Шөнө дунд өнгөрч яг үүр хаяарах үеэр энэ явдал болсон юм.
- Ий ти тий яасан хүйтэн юм хэмээн хөшөө чичирнэ. Хүүхдийн паркад заларч байхдаа арай ч ингэж даарч үзээгүй баруун хойноос хүүхдийн дуу хоолой эгшиглэж, буга согоо үзэгдэж, аз жаргалтай олон нүдний харцыг харж баясан суудагсан би хэмээн Нацагдоржын хөшөө халаглан үглэв.
- Чи ч яахав. Байнга л сууж байдаг. Би хэдэн арван жил өнгөрсөн ч зогсоогоороо байна. Хөл ч их чилэх юм. За алив бүгдээрээ цугларцгаая гэж Чойбалсангийн хөшөө хэлээд тал бүр ийш тийшээ харлаа. Эхлээд Сүхбаатарын хөшөө морио унасаар их сургуулийн 1-р байрны урд хүрч ирлээ.
- За дүү нар өнөөдөр ямар сэдвийн талаар ярилцах гэж цугларав даа?
- Та ирээ юу хэмээн Нацагдоржийн хөшөө босч мэндлэв. Чойбалсангийн хөшөө хоолойгоо засаад:
- Хэдүүлээ өнөөдөр Монгол хүний хүн чанарын талаар ярилцъя.
- Тэр ч зөв шүү гэсээр Ренчин гуайн хөшөө хүрч ирлээ. Номын өргөөны урд, шувууны баасанд муу ах чинь будагдаж, модны навч, цас бороо нь мэдэгдэхгүй шуурганд бүр гуниглаад байсан юм. Чойбалсан:
- Одоо цагт Монгол хүний хүн чанар ямар болсныг та бүхэн юу гэж бодож байна?
Ренчин: - Сайхан сайхан төмөр хүлэгтэй хүмүүс орчин цагт зөндөө болжээ. Их ч давхих юм. Давхих дундаа нохой дайрч ална. Тэгээд сандарсандаа лам багш руугаа залгаж:
- Би нохой дайрчихлаа. Багшаа та нэг ном уншаарай гэж залбирч ярина. Лам багш нь ч:
- Жа санаа зоволтгүй дээ. Багш нь эндээс ном заслыг нь хийе гэж утсаар ярина. Гэхдээ тэр нохой дайрсан жолооч, дайрсан нохойгоо замын голоос гаргаад тавьчихаж чадахгүй байж, гэм хийсэндээ айж лам руу залгах юм. Замаас зайлуулах сэтгэл гаргаагүй байж, хожим ирэх үйлийн үрээс айдаг
нь монгол хүний хүн чанар юм болов уу даа хэмээн би бодож байна. Бүгд дуу нэгтэйгээр шуугилдана. Тэгвэл бид яаж хүн чанарын төлөө тэмцэлдсэн билээ? Тэр тухайгаа ярилцах хэрэгтэй хэмээн Марко пологийн хөшөө хэллээ.
- Бид ч монгол хүн, хүн чанар, мөн чанарын төлөө тэмцэлдэж түргэн буу барьж өндийж, цөөхөн үлдсэн монгол түмнийхээ төлөө цусаа урсгаж байлдсан гэж Сүхбаатар дугарав.
- Таны үед буу бариад тэмцэж болдог байж. Харин бидний үед буун дуу гаргах нь битгий хэл, сэтэрхий аяга хүртэл зарж болдоггүй хэцүү цаг үед тэмцэж бид өндийсөн хэмээн Зоригийн хөшөө булангийн цаанаас гарч ирэв. Өлсгөлөн зарлаж, болохоосоо болохгүй хүртлээ залуу хүмүүс дуу нэгтэйгээр тэмцэв. Хүмүүс ч хүн чанартай байж. Мөн чанарыг нь ойлгож, дуу хоолойгоо нэгтгэж, нэг ч цус урсгаагүй засгийн эрхийг авч чадсандаа бахархдаг. Гэтэл миний байгуулалцаж явсан, засаг төр минь одоо нэр алдар, эд хөрөнгө, барилга байшин гээд л хэт их материаллаг зүйлд ач холбогдол өгч тэмцэж байна. Хүн чанар, эх орон, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа нэг ч цогтой, нүдний галтай хүн надад харагдахгүй байна.
- Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул
гэж сүрлэг дуу тэнгэрт хадлаа. Хоёр хүлэг баатраа дагуулсаар их эзэн Чингис хааны хөшөө хүрч ирэв. Эхлээд Марко поло, дараа нь бусад хөшөөнүүд өвдөг дээрээ сөхөрч их эзэн Чингис хааныхаа өмнө сөгдөв.
- Бүтэн бие минь алжааваас алжаатугай. Бүрэн улс минь бүү алдартугай гэж би хойч үедээ үлдээсэн.
Цаанаас нь Сүхбаатар, Чойбалсан хоёр дуу нэгтэйгээр:
- Машид итгэн, хайрлаж яваарай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнол хоёрыг та нарт үлдээв гэж бид хойч үедээ захисан. Нацагдоржийн хөшөө:
- Намайг хүүхдийн паркад байх үед Мангасын ам гэж гулсуур байдаг байсан юм. Өнөөгийн цаг үе яг л тийм болж дээ. Нэг хүнд нэг л ам хэрэгтэй. Гэтэл яг энэ мангас шиг гурван амтай болж. Нэг ам нь үнэн ярьж, нөгөө ам нь худал ярьж, нөгөө ам нь бялдуучлахад зориулсан мэт санагдаж байна гэлээ. Адгийн муу жишээг над дээр, миний зөвшөөрөлгүйгээр ярьж байгаа нь гомдолтой санагдаж байна гэсээр Мангасын ам гулгуур хүрч ирэв. Бүгд чанга инээлдлээ. Марко Поло ам нээж:
- Би Монгол улсын анхны гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. Олон улс гүрний талаар ч их судалсан. Манай Итали улс ч гэсэн одоогийн энэ цаг үеийг туулж өнгөрүүлсэн юм шүү. Капитализмийг алгассны горыг одоо амсаж байна гэж би бодож байна. Энэ улсыг чинь хөрөнгөтэй хүмүүс нь л авч явна. Оросыг хар. Үзэн ядагдсан олигархууд нь л өнөөдөр энэ улсыг босгож ирсэн. АНУ-г хар. Францыг хар. Испани тэр дундаа Каталончуудыг хар. Бүгдийг нь капитализм л босгож ирсэн...Монгол яг дэлхийн замналаар явж, туулж өнгөрүүлж байна. Жаахан хүлээ. Энэ үед:
- Бүгд байр байрандаа буцаарай ах нар минь. Түк-ийнхан ажилдаа хэзээний гарсан байна гэж УДБЭТ-ын урд байх унаганууд шуугилдсаар давхиж ирэв. Бүх хөшөө юу ч болоогүй мэт хэдийн байр байрандаа очиж, суух нь сууж, зогсох нь зоглоо. Ренчин гуйан хөшөөг төв номын сангийн цэвэрлэгч даралттай усаар шүршиж, өнгө оруулах гэж хичээж эхлэв. Шинэ өглөө эхэллээ.
Сэтгэгдэл бичих