Улс орны эдийн засаг томрох хэрээр тухайн эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгал тэлж байдаг юм. Хүн өсөн бойжих хэрээр цус нь төлжиж, зүрхний цохилтоор эргэлдэх цус хүний бие махбодийг бүрдүүлэх эс бүрт хүчилтөрөгч, амин дэм, тэжээл түгээдэгтэй адил билээ. Улс орны эдийн засгийн гол үзүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүн (“ДНБ”), түүний өсөлт/бууралтаар хэмжигддэг. Эдийн засгийн бодит нөхцөл байдал нь хөдөлмөрлөж байгаа хүн бүрт, бизнес худалдаа эрхэлж буй компани болгонд “цусны эргэлтээр” очих мөнгөөр мэдрэгдэнэ. Энэ мөнгөн урсгалаас тодорхой хэсгийг татвар хураамж хэлбэрээр татан төвлөрүүлж, нийтийн эрх ашигт нийцүүлэн дахин хуваарилж, захиран зарцуулах үүрэг төрд ноогдож, тухайн жилийн батлагдсан төсөв, гүйцэтгэлээр илэрхийлэгдэнэ.
Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ хэлэлцэн батлах үеэр хүн бүр л“хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” хэрэгтэйг сануулж ярьж байгаа харагддаг. УИХ-д суугаа эрхэм гишүүд маань “ард түмэндээ хэн илүү хайртай вэ?” гэж уралдсаар, хоорондоо сэмхэн наймаалцаж, өөрсдийн дэвшүүлсэн төсвийн мөнгө “цохих” мэргэн саналуудаа харилцан дэмжиж тэрбум тэрбумаар төсөвт нэмж суулгасаар анх орж ирсэн хувилбарыг танигдахын аргагүй зүйл болгоод баталчихдаг. Нэгэнтээ УИХ-аар баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэг ноогдож, ялыг нь үүрдэг учир Засгийн газар, Сангийн яам мөнгөний эрэлд мордохоос өөр аргагүй байдалд ордог.
Нийгмийн даатгалын сангаар наадаж, төсвийн цоорхойг нөхдөг зүйл өөрөө тусдаа жич сэдэв
болох тул энэ удаад түр хойш тавиад, өнөөдөр манай улс төрчдийн“буянаар” дотоодын санхүүгийн зах зээлд бэлэн мөнгөний гачигдал нүүрлэж байгааг онцлон харья.
Гаднаас зээл авах аргаа барсан учир Засгийн газар маань жижиг дунд бизнесээ санхүүжүүлэх гэсэн иргэн Бат, цалингийн зээл авах гэсэн иргэн Болормаа, тэтгэвэрийн зээл авах гэсэн Дорж өвөө, Дулмаа эмээтэй санхүүгийн эх үүсвэр булаацалдан хэдэн арилжааны банкууддаа жилийн 16 хувийн хүүтэй өрийн бичгээ “шахаж” байна.
Гаднаас зээл авах аргаа барсан учир Засгийн газар маань жижиг дунд бизнесээ санхүүжүүлэх гэсэн иргэн Бат, цалингийн зээл авах гэсэн иргэн Болормаа, тэтгэвэрийн зээл авах гэсэн Дорж өвөө, Дулмаа эмээтэй санхүүгийн эх үүсвэр булаацалдан дотоодын хэдэн арилжааны банкууддаа жилийн 16 хувийн хүүтэй өрийн бичгээ “шахаж” байна.
Арилжааны банк Засгийн газрын үнэт цаас хэмээх бондоор баталгаатай 16 хувийн хүү олж байгаа тохиолдолд, иргэн Бат, Болормаа, Дорж өвөө, Дулмаа эмээд наад зах нь 4-8 хувийн эрсдэлийн хүү нэмээд 20-24 хувийн хүүтэй зээл өгдөг юм байгаа биз дээ. Хэдэн банк нь Засгийн газрын бонд авсаар байгаад бусдад зээлэх ч мөнгө үлдсэнгүй дээ. Эх үүсвэргүй болсон Сангийн яам нь хэдэн төрийн өмчит компанийн бэлэн мөнгийг ховх сороод нөгөө л Засгийн газрын бондоо шахсан байх юм, хөөрхий. Одоо ломбардаар явах л үлдсэн сурагтай байна лээ. Засгийн газар энэ оны 3-р сараас хойш Монгол банкаар дамжуулан нийт 15 удаа үнэт цаас гаргах хэлбэрээр төсвийн алдагдлаа санхүүжүүлж сууна. Эх үүсвэр: http://www.mongolbank.mn/governmentbond.aspx
Хорт хавдраар өвчилсөн хүний зовлон шаналалыг түр намдаах зорилгоор морфин тарьдаг. Үүний адил цалин, тэтгэвэрээ таслахгүй гэж Засгийн газар өрийн бичиг гаргаж өдөр аргацааж байх зуур “морфиндоо” мансуурч бодит байдлаа ойлгохоо больсон улс төрчид маань “манай эдийн засаг хямраагүй, өсөлттөй гарсан“ гэж хөөрөлдөж байх юм. Бодитой тоо баримтанд тулгуурлан хэдэн зүйлийг тодруулж харья. Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн гаргасан (IMF Country Report No. 15/109) тайланг хархад 2014 онд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 7.8 хувь болж саарсан, 2015 онд эдийн засгийн бодит өсөлт нь 3.0 хувь хүртэл буурах таамаг дэвшүүлжээ. Эх үүсвэр:
http://www.adb.org/countries/mongolia/economy
http://www.imf.org/external/pubs/ft/wp/2015/wp1590.pdf
ДНБ-ний өсөлтийн задаргааг нягтлан харахад санаа зовоох дүр зураг илүү тодорхой болно. Тухайн эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг “цэвэр экспорт” буюу Оюу толгойн уурхайгаас олон улсын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнээс гарсан өсөлт эзэлж байна. Тэр ч бидэнд падлийгүй л дээ. Манай хэдэн популистууд заавал “хувь эзэмшиж ард түмнээ жаргаана” гэсээр байгаад борлуулалтын орлогоос нь шууд авах роялти татвараа 5 хувь дээр тогтворжуулж өгөөд туучихсан. Гэтэл ашигт малтмалын хуулиараа зэсийн зах зээлийн үнээс хамаараад зэсийн баяжмалд ноогдуулах роялти татвар нь 5-20 хувь байгаа. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэр сүүлийн хэдэн жил 16-19 хувийн роялти төлөөд л явж байна. Оюу толгойн 34 хувийг зээлээр авсан өрөө дарахаас нааш бид хэд чинь хэдэн арван жилдээ ноогдол ашиг гэх гоё зүйлийг олж долоохгүй л дээ.
Харин ДНБ-нд эзлэх дотоодын хэрэглээний хувь хэмжээ “хасах” буюу энгийн үгээр хэлбэл иргэд бидний хэрэглээ, идэх хоолны хэмжээ багасжээ. Нийт хөрөнгө оруулалтын өөрчлөлт мөн л“хасах” гарчээ. Энэ нь ирээдүйд баялаг бүтээх, дараагийн эдийн засгийн өсөлтийг авчрах, шинэ ажлын байр бий болгох, нэмэлт татварын орлого бүрдүүлэх эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Хүний биед хорт хавдар бүрэлдээд эхлэхээр тухайн хорт хавдрын эс галзуурсан мэт хүчилтөрөгч, амин дэм, тэжээл түгээх бүхий л цусны эргэлтийг өөртөө татан шимж томорсоор үхэлд хүргэдэг билээ. Уг нь оношоо хүлээн зөвшөөрч цаг алдалгүй эрчимт эмчилгээнд ороод үзвэл горьдлого байх ч юм уу?
Хитмэн
2015/05/10
Сэтгэгдэл бичих