Нийтлэл 06 сарын 07, 2016

Санал ѳгѳхѳѳсѳѳ ѳмнѳ ингэж асуугаарай

Ѳнгѳрсѳн 1-р сард ЗГ-аа унагаах гээд хуралдаж байгаа УИХ-ийг хараад Токиод цуг сурч байсан оюутнууд семинар дээрээ хамаагүй мэдлэгтэй, судалгаатай, үндэслэлтэй маргаан өрнүүлдэг байж гэж бодож байв. Харин бид 3 сая хүний хувь заяанд нѳлѳѳлѳх чухал шийдвэрийг арай л мэргэжлийн бус хүмүүст атгуулсан юм уу гэсэн сэтгэгдэл тѳрж байлаа. Зүйрлэж хэлбэл эмнэлгийн А мэдлэггүй хүмүүсээр мэс засал хийлгэж, инженерийн А мэдлэггүй хүмүүсээр онгоц нисэх эсэхийг шийдүүлж байгаа мэт.

Сонгогчид ер нь улстѳрчдѳд, тэр дундаа 25 жил ээлжилж тѳр барьсан МАНАН-д итгэхээ больсныг харуулах судалгаа олон. Гэхдээ энэ сонгуулиарМАНАН-аас өөр сонголтгүй болчхоод байгаа нь гол дилемма. Учир нь сонгуулийн хууль болоод янз бүрийн улс төрийн (зальтай) арга ашиглаад бусад жижиг нам, олонд танигдаагүй хүмүүсийн боломжийг хаачихсан. Уул нь ингэсэн ингээгүй эрх баригч АН-д гол тоглогч хэвээр үлдэх арга хэрэгсэл нь давуу байсан, одоо ч бий.

 

 

Нэгт, түүхэнд байгаагүй их мөнгөтэй төрийг удирдах боломж АН-д олдсон:

2012-2015 хооронд ѳмнѳх 4 жилтэй харьцуулахад бодит дүнгээр жилд дунджаар 25% том төсөв захиран зарцуулах эрх АН-ын ЗГ-д байлаа;

Түүхэнд байгаагүй их буюу 4 тэрбум долларын валютын нөөц Монголбанкинд байв;

Дээр нь Чингис тэргүүтэй бондууд, олон төрлийн гаднаас авсан зээлийн мѳнгѳ;

Түүнчлэн ипотекийн 8% болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэвлэсэн 3-4 триллион орчим төгрөг 

 

 

Гэвч АН мега төслүүдээ гацаан, эдийн засгийн өсөлтийг 2% болгон унагаж, тѳсвийг түүхэнд байгаагүй их алдагдалд оруулж, ханшийг 2000 давуулж алдаж, Монголыг гадаад ѳрийн хамгийн их эрсдэлтэй орнуудын нэг болгосон. Гэхдээ энэ “нүгэл”-ээ Хятадад тохоод гадаад орчны буруу гэж үзэж байгаа. Харин ирээдүйд бидний тѳлѳх ѳрѳѳр барьсан үнэтэй замууд бол АН-ын гавьяа гэж сурталчилж буй.

Хоёрт, эрх баригч намын хувьд АН зах зээлийн дундаж 19%-аас доогуур хүүтэй олон тѳрлийн “сайн” зээлүүдийг сонгуулийн зэвсгээ болгоод буй. “Сайн малчин”, “Сайн хашаа”, “Сайн оюутан”, дээр нь ипотекийн 5% гэх мэт хѳтѳлбѳрүүд нь эдийн засгийн ѳнцгѳѳс харахад тооцоо дутуу, улс орноо улам дампууруулах муу зүйл. Харин улстѳрийн ѳнцгѳѳс харвал санал “худалдаж авах” үр дүнтэй сайн арга байж магад. Учир нь мѳнгѳ бол хаан. Эдгээр “сайн” зээлүүд бол сонгуулийн насны хүн бүрт хүртээмжтэй мѳнгѳ:

  • Хүн амын 30%-ийг бүрдүүлдэг малчдад 5 сая төгрөг (хүү 10%);
  • УБ-ийн 60%-ийг бүрдүүлдэг гэр хорооллынхонд 10 сая төгрөг (хүү 5%);
  • Ипотекээр байртай болохыг хүссэн хүмүүст 50 сая тѳгрѳг (хүү 5%);
  • Хөгшчүүлд тэтгэврийн зээл (Хүү 5%);
  • Оюутан залууст оюутны зээл (хүү 5%)

Гэтэл хэдэн мянган хүүхэд энэ хавар улаан бурхны золиос болов! Хэрэв тэд санал ѳгдѳг байсан бол “Сайн вакцин” гээд хѳтѳлбѳр хэрэгжчихсэн, амьд байж ч магад.

Ѳнѳѳдѳр эдийн засаг маань уначхаад байгаа нь эрх баригчид Монголын түүхэнд байгаагүй том том санхүүгийн схемүүдийг зураад, эрсдэлийг нь тооцолгүй хэрэгжүүлэн мѳнгѳѳр туульж байхад гол сѳрѳг хүчин нь хажууд нь нүдээ аниад сууцгааж байсантай ч холбоотой.

МАН-д эрх баригч нам шиг мѳнгѳ хэвлэх, гаднаас зээлэх, хямд зээл тараах г.м зэвсэг мэдээж байхгүй. Гэхдээ ѳрсөлдөгчийнхөө зурсан зальтай, аюултай схемийн алдааг олоод шүүмжлэх (банкны хадгаламжийн ЖДХ 13%, тѳсѳв түүхэндээ байгаагүй их алдагдалтай байхад 5%-ийн зээлийг ямар мѳнгѳѳр олгож байна вэ гэж асуух ч юм уу) нь байтугай өөрсдөө ойлгох мэдлэг боловсрол, ухаан тэдэнд дутав. Угаас АН-ын лидерүүд шиг физик эсвэл математикийн сайн толгой, Америк диплом, гүйлгээ ухаан аль аль нь байхгүй болохоор арга ч үгүй мэт. Өөрсдийнх нь мэдлэг чадвар хүрэхгүй ч АН-ынхан шиг чадвартай залуусын хүчийг ашиглаж ч мэдэхгүй. АН-ын лидерүүд дунд хамгийн мэдлэг боловсрол муутай нь хүртэл баруунд сурч ажилласан туршлагатай олон залуусын тархийг тѳмѳр замын тѳсѳл дээр авч ашиглаад хаячих сүйхээтэй (oдоо нөгөөдүүл нь зарим нь эх орондоо эргэж ирэх аргагүй болчихсон явж буй).

Тэгвэл МАНАН-д итгэл алдарсан сонгогчдод ѳѳр ямар сонголт байна вэ?

Гуравдагч хүчний орон зай үүсэнгүүт боловсролтой, чадвартай, шударга замаар явсан залуус нийлээд Монголд институц тогтооно гээд нам байгуулсан ч хулхи дипломтой популист нэг нѳхѳрт хулхидуулчихсан. Харин одоо бөхчүүд, дуучид хууль баталж, эдийн засаг, гадаад харилцааны бодлого явуулна гээд олноороо нэр дэвшицгээж байна. Тэд ѳѳрийн салбартаа шударгаар хѳдѳлмѳрлѳсѳн мундаг хүмүүс байж болох ч, нэрлэсэн ба бодит ѳсѳлтийн ялгаа, тѳсѳв ба урсгал тэнцлийн хос алдагдал, жини индекс, инфляц ханш гээд ярихаар ямар хувь нэмэр оруулах вэ?

Жишээ нь, бидэнд тулгараад буй эдийн засгийн асуудлууд дунд яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй дараах сорилтууд байна:

  • Гадаад орчин ойрд сэргэх тѳлѳвгүй энэ үед ѳсѳлтѳѳ хэрхэн дэмжих вэ? Ажилгүйдэл, ядуурлыг яах вэ?
  • Банкны секторт сүүлийн 1 жилд ѳөрийн хөрөнгө 7% өссөн бол чанаргүй зээл 44% ѳсч, ѳѳрийн хѳрѳнгийн 50% орчимтой тэнцэх боллоо. Энэ янзаараа удахгүй нүүрлэх санхүүгийн системийн хямралаас яаж сэргийлэх вэ?
  • Төсвийн алдагдал 660 тэрбум тѳгрѳг буюу ДНБ-ийн 13%. ЗГ-ийн ѳр 15 триллийн буюу ДНБ-ийн 60% орчим. Цаашид ЗГ дампуурах уу? Гадаад ѳрѳѳ хэрхэх вэ?

Тэгвэл ирэх 4 жилд энэ улс орныг удирдахыг зорьж буй аль нэг нам эвсэл, хэн нэгэн нэр дэвшигчид эдгээр асуудлуудыг шийдэх бодит төлөвлөгөө байна уу? Бѳх, дуучин, хуурамч диплом гэлтгүй, 20-30 жилийн өмнө хуучин системд сурсан, мэргэжлээрээ ажиллаагүй бизнесээр явчихсан орчин үеийн эдийн засаг санхүүгийн боловсролгүй хүмүүс учраад байгаа макро орчны нѳхцѳл байдлыг ер нь ойлгох уу?

Тэгэхээр намууд, нэр дэвшигчид дээрх асуудлуудыг шийдэх зорилготой, тодорхой тѳлѳвлѳгѳѳтэй тѳрд гарах гэж байна уу, эсвэл гишүүн сайд болох нь л тѳлѳвлѳгѳѳ нь үү? Сонгохоосоо ѳмнѳ асуух л хэрэгтэй: Дахиж эмнэлгийн А мэдлэггүй хүмүүсээр мэс засал хийлгэж, инженерийн А мэдлэггүй хүмүүсээр онгоц нисэх эсэхийг шийдүүлээд хараад сууж байж болохгүй.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-07-07

    Iim zev yumiig unshdag humuus olon baigaasai taalagdaj bnaa

    • цэ
    • 2016-07-06

    иргэн хүн сонгох эрхтэй сонгохгүй байх эрхтэй гэхдээ санал өгөхийг үүрэг болгох нь зүйтэй сонгуулийн санал хураалтыг хуудсанд дэмжихгүй эсвэл хоосон зай үлдээснээр сонгуулийн будилаан арилах боломжтой сонголт хийгээгүй 1 сая хүн яг хаачсан бэ залхуурсан уу өөрийг нь төлөөлж чадах хүн байсангүй юу МАНАНгаас залхсан уу

    • Зочин
    • 2016-06-14

    Tungaaj bodohoor l Sedev bnadaa daanch songogchid huurtaad l huurtaad l

    • Зочин
    • 2016-06-07

    ЗӨВ ШҮҮ

arrow icon