Нийтлэл 09 сарын 05, 2016

Хямрал хаанаас эхэлсэн бэ? Хаана дуусах вэ?

165 онд Ромын легионууд Месопотамид хийсэн дайнаас буцаж ирэв, ирэхдээ тахал тээж иржээ. Марк Аврелий хаан ширээнд суугаад 4 жил өнгөрч байлаа. Энэ үеэс Ромын эзэнт гүрэн тахал, гаднын халдлага, иргэний дайнд гадна дотроосоо идэгдэж эхлэв. 2,7 тэрбум сестерц(Ромын зоос)-ийн сан өвлөж асан Марк Аврелий ордны үнэт эдлэлээ зарахад хүрч, түүнийг залгамжилсан хүү нь тансаг хэрэглээнийхээ үнэд амиа өгсөн жилүүд ирэв. Дотроосоо доройтох, гадна хөршүүд нь хүчирхэгжихийн хэрээр армийн хүчинд хамаг төсвөө өгөх болж, тэртэй тэргүй тахлаар хагасын хагасаа алдсан татвар төлөгчдийн нуруунд буух дарамт туйлдаа хүрчээ.

Маркын дараах иргэний дайны жилүүдэд ялалт байгуулж, хоосон сантай төр гартаа авсан Септимий татварыг дахин нэмж, хувийн өмч, уурхайнуудыг дээрэмдэв. Тэгээд ч цэргүүдээ цалинжуулж дийлэхгүй. Ингээд хийдгээ хийж, мөнгө хэвлэв. Дээрэм нь ч, татвар нь ч, эмисс нь ч нэн танил дүр зураг биз? Мөнгө хэвлэх ч гэж, тухайн үед цаасан мөнгө байхгүй тул зоосон мөнгөнийхөө алт мөнгөний орцыг багасгасан хэрэг. Угаасаа ачаалал нь туйлдаа хүрээд байсан татварын дарамт дээр мөнгө үнэгүйдэх инфляци хэлбэрийн татвар нэмэгдэж, зах зээл царцаж, бартерын худалдаа газар аваад эзэнт гүрний арми аж ахуй, нийлүүлэлтийн систем хэмээх тулгуураа алдсан нь гартаа бээлий өмсөх гээд хөлөө цавчсантай адил хэрэг болжээ. Бараа нь үнэ хүрэхгүй тариачид газраа орхиод босогчид, дээрэмчдийн багт нэгдэх болов. Өмнө нь илүү аваад баяжиж болдог байсан татварын магистрат хэмээх алба ял болж, зарим христиануудыг албан хүчээр тохоох болсон байдаг. Соён гэгээрэл, цэрэг арми, соёл урлаг мандан бадарсан нэг эрин үеийг бүтээсэн Их Ром энэ үеэс хойш эртний сүр хүчээ эргэж бүрэн сэргээж чадаагүй. Хэдэн зуун өнгөрсөн одоо ч Итали Европын холбооны толгойны өвчин хэвээр.  Хэдэн хувийн ч юм бэ хэтрүүлэг боловч Ромын эзэнт гүрнийг Германууд, Туркууд биш татвар, инфляци хоёр дотроос нь идэж дуусгасан билээ.

Хувь хүнд сэтгэлд үүссэн шокоо гадагш нь хэн нэгний буруу болгож нялзаах сэтгэлзүйн хэтийдэл байдаг. Хувь хүмүүсийн нийлбэр болсон нийгэмд ч ийм эрмэлзэл байдаг бололтой. Монголын эдийн засаг хямарлаа, Бээнз авгайгаас боллоо, Зитлер Тавантолгойг гацаачлаа, Оюутолгой Монголыг дээрэмчдлээ, Хятадын өсөлт удааширснаас л боллоо гэнэ. Одоо бодвол татварт туйлдаж, аргаа барсан Ром тахлаас боллоо, цезариуд сан хоосолчлоо, тэр дайны энэ жанжингаас боллоо гэлцэж байсан байж мэднэ. Гэхдээ эдийн засгийн хууль уг нь бол энгийн. Хэрэглэнэ, үйлдвэрлэнэ, зөрүү гарвал төлнө, төлж чадахгүй бол зээлнэ, зээлийн менежментэд алдаа гарвал хямрана, бүр төлж чадахгүй бол дампуурна. Хямарч байхад нь хажуугаас шоок ирвэл амархан өртөнө. Зүйрлэвэл муу хоол идсээр муудсан бие ханиадны вирус залгиад амархан өвддөг шиг л. Хүн харин муу хоол идэж ирсэн буруугаа хүлээн зөвшөөрөх дургүй, өө тэр вирусыг тэгж халдаасан тэр муу “Хятад”! гэж халаглана, хамгийн амархан. Макро эдийн засаг хэмээгч нь яг үзвэл хаана ч байхгүй, байгаа нь буруу зөв шийдвэр гаргаж байгаа хүн ба түүний аж ахуй. 

Хүний аж ахуй үндсэндээ хэвэндээ байгаачлан Улаанбаатарын ч, Ром, Константиноплийн хямрал ч адилхан. Хийж байгаагаасаа илүү хэрэглэсэн байна, тэрийгээ зээлж юм уу хэвлэж санхүүжүүлсэн байна, түүний удирдлагад алдаа гарсан байна, тэр зуур хажуунаас шоок ирсэн байна, ямар ч дархлаагүй өртсөн байна. Түүхий эд, Тавантолгой гэж халаглахаа түр хойш тавиад анхны тэнцэтгэл, хэрэглээ үйлдвэрлэл хоёроо эргэж нэг харъя.

Хэрэглээ. Нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгт орох Монголд м.кв яагаад 1000 доллараас буудаггүй вэ? Сарын орлого, м.кв-ын үнийн харьцаагаар бас нэгд орсон байж магадгүй. Гиннес хэмээх статистик онигооны номонд дуртай орон л доо ер нь бол. Хувь хувьсгал нийлээд 22 тэрбумын(нэг жил бүтээж байгаагаас нь их) хасах баланстай явж байж өдий хэмжээнд үнэ өсөх хэмжээнд зээл ба хэвлэх хэлбэрээр мөнгө нийлүүлэгдсэн байна. Хэрэглээгээ санхүүжүүлж дийлэхгүй улсад хаанаас зээл олдож ирэв? Хуулийг нь харвал өрийн тааз хэтэрсэн улсад ямар нэг шугамаар Хятадаас зээл олдож, нөөцөө барсан Монголбанк своп хэлцлээр ирэх юаныг таслахгүй явж яагаад болов? Хямраад ирэхээр нь гол ордуудыг нь хэдээр ч хамаагүй авах маягийн боевик юм ярихаа больё гэхэд(уг нь үнэн) угаасаа зээлээр өгсөн юаныг нь Монголчууд буцаагаад Хятадын эдийн засагт хийчихдэг. 85-89 хувийн хамааралтай явж байгаа импорт, экспортын харилцаагаа харахад хангалттай.  Зээлж хэрэглэснээ төлж чадахгүй байгааг маань хамгаа барж хийсэн АСЕМ дээр хоёр тивийн удирдагчдын өмнө элэглэх мэт зарласныг нь элэгдүүлж дадсан Монголчууд алга ташин хүлээж авсан. Бага боловч бардамнал, үндэсний үзэлтэй өнцгөөс харахад дефолт хийсэн дүн ба түүнийг тэглэхэд гаргах баяр хөөр нь гуниг, шившиг байлаа. Хоёр эдийн засгийн хэмжээний харьцаа тэнгэр газар мэт тул манайд зээлэхийн тулд учиргүй хэвлээд байх шаардлага ч байхгүй ч Хятадын засгийн газар бусад улсад ханддаг шигээ л хэвлээд ч хамаагүй юанын ханшийг сул барьж, худалдааны бодлогоор үнийн зөрүү үүсгэж, зээлүүлэх, зээлснээрээ хэрэглүүлэх, хэрэглэхээ Хятадаас  авахуулах бодлого хэрэгжүүлж ирэв. Үйлдвэрлэхгүй байж хямартлаа хэрэглэж болсны учир ерөнхийдөө энд бий.

Үйлдвэрлэл. Мөнгө их байх тусам зээлэх өртөг бага байна. Юм үйлдвэрлэхгүй, зарахгүйг нь зээлээр нөхөөд байхад яагаад компанийн зээл ийм өндөр үнэтэй билээ? Нэгэнт үйлдвэрлэлээр биш зээлээр хэрэглээний мөнгөө олж байхад ажлын байр үүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ засгийн газар ажлын байр үүсгэж байж оноо авна. Монголын засгийн газрын бодож олсон хоёрхон салбар: зам(зарим нь боржуур хаха) ба барилга. Бодвол өөрийг бодож олж чадахгүйдээ биш төр гэдэг нь Бортуун ба Сэргэлэн стилээр бол наймыг үржих нь арав, 80% энэ бизнесийхнээс бүрддэгтэй холбоотой байх. Энэ хоёр салбарын талаар баахан бичиж ирсэн тул давтан нуршимгүй. Бий болсон зам байшинг нүднээ харахад амар, байж болох байсныг толгойдоо төсөөлөх хэцүү. Энэ хоёр салбарт хийсэн хүч хөрөнгөөр өөр ямар салбар босч, хэдэн хүн ажилтай болж болох байсныг хэн ч нэхэн төсөөлөхгүй. Эдийн засаг уг нь боломжийн  тухай гэхээсээ алдагдсан боломж буюу юуг зольж юуг олсныг тооцох ухаан билээ. Барилгын материалын үнэ тогтворжуулах гэх мэтэд баахан мөнгө хийсэн ч хамгийн гол нь хэрэглээг тэтгэх(8% зээл) талд нь хэвлэн барин наяд наядаар нь хийсэн. Тэр нь дээр бичсэн хэрэглээ талын дүрмээр материалын худалдан авалт болж ихэнх нь Хятад явсан.  Зээлснээ бол цемент, маруужин, үнэгүй тараая гэснээ өө ирсэн хүмүүсийг хараад айчлаа гэдэг Маяагийн үйлдвэрийг эс тооцвол хөрвөх чадваргүй замд хийсэн. Тэгсэн чинь Хөвсгөлөөс Улаанбаатар явах бүтээгдэхүүний тээвэр биш хэрэглээ хийх дуртай Монголчууд Хөвсгөл чиглэх зам дээр түгжрэх маягийн үзэгдэл үүсгэсэн, үнэн лайтай. Нэг үгээр тэртэй тэргүй буцааж төлөх эх үүсвэр нь татвар тул  бусад салбарын органик хөгжилд гажуудал үүсгэж байж  бий болдог зээл ба эмиссийн аль аль нь үйлдвэрлэх хүчин чадал тэлэхээс илүү хэрэглээг дэмжих, тэрний ихэнх нь урагшаа чиглэх трэнд үргэлжилж ирсэн гэсэн үг. Армиа дэмжих гэсэн чинь газар тариалан нь миарчихсан Ром шиг л.

Тэгэхээр хямрал хаанаас эхэлсэн бэ? Эрдэнэчимэгээс лав эхлээгүй. Эргэн тойрноо, эдэлж хэрэглэж байгаагаа харцгаая. Хэрэглэж байгаагаасаа илүүг хийсэн санагдахгүй бол тэр зөрүүнээс чинь эхэлсэн байна. Өнөөдрийн хямрал бол Монголчууд олоогүй мөнгөө зээлж, хэвлэж (нэг удаа олсноо бол хувааж идээд найрласан), зээлснээ үйлдвэрлэл биш хэрэглээндээ хийж ирсний, төрөөс тэг гэж дэвэргэж ирсний л үр дагавар. Эдийн засгийн үнэнд гүйцэгдэж, “үйлдвэрлэл борлуулалт+зээл+эмисс” нийлээд нийлээд хэрэглээгээ гүйцэхээ больж ирмэгц хямрал эхэлж, хамгаа хийсэн үл хөдлөхийнх нь үнэ унах явц үргэлжилж байна. Энийг нь урд ах мөнгө зээлж “аврах” магадлал бий.

Нэг ч их хэрэглээ хийж үзээгүй минималист нүүдэлчид малын буянаар хот айлын аж ахуйгаа аялдуулаад явж байхад цаг өөр байжээ. Заримдаа дутахаар нь дээрэмдчихдэг байсан түүх бол бий. Цаг өөрчлөгдөж, нээлттэй мэдээлэл гадаад худалдааг дагаад хэрэглээний соёл өөрчлөгдсөн ч үйлдвэрлэл дагаж өөрчлөгдсөнгүй. Энд хальт дурдсанаар эд үйлдвэрлэх ген байхгүй. Дээр нь одоогийн байдлаар яавал хэрэглээг нь хасах вэ гэсэн хэдэн болхи дүрэмтэй татварын нэмэгдэл яригдахын хамт суурь хүү 15 хувь болгох гэх мэт үйлдвэрлэл талаа улам дарангуйлах зарим зохицуулалтын хамт хийгдээд байна. Ядаж иргэд нь хямрал өөрөөс нь биш Хятадаас эхэлсэн гэж гүн итгэх тул өмнөө байгаа монгол барааг авахаас авахуулаад хийж чадах юмаа хийхгүй.

Хямрал хаанаас эхэлсэн бэ гэхээс гадна хямрал хаана дуусах вэ гэсэн сүр гарчиг өгчихсөн юмсан. Урт хугацаанд бол хэрэглэснээ авах хэмжээний мөнгөтэй буюу үйлдвэрлэх, зарах юмтай байхад дуусна. Иргэд ба төр энэ хэвэндээ лав тийм болж чадахгүй. Тэгэхээр хямрал дуусахгүй. Түүхий эдийн үнэ нэмэгдлээ ч тендер нэрээр хоёр нугалаад идчихдэг төсөв, хэрэглээний салбараас бусдаар нийт эдийн засгийн үйлдвэрлэл, хуваарилалтад хөтлөх сувгуудаа хөгжүүлээгүй.  Дуусахгүй хямрал хаашаа хөтлөх юм бол, бүү мэд. Эртний Ромын түүхээ эргэж сөхдөг юм уу...

...

Мартсанаас эртний Ромд гладиоторуудын арьс, мах, хөлсний араас үхдэг байсан #гэсэн...зүгээр л хэлсийн.

arrow icon