Нийтлэл 05 сарын 11, 2016

Шүүхийн шинэтгэлд гарч буй амжилтууд бий

Сүүлийн гурван жилд миний бие шүүхийн шинэтгэлийн асуудлыг судалсны үндсэн дээр болж байгааг нь, бас болохгүй байгааг нь аль алиныг нь байгаагаар нь үндэслэлтэй хэлэхийг хичээж ирсэн бөгөөд үүнийгээ судлаачийн, бас ардчилсан улсын иргэний эрхэм үүрэг гэж боддог. Одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим үйл ажиллагаанд хүчтэй шүүмж хэлж ирсэн ч энэ бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаанд урьд өмнө байгаагүй олон амжилт гаргасныг бас дурдах хэрэгтэй. Энэ талаар уг нь ярьж, бичдэг ч зарим сэтгүүлчид, зарим хүмүүс зөвхөн шүүмжийг нь авч, шүүхийн шинэтгэлийг бүхэлд нь хар бараан болгоод олон нийтэд түгээж байгаа нь харамсалтай.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг тодорхойлж гаргасан байна лээ. Эдгээрийн дийлэнхтэй нь судлаачийн хувьд санал нэг байдаг. Энд дурдагдаагүй гурван амжилтыгг нэмж хэлье.

  • Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр, практикийг урьд байгаагүйгээр судалдаг, судалгааны үр дүнгээ хэвлэдэг, хэрэглэдэг болсон. Энэ талаар хэвлэсэн олон судалгааны тайлангуудыг харна уу. Жишээ нь, улс төрчдөөр өөлүүлж, шүүмжлүүлээд байсан шүүгчийн цалинг Шүүхийн ерөнхий зөвлөл дур зоргоороо өсгөөгүй, харин судалгаанд тулгуурласан юм. Доктор, Профессор О.Мөнхбатаар ахлуулсан МУИС-ийн багш нарын судалгааны баг шүүгчийн цалинг хэр хэмжээтэй өсгөж байж шүүгчийн хараат бус байдал хангагдах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар судалсан бөгөөд миний бие энэ судлагаанд оролцож байсандаа баяртай байдаг. Судалгааг эндээс татаж авч болно.
  • Шүүх эрх мэдэл сэтгүүлийг тогтмол гаргаж, шүүгч нарт хэрэгтэй судалгаа, анализ, мэдээлэл хүргэдэг болсон. Шүүх эрх мэдэл сэтгүүл шиг өргөн агуулгатай, цаг тухайдаа гардаг, олон хүнд хүрдэг хуулийн сэтгүүл Монголд одоогоор байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ сэтгүүлд олон өгүүлэл хэвлүүлж, шүүхийн шинэтгэлийн талаар шүүмж бичиж байсан ч миний нэг ч өгүүллийг буцааж эсхүл өөрчилж байгаагүй. Жишээ нь, хамгийн сүүлийн дугаарт бичсэн миний өгүүлэл болон бусад материалыг эндээс татаж үзнэ үү.
  • Сүүлийн жилүүдэд шүүгчийн сургалт шинэ түвшинд гарсан. Их сургуулийн багш нар, шүүгчдийг оролцуулан хөтөлбөр боловсруулж, хичээл зааж эхэлсэн. Жишээ нь, Хүний эрх хичээлийн хөтөлбөрийг харна уу. Шүүгчийн ёс зүйн хөтөлбөр, Хууль тайлбарлах аргын тухай зэрэг маш олон сайн хөтөлбөр боловсруулагдаж батлагдах гэж байна. Энэ хөтөлбөрөөрөө сургалт явагдаж эхэлсэн, цаашид хийхээр төлөвлөгөө нь гарчээ. Аливаа шинэтгэл урт хугацаанд сайн үр дүнд хүргэх эсэх нь сургалтаас шууд хамааралтай.

Миний шүүмжилдэг асуудлуудын олонх нь өмнө нь байсан, өмнөх Шүүхийн ерөнхий зөвлөлийн үед гарч байсан зүйлс. Жишээ нь, урьд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүд өөрсдөө нэр дэвшиж байсан талаар яригдаж байсан. Шүүгчийг 2012 оноос өмнө өнөөгийнх шиг олон шат, шалгуураар шалгаж мэдлэг, ур чадвараар нь эрэмбэлж томилж байсан уу гэдэг бас эргэлзээтэй, одоогийнхоос илүү хаалттай, шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд нээлттэй зарлагддаг байгаагүй. Өмнөх Шүүхийн ерөнхий зөвлөлд мөн л одоогийнх шиг эрх мэдэл төвлөрсөн байсан. Энэ мэт асуудлыг тал талаас нь бодитой харах хэрэгтэй. Зарим нь тогтолцоондоо бий, зарим нь хүндээ бий. Зөвхөн хүнийг сольсноор тогтолцоонд байгаа асуудал шийдэгдэхгүй. Хууль, дүрмийг өөрчилж засаж сайжруулах зүйлс байна, түүнийг хэрэгжүүлж буй бүрэлдэхүүн анхаарч илүү сайн ажиллах зүйлс ч байна.

АНУ шүүхийн шинэтгэлээ 200 гаран жил хийж байна, одоо ч хийсээр. Европын улсууд, Япон зэрэг ч адилхан байнга шинэчлэл хийдэг, алдаанаасаа суралцаад, сайныг нь бататгаад явдаг. Монголчууд бид бие даасан, хариуцлагатай шүүх, хууль дээдлэх ёс руу ороод 24-хөн жил болж байна. Энэ богино хугацаанд чамлахааргүй амжилт гаргаж байна, гэхдээ бусад орны хэдэн зуун жил хийсэн зүйлийг бүгдийг нь ийм хугацаанд амжуулах, амжуулахыг шаардах боломжгүй билээ.

Миний хувьд одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил цааш тогтвортой үргэлжилж үр дүнгээ өгөөсэй, судлаачид, хуульчид, шүүгчдийн хэлж буй шүүмж, алдаа дутагдлыг засаж сайжруулж ажиллаасай гэж л хүсэж байна.

 

Миний хийсэн судалгаануудыг онлайн татаж авч танилцах боломжтой:

  1. О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам (товчлол) http://forum.mn/res_mat/2015/1Bodlogiin_asuudal_tsuvral_XIX.pdf
  2. О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Монгол улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам http://forum.mn/res_mat/2015/1Shuukhiin%20zakhirgaanii%20zagvar_buten.pdf
  3. О.Мөнхсайхан, Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь, 2015 он http://forum.mn/res_mat/2015/Shvvgchiin%20songon%20shalgaruulalt_pages.pdf
  4. О.Мөнхсайхан, Шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Шүүх эрх мэдэл сэтгүүл, 2016№1, 16-35, https://docs.google.com/uc?id=0Bxws75r83FkJSTNjeW5aQWRzWWM&export=download
  5. О.Мөнхсайхан, Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёс, хуулийн засаглалыг тогтооход тустай, http://www.assa.mn/content/17946.shtml?alias=politics
  6. О.Мөнхсайхан, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн шүүгчид нэр дэвшсэн нь шалгаруулалтад итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэв, http://www.trends.mn/n/5512
  7. О.Мөнхсайхан, Цэцийн гишүүн төдийгүй УДШ-ийн шүүгч, УЕП-ыг нийтийн сонсголоор томилох нь хуулийн засаглал тогтооход тустай http://www.trends.mn/n/3527

Сэтгэгдэл бичих

    • DR. PRADHAN
    • 2022-05-19

    Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

arrow icon