Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхнээс цэвэр дүнгээр 223 сая ам.долларт хүрч
өмнөх сараас 58.1 сая ам.доллараар өссөн. Хэдийгээр өмнөх сараас бага зэрэг өссөн хэдий ч 2011-2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн зах зээлийн уналттай холбоотойгоор огцом буурсаар байна.
-Rio Tinto групп 1.7 тэрбум ам.долларын бондын өрөө буцаан худалдан авах шийдвэрээ Мягмар гарагт танилцууллаа. Ийнхүү компанийн хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа бонд буцаан худалдан авах шийдвэр гаргаж байна
. Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох Rio Tinto групп 2018 оны 7-р сард хугацаа нь дуусах 6.5 хувийн хүүтэй 943 сая ам.долларын өрийн бичгээ буцаан худалдаж авахаа зарлалаа.
-Монгол Улс, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлснээс хойш найман хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд худалдаа эрхлэгчид гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх, гарал үүслийн гэрчилгээ авахад харилцан ойлголцож чадахгүй байгаагаас хүндрэл учирч байгаа гэдгийг албаныхан онцолсон.
-Төмөр замын тээврээр 2016 оны эхний таван сард 7.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорчиж, тээсэн ачааны хэмжээ 1.7 хувиар өссөн боловч зорчигчдын тоо 10 хувиар буурсан байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн ажлын айлчлалын хүрээнд Мьянмарын нийслэл Нэйпидо хотод хоёр улсын бизнес уулзалт боллоо. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмар улсын Худалдааны сайд О Тан Ми нар бизнес уулзалтыг нээж, үг хэлэв. Уулзалтын үеэр уул уурхай, санхүү, дэд бүтцийн салбар дахь хоёр орны туршлагаас хуваалцаж, цаашдын нөөц боломжийн талаар төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл бичих