Нэг. Орчлон хорвоог өөрчилж эс чадавч , өөрийн сэтгэлийг яаж ч өөрчилж болно.
“Уян хатан зориг тэвчээрийн нөмрөгийг биедээ зүүхүй.”
Бадамлянхуан судар
Адам, Ева 2 бурхны идэхийг хориглосон жимсийг идсэнээсээ болж диваажингаас хөөгдөж, газар дэлхий дээр ирсэн тухай үлгэр байдаг. Тэр үед бурхан тэр хоёрт ийн хэлжээ. “Газар дэлхий та хоёрын төлөө, өргөст азарганыг ургуулж, та хоёр тэр зэрлэг ургамлыг идэх биз ээ.”
Газар дэлхий гэдэг диваажингаас огт өөр агаад, хүний хувьд амьдрахад бэрх газар ажгуу. Диваажингаас хөөгдөж дэлхий дээр ирсэн хүн төрөлхтөн аж төрөхийн тулд хичнээн их зовлон зүдгүүрийг амсаа бол? Буддын сургаалд иймэрхүү үлгэр домог үгүй боловч, “амьдарна гэдэг хүчир шүү” гэсэн утга санаа нь агуулгын хувьд нийцэж байгаа юм. Тэгвэл тэр хүнд хүчрийг чухам яавал дээр вэ?
“Газар дэлхийгээр холхиход, хөлийн ул өвдөнө. Хэрвээ газар дэлхийг бүхэлд нь зөөлөн арьсаар бүрхэх аваас алхахад ямар амархан болох болоо?” Шантидэва гуай бидэнд сонирхолтой жишээгээр учгийг нээж өгчээ. “Газар дэлхийг бүхэлд нь бүрхэх зөөлөн арьс чухам хаана байгаа бол? Хаана ч байхгүй. Харин зөөлөн арьсан гутал олоод өмсчихөд л бүх дэлхий бүрхэгдчих нь тэр.
Орчлон хорвоог өөрийн хүссэнээр өөрчилнө гэдэг боломжгүй зүйл хэдий ч гагцхүү өөрчлөлтийг өөрийнхөө хөлийн үзүүрээс эхлэх аваас асуудал өөр болох юм. Бадамлянхуан сударт орших “Уян хатан зориг тэвчээрийн нөмрөгийг биедээ зүүхүй” гэсэн сургаал ч угтаа үүнтэй утга нэг ажээ. Зориг тэвчээр гэдэг үнэндээ шүдээ тас зуугаад, муйхарлах явдал биш юм. Харин ч уян хатан сэтгэлээр эргэн тойрондоо хандвал мөргөлдөх хүчийг сулруулж чадна гэсэн санаа. Өөрийнхөө сэтгэл зүрхийг өөрчилж чадаж байж л хорвоо ертөнц өөрчлөгдөж ирэх юм.
Хоёр. Яг одоо, яг энд өөрийн амь насаар амьдар
.
“Зүрхний тольтоо нээхүй.”
Үүдгүй үүд
“Зүрх” гэсэн ханзны түлхүүр дээр, “од” гэсэн ханз үсгийг нэмээд, “зүрхний тольтоо нээхүй, нүдээ нээхүй” гэсэн утгыг агуулна. Нүдээ нээгээч, нүдээ нээгээч.
Гаутама Будда “үүрийн гэгээнээр ховорхон үзэгдэх Сугар гаригийг олж харан” нүдээ нээсэн хэмээн хэлэгддэг. Буддагийн адилаар бид ч бас нүдээ нээх хэрэгтэй. Гэхдээ “нүдээ нээх” гэдэг нь зүгээр нэг нойрноос сэрэхийг хэлж буй бус, өөрийн амь амьдралыг өчүүхэн хурам ч үл тоомсорлон орхихгүй байх гэсэн утга юм.
Хэн ч өчигдөртөө амьдарч үл чадна. Маргаашийг ч амьдарч чадахгүй. Чи миний оронд миний амьдарлаар амьдарч чадахгүйн адилаар, би ч чиний оронд чиний амьдарлаар амьдарч үл чадна. Бидний оронд Гаутама Будда бидний амьдарлаар амьдарна гэсэн ойлголт ч байхгүй.
Хэзээ, хаана, хэн энэ байгаа амь насаар амьдрах юм бэ?
Яг одоо, яг энд, өөрөө өөрийнхөө амь насаар амьдрахгүй бол болохгүй.
Одоог орхигдуулан алдаж үл болно. Эндэхийг эндүүрэн алдаж үл болно. Өөрийгөө өрөөсгөлөөр алдаж үл болно. Энэ л “нүдээ нээхийн” учир буй.
Тэр нь угтаа өөрийн бүхий л зүйлийг “яг одоо” гэсэн өчүүхэн хурмын аминд шидэн оруулах явдал юм. Өөрийн оршин амьдарч буй яг энэ мөчийн аминаас гадна өөр нэг л зүйлд нэмж найдах аваас эрт оройгүй заавал гонсойх хэрэг гарна.
Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.
Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2
2016.4.4