Нийтлэл 09 сарын 25, 2016

Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр доторх асуудал биш

 Сүүлийн үед хүмүүсийн анхаарал толгойдоо гэмтэл авч ГССҮТ-д  эмчүүлж байх явцдаа хэвлийдээ тээж явсан 5 сартай үртэйгээ хамт амиа алдсан 4 хүүхдийн эхийн хэрэг дээр багагүй  төвлөрч байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг байсан ба талийгаач эмнэглэгт ирэхдээ бүх бие нь хөх няц болсон байж.

Энэ эмэгтэй магадгүй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан олон эмэгтэйн нэг ч байж мэднэ. “Байж мэднэ” гэх болсон шалтгаан нь хэрэг одоогоор шийдэгдээгүй. Харин энэ хэргийг хэрхэн шийдэгдэх бол гэж гэр бүлийн хүчирхийлэлд их бага хэмжээгээр өртөж байгаа, өртөж байсан олон эмэгтэйчүүд харж байна.

 

Манай улсад жилд 17-20 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг. Энэ тоо жил бүр нэмэгдсээр л. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс хойш ГССҮТ-д нөхөртөө зодуулж гэмтэл авсан 3100 орчим эмэгтэй эмнэлгийн тусламж авчээ. Тухайн үед 5 эмэгтэй  нас барснаас эмнэлгийн тусламж авч чадаагүй, хагалгаагаа даалгүй хорвоог орхисон нь ч байна. Мөн үхэлтэй тэмцэж ялсан ч насан туршдаа хүний асаргаанд орсон 3 эмэгтэй бий.

Энэ бүхнийг эхнээс нь авч үзвэл: 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа бие махбодын дарамтанд байдаг эмэгтэйчүүд эхлээд нөхрөө өөрчлөгдөнө гэж найдаж хүлээдэг. Гэвч удаа дараа хүчирхийлэлд өртсөний эцэст  цөхөрсөн эмэгтэйчүүд гэр бүл, найз нөхдөөсөө тусламж гуйдаг. Энэ арга хэмжээ үр дүнд хүрээгүй дахин хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сая цагдаад ханддаг.

Харамсалтай нь цагдаагийн байгууллага  нөхрийг нь  согтуу байвал 1-2 хоног цагдан хориод, эрүүл байвал хоорондоо учраа ол гээд орхиод явдаг гэнэ. Ингээд цагдааг гараад явсны дараа  нөхөртөө“чи цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар дахин зодуулснаар дахиж хэзээ ч цагдаа дуудахгүй гэсэн шийдвэрт хүрсэн эмэгтэйчүүд олон байдаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг хохирогч гэр бүлээ цуцлуулна гэж шүүхэд гомдол гаргахад эвлэр гээд 3 сарын хугацаа өгдөг. Энэ хугацаанд ихэнх эмэгтэйчүүд дахин зодуулдаг ба зарим нь дарамтлуулснаас болоод өргөдлөө буцаадаг.

Нэг үгээр хууль хяналтын байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн амь нас эрүүл мэндээс илүү гэр бүлийн бүрэн бүтэн байдал чухал.

Гэр бүлийн хүчирхийллээс болж амь насаа алдаж байгаа эмэгтэйчүүдийн тал  хувь нь хуулийн байгууллагад хандаж байх явцдаа амь насаа алдсан байна.

Иймэрхүү байдлаар гэр бүлээ цуцлуулж чадаагүй эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалах бүх арга замыг хайсны эцэст гэмт хэрэг үйлдэх алхамыг сонгох тохиолдол ч бий. Өнгөрсөн оны хоёр дугаар улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд байнга автаж байсны улмаас хүчирхийлэгчийн амь насанд хүрээд ял эдлэж байгаа 42 эмэгтэй байсан. Энэ эмэгтэйчүүдийн 32 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаараа урд нь  хуулийн байгууллагад хандсан байдаг.

 2016 оны эхний найм дугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 222 хэрэг буюу 31,1хувиар нэмэгджээ. Тэгэхээр энэ бол тоохгүй өнгөрч болохгүй асуудал.

 

Шинэ засаг ес дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн найруулна гэж буцаан татаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон гэж үзэн 9 дүгээр сарын 9-нд хуулийг шинэчлэн, найруулан өргөн барьсан.

Шинээр өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь үүнтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон гэжээ.

Хуулийн зорилттой уялдуулан:

  • Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх.
  • Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах.
  • Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах
  • Нууцлалыг хамгаалах.
  • Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

            Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөн хохирогч эмэгтэй Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль ямар байгаасай гэж хүсдэг талаар сонирхъё.

Б: Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэлд 10 орчим жил өртөөд гэр бүлээ цуцлуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байх үед сэтгэл санааны хатуу дарамтанд маргаашийн нарыг харах болов уу гэсэн  айдастай өдөр хоногийг  өнгөрөөдөг байлаа. Тухайн үед хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд тэгж их зодуулсан ч нөхрөө бүхнийг ухаарна, дахиж гар хүрэхгүй байх  гэж итгэдэг байсан. Тэр бүх аймшигт жилүүдийн дараа нөхрөөсөө салсан ч дахин гэр бүл зохиохгүй гэж шийдсэн.

Салсны дараа 4 орчим жил аль нэг булангаас нөхрөө гарч ирээд зодох байх гэсэн байнгын айдас түгшүүртэй байдаг байсан.  Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөн хохирогчийн хувьд манай улс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиндаа дараах агуулгыг оруулаасай гэж бодож явдаг.

 

  1. Хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчийг олж илрүүлэх хэрэгтэй. 

    Нөхөртөө зодуулдаг эмэгтэйчүүд асуудал даамжиртал хэн нэгэнд хүчирхийлэлд байгаагаа хэлэхээс зайлсхийдэг. Хэрвээ хэлвэл нөхөртөө дахин зодуулна, бусдад гадуурхагдана гэж айдаг.

    Тиймээс хөршийн холбоог сайжруулж, эр эмийн хэрэг надад ямар хамаа байх вэ гэсэн хүмүүсийн амиа хичээсэн бодлын эсрэг хуулийн заалт оруулах  хэрэгтэй.
  2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч амь нас эрүүл мэндээ хамгаалуулахыг хүсвэл эдийн засгийн дарамтанд ордог. Миний таньдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч  эмэгтэй  өнгөрсөн жил  өөрт хэрэгтэй  хууль хамгаалалтын үйлчилгээ авах тутамдаа төлбөр хураамж төлсөн талаараа ярьсан.

Энэ баримтанд тулгуурлан хууль хяналтын байгууллагад эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авахуулахаар хандсан аливаа хохирогчоос хэдий хэмжээний зардал гарахыг тооцож үзлээ.

Жишээ нь: улсын тэмдэгтийн хураамж-70200, торгууль-15000, баривчлах байрны төлбөр-14000, эрүүлжүүлэх байрны  төлбөр-15000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр-3000 төгрөг, шаардлагатай бол эвлэрүүлэн зуучлагчийн төлбөр-30000. Ингээд тооцохоор хамгийн багадаа -147200 төгрөг болох нь. Гэтэл хүчирхийлэлд өртөж байгаа ихэнх эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд  нөхрөөсөө хамааралтай болсон байдаг.

Тийм учраас хүчирхийлэлд өртсөн хохирогч  хууль хамгаалалтын үйлчилгээг үнэ төлбөргүй авах хэрэгтэй.

  1. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хуулийн байгууллагад хандсан цагаасаа эхлэн улам аюултай нөхцөлд ордог. Миний хувьд цагдаад хэллээ гэсэн шалтгаанаар нөхөртөө удаа дараа зодуулж байсан. Хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хуулийн байгууллагад хандсан цагаас эхлэн хүүхдүүдтэй нь хамт хэрэг шийдэгдэх хүртэл тусгай хамгаалалтанд авах шаардлагатай.
  2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд сэтгэл санааны сөрөг өөрчлөлтөнд орсон байдаг. Нөхөр маань саллаа гээд дараа нь намайг зодох болов уу, бусад хүмүүс хүүхдүүдийг минь гадуурхах болов уу, охин минь том болоод над шиг хүчирхийлэгчтэй гэр бүл болбол яана аа, хүү минь аав шигээ хүчирхийлэгч болчихгүй байгаа гэх мэт аймшигтай бодол тээж явдаг. Иймээс хохирогчийг хүүхдүүдтэй нь хамт сэтгэл зүйн эмчилгээнд зайлшгүй хамруулах хэрэгтэй.
  3. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч ихэнх эмэгтэйчүүд нөхөртөө хардуулж ажлаасаа гаран зарим нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хамруулах боломжгүй болсон байдаг. Иймээс хохирочийг ажилд зуучлах, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хамруулах ажилд анхаарах хэрэгтэй.
  4. Миний мэдэх гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ихэнх эмэгтэйчүүд бас би хардалтаас шалтгаалсан  хүчирхийлэлд өртдөг байсан. Мөн ихэнх хүчирхийлэгчид согтуу үедээ гэр бүлээ дарамтладаг. Тийм учраас хүчирхийлэгчийг сэтгэл зүйн албадан эмчилгээнд хамруулж, архины эсрэг хуулийг хүчирхийллийн эсрэг хуультай уялдуулах хэрэгтэй. Бидний үр хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгэмд амьдраасай гэж би мөрөөддөг. Гэр бүл гэдэг улсын багахан  хэлбэр шүү дээ.

Жил бүр 17-20 Монгол эмэгтэй хайрлаж байсан хүнийхээ гарт аймшигтайгаар амь насаа алдаж,  олон хүүхэд өнчирч, олон ээж аав амьдын хагацал үзэж байна. Хайрлахыг хардах, тамлах гэж ойлгох шаардлагатай гэж үү?

 

Эх сурвалжууд:http://eagle.mn/r/17013

                         http://www.safefuture.mn/

                         http://www.legalinfo.mn/details/611

 

Сэтгэгдэл бичих

arrow icon