Нийтлэл 09 сарын 15, 2016

Л.Наранбаатар: 'Эрдэнэс Таван Толгой' нүүрсээ ядаж 55$-оор зарж байж өрнөөс гарна

Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өссөн ч Таван толгойн нүүрс хямд үнэтэй зарагдаж буй талаар олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Коксжих нүүрсний  зах зээл, үнэ, Таван толгойн нөхцөл байдал, хүндрэлээс гарах боломж, гарцын талаар Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай  ярилцлаа.

-Таны Коксжих нүүрсний үнэ 150% өсөж, 200 ам долларт хүрлээ. Эрдэнэс Таван толгойн нүүрс 27 ам доллар хэвэндээ. Баяртай дэлхийн үнэ, баяртай  Таван толгой гэсэн жиргээ олон ниитийн сүлжээнд нэлээд анхаарал татлаа. Бид үнэхээр дэлхийн зах зээлийн үнээс хамааралгүй болчихов уу? Яагаад та ингэж хэлэх болов?

 Дэлхийн зах зээлийн үнэтэй хамааралтай байсан бол үнэ 27 доллар биш үүнээс өндөр байх учиртай. Австралийн  боомтын нөхцлөөр нийлүүлэх коксжих нүүрсний үнэ 2016 оны 2-р сараас хойш  150%-иар өсөж, 195.7 ам долларт хүрсэн байна.

Шинжээчид коксжих нүүрсийг энэ жилийн топ үнийн өсөлттэй уул уурхайн бүтээгдэхүүн гэж зарлаад байдаг. Гэтэл манайд юу болж байна гэхээр үнэ хөдөлдөггүй

Бид ямар дэлхийгээс тасраад харь гариг дээр нүүрс олборлож байгаа биш. Дэлхийн зах зээлийн жишгээ дагаад үнэ хөдлөх л ёстой. Metalbulletin.com сайтад дурьдсанаар коксжих нүүрсний дундаж үнэ оны эхний улиралд 80, 2-р улиралд 100, 3-р улиралд 150 ам доллар болж өссөн байгаа юм. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнэ үнэхээр биднээс холдсон байгаа биздээ.Цаашдаа өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь их хэмжээгээр ингэж зараад байвал ер нь Таван толгойг ашиглах  хэрэггүй. Зогсоосон нь дээр.

 

-Эрдэнэс Тавантолгой компанийн захирал асан Т.Билгээгийн ярьснаар 27 ам доллар бол уурхайн амны үнэ, удахгүй 3 ам доллароор өсгөж 4-р улирлын үнээ мөрдөнө гэж байсан. Ер нь өнөөдөр 200 орчим ам доллар болж өсөөд байгаа энэ үед Эрдэнэс Таван толгой ямар үнэ баримтлаж байж ашигтай ажиллах вэ?

2010-2012 онуудад үнэ өндөр байх үед Хятадын зүүн эргийн боомт дээр зарлагдсан коксжих нүүрсний үнийг 45-50% бууруулж тооцоход Ганц модны боомт дээрх түүхий нүүрсний үнэ ойролцоо очдог байсан. Энэ төсөөллөөр авч үзвэл

Эрдэнэс таван толгойгоос гарч буй коксжих нүүрсний үнэ хил дээр 100 орчим ам доллар, тээвэр болон бусад зардлуудыг хасахаар уурхайн ам нөхцлөөр дор хаяж 70 ам доллар байх учиртай

Гэтэл өнөөдөр үнээ нэмээд 30-хон ам доллароор зарна гэж байна. Энэ үнэ нь бараг өөрийн өртөгтэй нь дүйж байгаа байх. 27 ам доллароор зарахад алдагдалтай гарсан санхүүгийн тайлан веб сайт дээр нь байна. Хятадад нэг өдрийн дотор 10-15 ам доллароор үнэ нэмэгдэж байхад манайд нэмээд нэмээд 10-р сарын нэгнээс 4-р улирлын үнээ 3 ам доллароор л өсгөх юм яриад сууж байдаг. Дахиад л бүтэн улирлаар үнээ олон улсын зах зээлийн ханшнаас хамаагүй доогуур түгжээд, өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 30 ам доллароор алдагдалтай үнээр өгөөд суух юм байна. Ядаж 55-65 ам доллароор зарж байж Чалкогийн үлдэгдэл өрийг төлж дуусгах тухай яриа байж болно. Ингэж чадахгүй бол өрийн хавхнаас хэзээ ч мултрахгүй. Эрдэнэс ТТ энэ янзаараа жилд 5 сая.тн нүүрс түүхийгээр нь борлууллаа гэж бодоход үсрээд 5 сая ам долларын ашиг олно. Үүнд удирдлагын болон хүүгийн зардал ороогүй байхад шүү.

Харин нүүрсээ угааж баяжуулаад зарвал наад зах нь өнөөгийн олон улсын зах зээлийн ханшинд дүйцүүлээд Монгол-Хятадын хилийн боомтын нөхцлөөр 90 ам доллароор үнэ хүргэж зарах боломжтой бөгөөд жилийн ашиг нь 146 сая ам доллароор яригдана. 100 ам доллароор борлуулбал бүр 190 орчим сая ам долларын ашиг болох боломжтой.

 

-Бодит байдал дээр Чалкогийн үнийг өсгөх боломжгүй юм биш үү. 2012 онд нүүрсний үнэ 70 ам доллар байхад нь бага байна гэж зогсоогоод одоо бүр 27 ам доллар болж дордсон шүүдээ?

Тухайн үед нүүрсний үнэ тасралтгүй унаж байхад зах зээлээ мэдрэхгүйгээр гэрээнийхээ үнийг өсгөнө гэж муйхарласанаас болж алдсан.Одоо бол өөр нөхцөл байдал бүрдлээ. Үнэ өсөж байна. Энэ өсөлт ойрын нэг жилдээ тогтвортой байх хандлагатай.

Хятадын гангийн экспорт зөвхөн 8-р сард гэхэд 18%-иар өслөө. Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын ажлын цаг багасаж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь 25%-иар танагдсан. Нийлүүлэлтийн шоконд байна гэсэн үг. Үүлэн чөлөөний нар шиш боломж гарч ирж байна. Хятадууд одоо Эрдэнэс ТТ-н хямд түүхий нүүрсийг нөөцлөж авах гэж өдөр шөнөгүй хэдэн мянган машинаар өдөр шөнөгүй зөөж, хэдэн арван км урт цуваа үүсгэн хил дээр бөөгнөрөл үүсгэж байгааг харж байгаа биздээ. Таван толгойд ажилладаг нэгэн уурхайчин Ганц модны боомт дээр үнэтэйгээ адилхан яг 27км урт, нүүрс ачсан Хятад машинуудын цуваа үүсжээ гэж зурагтай нь жиргэсэн байсан. Одоо үнээ өсгөх боломж гарч ирсэн. Шийдэх л хэрэгтэй.

 

-Эрдэнэс Таван толгойг Хятадууд авах гэж байсныг болиулж, Монголчууддаа үлдээлээ, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаасандаа баяртай байна гэж өмнөх эрх баригчид сонгуульд оролцсон. Үнэн хэрэгтээ өнөөдөр Хятадууд Эрдэнэс ТТ-д эзэн суучихаад байгаа юм бишүү?

 

Тиймээ. Энэ үнэн. Лиценз нь осолдолгүй Эрдэнэс ТТ-д байх шиг байгаа юм. Харин уурхайн олборлолт, хөрс хуулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүх зүйл дээр нь Хятадын компаниуд эзэн суусан.

 Ер нь Таван толгойн ордын нүүрсний үнэ тогтоогч нь Монголчууд биш Чалко болчихоод байгаа хүндрэл бий.Эрдэнэс ТТ Чалкогийн өрийг төлж дуустал өөр компаниудад нүүрсээ борлуулах эрхгүй, Чалко зөвшөөрвөл болно. Ийм хатуу нөхцөл тулгасан гэрээтэй.  За мөн Эрдэнэс ТТ гэрээт олборлогч нь TTJVCo гээд 100% Хятадын компани байгаа. Тус компани ажлынхаа хөлсөнд Эрдэнэс ТТ-ээс нүүрс авдаг.

Гол нь ингэж нүүрс авахдаа асар өндөр өртөгөөр олборлолт хийх мөртлөө төлбөрөө авахдаа Чалкотой яг адилхан хямд үнээр тооцож бэлэн нүүрс аваад байгаа нь анхаарал татаж байгаа юм.

TTJVCo нь ингэж авсан нүүрсээ Хятадын компаниудаар тээвэрлүүлэн хил давуулж, мөн Winsway гэдэг бас нэгэн Хятад худалдааны компаниар цааш нь дамлан зарж ашиг олдог. Саяхан Bloomberg ТВ-ээр Винсвэй Монголоос өндөр, чанарын коксжих нүүрсийг хэрхэн түүхийгээр нь их хэмжээгээр хямд үнээр авч, цааш нь нугалж ашиг хийж байгааг мэдээлж байсныг харсан шүү дээ.

Эрдэнэс ТТ-оос ингэж өртөгөөсөө бага үнээр нүүрс авч, өрийн сүлжээ үүсгэн хил давуулан урсгаж буй нүүрсний хэмжээ нийт экспортын 80%-ийг эзэлж байгаа нь үнэхээр харамсмаар.

Энэ мэт зальжин аргаар Хятадын компаниуд Эрдэнэс ТТ-г бүрэн хяналтандаа авсан байна. Харамсалтай нь Чалко компанийн өр буурахгүй хэвэндээ л байгаад байдаг. Аль 2 жилийн өмнөх 115 сая ам долларын өр өнөөдөр нүүрсээ зөөгөөд зөөгөөд 95 сая ам долларын үлдэгдэлтэй байх жишээний. Барагддагүй өр цаашдаа хэдэн жил ингэж сунжрахыг таашгүй.

 

-TTJVCo гэдэг Хятадын компани ямар учраас Таван толгойн зүүн цанхийн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гэрээгээр гүйцэтгэх болсон юм бэ? Маш өндөр зардлаар олборлож байгаа гэлээ. Харьцуулсан судалгаа байгаа юу?

TTJVCo нь анх Австралийн Макмахон компанийн охин компани байсан бөгөөд Эрдэнэс таван толгойн Зүүн цанхид гэрээт олборлолт явуулах эрхтэй байсан ч тодорхой шалтгаан, маргааны улмаас 2 жил гаран ажлыг нь явуулаагүй гацаасан байдаг. 2015 оны 4-р сард З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлавал ЗГ-ын гишүүдэд хариуцлага тооцож огцруулна гэж мэдэгдэн гацааснаас хойш хэдхэн хоногийн дараа Хятадын үл мэдэгдэх нэгэн компани TTJVCo-г худалдан авч, Макмахон Монголоос гарч явсан. Одоо Хятад эзэнтэй TTJVCo 1м3 уулын ажлыг 5 ам доллароор гэрээгээр гүйцэтгэж байгаа. Энержи ресурс ийм ажлыг 2,9 ам доллароор, жижиг Таван толгой мөн 2,9 ам доллароор гүйцэтгэдэг гэж 2016 оны санхүүгийн тайланд нь  байналээ. Уг зардлыг 1тн нүүрсэнд шилжүүлж тооцвол Эрдэнэс Тавантолгой 26 ам доллар, Энержи ресурс 13 ам доллар, Тавантолгой ХК 15,3 ам доллароор нүүрсээ олборлож байна гэсэн үг.

Төрийн өмчит Эрдэнэс таван толгой бусад уурхайгаасаа нэг дахин өндөр буюу нэг тонн нүүрс олборлохдоо 11-13 ам долларын илүү зардалтай ажиллаж байна. Энэ бол асар их зөрүү, хэмнэж болох мөнгө.

Тэгсэн атлаа нүүрсээ өртөгөөс нь доогуур үнээр TTJVCo-доо эргээд ажлын хөлс гээд  өгчихөж байгаа юм. TTJVCo ингэж авсан нүүрсээ хилийн цаана гаргаад Винсвэйгээр зуучлуулан дамлаж ашиг олдог. Ийм байхад нөгөө хоёр уурхай нь яаж нүүрсээ зарж чадахавдээ. Би нэг график үзүүлье, аль уурхайгаас хэдий хэмжээтэй нүүрс гаргасан график. Эндээс харахаар Эрдэнэс ТТ бараг бүх нүүрсийг гаргаад, жижиг Тавантолгой сүүлийн 2 жил, Энержи ресурс сүүлийн нэг жилийн турш бараг борлуулалтгүй сул зогссон байна. Энэ хугацаанд  TTJVCo, нүүрс тээвэрлэгч Хятадын  компаниуд, зуучлан борлуулагч Винсвэй бүгд ашигтай ажиллаж харин Эрдэнэс ТТ, Энержи ресурс алдагдал хүлээжээ. Хятадууд л хожиж байнадаа.

 

Эх сурвалж: “Азийн гангийн төлөвГ.Батцэнгэл, ММC Ерөнхий захирал, Дисковер Монголиа-2016, 2016 оны 09-р сарын 06

 

-Эрдэнэс Таван толгой ашигтай ажилладаг, хамгийн өндөр үнээр нүүрсээ зардаг гэсэн мэдээллийг удирдлагууд нь өгсөөр ирсэн?

Худлаа. Маш их алдагдалтай. Та www.erdenestt.mn гээд албан сайт уруу нь ороод санхүүгийн тайлан балансыг нь үзээрэй. Мэдээлэл нь нээлттэй байгаа. Миний энэ ярилцлагад хавсаргаарай. 2016 оны эхний хагаст 246 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, өөрийн хөрөнгөгүй болтлоо дампуурчихсан байгаа. Аудит хийлгэвэл өшөө юу гарч ирэхийг бүү мэд. Төрийн өмчийг ингэж үнэгүйдүүлж болохгүй ээ.

Цаашдаа Эрдэнэс ТТ энэ Хятад компаниудын мэхэнд унасан чөтгөрийн тойргоос гарахгүй бол өөрөө дампуурахын зэрэгцээ Энержи Ресурс, Таван Толгой ХК-иудыг ч татаж унагаах болно.

Үүний дараа Хятадууд жинхэнэ утгаараа Таван толгойг өрөндөө авч, ил гарч эзэн суух байх. Юун 1072 хувьцааны ноогдол ашиг болно.

 

Эх сурвалж: www.erdenestt.mn

-Саяхан Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Дисковер Монголиа-2016 чуулган дээр уул уурхайн компаниуд бие биенийгээ барьж идэж, каннибализмдаж байна. Хамтраад нүүрсээ өндөр үнэ хүргээд зарахын оронд үнээ унагааж, хятадуудын аманд өөрсдөө орж байна, Монголчуудаа бодлогоо нэгтгэж боломжийг ашиглая гэж уриалж байсан. Таван толгойн ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нүүрсээ үнэ хүргэж зарахын тулд та ямар гарц харж байна вэ?

Өчигдөр статистик мэдээ гарч. Монголын нүүрсний экспорт эхний 8 сард биет хэмжээгээр 42%-иар  өссөн ч орлого нь 4%-хөн хувиар нэмэгдлээ, үүнд Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаа голлон нөлөөллөө гэсэн байна билээ.

Монголчууд, Монголын компаниуд өөр хоорондоо өрсөлдөж, бүгдээрээ тэврэлдэж унаж байгаа нь эмгэнэл. Яахав үнээ унагаад аль нэг компани нь нүүрсээ хямд үнээр ахиухан зардаг л юм байгаа биз. Энэ бол богино хугацааны тэр компанийн л хожил. Үр дүнд нь экспортын орлого буурч, энэ салбараас улсын төсөвт орох өгөөж буурч, Монголчууд  нийтээрээ хохирч байна.

Цаашлаад компаниуд санхүүгийн хүнд байдлаасаа гарч чадахгүй бүгд дампуурна. Иймэрхүү бие биенийгээ каннибализмдах байдал зөвхөн Таван толгой дээр ч биш, Нарийн сухайтын сав газарт үйлдвэрлэл эрхэлж байгаа Сауз Гоби сэндс, МАК, Өсөх зоос гээд компаниуд дээр ч ажиглагдаж байгаа. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэгчид, бүр цементийн салбарт ч хүртэл бий болчихоод байна. Төрийн бодлогоор зохицуулалт зайлшгүй шаардагдаж байна. Уул уурхайн сайд, дэд сайд, агентлагийн дарга нар харин салбартаа олон жил ажилласан, салбарынхаа зовлон жаргалыг мэдэх жинхэнэ мэргэжлийн хүмүүс томилогдсон байналээ. Салбарынхан маань шинэ засгийн газрыг эдгээр тулгамдсан асуудлыг зөв зүйтэй шийдэх байх гэсэн өндөр хүлээлт тээж байгаа нь саяхан болсон Дисковер Монголиа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар анзаарагдсан.

 

 

-Таван толгойг өрөнд оруулсан хүн нь Сү.Батболд, Чалкогоос 350 сая.ам доллар зээлж авч хүмүүст тараагаагүй бол ийм байдалд орохгүй байх байсан. Тэгэхээр МАН Таван Толгойг Хятуудад тухайн үед өгчихсөн юм бишүү?

Тухайн үед МАН, АН-ын хамтарсан засгийн газар байсан. Таван Толгойн борлуулалтыг Чалкогоос урьдчилж зээлээд иргэдэд 21,000 болгон тараасан нь хамтын шийдвэрийн үр дүн. Иргэд ч баяртайгаар мөнгийг нь аваад идээд уусан. Алдаатай шийдвэр байсан. Харин энэ алдааг 2012-2016 онд АН засаж залруулах бүрэн боломжтой байсан ч эсрэгээрээ бүр улам дордуулсан.

Гурван алдаа гарсан. Нүүрсний үнэ буурах хандлагатай болчихсон байхад зах зээлийн чиг хандлагаа мэдрэхгүй олборлолтоо гацаагаад үнээ нэмнэ гээд гэдийгээд хэвтчихсэн. Ядаж 50 ам доллартой байхад нь бушуухан өрөө дараад авах боломж байж л байсан. Тэгээд хорин доллароор гуйж байж худалдах юм болсон. Хоёр дахь алдаа нь TTJVCo –г Хятадын үл мэдэгдэх компани авсны дараа дахин гэрээт олборлогчоор үргэлжлүүлэх болсон явдал. TTJVCo тухайн үед Эрдэнэс ТТ-ээс 30 гаруй сая ам долларын авлагатай, тэрийгээ авч чадахгүй шүүхдэлцээд гэрээгээ цуцлах гэж байсан юм билээ. Одоо тэрнээсээ эс юм болоод өртөгөөсөө доогуур үнээр нүүрсээ бэлнээр өгөөд сууж байна. Одоо авлага нь улам л өссөн байх. Гурав дахь алдаа нь АН 2016 оны их хурлын сонгуульд сайн хувьцаа хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1072 хувьцааны 30 хувийг шууд 300 мянган төгрөгөөр үнэлж, иргэдэд 280 гаруй тэрбум төгрөг тараасан явдал. Үүний үр дүнд долларын ханш сонгуулийн дараа яаж огцом дээшээ ниссэн билээдээ. Уул нь энэ их мөнгийг Чалкогийн 95 сая ам долларын өр, TTJVCo-ийн тухайн үеийн 30 сая ам долларын өглөгүүдийг хаачихсан бол өнөөдөрТаван Толгойгоо Хятадуудын дөнгөнөөс гаргаж, зах зээлийн үнээр нь борлуулалт хийж 1072ш хувьцааг ам оруулж болох байлаа. Одоо хэн нэгнээс буруу хайгаад яахав. Урагшаа харж энэ алдаануудыг яаж эргүүлж засах вэ гэдгээ бодох цаг.

-Эдгээр хүндрэлээс гарахад танд ямар гарц харагдаж байна вэ? Таван толгойн ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нүүрсээ үнэ хүргэж зарахын тулд боломж бий юу?

Таван толгой дээр би асуудлыг шийдэх богино болон дунд хугацааны 2 гарц харж байна. Богино хугацаанд төрөөс нүүрсний үнийн индекс бий болгож, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах арга зам байна.

Ганц мод боомт дээр Монголын баяжуулсан нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалан Эрдэнэс Таван толгойн уурхайн аман дээр зарах түүхий нүүрсний үнийг индексжүүлэн тооцдог болох. Тэгвэл дан ганц Эрдэнэс Таван толгой ч биш орон нутгийн жижиг Таван Толгойн уурхайн нүүрсний үнэ өсөж, ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Энержи Ресурс ч гэсэн угаах үйлдвэрээ ашиглах боломжтой болно. Ингэж чадвал Эрдэнэс Таван Толгой Чалкогийн өрөө богино хугацаанд барагдуулж, хавхнаас мултрах бололцоо бүрдэнэ. Тэгэхгүй бол Хятадууд  Таван толгойн нүүрсний үнийг хямд байлгаад цааш нь Өвөр Монголд очиж угааж баяжуулаад дамлан зарж, ашиг хийсээр л байх болно.

2016 оны эхний хагаст гэхэд Эрдэнэс Таван толгой 52 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллаж байхад нүүрсийг нь дамлан зарж байгаа Винсвэй 30 сая ам долларын ашигтай ажиллаа гэж Блүүмбэргээр мэдээллэж байх жишээтэй.

-Таны дунд хугацааны шийдэл?

Дунд хугацаанд мэдээж Гашуун сухайтыг олон улсын боомт болгож Өвөр Монголын элдэв татвар, хураамж, дарамтуудаас чөлөөлөх, төмөр замаа барьж Хятадын зүүн эрэг, Япон, Солонгосын зах зээлд гарах, үүний тулд Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзэн Монголынхоо эрх ашгийг урдаа тавьж, улстөржилгүй шийдвэрлэх хэрэгтэй.

-Таван толгойн гэрээг сүүлд гацаасан нэг үндэслэл нь зүүн чиглэлийн 1500км төмөр замыг Таван толгойн ордын хөрөнгө оруулалттай цуг шийдэх ёстой ингэж байж Монголын нүүрс Оросын нутгаар дамжин нэг зах зээлээс хараат бус болно гэсэн шалтгаан байсан. Энэ хэр ашигтай хувилбар вэ?

Ямар ч ашиггүй. Таван Толгойгоос Гашуун сухайт хүртэл татах 286км төмөр замд 1.3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Нүүрсний үнэ 70 ам доллар байхад 15 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо байдаг. Зүүн чиглэлийн 1500 км төмөр замд бараг 7 тэрбум ам доллар шаардагдана.Хөрөнгө оруулалтаа жаран жилдээ нөхөхгүй, ер нь нөхөх ямар ч боломжгүй. Ийм бизнест бурхан л хөрөнгө оруулалт хийх байх. Тэгэхээр энэ бол зүгээр л ард түмэнд таалагдах гэсэн популист санаа бөгөөд цаад зорилго нь  Таван толгойн гэрээг гацааж, Хятадуудын мэдэлд бүр мөсөн өгөх гэсэн аргуудын нэг байсан. Одоо тэгээд тэр хүмүүсийн зорилго нь биелэсэн байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Ярилцсан Г.Саруул

Сэтгэгдэл бичих

    • Бод
    • 2016-09-17

    Пизда шиг АН МАН 2 ТҮМЭН ОЛОНД ТТ-С ЮУ Ч ДУСААХГҮЙ ХЭДЭН САЯ $ ХАЛААСАЛСАН ГӨЛӨГНҮҮД БАЙГАА

    • Зочин
    • 2016-09-16

    uls turchid ajlaa xiij chadagui avilgiin xeregt xolbogdood l xariutslaga yagaad uurdeggui yum beeeee

    • Зочин
    • 2016-09-16

    Энэ хөлсний халтар зайлаа, энийг уншиж суудаг завтай тэнэг гэж байх уу?

    • H
    • 2016-09-16

    yoe unshhaar setgel uvduj gol haralj bna ene bugdiig medehguidee urgeljluuleed bgaa ym bish zahiin chagvants ch ene zergiin ymiig oilgono tsaan n mash tom avilgal erh ashig bgaa man mahn an ali ali n holbootoi

    • Т
    • 2016-09-16

    АН нээрээ арай ч дээ

arrow icon