Саяхан би өөрийн сайн дураар хөдөө явж малчин түмэндээ мал төллөх үеэр ажилд нь туслахаар явсан юм. Намайг Өндөрхаан хотоос Хэнтий аймгийн Мөрөн сумын 2р баг дээр аймгийн түргэний машинаар хүргүүлэн залуу малчин Цолмонбаатарынд ирэхэд гадаа нь нэг ботго байсан юм. Тэр ботгыг ингэ нь хээр талд төрүүлээд голсон, тэгээд голоод орхиод явсан байжээ. Харин манай Цолмонбаатар маань хонио эргүүлэнгээ талд төрсөн хурга, ишигнүүдээ цуглуулж яваад ботготой таарч, ботгыг гэртээ авчирсан байжээ. Дашрамд хэлэхэд гэрийн эзэн, залуу малчин Цолмонбаатар бид 2 онжавууд байв. Онжав маань мянгат малчин байв. Үүнд би ихэд олзуурхав, бас бахархав.
Дөнгөж төрсөн ботго үнэхээр өхөөрдөм хөөрхөн
өөс гадна ямар эмзэг, турьхан байсан гээч. Хөл дээрээ тогтож чадахгүй би өргөж босгоод түшээд хөл дээр нь зогсоох гэтэл зогсож чадахгүй байв. Тэгэхээр хүн гэлтгүй ямар ч амьд амьтанд эхийн хайр халамж, эхийн ангир уураг ямар чухал
юм гэдэг бодол тэр агшинд миний толгойд өөрийн эрхгүй орж ирэв. Ээжийгээ ч бас бодов.
Ер нь бид өнгөрсөн 25 жилд юм сурна гээд гадаад хэл, гадаад соёл, гадаад мода, гадаад дуу, гадаад бүжиг, гадаад мэдлэг гээд дан гадны зүйл хичээнгүйлэн сурчээ, гэхдээ өөрийн үндэсний зүйлээ огоорчээ. Үүнд буруу зүйл байхгүй, буруутгахад ч хэцүү. Гэхдээ өөрийнхөө, үндэсний өв соёл, уламжилал, ахуйгаа бас давхар өвлөж, сурч авахад анхаарах цаг болжээ. Хотын бид чинь бараг өөрийнхөө үндэснийхээ үндсэн ахуй, соёл, уламжлалаа гээж "харьсаж" харийн хүн болох дөхжээ.
Гадны соёл, хөгжил, дэвшил сайхан ч гэсэн бидний өөрийн соёл ч гэсэн тэднээс дутахгүй агуу, юугаар ч орлуулшгүй онцгой, содон, өвөрмөц үнэ цэнэтэй билээ. #UniquelyMongolian
Тэдний ердөө нэг нь л гэхэд ингэ "ХӨӨСЛӨХ" зан үйл. Манай малчин түмний минь ухаан хязгааргүй их
билээ. "Малчин хүн мянган мэргэжилтэй" гэдэг үг туйлын үнэн ажгуу. "Малчин хүний холч ухаан" гэж үнэхээр байдаг гэдэг би үнэн голоосоо итгэдэг.
Ингэн тэмээндээ дуу аялан, хөгжимдөж ингэн тэмээг уярааж гологдсон ботгыг эхэд нь аль эсвэл эх нь эндсэн ботгыг өөр ингэнд амлуулж, ивлүүлэх энэхүү зан үйлийг гадны хэн ч /ямар ч эрдэмтэн, авьяастан/ хийж чадахгүй, мэдэхгүй, мэдвэл гайхна, гайхширна, алмайрна. Ингэ хөөслөх үеэр нөгөө сүрлэг том ихэмсэг, эрхэмсэг амьтан /12 жилд багтаж чадаагүй :)/ чинь уяраад том том нулимс бөмбөрүүлэх нь юутай сэтгэл уярам, өхөөрдөм бөгөөд онцгой сайхан вэ?
Тэгвэл саяхан бидний энэхүү агуу гайхамшигтай, хүнлэг, уян, зөөлөн өв соёлыг маань ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын өвд хэсэг бүлэг эх оронч, эрдэм мэдлэгтэй эрдэмтэд маань бүртгүүлжээ. Юутай сайхан мэдээ гээч!!!
Бидэнд энэ мэт нэг биш нэжгээд олон өв соёл, гайхамшигт зан үйл бий.
Бид бол хүн төрөлхтний онцгой ав соёл, зан заншил, амьдрал ахуй, амьдралын хэв маягийг тээж байгаа нэр төртэй, омог бардам, ухаан саруул ард түмэн билээ.
Сэтгэгдэл бичих