Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлд шалгуур хангаж, сугалаанд хожсон иргэд түрээсийн гэрээгээ байгуулж, батламж, байрныхаа түлхүүрийг гардаж авлаа. Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрт 52.1 тэрбум төгрөгийг зарцуулаад байна
.
-Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4000 орчим тонн ноолуур экспортолсон гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин экспортод гаргасан самнасан ноолуурын хэмжээ 52.4 тонн болсон талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. Үнийн дүнгээр нь тооцож үзвэл 3.6 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ.
-2016 оны эхний дөрвөн сарын байдлаар боловсруулаагүй газрын тосны экспортын хэмжээ 2.9 орчим мянган баррель болж
, өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн байна. Харин үнийн дүнгийн хувьд 20 хувийн ашигтай 100 орчим сая ам.доллар болжээ. Олборлолтын хувьд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" болон "Доншен Газрын Тос Монгол" компани Монгол Улсад олборлолт явуулж байгаа аж.
-Мах экспортлох зөвшөөрөлтэй 41 компанид хөнгөлөлттэй зээл олгохоор сонгон шалгаруулалт зарлаад байна. Хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй 75 тэрбум төгрөгийн энэхүү зээлийг ямар компанид олгохоор болсныг тавдугаар сарын 23-нд зарлах юм.
-2016 оны эхний дөрвөн сард Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өсч, 536 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зарлага нь 9.8 хувиар өсч, 535.7 тэрбум төгрөг болжээ.
-“Оюу Толгой” компани ил уурхайн 100 орчим ажлын байрыг гүний уурхайн бүтээн байгуулалт руу шилжүүлсэн гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. Энэхүү шийдвэрийг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан байна.
Сэтгэгдэл бичих