“Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно” гэж хэлсэн Хятадын коммунист удирдагчийн үгэнд ардчилсан Монголын улстөрчид баттай итгэдэг. Түүндээ ч бардсан гэх үү сонгуулийн тойргийг үзэгний үзүүрээр зурж ард түмнийг хүлцэнгүй, номхон хонины морь хэмээн бодож
өөрсдийн эрх мэдлийг гайхалтай ашиглаж чаддагаа харуулав.
Өнгөрсөн өдрүүдэд бид:
- Сонгуулийн тойргийг үзгээр зураад хуваарилж болдог гэдгийг харлаа...
- Сонгуулийн ерөнхий хороо нь амандаа бүлх зуусан мэт тас дуугүй хэлэх үггүй “хараат бус байгууллага”
гэдгийг нь харлаа...
- МАН нь эрх баригчдаа ёстой л дуртай, дургүй үгийн сонголтуудыг ашиглан дайрсан ч нөгөө хэд нь инээгээд өнгөрч байхыг харлаа...
-АН-ынхан гэж жинхэнэ цайрсан гарууд... хэлэх ч үг олдохгүй.
Өөрсдийгөө өмөөрөөд ичих нүүрээ элгэндээ нааж чаддагийг харлаа...
Сүүлийн нэг сар ийнхүү Монголын улстөрийн түүхэнд урваа шарвааны сар болж үлдлээ. Ядаж байхад тэд нь намаасаа гарахдаа “Хэлэх үг, хийх ажлаа хэнээр ч заалгахгүй. Бид бие дааж улс төрийн сонголтоо хийх улс төрч мөн” хэмээн их л гоёж чимсэн ядруу үгээр иргэдээ хуурч, өөрсдийн ахархан бодлоо харуулсан хэдэн үг чулуудчихаад
урвасан. Бас ч болоогүй ноёдууд нь урвасан бол хамжлага албатууд ч гэсэн дагаад урвадгийн жишгээр МАХН-ын гишүүд олноороо намаасаа гарч ёстой л тэжээсэн эзэн шигээ цагийн аясыг дагасан. Үүнийх нь хариу болж Памперсаар бэлэг барьсан. Аалз эхийгээ идэж амь зогоодог шиг өнгөрсөн дөрвөн жилд намынхаа хүчээр УИХ-д суучхаад
цаг үе нь бүрдээд ирэнгүүт урваж байгаа нь нийгмийн ядруу үзэгдэл. Урвалтууд зөвхөн энэ хоёроор дууссангүй харин ч улам цэцэглэн моодонд ороод байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон ИЗНН-аа орхиж АН-ын үүдийг сахихаар болов. Уг нь С.Оюун гишүүнд АН-д элсэх хувийн сонирхол байж магадгүй ч намаасаа гарч байж л элсэх эрх зүйн орчин үйлчлээд байгаа учраас яалт ч үгүй болохгүй бололтой. Хэрвээ намаас гарсан тохиолдолд ахынхаа нэрийг уландаа гишгэж байгаа мэт зүйл болно.
Тийм л учраас тэрээр намаасаа гарахгүй нь ойлгомжтой байх. С.Дэмбэрэлийн шилжилттэй зэрэгцээд зэрэгцээд “Эрэл”-ийн гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат Эх орон намаасаа гарч бас л АН-ын дээлийг мушгихаар болов. Нэгэн цагт 72 МАХН-ынхны эсрэг цөөнхийн дөрвөлийг бүрдүүлж байсан түүний хувьд УИХ-ын гишүүний зөөлөн суудалдаа эргээд суумаар санагдсан бололтой.
Эдгээр үйл явдлууд энэ жил иргэдийн сонгуулийн боловсрол урд өмнөхөөс ч чухал болж байгааг харуулж байна. Д.Энхбат гуайн жиргэсэнчлэн сонгуулийн сурталчилгаа, зурагт бүү үз, дөрвөн жилийн амьдралаа бодож үзээд л дугуйл
гэдэг орой руу орсон үг. Дэвшигчдийн олонх нь ирэх сонгуулиар сайн оролцоод одоогийн ажлын өрөөндөө яаж үлдэх тухай л бодож суугаа.
Тиймээс инээгээд ирснийг инээгээд угтаад авах биш инээснийг нь асууж байгаад хариултаа сонсоод л явуулах хэрэгтэй
болж байна.
Одоогийн дүр зургаар ирэх зургадугаар сарын 29-нд товлогдсон УИХ-ын ээлжит сонгууль ямартай ч хугацаандаа явагдах нь тодорхой болсон. Харин хувь тэнцүүлсэн 28 мандатыг Ардчилсан нам, Монгол ардын нам гэсэн хоёр том нам хэрхэн тохиролцох нь олны анхаарлын төвд байлаа. Хэн хэн нь өөрсдийн нам ашигтайгаар хуваах сонирхлоо илтээр илэрхийлж байсан ч эцсийн мөчид 14-ийг нь хөдөө аймгуудад, үлдсэн 14-ийг нийслэлийн тойрогт нэмж өгөхөөр болсон. Уг нь Ардын нам хөдөө орон нутагт дэмжлэг ихтэй гэж үзэн хөдөөд илүү хуваарилуулах, нөгөө талд одоогийн эрх баригчид дэмжигч олонтой гэж үздэг нийслэлд хуваарилуулах сонирхолтой байсан ч эцсийн мөчид Ардчилсан намынхан өөрийн дураар сонгуулийн тойргийг зурж түүхэнд нэрээ “хараар” үлдээв. Ёстой л юу хийчихсэн хүмүүс юу хийгээд л яваад байна даа.
Эцэст нь хэлэхэд иргэн танд үндсэн хуулиар олгогдсон төрийн түшээдээ сайн дураар сонгох эрх нь хадгалагдаж байгаа учраас довны атаман, гишүүн-ноёнтныг үе улируулан сонгох үүрэг байхгүй. Өөрийн үзэл бодлоор, маргаашийн төлөө, бие даасан сонголт хийх
нь юу юунаас ч чухал сонгууль ирж байна. Танд битон өгсөн ч таны сонголт заавал битон савны хариулт байх албагүй. Битон бэлгэнд авах биш, өөрсдөө тэр байтугайг аваад амьдрах маргааш ирэх эсэхийг бидний сонголт л мэднэ.
Сэтгэгдэл бичих