Философич Сартрыг бидний зарим нь
“Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм”
гэсэн үгээр нь мэддэг байх. Тэгвэл ер нь яагаад “Эрх чөлөөний шорон” байдаг билээ? Энгийнээр бодож үзвэл эрх чөлөө гэдэг хэн бүхэн хүсч талархдаг хамгийн гайхамшигтай төлөв байх учиртай
мэт. Гэтэл Сартрын үгээр бол тийм биш юм гэнэ. Тэрээр эрх чөлөөг дараах байдлаар тайлбарлажээ.
- Эрх чөлөө гэдэг бол, юу зөв болохыг мэдэхгүй байтал “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон амаргүй нөхцөл байдал юм
.
Жишээлбэл, хаа нэгтээ бурхан гэж байгаад, хүмүүст хандан “Үнэн гэж энэ юм шүү дээ. Чиний амьдралын зорилго бол энэ” гэхчлэн бүхнийг нэг бүрчлэн зааж өгдөг байсан бол бид бүхэн юунд ч шаналах шаардлага гарахгүй байсан биз. Аавынхаа гараас хөтлүүлэн алхах бяцхан жаалхүү шиг, бид бүхэн эргэлзэх явдалгүйгээр өгөгдсөн үнэнийг дагаж, түүний дагуу л амьдраад явахад болох байлаа.
Гэвч бодит байдал дээр, хүнд тийм үнэн мөн ч амьдралын утга учир ч олгогдсонгүй, бас хэн ч зааж өгсөнгүй. Тиймийн учир хүмүүст “юу хийх ёстой” хэн гээч болохоо өөрөө “шийдэж” амьдрахаас өөр арга байсангүй.
Гэтэл... бид бүхэн чухам юуг “шийдэх” ёстой юм бэ? “Шийдвэр” гаргахын тулд “шийдвэрт хүрэх хэмжүүр” болохуйц ямар нэгэн юм байх шаардлагатай. Магадгүй түүнийг “үнэлэмжийн хэмжүүр” гэж нэрлэж болох. Гэтэл энэ хорвоод “үнэлэмжийн хэмжүүр” гээч юм өч төчнөөнөөрөө бий. Шашин А ч юм уу, шашин Б ч юм уу, эсвэл филосифи А ч юм уу, философи Б гэх мэт. Тиймэрхүү юмсыг хэд л бол хэдийг олж зохиогоод байж болох биз. Тэгвэл тэдгээр тоогүй олон “үнэлэмжийн хэмжүүр” дотроос чухам алийг нь сонговол зүгээр юм бол? Хэрвээ эз нь таараад “даанч дээ гэмээр үнэлэмжийн хэмжүүр” сонгож орхивол..., түүнээс цаашхи амьдрал маань орвонгоороо дашин шог ч болоо юм билүү. Тиймээс бид тун нухацтайгаар зөв үнэлэмжийн хэмжүүр сонгохгүй бол горьгүй.
Эндээс, бид бүхэн тоогүй олон “үнэлэмжийн хэмжүүр” дотроос аль нэгийг нь сонгон шийдэхгүй бол болохгүй учиртай. Гэтэл тэр сонголтыг хийхийн төлөөх зөв хэмжүүр бас хэрэгтэй. Юу??? “Үнэлэмжийн хэмжүүрийг сонгохын төлөөх тэр хэмжүүр”. Тэгээд тэр хэмжүүрийг сонгохын тулд бас сонголт хийх хэмжүүр хэрэгтэй болж..., эцэстээ энэ нь хязгааргүй үргэлжилсэн юм болох тул, зарчмын хувьд хэлэхэд “шийдвэрт хүрэхийн төлөөх зөв үнэлэмжийн хэмжүүр” гээч юмыг гартаа оруулж авах нь анхнаасаа ор тас боломжгүй зүйл болж таарч байгаа юм.
Нэгэнтээ тийм л юм бол яах ч аргагүй. Хүү хаа гээд аль нэгийг нь үзэмжээрээ сонгосон болоод цааш явахаас өөр замгүй. Гэвч байна шүү. Тэр сонголт чинь зөв байна гэсэн баталгаа үнэхээр хаана ч байхгүй
юм. Тиймээс ирээдүйд яаж муугаа үзэхийг хэн ч тааж хэлшгүй. Цор ганц олдох амьдралаа талаар нэг тарааж орхихыг ч байг гэх газаргүй. Мэдээж “алийг нь ч сонгохгүй” гэсэн сонголт ч бас бий. Гэсэн ч “сонгохгүй” гэх тэр сонголт ч бас зөв байх баталгаа үгүй юм.
Тэгвэл тэгээд яах ёстой юм бэ гэвэл..., ер яагаад ч нэмэргүй.
“Амьдралыг хэрхэн туулах ёстой вэ?” хэмээх хамгийн чухал асуудалд “ингэж ингэж амьдрах ёстой” гэсэн “зөв үнэлэмжийн хэмжүүр”-ийг бурхан ч зааж өгөхгүй
, төр засаг ч, сургууль ч, ер хэн ч бидэнд зааж өгөхгүй. Тиймээс бид бүхэн үүнийг зөвхөн өөрсдөө л шийдэхгүй бол болохгүй. Алдаа эндэл бүтэлгүйдэлдээ айдас тээж, зөв эсэх нь үл мэдэх ямар нэгэн зүйлийг хүссэн хүсээгүй шийдэн урагшлахаас өөр замгүй.
Тэгээд тэрхүү шийдвэр болбоос 100% “чөлөөт сонголт” байх болно. Үнэхээр юу ч сонгосон болно. Сайн сургуульд элсэн орохын тулд ээрч мууртлаа хичээлээ хийсэн ч болно, огт хичээл хийлгүй PC тоглоомон дээр рекорд энэ тэрхэнтэй ноцолдон байдаг цагаа барсан ч болно. Манаач болсон ч болно, менежер болсон ч болно
. Хэд ч хаягдсан хамаагүй хүүхэн бүрийн араас гүйсэн ч болно, яршиг гэж залхуураад 2 хэмжээст зурган хүүхэнтэй заваараад хэвтэж байсан ч болно. Ер бүх юм чөлөөтэй.
Харин юу ч хийдэг байлаа гээд, тэнд ямар ч баталгаа үгүй тул, 10 жилийн дараа, 20 жилийн дараа өөрийн сонголтдоо мэл гайхаж суухыг байг гэх газаргүй.
- Яагаад би ингэхэд ийм ажил хийдэг хүн болчихов оо? Яагаад хүнтэй ч суухгүй гон бие явна вэ? Миний амьдрал уртаашаа ердөө л энэ болж таарав уу? Үүнээс цааш өтлөөд, тэгээд үхэх л үлдээ юм гэж үү?... Арай өөр сонголт байсан л баймаар юм даа?!?
Гэсэн ч ийм байлаа гээд та хэнд ч гомдох эрх үгүй. Яагаад гэвэл, энэ бүхнийг та өөрөө л сонгосон шүү дээ. Тиймээс өөрийн сонголтондоо харамсдаг ч бай, бүтэлгүйтдэг ч бай, түүнийхээ хариуцлагыг өөрөө л үүрэх болно.
Нэг ёсондоо хүн гэдэг, юуг сонговол зохихыг мэдэхгүй ертөнцөд өөрөө ч хүсээгүй хэрнээ гэв гэнэт л падхийтэл ойчиж ирээд “Чиний амьдрал юм чинь чи өөрөө шийд” гэсэн эрх чөлөө хүчээр ногдож, учраа ч мэдэлгүй санаандгүй нэгийг нь сонгоод аль муугаа үзтэл “Чиний л сонголт шүү дээ” гэгдэн бүх хариуцлагаа өөрөө хүлээх тийм хувь заяанд төрөгсөд юм.
Сартр хүний тэрхүү нөхцөл байдлыг зааж “Хүмүүс бол эрх чөлөөний шоронд шийтгүүлэгсэд юм
”, эсвэл “Хүмүүс эрх чөлөөний хараал хүрсэн” гэх үгээр илэрхийлжээ.