгийн газраас тус компанитай хамтран ажиллагч корпораци, нөхөрлөлийг татан оролцуулж шинэ бүтцийн зохион байгуулалтыг хийх аж.
Тодруулбал Бүлэг 11 дампуурлын үеийн хамгаалалтын дагуу зээлдүүлэгч компанийн бизнесийг хэвийн явуулахад саад болохгүй байх үүрэгтэй бөгөөд өрөө төлж барагдуулах төлөвлөгөөг шинэчлэн гаргах юм.
 
Лхагва гаригт гаргасан мэдэгдэлдээ компанийн гүйцэтгэх захирал Glenn Kelow:
Энэ бол амаргүй шийдвэр байлаа гэвч Peabody компанийн хувьд хамгийн зөв зам болох юм. Өнөөдөр гаргаж буй энэ шийдвэр нь манай компанийн хувьд өрийн дарамт, зах зээлийн уналттай үеийг шийдэх ганц гарц нь байлаа  хэмээжээ.
Компани өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс дампуурах хүсэлтээ өгч магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд компани зээлийн хүүгийн төлбөр болох 71.1 сая ам.долларыг төлөх чадваргүй гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жил Peabody-н хувьцааны ханш 95% огцом унасан байна. Нүүрсний үнийн тренд өнгөрсөн жил огцом уруудаж хамгийн доод цэгтээ очоод байсан юм. Нүүрсний зах зээлийн дундаж ханш 2011 оноос эхлэн уруудаж 2013 он гэхэд 41% буурчээ.
Дэлхий даяарх засгийн газруудын зүгээс агаар дахь нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаас нүүрсний үнийн уналт эхтэй юм. 2015 оны төгсгөлд Парис хотод болсон COP21 чуулга уулзалтаар олон улсын хэмжээнд нүүрстөрөгчийг хэмжээг бууруулах гэрээ конвенцыг баталж нүүрсний хэрэглээгээ бууруулахаар бодлогодоо тусгасан.
 
Peabody дампуурч буй эхний нүүрсний компани биш бөгөөд урьд нь Alpha Natural Resources болон Arch Coal компаниуд өнгөрсөн жил дампуурлаа зарласан билээ. Өөр нэгэн томоохон нүүрсний компани болох Walter Energy болон Patro Coal компаниуд өнгөрсөн жил мөн дампуурлын үеийн хамгаалалтыг авсан юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon