Нийтлэл 04 сарын 24, 2016

АСЕМ-ыг аятайхан давахуй ба Ц.Элбэгдоржийг аятайхан зайлуулахуй

АСЕМ-ыг аятайхан даваад гарах хэрэгцээ ба энэ арга хэмжээг чирж ирсэн улстөрчийн рэйтинг гэсэн хоёр тусдаа шахуу сэдвээр хэдэн санал хэлье үү гэж санав.

Нэгд, АСЕМ-ын талаар. АСЕМ-ын зохицуулалт эхэлж, зам хаах, үүргийн худалдааг хөөх мэтээр ядарсан нийгмийн нуруунд ядаж байхад яр болж, бухимдал, дургүйцэл нэмэгдэж байна. Гэхдээ одоо зогсоох боломжгүйгээс хойш эв санаагаа нэгтгээд сайхан сэтгэгдэлтэй буцаах нь Монголчууд бидэнд хэрэгтэй. Учир нь цэвэр эдийн засгийн өгөөж талаасаа АСЕМ-аас биет ашиг орлого Монголд үлдэх магадлал бараг байхгүй. Үүний хэдэн гол шалтгааныг дурдвал:

  1. Угаасаа informal буюу бүс нутаг, улс хоорондын албан бус ярилцлагын талбар юм. 20 жилийн турш Ази, Европын орнуудад 10 тойрог форум зохион байгуулсан ч тоймтой тоон үзүүлэлтээр гаргасан эдийн засгийн өгөөжийн тайлан байхгүй агаад албан ёсны вэб хуудсандаа informal талбар болохоор үнэлгээ хийх боломжгүй гэх ухааны юм бичсэн харагдана.
  2. Өөрсдөө албан тайлан гаргаагүй ч өмнө нь зохион байгуулсан орнуудын ЭЗ өсөлт доорх зурагт харагдаж байна. Ийм төрлийн албан бус уулзалт өсөлтөд ямар нөлөө үзүүлж ирснийг бие даасан том шинжилгээ хийж байж гаргах хэрэгтэй болно. Гэхдээ ерөнхийд нь доорх датаг харвал өсөх трэндтэй байсан орон өссөн хэвээр, зогсонги нь зогсонги, зарим нь зохион байгуулсны дараа уналттай гэх мэтээр өсөлтийн том фактор болсон хандлага ажиглагдахгүй. Ази-Европын уулзалт гэсэн сүр нэртэй ч манай өмнө зохион байгуулсан Италид гэхэд Евро бүс дотроо ч санхүү, худалдааны олон асуудал шийдлээ олоход тус болоогүй.
  3. Хамгийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засагтай холбоотой. Өмнө нь хэд хэдэн өөр өнцгөөс системийн тухай тайлбар нийтлэл хүргэж ирсэн. Өнөөдрийн дэлхийг үнэ цэнэтэй хувийн капитал өгөөж дагаж хөдөлдөг харьцангуй нээлттэй систем гэж ойлгож болно. Өгөөж нь өрсөлдөх чадвартай болж хөгжсөн ХҮН-ээс шууд хамааралтай гэхэд хилсдэхгүй. Хятад идэвхиждэг ч юм уу, түүхий эд эргээд моодонд орохгүй бол бусдаар манайд технологи, компаниудаа глобал өгөөжтэй байлгахаар хөгжүүлсэн хүн капитал одоогоор байхгүй. Засаг засгийн тэргүүнүүд гоё гоё нэртэй санамж бичиг, зээлийн шугам байгуулж тэврэлдэн зурагаа авахуулах нь тодорхой. Гэхдээ тэд манайхтай л адил төсвөө үр өгөөжтэй зарцуулах үүрэгтэй болохоор хувийн капитал Монголд хөрөнгө оруулалт болж орж ирэх эсэхийг үндсэндээ шийдэж мэдэхгүй. Ямар нэг юм шийдвэл гоё нэртэй түншлэлүүд үүсгээд компаниуддаа боломж нээж өгөхийг эрмэлзэнэ. Харилцан тэгш эрхтэй боломж үүсгэхэд хөгжлийн түвшин дорой тал нь зах зээлээ алддаг, энэ нь санхүүгийн зөрчил дагуулдгийг Европын Холбоо зэрэг өмнөх практикуудаас харж болно. Засгийн газруудаас тусдаа хувийнхан бол нэгд түүхий эдийн зах зээлийн байдлаа, хоёрт манай хүний нөөц, татвар гэх мэт орчноос хамаарч л хөрөнгөө наашлуулна.  Өөрөөр хэлбэл, мянган дарга цуглуулж дайлах ба тэрний оронд мянган цаг мөнгөө капитал дуудчихаар засаглалд зарах хоёрын сүүлийнх нь илүү өсөлт авчрах нигууртай.

Гэхдээ энэ удаа нэгэнт сонголтгүй, эхний хувилбараар зохион байгуулагдаад явж байна. Улс нийгмийн хөрөнгө, хүч зарж хийж байгаагаас хойш ямар нэг эерэг нөлөө үүсгэж чадвал бидэнд л хэрэгтэй. Дээр дурдсан шалтгаануудын улмаас  Монголдоо дуртай болгоод буцаавал цэвэр ЭЗ өгөөж талдаа  хэчнээн сул талтай ч манайд элэгтэй хүмүүсийн нөлөөгөөр янз бүрийн боломж үүсч магадгүй юм. Амьдрал дээр ч хүн хэрэгтэй юмнаасаа илүү дуртай юмандаа гар татахгүй мөнгө зардагтай адил.  Өөр оронд боломж байгаа ч Монголд дуртай болохоор, хайртай болохоор холбоотой ажилладаг гэх хүмүүс, бизнесмэнүүд байдаг. Улс хоорондын харилцаа, том шийдвэрүүд хувь хүмүүсийн тааллаас хамаарсан жишээ цөөнгүй байдаг. Энэ удаагийн боломжийг ашиглаад тийм хүмүүсийг олон болгоё. Том медиагийн нэг сэтгүүлч Монголд элэгтэй болоход л олон мянган хүний оюунд сайхан талаас нь мэдээлэх суваг болно. Нүүрээ угаая, нөгөө хувцсаа өмсье, таарвал инээмсэглье. Хүмүүс нь найрсаг зочломтгой, хоол нь амттай, тэнгэр нь цэнхэр, тал нь тэнэгэр “Ямар сайхан орон бэ!” гэж бодуулъя. Очоод яриг, дахиад ирэг, сайхан сэтгэгдлээр сайн зүйл санаж яваг л дээ.

 

Хоёрт, энэ арга хэмжээг хийгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улстөрийн оноо авах эсэх талаар. Олгой гаднын хүний өмнө хагарч болохгүй ч тогоондоо бол өөр хэрэг. Ганц энэ жишээ ч  биш бид улстөрчдийн хийсэн ажлын сайн мууг бодитоор үнэлж, рэитингд нь тусгаж явах ёстой. Өөрсдөө улиг болтол давтдаг ардчилал гээчийх нь амин сүнс биз дээ. Төлөөлөөд өгөөч гэдэг, хэр төлөөлснийг нь үнэлдэг, дүнгээ тавьдаг болохгүй бол өөр төлөөлөх сонгодог. Бид хэр төлөөлснийг нь үнэлэх шатыг алгасдгийнхаа төлөөсөнд хүний сайн сайханд наалдахгүй шоу, хөтөлбөр, форум хийдэг, сайхан зурагтай мэдээ цацдаг, рейтингээ хадгалдаг улстөрчдийг өчнөөн жил оройдоо залж явсаар  энэ мэт боллоо.

Хүүхдүүд нь өлөн, хаяа нь сиймхий гэрийн эзэн айлд дайлуулж онгиронгуутаа амлалт өгөөд ирсэн мэт энэ уулзалтыг ч  алга ташаад өнгөрөөх ёсгүй. Үр дүнд нь нэхэл хатуу нухацтай хандаж дэнслээд рэитингд нь тусгах ёстой. Өнөөдрийн Монголд мөнгө мөнгө биш, цаг цаг биш. Өнөөдөр манайд ямар нэг хэргийн төлөө зарж байгаа төгрөг тутам, секунд тутмыг хүлээн зөвшөөрөх ёсгүй байдалд орхигдсон монгол хүний төлөө зарцуулах боломжтой тэнсэж цэгнэх ёстой. 

Сүр сүр нэртэй санамж бичгүүд Хойд Солонгосын стилээр мэдээ болж цацагдахад хямд зээл хайж цөхөөд үүдээ барьсан бизнесмэн алга ташихынхаа өмнө цусаар уйлаад ч авч чадахааргүй хямд зээл нь энэ хөтөлбөрийн нэр дор өндөр зэрэглэлийн буудлын салбар руу явсныг санах ёстой.  Монгол хүмүүн нь бага нялхаараа зуу зуугаараа үрэгдэж байхад төрийн түшээд энэ форумын төлөө 22 удаа уулзаж  амжаад түмэн шийдвэр гаргаж суусныг, тэгэх хэрэгцээг уг нь хүмүүний төлөө систем болох ардчиллын дууч шувуухай төрийн тэргүүн нь өөрөө санаачлан Монголд чирж ирснийг санах ёстой. Ганц АСЕМ биш, хаягдсан монгол хүмүүн бээр өөрт нь наалдахгүй өчнөөн жүжигт алга ташиж, өнөөх л дугуйлдаг нэрээ дугуйлдаг үзэгдэлд энэ тэмдэглэл ганц сэвшээ боловч сөрөх салхи болвол сайн сан. Даргадаа зүтгэж яваа үнэнч цэргүүдийн уур хүрэхийг бол ойлгож байна, хүнд зарцуулах ёстой хөрөнгө хүчийг хэдүүлээ нийлээд “мундаг” ажил болгож яваагаас хойш.

За тэгээд АСЕМ эхэлчихлээ. Гаднын хүний өмнө нэрээ бодъё, дотроо бол дүнгээ тавья, сайныг нь магтан алдаршуулъя, мууг нь залхуурахгүй миалж рэитингийг нь унагая. Эдний рэитингээс бидний хувь заяа хамаараад байна. Муугаас нь ардчиллын зарчмаар нэрийг нь дугуйлахгүй илгасаад аятай шиг салахыг бодъё.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гэхэд өдгөө бидний өмнө буй суурь асуудлуудыг онилж удирдах мэдлэг, мэдрэмж дутаж байдгийг энэ мэт түүний олон шийдвэр харуулдаг. Энэ арга хэмжээг аятайхан даваад гарвал аягүй бол гадагаадад нэр хүнд нь өсөөд  дэвшүүлэн зайлуулах боломж гарч ч бас юуны магад. Тэгвэл үгүй ядахад дотоодын энэ хөл толгойгүй улстөрийн зодооны талбараас нэг гол дүр нь хасагдаж өгөхийг хэлэх үү...

arrow icon