Нийтлэл 05 сарын 29, 2016

ОХУ-ын БАТЛАН ХАМГААЛАХ ЦЭРЭГ-АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Засгийн газар "Батлан хамгаалах цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх," хөтөлбөр батлан гаргалаа хэмээн ТАСС агентлаг мэдээлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан ирэх 4 жилийн хугацаанд 35 тэрбум рубль(0,54 тэрбум ам.доллар Р.Э) зарцуулах ажээ.
Хөтөлбөрийн гол зорилго нь "Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг эрчимтэй хөгжүүлж, түүний хүчин чадлыг дээшлүүлэх замаар бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх," явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам байна. Хөтөлбөр нь нэг үе шаттай ба 2016-2020 онд хэрэгжиж дуусна.


Уг хөтөлбөрийн хүрээнд цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг эрчимтэй хөгжүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, дэлхийн зэвсгийн зах зээлд гарч буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, мөн уг салбарт ажиллаж буй боловсон хүчнийг хөгжүүлэх, инженер, эрдэмтдийн мэргэжлийг дээшүүлэхэд анхаарч ажиллах юм.

Оросууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүнд хүрнэ хэмээн тооцоолж байгаа аж:

-Батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;

-Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг багтаамжийг 2014 онтой харьцуулбал 1,8 дахин нэмэгдүүлэх;

-Уг салбарын үйлдвэрлэж буй шинэ төрлийн бүтээгдэхүүний 34,4 хувьтай(2016 онд) байгаа багтаамжийг 39,6 хувь(2020 онд) болгож өсгөх;

-Үйлдвэрийн нэгж ажилчны гаргаж буй ажлын бүтээмжийг 2014 онтой харьцуулбал 2,4 дахин нэмэгдүүлэх;

-Цэрэг-аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй ажилчдын цалин, хангамжийг 2014 онтой харьцуулбал 1,8 дахин нэмэгдсэн байх ажээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon