Би хипхоп үгэлж, дуу дуулж, гудамжаар алхаж чадахгүй, подвалк өмсөөд шүдэнз шатаагаад сэтгэл хөдөлгөм шүлэг уншиж чадахгүй. Харин дуу дуулж шүлэг уншдаг тэр залуус, эсвэл дуулах шүлэглэх манатай яваа хөгшин залуу бүгдийнх нь амьдрал байдлыг нэгтгэсэн статистикаа бол харж чадна.
Нэг нь урагшилна, нөгөө нь ухарна... хүний амьдрал. Нийтдээ харин хаачсаныг макро статистикаар л харна.
Статистик харж суухнээ Ардчилсан намын засагласан 4 жилээс би биш амьдрал өөрөө арван оноо хасчээ.
Нэг сая хүн үхвэл статистик, нэг хүн үхвэл бөөн уй гашуу гэсэн Черчиллийн үг бас санаанд орно. Тоонууд нэмээд нэгтгээд ирэхээр хүний амьдрал биш юм шиг, онол юм шиг, тоо юм шиг болно. Гэхдээ ард нь нөгөө л уйлдаг инээдэг хүн, хүний сайн сайхан, жаргал зовлон бий. 8000 гэмт хэрэг, 800 үхэл гэсэн хөлдүү том тоонуудын ард халуун амь, хайр, уй гашуу, амьдралд хөл алдсан, цөхөрсөн, гадуурхагдсан хүмүүний л сэтгэлүүд бий. Хөлдүү тоонуудаа нэгтгэн шинжлэх, тэндээс хүмүүний зовлонг унших, түүнийг энэрэх хүмүүнлэг хандлага Монголын төрд үгүйлэгдэж ирлээ.
Амьдрал дээшилсэн бол график дээшээ өндийж гарна, доошилсон бол доошоо унаж гарна.
Бодит байдал гоё бол гоё харагдана, царай муутай бол царай муутай л болно. Хипхоп дуунаас ч бодитой. Хуучны киноноос ч үнэн. Тийм болохоор бодлогыг бусад улсад тоо харж төлөвлөөд, тоо харж үнэлдэг. Тоо царай муутай болоод ирэхээр урлаг үнэд ордог.
Сод Горький хүртэл Сталины пиар байсан. Сталины бодит байдал царай муутай байсан тусмаа түүнд мянга мянган Амараа, шүлэг дуун, цол шагнал хэрэгтэй байсан. Царай муутай амьдралыг байгаагаар нь буулгасан өгүүлэл нэг хувь ба будаж янзалсан, бахдан дуулсан, бадран мандсан урлаг 99 хувь. Мэдээллийн ийм үл тэнцвэр дунд сонгуулийн сурталчилгаа үргэлжилж бн. Тэгээд энэ 4 жилд төр юу ч хийгээгүй гэж үү, нэг ч оноо нэмэгдээгүй гэж үү гэсэн асуулт мэдээж гарна. Хийхийн ихээр хийгээд байхад оноо хасагдах тохиолдол бас байдаг аж. Төрийн ажил гэдэг ХИЙХ биш БОДОХ-д гол нь байдаг
бололтой, “ТӨРИЙН ХИЙЛТ” гээгүй “ТӨРИЙН БОДЛОГО” гэсэнд учир байх шиг. Аливаа юмны мөн чанар мартагдахуй дор түүнийг нэрлэсэн үгсээ эргээд хармаар санагддаг, төрийн хийлт юу болсон талаар бол дараа нь амжвал жич ярилцъя. Ямар ч гэсэн хаана 10 хоноо хасагдсан юм бэ гэдгийг, амь, эрүүл мэнд, амьдралаасаа эхлээд аль болох энгийн зургаар харъя. Эх сурвалжийн хувьд онцолж дурдсанаас бусад баримтыг үндэсний статистик болон Монголбанкны хуудаснаас авсан. Графикууд дээр ямар нэг дүгнэлт, субъектив тайлбар нэмэхгүй. Дүгнэлтийг уншигчийн мэргэн оюунд даатгая.
1. Хүүхдийн эндэгдэл
2016 оны эхний 5 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 814 болж, 2012 оны мөн үетэй харьцуулахад 37.7% нэмэгджээ.
2. Халдварт өвчин
2016 оны эхний 5 сарын байдлаар халдвар туссан 45145 хүн бүртгэгдсэн нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 2,8 дахин буюу 280%
нэмэгджээ.
3. Амиа хорлолт
Дотоодын статистик тоонууд зөрөөтэй. 2012 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар 100 мянган хүн тутамд ногдох амиа хорлолтын индекс 9,8 байсан. Social Progress Index 2015-д энэ үзүүлэлт 12,2 болсон.
4. Гэмт хэрэг
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2002 оноос хойш рекорд тогтоож 27575 болсон
нь 2010 оноос хойш 8000 орчмоор нэмэгдсэн.
5. Аж ахуй, өрхийн зарлага
2000 оноос хойш хасах өсөлттэй гарч үзээгүй өрхийн дундаж зарлага нэрлэсэн дүнгээрээ 2015 онд анх удаа буурч 945 мянган төгрөг болж, 4 жилийн инфляцыг тооцсон бодит орлого бараг 2012 оны түвшин рүү буцаж ухрав.
6. Аж ахуйн нэгжийн дампуурал
2014 онд үйл ажиллагаагаа түр зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 11865-аар нэмэгдсэн
нь бизнес регистрийн статистик гаргаж эхэлснээс хойш тэмдэглэгдсэн хамгийн өндөр рекорд болжээ. Нийт үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжийн тоо 2015 оны эцсээр 62259 болж, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн бараг талтай тэнцэж ирэв.
7. Чанаргүй зээл
Хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны нэгдүгээр сард 317 тэрбум төгрөг байсан нь энэ оны нэгдүгээр сарын байдлаар 938,9 тэрбум төгрөг болж даруй гурав дахин нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн мөнгөн дүн 938,9 тэрбум төгрөг, түүний нийт зээлд эзлэх хувь 8 болж аль аль нь энэ төрлийн үзүүлэлтүүдийн 2000 оноос хойших хамгийн өндөр дүн буюу шинэ рекорд боллоо. Чанаргүй зээл өнгөрсөн оны нэгдүгээр сард 657,4 тэрбум төгрөг байсан бол энэ оны мөн үед 894 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь нийт зээлийн 7,6 хувийг эзэлж байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 15,6 хувь байгаа нь 2011 оноос хойших хамгийн өндөр дүн
юм.
8. Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн. Нэрлэсэн 48, бодит 17 хувийн өсөлтөөс 2,3 хувийн өсөлт рүү буусан.
9. Төсвийн алдагдал
Төсвийн алдагдал 2015 оны эцсээр 1,16 их наяд болж рекорд тогтоов.
2016 оны 4 сарын байдлаар 663,5 тэрбум болж мөн л дөрөвдүгээр сарын төсвийн алдагдлын түүхэнд шинэ рекорд тогтоогоод байна.
10. Гадаадын шууд хөрөнгө оруулалт
2011 онд 4,7 тэрбум ам.долларт хүрч байсан шууд хөрөнгө оруулалт 2014 онд хасах, 2015 онд 542 сая доллар болж буурсан.
11. Гадаад өр
5 жилийн дотор нийт гадаад өр 4 дахин өсч
, өмнөх оны 12 сарын байдлаар 21,6 тэрбум ам доллар болсон. Төсөв, төлбөрийн тэнцэл, төлбөрийн чадварын баланс алдагдсаны улмаас 3 жилийн дотор зээлжих зэрэглэл буурч, 2012 онд 4,12-5,12 байсан олон улсын зах зээл дэх бондын хүү 10,87 болж нэмэгдэв(2016 оны 3 сард гаргасан бондын хүү).
12. Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт эргэлт 2015 оны эцэст 8,47 тэрбум ам доллар болж 2011 оноос өмнөх түвшинд хүртэл унав.
13. Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 13,8 хувь байсан нь 2015 оны эцэст -6,7 болж буурсан.
14. ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ. Тайлбаргүй.
15. Төгрөгийн ханш: 2013 оны эхээр 1393 байсан америк доллар 2016 оны эцэст 2000 давж, төгрөг шинэ тутам хөгжиж буй зах зээлүүдээс ам.долларын эсрэг хамгийн ихээр унасан валютын нэг болов.