Японы эм үйлдвэрлэгч Оно Онкологи тавдугаар сарын тайлангаа гаргахдаа 2017 оны гуравдугаар улирал гэхэд 126 тэрбум иенийн борлуулалт хийнэ гэж мэдэгдэж ангайлгав. Энэ нь "дархлаа ашигласан чекпоинт хамгаалалт" гэгддэг шинэ үеийн хавдрын эмчилгээний Опдиво эмний борлуулалт энэ жилийн мөн үеэс 6 дахин өснө гэж тооцсон дүн аж. Уламжлалт хавдрын эмчилгээ буюу шууд хавдрын эс рүү дайралт хийдэг эмнээс ялгаатай нь бие эрхтний угийн дархлаатай эсийн хүчийг ашиглан хавдрын эсийг устгадаг онцлогтой. Уг эмийг ашиглан эмчилгээ хийхэд хожуу үеийн хавдрын өвчтөний эдгэрэх магадлал 2 дахин, нэг жилийн дараа амьд сэрүүн байх магадлал 24%-аас 42% хүртэл өссөн
үр дүн одоогоор гараад байна. Мөн дөрөвдүгээр сарын 17-нд АНУ-ын эм үйлдвэрлэгч BMS компаниас Опдиво болон Yervoy эмийг хольсон эмчилгээгээр меланома гэгдэх арьсны хожуу үеийн хавдрын өвчтөний хавдрын эсийг бараг устгасан
гэж мэдэгдсэн нь салбарт шуугиан тарив. Хоёр эмийг хавсарсан эмчилгээгээр 2 жилийн дараах амьд сэрүүн өвчтөний хувь 69 хувь, дан Опдивогоор эмчилсэн өвчтөнүүдийн 34% нь 5 жилийн дараа амьд сэрүүн байсан дэвшил гарчээ. Одоогоор уламжлалт эмчилгээгээр 15-20% байгаа тоонд асар том дэвшил гарлаа гэсэн үг.
“Хавдрыг дархлаагаар эмчилдэг эрин эхэллээ.” Кэио Их Сургуулийн профессор Каваками Ютака
Одоогоор үнэ өндөр, өвчтөн бүрт жигд үйлчилгээгүй зэрэг асуудлууд нээлттэй хэвээр боловч цаашид 4-5 триллион долларын салбар болно гэгдэж буй хавдрын эмчилгээнд дархлаа ашигласан эмнүүд гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй болж ирлээ.
Сэтгэгдэл бичих