Нийтлэл 06 сарын 07, 2016

'Говь' компани 2021 он гэхэд 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ

 Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-Урсгал тэнцлийн алдагдал үргэлжлэн буурсаар 2016 оны эхний дөрвөн сард оны эхнээс өссөн дүнгээр ашигтай гарчээ. 2015 оны мөн үед 131.1 сая ам. долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 86.6 сая ам. долларын ашигтай гарсан нь хэд хэдэн дансны алдагдал буурсантай холбоотой байна

-Улсын хэмжээнд тариалалт 99.5 хувьтай байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ.

-Өнгөрсөн онд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэмжээ буурсан гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Монгол Улс 2014 онд 288 сая орчим киловатт цаг эрчим хүч импортолсон бол өнгөрсөн онд 39 хувиар буурч, 176 сая киловатт цаг болжээ.

-“Говь” компани 2021 он гэхэд 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ гэж тооцоолж байна. 2015 онд 71 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн тус компанийн экспортын гол зах зээл нь Европын Холбоо, ОХУ, Япон улс болжээ.

-Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ мягмар гарагаас буюу зургадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж эхэлнэ.

-БНХАУ-ын бодит ажилгүйдлийн түвшин 2012 оноос хойш гурав дахин өссөн гэж “Fathom Consulting” судалгааны агентлагийн шинжээчид дүгнэжээ.

-БНХАУ 2020 он гэхэд 5G технологийн стандартыг танилцуулна гэж “Xinhua” агентлаг мэдээллээ. Олон Улсын Харилцаа Холбооны Байгууллага буюу “ITU”-ээс 4G технологийн стандартыг тогтоож, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсад нэвтрүүлэх зөвшөөрөгдсөн үелзлийг тогтоосон юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon