Нийтлэл 05 сарын 03, 2016

Монгол Улсын Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй (товчлол)

Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц (Цэц) 2016.04.22-нд буюу УИХ-ын сонгууль болохоос 2 сар 7 хоногийн өмнө гаргав.[1] Улс төрийн намууд, улс төрчид, судлаачид, олон нийтийн байр суурь Цэцийн дүгнэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. Цэцийн энэ дүгнэлт, түүний үндэслэлд анализ хийж, нухацтай хэлэлцэх нь асуудлыг ойлгох, зөв шийдэхэд тустай.

Миний бие “Монгол улсын үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй” сэдэвт өгүүлэл бичиж, Цэц Үндсэн хуулийг буруу тайлбарлаж, буруу дүгнэлт гаргасан гэсэн байр суурийг хамгааллаа. Өгүүллийг бүхэлд нь уншихыг хүсвэл энд дарж орно уу.

Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн асуудлыг дэмжих хорооноос 2016.05.02-нд Хуульчдын танхимд зохион байгуулсан “Монгол Улсын Үндсэн хууль сонгуулийн холимог тогтолцоотой байхыг хориглосон уу” гэсэн хэлэлцүүлэг дээр энэ сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Илтгэл болон хэлэлцүүлгийн бичлэг ойрын үед Хуульчдын холбооны цахим хуудас дээр тавигдахаар үзэж сонирхоно уу.

Өгүүлэл болон илтгэлийн хураагүй, гол гол пойнтуудтай танилцъя гэвэл дараахыг уншина уу.

 

Агуулга

Цэцийн дүгнэлтийн үндэслэл тус бүр Үндсэн хуулийг буруу тайлбарласан:

  1. Улсын бага хурал (УБХ)-ын тэмдэглэлд үндэслэсэн нь хангалтгүй.
  2. УИХ-ын …гишүүнийг сонгоно” гэснийг буруу тайлбарласан.
  3. Шууд сонгох зарчмыг мөн буруу тайлбарласан.

Цэц анхаараагүй асуудал:

  1. 2012 оны Цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрснөө өөрчлөгдсөн.
  2. Хууль дээдлэх ёсыг алдагдуулж байна.
  3. Тэгш байдал зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.
  4. Сонгуулийн тогтолцооны сул тал бол Үндсэн хуулийн зөрчил биш.
  5. Хүн төрөлхтөний ололтыг анзаарч судлаагүй, харгалзаагүй.

 

  1. Улсын бага хурлын тэмдэглэл
  • Цэц УБХ-ын тэмдэглэлээр Үндсэн хуулийг тайлбарлах буюу түүхчлэх нь хамгийн сайн арга биш. Цэцийн олон чухал шийдвэрт үгчлэх эсхүл түүхчлэх аргаар Үндсэн хуулийг ташаа тайлбарласан.
  • Үндсэн хуулийг зөвхөн түүхчлэх (угчлах) аргаар тайлбарлаж болохгүй. Зөвхөн тухайн үеийн нийгмийн ойлгож байснаар эсхүл зөвхөн УБХ, АИХ-ын тэмдэглэлээр тайлбарлах нь зохисгүй.
  • Холимог хэлбэрийн тухай санал дэмжигдээгүй нь холимог сонгуулийг хориглосон бус, Үндсэн хуулийн ТҮВШИНД зохицуулахаас татгалзсан гэсэн үг юм. Жишээ нь: 12.16-нд АИХ-ын гишүүн С.Зориг: Хүний эрхийн үндэсний комиссыг зохицуулах санал хэлж байсан ч Үндсэн хуульд тусгагдаагүй бөгөөд энэ нь ийм комисс байгуулахыг хориглосон гэсэн үг биш. 2000 онд ХЭҮК-ыг хуулиар байгуулан ажиллуулж байна.
  1. УИХ-ын …гишүүнийг сонгоно”
  • Цэцийн үндэслэсэн Үндсэн хуулийн 21.2 /Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно/, 21.3 /Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно/-ыг зарчмын хүрээнд тайлбарлах ёстой.
  • Энэ заалтыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүнийг сонгоно гэсэн нь сонгуулийн олонхын тогтолцоог илэрхийлнэ гэсэн санал гараагүй, ийм санал дээр үндсэн хууль тогтоогчид санал хураагаагүй.
  • Үндсэн хуулийн 21.2, 21.3 нь сонгуулийн зарчим, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа, УИХ-ын гишүүнд тавигдах шаардлагын тухай заасан юм. Энэ тайлбарыг 1992 оноос хойш бичигдсэн Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, тайлбаруудад хүлээн зөвшөөрч ирсэн. Жишээлбэл, Цэцийн гишүүн Н.Жанцангийн 2000 онд өөрөө бичсэн тайлбарт эдгээр заалт нь сонгуулийн тогтолцоог бус зарчим, бүрэн эрхийн хугацаа, насны шаардлагыг илэрхийлдэг талаар бичсэн байна.
  • Улс орнууд Үндсэн хуульдаа зарчим заасан нь /жишээ нь, ХБНГУ-ын Үндсэн хуулийн 38.1-д “Германы Бундестагийн гишүүд бүх нийтийн, шууд, чөлөөт, тэгш, нууц сонгуулиар сонгогдоно”, гэж заасан нь шууд мажоритар эсвэл пропорциональ тогтолцоог илэрхийлдэггүй, ХБНГУ холимог тогтолцоотой/
  • Монголын хувьд тогтолцооны болон бусад асуудлыг УИХ хууль тогтоож шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн 21.4-т /Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно/ заасан.
  1. Шууд сонгох зарчим
  • Цэц шууд сонгохыг тодорхойлсон ч хэрхэн зөрчигдсөнийг Дүгнэлтдээ бичээгүй тул үндэслэл болоход хангалтгүй байна.
  • Шууд сонгохын тогтсон утга нь: “Ямар нэг төлөөлөлгүйгээр сонгуульд оролцон саналаа өөрөө гаргах.” Б.Чимид, Ж.Амарсанаа, Н.Жанцан, П.Очирбат, Д.Солонго нарын бичсэн, оролцсон номуудад ийм утгаар л тайлбарлаж ирсэн.
  • Профессор Б.Чимидын Сонгуульд Суралцахуй (2008) номын 55-р хуудаст: “...Үндсэн хуульд нийт, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй нууцаар гаргах журмыг тодорхойлжээ. Энэ нь “олонхийн” зэрэгцээ “хувь тэнцүүлэх” аргыг сонгуулийн үр дүнг тооцох арга болгон хуульчилж улмаар хэрэглэхэд саад болохгүй.”
  • 2015 оны СТХ-ийн 89.8-д “Хувь тэнцүүлсэн сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу Сонгуулийн ерөнхий хороо жагсаан хэвлэж, сонгогч бүрд өгнө” гэж заасан нь жагсаалтаар хэн УИХ-д сонгогдох вэ гэдгийг нам биш, иргэд бодитой шийдвэрлэх баталгаа. Мөн, орон гарсан тохиолдолд жагсаалтын дарааллаар гишүүн орж ирэх болохоос нам шийдэхгүй зэрэг нь шууд сонгуулийн зарчмыг илэрхийлнэ (СТХ-ийн 137).
  1. 2012 оны Цэцийн Дүгнэлт, Тогтоол
  • Цэц эдгээр шийдвэртээ сонгуулийн холимог эсхүл хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хуульд нийцсэн гэж шууд бусаар хүлээн зөвшөөрсөн.
  • Нэг мэдээлэл гаргагч нь тухай үеийн Сонгуулийн тухай хуулийн 4.9-ийг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуултыг тавьсан учраас шилжүүлэх тухай заалтаас гадна хувь тэнцүүлэх тогтолцоо шууд сонгох эрхийг зөрчсөн эсэхийг Цэц үнэлсэн.
  • Цэц 2012 оны дүгнэлтдээ “жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байна” гэсэн нь жагсаалтаар сонгууль болж болохыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нэгдэн дүгнэлтээ гаргасан гэдгийг илтгэж байна.
  • Цэц өмнөх шийдвэрээ зүгээр л үл тоож болохгүй. Цэц нь хангалттай үндэслэл байгаагаас бусад тохиолдолд өмнө нь зөвшөөрсөн зарчимаа дагах ёстой, үгүй бол Цэцийг өөрөө Үндсэн хуульд захирагдаж байна гэж итгэх боломжгүй болно.
  1. Хууль дээдлэх зарчим
  • Үндсэн хууль, 1.2: Хууль дээдлэх зарчим (the Rule of Law, Rechsstaat)-ын наад захын шаардлага: “хууль тогтвортой, тодорхой, ойлгомжтой, иргэнээс боломжгүй зүйлийг шаардахгүй байх.”
  • 2003 оны Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2.1.2: “Ээлжит сонгууль болохоос өмнөх 6 сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг  хориглоно.” Энэ хориглолт нь сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах зарчим болон сүүлийн 13 жил хэвшсэн ч Цэц үүнийг үгүйсгэж, сонгууль болохоос 2 сарын өмнө тогтолцоог өөрчлөхийг шаардав
  1. Тэгш байдал
  • Үндсэн хууль, 1.2: Тэгш байдал.
  • Гэтэл пропорциональ хэсэг байхгүй болсноор: Эмэгтэй, залуу, шинэ нам, шинэ нэр дэвшигч сонгогдох магадлал бага
  • Гадаадад байгаа 100,000 гарсан иргэд (бүх нийтийн байх зарчим)
  • Тойргийн тэгш бус хуваарилалт: тэгш сонгох эрхийн зөрчил 
  1. Сонгуулийн тогтолцооны сул тал
  • Сонгуулийн тогтолцоог хөгжүүлэх бүрэн эрх УИХ-д бий.
  • Мажоритар, пропорциональ, эсхүл холимог тогтолцоо бүрт давуу сул тал бий
  • Сонгуулийн тогтолцооны сул тал бол Үндсэн хуулийн зөрчил биш, харин хуулиар засагдах зүйл.
  1. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэх
  • Үндсэн хуулийн оршилд ийнхүү зааснаар Цэц шийдвэр гаргахдаа харьцуулсан үндсэн хуулийн эрх зүйн ололт, чиг хандлагыг харгалзах ёстой байсан.
  • ИБУТЭТОУП, 25-р зүйлийн тайлбар (2013): улс төрийн эрхүүдийг хангасан бол бүх сонгуулийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн.
  • Хуурмаг биш жинхэнэ ардчилсан улсуудаас бол зөвхөн Англи, Канад, АНУ, Австрали, Энэтхэг, Франц зэрэг цөөн улсад мажоритар байгаа.
  • Харин Дэлхийн II дайны дараа, 1970-аад , 1990-ээд онд ардчилал руу шилжсэн улсын ихэнх нь хувь тэнцүүлсэн (Бельги, Дани, Финлянд, Грек, Итали, Нидерланд, Норвеги, Португал зэрэг ардчилал бэхэжсэн улс, 1990-ээд онд: Чех, Эстон, Латви, Польш, Словен, Словак, Молдав, Хорват, Албани, Өмнөд Африк) эсхүл холимог (Япон, Солонгос, Тайван, Шинэ Зеланд, Герман, Унгар, Украин, Литв) сонгуулийн тогтолцоотой. 

Дүгнэлт, санал

  • Цэцийн дүгнэлт, түүний үндэслэл нь үндэсний төдийгүй олон улсад зөвшөөрөгдсөн үзэл баримтлалаар дэмжигдэхгүй.
  • УИХ хүлээн авбал Ерөнхийлөгч хориг тавих (?), Цэц дүгнэлтээ өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх л боломж үлдэнэ.
  • УИХ хүлээн авахгүй бол: Цэцийн Их суудал дүгнэлтийг өөрчлөх, үгүй бол Цэцийн аль нэг гишүүн тусгай санал бичих боломжтой.
  • УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал эсхүл Цэцийн Их суудал дүгнэлтийг хэвээр баталбал Үндсэн хуулийг өөрчлөхөөс нааш хувь тэнцүүлсэн сонгуулийг хэрэглэх боломжгүй болно. УИХ сонгуулийн тогтолцоогоо хувь тэнцүүлсэн элементтэйгээр сайжруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд тээг болно.

 

[1] УИХ э. Д.Банзрагч, Ц.Намсрай, ҮХЦ, Дүгнэлт 05, 2016.04.22.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-05-04

    ЗӨВШҮҮ

arrow icon