Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, хот, хөдөөгүй л ид бужигнаж байна. Интернет орчинд үзэж харах зүйл хомс болж, телевизүүд захиалгат нэвтрүүлгээр эфирийн цагаа дүүргэжээ. Өнгө будагтай самбар, дуу шүлэгтэй сурталчилгааны ардах монгол хүн ба тэдний амьдрал руу өнгийж харах хүслээр телевизээс, пиараас, цэцэг навч алагласан хотын төвөөс хол иргэдийн амьдралд ойртож нэг үзэв. Миний очсон газар хэдийгээр нийслэлдээ харьяалагддаг ч зарим аймгийн сумдаас ч дор дэд бүтэцтэй байгаа нь харагдаж байлаа.
Бид 1921 онд амьдраад байна уу, 21-р зуунд амьдраад байна уу
Миний хамгийн түрүүнд очсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Эмээлт болон Давааны зөрлөг орчим байлаа. Иргэдийн ихэнх төмөр зам дагаж ирсэн ажилчид. Үүнээс гадна сүү цагаан идээ, агаар салхи бараадан ирсэн ахмадууд болон зуны цагт хотын хөдөлгөөн, тоосжилтоос зугтсан нялх хүүхэдтэй ээжүүд байгаа харагдлаа. Орлогын эх үүсвэр төмөр замын ажилчдын цалин болон сүү, тараг, цагаан идээгээ зарсан хэд гурван төгрөг. Гэхдээ ажлын байр гэхээс илүүтэй хамгийн тулгамдаж байгаа асуудлыг цахилгаан болон тээврийн асуудал гэдгийг иргэд хэллээ. Уг нь нийслэлийнхээ хамгийн том дүүрэгт харьяалагддаг тэд төв рүү орохын тулд галт тэргийн цагийн хуваарь харах эсвэл хэн нэгэн танилынхаа машиныг гуйн хотын төвийг барааддаг. Өвөлдөө бол жижиг машин очихын аргагүй цас хунгаралчихдаг учраас эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй гэдгийг ч дурдсан.
Түүнчлэн тээврийн асуудлаас гадна тогтмол цахилгаан ч ус агаар шиг хэрэгтэй байгаа аж. Тус хорооны иргэн Д. Зургаанжин гуай
“Энэ хавьд эмнэлгийн үйлчилгээ байтугай ойр зуурын нийтийн тээвэр хүртэл байхгүй. Бид одоо XXI зуунд амьдраад байна уу, 1921 онд амьдраад байна уу ойлгохоо ч байчхаад байна. Урьд шөнө миний нярай хүүхэд 7-8 удаа сэрж уйллаа. Тэр болгонд би лаа барьж хүүхдээ асарч байна шүү дээ. Би цахилгааны асуудлаа шийдүүлье гээд бараг бүтэн сар хөөцөлдсөн. Эхлээд Сонгинохайрхан дүүргийн цахилгаан түгээх газар очиход, “Танайх манайд хамааралгүй, Төв аймагт харьяалалтай” гэж байгаа юм. Тэгэхээр нь Төв аймаг руу нь хүнээр хэлүүлж, хөөцөлдүүлэхээр “Наана чинь нэг байцаагч байгаа. Түүнтэй уулз” гэсэн. Түүнийг нь олоод уулзсан чинь “Наадах чинь манайд хамааралгүй, Сонгинохайрхан дүүргийнхээ цахилгаан түгээх төвд ханд” гэж байгаа юм. Аргаа бараад 70047004 гэсэн утас руу нь холбогдтол “Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд оч” гээд яваад очтол “Танайханд тог тавьж болох юм байна. Та эхлээд 25 мянган төгрөг тушаагаад, манайд өргөдлөө бичээд өг. Гэхдээ танайхыг тогтой болгохын тулд 2.4 сая төгрөгөөр трансформатор тавиулна гэнэ. Түүнийг нь би төлнө гэнэ. Арай дэндүү байгаа биз дээ”
хэмээн өөрт байгаа бүх бухимдлаа түрч гэсэн надад гаргаад нэг сайхан гүнзгий амьсгаа аван гэрийн зүг алхлаа.
Нийслэл хотынхоо харьяа байж одоог хүртэл нь эрүүл мэндийн үйлчилгээ, тээвэр, цахилгааны асуудалтай нь үнэхээр л хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мартах шиг. Хэрвээ болдогсон бол тэр 2.4 сая төгрөгийг нь төлөөд тогтой болгочих юмсан гэсэн хувийн бодлоо тээсээр дараагийн газраа хүрлээ. Энэ бол 21-р хорооны Рашаант хэсэг. Эндэхийн иргэдийн хэлж буйгаар эмнэлгийн үйлчилгээ авах ямар ч боломж байхгүй. Ядаж л эмийн сан ч байдаггүй гэдгийг халаглан хэлж байгаа харагдлаа. Хэрэв хэн нэгнийх нь бие өвдсөн тохиолдолд найман километрийн цаана байх Партизаний сангийн аж ахуйд очиж үйлчилгээ авдаг аж. Гэтэл хүн ам нь жил бүр нэмэгдэж байхад өрхийн эмчийг харьяа дүүргээс гаргаж өгөөгүй аж. Түүнчлэн иргэдийн хүүхдүүд нь бас найман километрийн цаана Партизанд байрлах дүүргийн сургуульд сурдаг бөгөөд тогтмол цагт автобус ирж хүүхдүүдийг зөөдөг аж. Гэтэл асуудал нь автобус гэрийнх нь эсрэг талд буюу төмөр замын цаана зогсдог учраас хүүхдүүд гурван замыг дамнаж гардаг аж. Мэдээж энэ нь маш аюултай. Өвлийн цагт бол автобус иртэл хүүхдүүд гадаа зогсож хүлээдэг байна.
Нэг хэсэг нь газартай боллоо гэж баярлах, нөгөө нь бэлчээх газаргүй болсон малаа зарах...
Дараагийн очсон газар бол машинаар 30 орчим минут давхиад /шороон замаар/ очих Гүнтийн орчим. Анхандаа малтай иргэдийн нутаг дэвсгэр хэмээн нэрлэж мал аж ахуй эрхэлдэг хүмүүс голдуу амьдарч, малынхаа сүү, цагаан идээ, ноос, ноолуур зэрэг түүхий эдээ худалдаалан өөрсдийн орлогоо бүрдүүлдэг байж. Гэтэл сүүлийн дөрвөн жилд малчдын малыг бэлчээх газар нь хомсдож эргэн тойронд нь чацарганын болон тэжээлийн аж ахуй зэрэг маш том талбайг хамарсан газрууд бий болжээ. Нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн цахим газар өмчлөл зарим иргэний амьдралд цохилт болсон нь харагдаж байлаа. Уулын ам болгонд хаа сайгүй дөрвөн шон зоогоод дээр нь машины дугуй тавиад тэмдэглэчихсэн. Зарим газарт нь хэдийн хашаа татаж малын бэлчээр хязгаарласан дүр зураг харагдлаа. Үүнээс болж эндхийн зарим иргэд өөрт байгаа малаа зараад хот руу нүүхэд хүрчээ. Гэвч асуудал зөвхөн малын бэлчээрээр дууссангүй. Өнгөрсөн хавар Нийслэлийн засаг даргын тамгын газраас Гүнт орчмын газрыг малтай иргэдийн суурьших бүс байсныг хэлбэрийг нь өөрчлөн зуслангийн газраар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан нь цаашдаа мал аж ахуйгаа эрхлэх боломжийг нь бүр мөсөн хаагаад байгаа юм. Түүнчлэн цагийн сайханд АПУ, СҮҮ ХК-ууд эндхийн иргэдээс ирж сүү аван нийслэлийн иргэдийн цагаа идээний хэрэгцээг хангадаг байсан ч сүүлийн үед болиод байгаа аж. Сүү бол тэдний гол орлогын эх үүсвэр. 52 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хот руу танил талаараа дамжуулан худалдаж хэдэн төгрөгөөрөө зээлээ төлж, үлдсэнээр нь амьдардаг гэдгээ тэндхийн иргэд хэлж байлаа. Хувийн өмчтэй болох, газар эргэлтэд орох, аж ахуй хөгжих нь хөгжлийн нэг шат. Харин нүүдэлчин Монголын онцлог, хүний амьдрал, хүүхдийн сайн сайхан хохирохгүй хэмжээнд судалгаатай, сэтгэлтэй, хүнлэг хандлагаар хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь өөр асуулт бололтой.
Буцахад төрсөн бодол
Энэ мэт хүний амьдралын өнөө маргаашийг зөөлөн сандал дээр суугаа дарга нар хэр мэддэг бол гэсэн “сэтгэлийн хар” буцах замд өөрийн эрхгүй төрж байлаа. Хотын төвийн нэг иргэн цахимаар уулын аманд сайхан газар авлаа гэж баярлаж байхад, хойно нь малынхаа буянаар амьдралаа залгуулдаг айлыг амьдралыг орвонгоор нь эргүүлж байх. Төвөөс зах руу, телевизийн пиараас хүний амьдрал руу ойртож өнгөрөөсөн нэг өдрийн эцэст Улаанбаатарыг цэцэг алагласан хотын төв биш 4 уулын дунд амьдран суугаа хүн бүрийн жаргал зовлон гэж хардаг, 40 мянгатын тойрог биш 4 уулын дайтай сэтгэдэг удирдлагатай болохсон гэсэн бодол өвөрлөсөөр буцлаа. Улаанбаатар бол гудамж биш, хүний амьдрал.
Сэтгэгдэл бичих