Хүний ой тогтоолт богино хугацаанд цөөхөн хэдэн зүйл тогтоож чаддаг
гэх. Тусгайлан бэлдэж дасгалжуулаагүй бол жирийн хүний ойд 7 ± 2 элемент хэдэн секундын хугацаанд тогтоно. Үүнтэй адил өөр нэг чанар нь хүн 100-150 хүний нэрийг цээжилж, нүүрийг нь тогтоож, дотно танилцаж чаддаг гэх. Орчин үед байдаг чулуун зэвсгийн үеийнх шиг нийгмээр амьдардаг бүлгүүдийн хүний тоо нь дээрх тоотой их ойр байдаг аж. Хуучны цэргийн нэгжүүд нь мөн дээрх тоотой ойролцоо байсан байна. Дарга нь цэргүүдээ нэрээр нь дуудаж, нүүрээр нь таньдаг байж захирч чаддаг байх хэрэгтэй. Мэдээж урт хугацааны ой тогтоолт бол хязгааргүй гэж хэлж болох ч өдөр тутмын амьдралд хэрэгтэй ой тогтоолт, тархины багтаамжийн хэрэгцээ нь ямар нэгэн байдлаар хязгаарлагддаг юм шиг байна.Хэрэгцээ нь тэр хязгаараас нь хэтэрвэл тархи мэдээллийг автоматаар төрөлжүүлж эхлээд, хэрэггүй гэж бодсоныгоо үл тоож, шүүлтүүр давуулдаггүй байх.
Энэтэй төстэй бас нэг шүүлтүүрдэх явц бидний тархинд бас өрнөөд байх шиг байна. Хэрэггүй, эсвэл ач холбогдол багатай мэдээлэл их ирж байгаагаас болоод хэрэгтэй зүйлсдээ бид анхаарч чадахгүй байна гэж бодож байна. ДОХ, эболагаас айгаад таргалалт, элэгний вирусуудаа тоохгүй байна, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоонд хэт анхаараад эрэгтэйчүүдийн нас баралтад анхаарахгүй байна, газар шороо уран гэж эсэргүүцээд орлогоо бодохгүй байх шиг, хар тамхины наймаатай эрүүгийн аргаар тэмцэх талаар ярьсаар цаана нь байгаа мансууруулах бодисын хэрэгцээг үүсгэж байгаа сэтгэцийн эрүүл ахуйн талаар ярихгүй байх шиг...
2012 оны НҮБ-ийн ДОХ-ын агентлаг нь нийт МУ-д ХДХВ-ын халдвартай хүний тоо 1100 байх гэсэн тооцоо гаргасан байна. 2013 оны байдлаар ХӨСҮТ-ээр халдвар нь оношлогдсон хүний тоо 150 байсан буюу МУ-д ХДХВ-гийн халдвар авсан юм уу авсан байх магадлалтай хүний тоо маш бага байна. 2012 оны байдлаар ДОХ-ын сэдэвтэй зарлагад ганцхан Глобал сан л гэхэд 2 сая ам. доллар зарсан байна. Гэтэл 500,000 гаруй хүн халдварласан байх магадлалтай элэгний В, С вирусын асуудалд хэдэн ам. доллар зарсан талаар мэдээлэл хайгаад олж чадсангүй. 2 сая хүрсэн болов уу? Үгүй л байх. 2010-2015 онуудын хооронд ЭМЯ нь элэгний вируст үрэвслийн үндэсний стратегидаа 5 жилийн хугацаанд 8 тэрбум төгрөг төлөвлөсөн байсан (мэдээж төлөвлөгдсөн гэдэг нь төсөвлөгдсөн гэсэн үг биш, бүрэн төсөвлөгдсөн байсан ч гэсэн жилдээ 2 байтугай сая ам. доллар хүрэхгүй нь илт гэхэд буруудахгүй байх, ялангуяа одоогийн ханшны уналтын үед). ДОХ аюултай, үхэлд хүргэдэг, бүрэн эмчилгээгүй халдвар гэдэг нь үнэн. Яг С вирустай адилхан. Гэтэл яагаад С вирус нь үл тоомсорлогдоод, ДОХ нь анхаарлын төвд байгаад байна? ДОХ-ын пиарыг гадныхан их хийж, ЭМЯ-ныхан монголчуудад хэрэгтэй асуудлаа урагшлуулах удирдлага дутагдаж байгаа болхоор тэр байх. Олон нийтийн анхаарал ДОХ-оор дүүрчихсэн. В, С вирусд монголчуудын ой ухаанд зай байхгүй. Эбола бас үүнтэй адил. Мэдээж эбола аюултай, үхэл өндөртэй өвчин. Гэхдээ В, С вирус нь аль хэдий нь эмнэлгийн замаар хүн ам дунд нь тарж байгаад бодлого боловсруулагчид нь сандарсан шинжгүй. Энэ оны 11 сарын 5-нд ЭМЯ элэгний хавдарыг эрт илрүүлэх 14 хоногийн аян эхлүүлсэн ч элэгний хавдарынх нь гол шалтгаан болох В, С вирусны халдвараас сэргийлэх тухай ярьсангүй. С вирусыг нь устгадаг Софосбувирийг эмийн бүртгэлд авсан ч гэсэн халдварыг нь тараагаад байгаа бохир багаж, дутуу ариутгалын асуудлыг нь шийдэх тухай яригдахгүй байна. Өөрөөр хэлвэл ДОХ мэтийн гадаадын сэдэв орон зайг дүүргээд Монголын нөхцөлд илүү чухал В, С вирусны асуудал шүүлтүүр давсангүй.
2013 оны байдлаар ЭМХҮТ-ийн мэдээлэлээр Монголд амиа хорлож байгаа эрэгтэйчүүдийн тоо нь эмэгтэйчүүдийнхээсээ 5.8 дахин их
байна. ДЭМБ-ийн 2012 тоонд (насны бүлэгт хувааснаар) энэ харьцаа 4,6 байсан байна. Эрэгтэй хүмүүс амиа хорлох арай дорвитой арга сонгодог учир хаана ч гэсэн энэ тоо өндөр байдаг. Гэхдээ дэлхийн дундаж 3,18 байсан байна. Монгол эрэгтэйчүүд их сэтгэцийн эмгэгтэй байж өөрсдийгөө их егүүтгэж байна, дундаж наслалт нь 9 жилээр богино байна, осол гэмтлээр 4 дахин их үхэж байна. Эрэгтэй хүүхдийн боловсрох эрхийг нийгэм нь хязгаарлаж байна. Хүйсний харьцаа бага ангид бараг тэгш байхад ахлах ангид эрэгтэйчүүд илүү сургууль завсардаж, дээд сургуульд орох үед эмэгтэйчүүдийн 69% нь цааш боловсрож байхад эрэгтэйчүүдийн дөнгөж 49% их, дээд сургуульд ордог байна. Нийгэмдээ гадуурхагдсан бүлэг хүмүүсийн дундаж наслалт хэт багасдаг: Австралийн уугуул иргэд 10 жилээр дутуу наслаж байна,. Европын Цыганууд 10 жилээр дутуу насалдаг байна, Канадын уугуул иргэд бас дундажаар 9 нас бага наслаж байна. Тоонд баригдаж байгаа үзүүлэлтүүд нь ийм муу байхад тоонд баригдахгүй бусад үзүүлэлт нь үүнээс бүүр ч муу байх нь гарцаагүй байх. Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагыг бүртгэхгүй гэж Хууль зүйн яам удаан эсэргүүцсэн нь үүний жирийн л нэг илрэл. Өөрөөр хэлбэл Монголын нийгэм эрэгтэй хүмүүстээ асар халтай байна
. Гэтэл Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо нь эрэгтэйчүүдийн эмзэг байдлын талаар 2008 онд л нэг товхимол хэвлэсэн байна. Ихэнх хийсэн ажил нь эмэгтэйчүүдийн талаар байна. Боловсрол, эрүүл мэнд, ажлын байдлыг нь харвал Монголчууд нь эрэгтэйчүүддээ илүү анхаарах хэрэгтэй баймаар? Эмэгтэйчүүд нь бүгд жаргаад, сайхан байгаа гэж хэлэх хүн мэдээж байхгүй байх. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, цалингийн зөрөө гээд эмэгтэйчүүдэд ч шийдэх асуудал бий, гэхдээ л тэд дунджаар 9 жил илүү амьдраж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь гадаадын сэкси сэдэв бөгөөд Монголын нөхцөлд илүү чухал эрэгтэйчүүдийн асуудал нь бас л шүүлтүүр давсангүй.
Мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа талаар цагдаагийнхан мэдээллэх. Ямар ч төрлийн хамаагүй, хэд ч хамаагүй хэмжээний бодис авсан, зарсан, хэрэглэсэн хүмүүсийг бариад шоронд хийгээд байна. Даанч хүмүүсийн дунд байгаа мансуурах хэрэгцээ, сонирхлын талаар судалж, мэдээлэл өгч, гэгээрүүлэх ажил хийж байгаа талаар мэдээ олдохгүй юм. Иймэрхүү бодисын хэрэгцээг хориод дийлэхгүй болохоор, зөв мэдээлэл өгч, тусламж хүссэн хүмүүст нь сэтгэцийн эмчилгээг нь хийж хэрэгцээний талаас нь бас тэмцэх хэрэгтэй баймаар? Түүнээс гадна баригдсан хүмүүсийн хэрэгт нь олсны төрлийн (марихуана) мансууруулах бодис голлож байна, гэтэл олсны төрлийн мансууруулах бодисын донтолт үүсгэх магадлал, нийгэм, биологийн хор хүргэх магадлал нь жирийн тамхинаас бага байдаг талаар энэ сэдвээр судалгаа хийдэг хүмүүс ярьж байна. Амиа хорлолтын тооноос харахад монгол эрэгтэйчүүдэд сэтгэцийн эрүүл ахуйн үйлчилгээний асар их хэрэгцээ байна. Гэтэл ЭМЯ нь өөрөө өөрийнхөө боловсруулсан сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө зорилгодоо ч хүрч чадаагүй байх юм. Дүүрэг болгонд л ядаж донтолттой хүмүүстэй ажилдаг эмч, сувилагч нар баймаар? Тэр хүмүүс нь эмзэг насныханд нь мансууруулах бодисуудын талаарх хэрэгтэй мэдээлэлийг нь, зөвлөгөөг нь өгч хэрэглээг нь сэргийлмээр? Бүх юмыг хууль, цагдаа, хүчээр шийдэх хүсэлтэй монголчуудын санаанд мансуурал, донтолтын суурь шалтгааны талаарх хэлэлцүүлэг бас тархиных нь шүүлтийг нь давсангүй.
Олборлох салбарын талаар дахиж нурших ч хэрэггүй байх.
Гэх мэтчлэн манай нийгмийн чухал асуудалуудад бид өөрсдөө зөв зүгт хариултуудаа хайж эхлэхгүй болхоор нэгд шийдлээ олохгүй, хоёрт байдлаа улам хүндрүүлж байна. Цэгцтэй логиктой сэтгэж чадахгүй болхоор асуудлаа тодруулж чадахгүй, хэрэгтэй мэдээллээ хайж чадахгүй, гарцаа нээж чадахгүй байна. Дээрээс нь хэрэггүй зүйлд их цаг, хүч зарж байх шиг байна. Монголчуудын тархинд манан будан байна гэх юм уу даа.Уг нь бол тэр В, С вирус тараагаад байгаа эмнэлгийн ариутгалыг шийдэхэд харьцангуй амар (таргалалттай тэмцэхтэй харьцуулахад) байх ёстой. Ариутгалын бодисны үнэ буулгаж, хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөлөөр импортлодгийг зөөлрүүлж, эмнэлэгүүдийн автоклавуудыг шинэчлэхэд нь хүүгүй зээл олгож, мэргэжлийнхэнийг нь давтан сургалтанд хамруулаад эмнэлэгүүдийнх нь ариутгалын бодис авах төсвийг нь нэмбэл шинээр халдвар авах хүний тоо хэдхэн жилийн дотор л буурмаар? Уурхайнуудаас хувь авна гэхийнхээ оронд татвараа аваад тайван орхивол хурдан зах зээл дээр гарах юм шиг? Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаараад эрэгтэй хүүхдүүдийнхээ хүмүүжилд илүү анхаарвал далимд нь тэр гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үзэн ядалт гэх мэт нийгмийнхээ асуудлыг шийдхэд хамаагүй илүү нэмэр болох юм шиг санагдах юм? Цөөн мэдээлэл шүүлтүүр давдаг гэвэл та тархиндаа өнөөдөр ямар мэдээлэл сонсгох вэ?
2014/11/11
Мөнгө, бодит ашиг л чухал байлгүй дээ. Сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үзэн ядалт гэх мэт үр дүнтэй шийдэж чадсан ч гарт баригдаж өөрт нь ашиг, нэр хүнд нь ирэхгүй зүйлд хөдлөхгүй л болов уу даа. Тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг л байх.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаараад эрэгтэй хүүхдүүдийнхээ хүмүүжилд илүү анхаарвал далимд нь тэр гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үзэн ядалт гэх мэт нийгмийнхээ асуудлыг шийдхэд хамаагүй илүү нэмэр болох юм шиг санагдах юм? Цөөн мэдээлэл шүүлтүүр давдаг гэвэл өнөөдөр та ямар мэдээлэл сонсгох вэ?