Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Гацууртын ордын хөрөнгө оруулалт болон орд ашиглах гэрээг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр “Centerra Gold” компанитай хэлэлцсэн гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ. Гэрээг байгуулахаар ажлын хоёр хэсэг гаран ажиллаж байгаа аж. Мөн орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар тус компани ажиллаж байгаа гэж Ил Тод уул уурхайн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
-Барилгын салбарт олгосон зээл тусламжийн үр дүнд 2012 оноос хойш барилгын материалын 300 гаруй үйлдвэр үүд хаалгаа нээсэн
байна. Улмаар дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 2.5 дахин нэмэгджээ
. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд анх удаа импортыг давж гарсан байна. Тухайлбал өнгөрсөн онд нийт 970 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэжээ.
Энэ нь барилгын бараа материалын нийт зах зээлийн 70 хувьтай тэнцэж байгаа юм.
-Засгийн газрын тэргүүн энэ сардаа багтан НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох
үүрэг өгөөд байна. Энэ дагуу холбогдох хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаагаа Гааль, Татварын Мэдээллийн технологийн төвөөс мэдээллээ. Энэ оны I улирлын байдлаар НӨАТ-ын урамшууллын системд 352.1 мянган иргэн бүртгэгдэж, 6.2 тэрбум төгрөгийг буцаан олгох
тооцоолол гарсан байна.
-“Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал буурах төлөвтэй байна гэж “Deutsche Bank” үзсэн байна. Тодруулбал Хойд Хюго ордын эхний шатны бүтээн байгуулалтад 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон байна. Харин энэ хэмжээ 4 тэрбум ам.доллар болж магадгүй гэж “Deutsche Bank” тооцоолжээ. Түүхий эдийн ханш буурч, салбарын хэмжээнд хөрөнгө оруулалтын зардал багасаж байгаа нь ийм боломжийг олгоно гэж үзжээ.
Сэтгэгдэл бичих