Улс төр багийн тоглолт. Яг л хөлбөмбөг шиг талбай дээр гарсан 11-н тоглогч гоол оруулахын төлөө хамт зүтгэдэг бол намууд ч гэсэн ялалтын төлөө хамт алхдаг. Хэн нэгэн нь тасархай байлаа гээд амжилтад хүрч чадахгүй. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн улс төр дэх улирлын тоглолтууд дуусч
шинэхэн улирал эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин шийдвэрлэх мөчид багууд ямар байгааг шинжиж үзье. Тойргийн өмнө гэдэг шиг...
Ахлагчгүй ч нэгдмэл баг
Хөлбөмбөгт багийн ахлагчийн үүрэг маш их. Шийдвэрлэх мөчид багаа ялалтад хөтөлдөг эсвэл ялагдалд хүргэдэг. Гэтэл улс төрд ахлагчгүй тоглоод байгаа нэг баг нь МАН. Хэдий гаднаа “Бид фракцгүй” хэмээн ярьдаг ч зүүн баруунаар хуваагдсан гэдгийг хэн хүнгүй л мэддэг болчихсон. Бас баг лидер байхгүй гэдэг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар харагдсан. Хэн нэр дэвшлээ. Одоо багтаа ямар байр суурьтай байгаа нь тодорхой.
Одоо ч байдал тухайн үетэй харьцуулахад чанарын ялгаа алга. Засгийн газрыг нэгэн зэрэг шүүмжилж чаддагаас нь харвал багийн тоглолтыг сайн харуулж байгаа ч лидер бол улстөрд хэзээд чухал байсаар ирсэн. Учир нь “масс” гэх хаашаа ч урваж мэдэх бүлэг хүмүүс бол хүн төвлөж сонголтоо хийдэг.
Уг нь экс ерөнхий сайд С.Баяр нь МАН-ын данстай ч хөшигний цаана өөрийн намтраа бичиж,
У.Хүрэлсүх нь олны өмнө тэр болгон харагддаггүй зэрэг нь магадгүй гол тоглолтод нөөж байгаа биз. Хэрвээ шийдвэрлэх тоглолтод ялахыг хүсвэл хөгжөөн дэмжигчдийн хүлээн зөвшөөрсөн удирдагчийг гаргаж ирэх ёстой. Энэ бол тэдний хувьд том даалгавар. Сүүлд МАХН-ынхантай эвсэх гэж байсан ч мордохын хазгай гэгч нь болж, нарийн учир шалтгааныг тайлбарлалгүй өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийгээд л өнгөрсөн. Угтаа хоёр намын угсаа гарвал нэг ч өмнөд хойд солонгосчууд шиг биесээ үзэхгүй байгаа нь хоёр намын гишүүд болоод сонгогчдын хувьд тийм ч таатай бус талцал.
Буруу байрлалд буруу тоглогчид
Хэрэв зээ хөлбөмбөгт хаалгач нь гоол оруулах гээд довтлогчтойгоо зэрэгцээ байрлалд гүйгээд байвал тэрэн шиг утгагүй зүйл гэж байхгүй. АН үүнтэй адил. Яг одоогийн байдлаар хамгийн эмх замбараагүй баг нь АН болчихоод байна.
(2010 оны Францын шигшээ багтай адил) Фракц олонтой учир үргэлж тэднийхээ эрх ашгийг түрүүнд тавьдаг нь муу тоглолт гарахад хүргэдэг. Тэр ч бүү хэл багийн зарим нөхөд өрсөлдөгч багийнхантайгаа хамтраад Н.Алтанхуягийн засгийн газраа унагачихсан нь хаалгандаа “албаар” автогоол хийж байгаатай адил хэрэг болсон. Дараа нь мөнхийн өрсөлдөгчидтэйгээ гар бариад нэг талбайг хувааж тоглох болсон ч төд удалгүй талбайгаасаа гаргаад явуулчихсан. (Италид АС Милан, Интер Милан багууд нэг талбайд ээлжилж тоглодог)
Саяхан л гэхэд экс Ерөнхий сайд нь ардчилсан Ерөнхийлөгчөө хуйвалдааны толгойлогчоор нь дуудаад мэдэгдэл хийчихсэн. Монголын бүх хэвлэл мэдээллийнхнийг хөдөлгөөд амжсан сүр дуулиантай Х.Баттулгын ажлын өрөөний нэгжлэг ч гэсэн их дээрээс шидсэн чулуу байж мэдэх. Түүнчлэн ҮЗХ-ны хурлаа хуралдуулах гэхээр намын даргынхаа үгэнд ордоггүй. (Он гарсаар хэд ч зарлаж, хэд ч хойшлов) Намын дарга нь ч Монголоос анх удаа оймс шидүүлсэн улстөрч болж дэлхийд данслагдсан.
Гайхмаар нь оймс шидсэн хүн намынх нь гишүүн байсан. Энэ мэт орон гаран тоглолтууд нь өмнөх сонгуулиар олж авсан хүчирхэг байдлыг нь саармагжуулаад байгаа. Гэхдээ тэд ирэх сонгуульд фракцуудаа тохиромжтой байрлалд нь тавьчихвал маш сайн тоглох боломж бий.
Тактик нь үл мэдэгдэх баг
Энэ бол Шударга ёс эвсэл. МАХН болон МҮАН-ийн нэгдлүүд хоёр том намын дунд эвтэйхэн тоглочихдог сэргэлэн багийг бүрдүүлж чадсан. Аль ч засгийн газарт сайдын суудалтай үлддэг нь тэдний давуу тал. Гэхдээ ирэх сонгуульд ямар тактикаар тоглох нь одоог хүртэл тодорхой бус. Нэрийг нь талхалдаг гишүүд нь популизм хийхээс хэтэрдэггүй нь хөөсөрсөн үнэтэй чадвар муутай тоглогчидтой адил. Ийм хүмүүс шийдвэрлэх мөчид багаа үргэлж хөөддөг. Тиймдээ ч дөрвөн жил нэг далбаан доор байлцчихаад багаасаа гараад нам байгуулж жинхэнэ нүүр царайгаа харуулсан. Тиймдээ ч ирэх сонгуульд эвсэл задрах уу, энэ чигээрээ тоглох уу гэдэг нь бас тодорхой бус байгаа юм.
Сайн дасгалжуулагчтай ч чадваргүй тоглогчидтой баг
Энэ жилийн сонгуульд өрсөлдөх багуудаас хамгийн сайн дасгалжуулагчтай нь МАХН-ынхан.
Гэж хэлээд байгаа нь шууд утгаараа намын даргатай нь холбоотой. Гэхдээ баг муу тоглогчидтой бол ямар ч сайн дасгалжуулагч ялалт авахад бэрх. Ядаж байхад нэрийнх нь данстай нэг сайд нь өрөөндөө мөнгө нууж байгаад баригдаад таг болчихсон чинь хариуцаж байсан яам нь дампуу зарлаад шүүмжлэлээр хэдэн талаасаа сүлбүүлж байгаа.
Түүнчлэн намынх нь зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бариад бүтэлгүйтсэн, намын даргыг нь АТГ дуудахад очилгүй Солонгос руу зугтсан зэргээс хамааран багийн рейтинг нь буурсан. МАН-тайгаа эвсэх гэж үзээд бүтэлгүйтсэн. Гэхдээ дахиад эвсэх бичиг явуулнаа л гээд байгаа. Гэвч энэ бүгдийг хойш нь тавиад ирэх сонгуульд хэрхэн тоглох талаар бодох нь чухал. Мэдээж хашир туршлагатай дасгалжуулагч нь улстөрөөр яаж тоглож болох талаар хамгийн сайн мэдэж байгаа учраас айх айдас бага байгаа биз.
Мэргэжлийн лигт шинэ баг
Өнгөрсөн хавар Монголд улс төрийн шинэ хүчин төрлөө хэмээн сүр дуулиантайгаар гарч ирсэн нам бол Хөдөлмөрийн Үндэсний Нам. Цагаан сарын өмнө хойно баахан бужигнаж байгаад намын даргаар С.Ганбаатар гишүүн тодорч УИХ-д суудалтай намуудын тоог нэгээр нэмсэн ч төд удалгүй даргын суудлаа Т.Ганболдод өгсөн. Нөгөө талд хэдэн нөхдүүд Б.Найдалаа гэж нөхрийг намын даргаар томилж нэг нэртэй хоёр нам, хоёр дарга гаргаад ирсэн. Гэсэн ч хоёуланг нь дээд шүүх бүртгэж авахаас татгалзсан. Ингэж холион бантан болж байгаад саяхнаас намын даргын суудал хэвлэлээр “сайн муу” зөндөө хэлүүлсэн С.Боргилдоо буцаад ирсэн.
Хоёр хуваагдсан нам одоо нэг нам болоод сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Мэдээж энэ үйл явдал залуу намын залуу улстөрчдийн хувьд маш сайн туршлага болсон
гэхэд хэлсдэхгүй биз. Тус баг улс төрийн ширүүхэн тоглолтуудад талбайд гарч үзээгүй шинэ цэргүүдтэй ч ямар амжилт үзүүлэх нь бас л тодорхой бус. Магадгүй тэд фанатуудын хэлдгээр гэнэт “цоорох” вий дээ.
(Энэ жил Английн премер лигт Лестир сити баг бараг түрүүлэх нь бараг тодорхой болсон. Тус багийг энэ жил түрүүлнэ гэж улирлын эхэнд хэлсэн бол тэнэгээрээ дуудуулах байсан).
Улстөрийн “Чөлөөт агент”-үүд
Заримдаа хөлбөмбөгт багийн харьяалалгүй мөртлөө өндөр үнэтэй тоглогчид байдаг. Энэ нь манай 76-д бол бие даагчид байлаа. Цагийн сайханд А.Дюмагийн шадар гурван цэрэг шиг л том намуудынхаа өөдөөс шүүмжлэлийг үл ажран үгээр тэмцдэг байсан ч нэг нь шинэ нам бараадсан ч алга хоосон үлдэж хоёулаа үлдсэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нь эцсийн дүндээ МАН-ыг бараадан гишүүнээр элсэж ирэх сонгуульд оролцохоор болсон. Өөрийг нь жийсэн намтайгаа эргээд хүзүү бөөрөөр холбогдоно гэдэг нь Ц.Даваасүрэнг дэмжиж байсан зарим хүмүүст таалагдаагүй.
Харин Х.Болорчулуун гишүүний хувьд дахиж бие даан нэр дэвшвэл ялах магадлал угаасаа бага учраас байгалийн хуулиар гэдэг шиг улстөрийн карьер нь яалт ч үгүй л багийн тоглолтыг хүсээд байгаа бололтой. Тиймээс шинэ улирал эхлэхээс өмнө багаа шийдээд эртхэн шиг сонгуулийн сунгаагаа хийхээр шийджээ.
Нийлмэлүүд
Хөлбөмбөгт мөнхийн дайсан гэж байхаас биш гар бариад нэг баг болцгоодог хууль гэж байгүй.
Харин улстөрд бол өөр. Хэзээ ч гар бариад хөнжил дотроо хөлөө жийлцэж болно. Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн намуудыг харвал Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдсэн монгол эвсэл” гэсэн хамтралууд ирэх сонгуульд оролцоно. Үүн дээр АН-тай хамтарсан эвсэл гарч ирж магадгүй. Учир нь намын дарга З.Энхболд хамтран ажиллах саналуудыг жижиг гэх тодотголтой намууд руу явуулсан байгаа. Тиймээс тэр олон захидлаас нааштай нэг хариу ирэх юм бол эвсэл байгуулагдаж болно. Хамгийн боломжит хувилбараар Иргэний Зориг Ногоон нам. Тэрнээс гадна АН-ын нэг фракц хонины арс нөмрөөд тусгаар тогтнож байх магадлал ч тэг биш. Нөгөө талд хамгийн том эвсэл үндэс нэгтэй хоёр намын хооронд байгуулагдах гэж байсан ч талаар болсон. Гэхдээ МАХН-ын зүгээс саналаа дахиад хүргүүлнэ л гээд байгаа. Ийнхүү улстөрийн солилцоо, наймаанууд ерөнхийдөө дуусгавар болж багууд шинэ улиралд бэлэн болоод байна. Сонгууль айсуй...
Сэтгэгдэл бичих