Нийтлэл 04 сарын 24, 2016

ОПЕК-н орнуудын газрын тосны тойм

ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч Орнуудын Холбоо нь анх 1960 оны 9 сард Иракийн Багдад хотод 5 орны бүрэлдэхүүнтэй (Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл) үүсгэн байгуулагдсан. Үүний дараагаар Катар (1961), Индонези (1962), Ливи (1962), Арабын Нэгдсэн Эмират улс (1967), Алжир (1969), Нигер (1971), Эквадор (1973), Габон (1975) болон Ангол (2007) нэгдэж 1995 онд Габон хасагдсанаар одоо 13 гишүүнтэй байна.
Товч дүгнэлт
  • Газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдсан.
  • ОПЕК-н олборлолт тогтвортой байна.
  • Алжир, Индонези, Ирак, Кувейт, Ливи, Нигерт, Венесуэлийн газрын тосны олборлолт буурахаар, Ираных өсөхөөр хүлээгдэж байна.
Холбооны дүрэмд зааснаар гишүүн орнууд ихээхэн хэмжээний түүхий газрын тосны нөөцтэй байх ёстой ба цэвэр экспортын хэмжээг холбооны бусад орнуудтай тохиролцсон түвшинд байлгах юм. 2016 оны 3 дугаар сард ОПЕК өдөрт 15,000 мянган баррель олборлосон нь 2015 оны 6 дугаар сарын түвшингээс төдийлөн өөрчлөгдөөгүй байна.
Зураг: ОПЕК-н 13 орны газрын тосны олборлолт
ОПЕК-н орнуудын нийлээд өдөрт 32.2 сая баррель газрын тосны олборлосон нь 2-р сараас 14.9 мянган баррелиар өссөн. 3 сард Ирак (+139 мянган.бар/өдөр) хамгийн өндөр өсөлтийг харуулсан бол Арабын Нэгдсэн Эмират (-100 мянган.бар/өдөр) улс хамгийн их буурсан.
Хүснэгт: ОПЕК-н 13 оны газрын тосны олборлолт
Brent төрлийн газрын тосны үнэ 3 сард дунджаар 38.51$/бар (MoM▲24.5%), WTI 37.77$/бар(MoM▲18.6%) хүрсэн. Газрын тосны үнэ ёроолын цэгээсээ холдож байна. Түүхий газрын тосны фьючерс 20 хувиар өссөн нь 2015 оны 11 сараас хойших хамгийн сайн үзүүлэлт боллоо. Шинжээчид үүнийг ОПЕК-н нийлүүлэлтийн төлөвлөгөө, далларын сул ханштай холбож тайлбарлаж байна.
Зураг: Газрын тосны үнэ
Алжирын газрын тосны олборлолт 2007 оны 11 сараас хойш тогтвортой буурсан.
Анголын газрын тосны олборлолт 2008, 2010 онд оргил цэгт хүрснээс хойш тогтвортой түвшинд олборлолт хийж байна.
Эквадор өнгөрсөн жил олборлолтынхоо оргил түвшинд хүрсэн бол 2016 онд бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна.
Индонези сүүлийн саруудад өсөлт харуулсан ч 2014 оны эцэст 35 байсан газрын тосны цооногийн тоо 10 болж буурсан. Энэ нь ирээдүйн олборлолтын түвшин буурах нөлөөтэй.
 
Иранд оны 1 сараас эхлэн хориг арга хэмжээг болиулсан. Ингэснээр 1 дүгээр сард 208,000 баррель/өдөр, 2 дугаар сард дахин 139,000 баррель/өдрөөр өссөн. Оны эцэс гэхэд өдөрт 500-600 мянган баррелиар өсөхөөр хүлээгдэж байна. Улмаар Иран ОПЕК-н орнуудаас 2016 онд хамгийн өндөр өсөлттэй орон болж магадгүй.
 
Ирак 2015 оны 6 сард 4 сая баррель/өдөр давснаас хойш уг түвшинг дахин давуулахаар хичээж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Иракын газрын тосны олборлолт ойрын хэдэн жилийн оргил цэгтээ хүрсэн. Гэхдээ энэ нь гадаад хөрөнгө оруулалтаас хамаарах ч гадны хөрөнгө оруулалт буурах хандлагатай байна
Кувейт сүүлийн 3 сар бага зэрэг өсөлттэй байгаа ч өсөлтийн хандлага үргэлжлэх төлөв ажиглагдахгүй байна. Учир нь 4 сард Кувейтэд томоохон ажил хаялт болж байна.
Ливи газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр хичээж байгаа ч улс төрийн нөхцөл байдлаас бол хүнд сорилттой тулгарсаар байна. Улс төрийн асуудал ойрд тогтворжих шинжгүй байна.
Нигерт тулгарч буй асуудлууд нь нэмэгдсээр. 3 дугаар сард газрын тосны олборлолт нь 1,722,000 болж буурсан. Энэ нь 2009 оны 8 сараас хойших хамгийн бага түвшин юм.
 
Саудын Араб боломжит бүх хүчин чадлаараа олборлож байгаа ч ийм түвшинд удаан барих нь хэцүү болж байна.
Катар байгалийн хийн асар их нөөцтэй. Газрын тосны олборлолт нь оргил цэгтээ хүрчихсэн одоо буурч байна. 3 дугаар сард олборлолтын хэмжээ өөрчлөгдөөгүй.
Арабын Нэгдсэн Эмират улсад юу болж байгаа нь маш тодорхойгүй байна. 1 дүгээр сараас хойш 227,000 баррель/өдрөөр буурсан.
Венесуэл газрын тосны олборлолт бууралттай байгаа ч битумын олборлолт тогтвортой байна. Улс төр эдийн засгийн асуудал улам хүндэрч байна. Дараагийн хэлэн жил буурах төлөвтэй байна.
ОПЕК-н үзэж буйгаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт 2015 оны 11 сард оргил цэгтээ хүрчихсэн. Шинжээчдийн таамаглалаар ирэх 2 жил нийлүүлэлт үргэлжлэн буурах аж. 
Зураг: ОПЕК, Дэлхийн газрын тосны нийлүүлэлт
 
2016 онд газрын тосны эрэлт 94.18 сая баррель/өдөр байх бол нийлүүлэлт нь 62.72 сая баррель/өдөрт хүрч 31.46 сая баррель/өдрийн зөрүү үүсэхээр байна.
Хүснэгт: Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал
 
Эх сурвалж: www.opec.org

 

Сэтгэгдэл бичих

arrow icon