Нийтлэл 09 сарын 29, 2016

Цэцийн харалган шийдвэр хэрээс хэтэрлээ: Цэцийн гишүүний болон Дээд шүүхийн шүүгчийн тусгай санал

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ихэнхдээ үндсэн хуулийн жинхэнэ зөрчлийг хүлээн авч шийдвэрлэдэггүй, иргэний үндсэн эрхийг хамгаалдаггүй боловч сүүлийн жилүүдэд хуулийн хамгийн дэвшилтэт заалтуудыг Үндсэн хуулийн нэр барьж нэг нэгээр нь үгүй хийж байна.[1] Энэ удаа Цэцийн гишүүн болон Дээд шүүхийн шүүгч тусгай санал хэвлүүлэх заалтуудыг хүчингүй болгож эрх зүйн хөгжлийг дахин ухраалаа.

АНУ, Герман, Унгар зэрэг ардчилсан улсад шүүх, ялангуяа дээд шатны шүүх болох үндсэн хуулийн шүүх болон дээд шүүхийн шүүгчид тусгай санал бичиж нийтлүүлэх эрх эдэлдэг. Эдгээр улсад шүүгч нар заримдаа аль факт ач холбогдолтой вэ, үндсэн хуулийн эсхүл хуулийн заалтыг хэрхэн тайлбарлах вэ гэдэг дээр санал зөрж, олонхоороо шийдвэрээ гаргадаг ч цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлж болдог. Монгол Улсад 1992 оноос хойш Цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгч тусгай саналаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргах боломжтой байсан ч шүүхийн шийдвэрийн хамт нийтлүүлэх эрхгүй явж ирсэн.

Тусгай саналаа нийтлүүлэх эрхийг Дээд шүүхийн шүүгчид 2012 оны Шүүхийн тухай хуулийн 31.6-аар өгсөн бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Цэцийн гишүүн ийм эрх эдлэх боломжтой болсон. Гэвч, Цэц 2016 оны 6 сарын 17-нд Цэцийн гишүүний тусгай саналыг нийтлэх заалтыг хүчингүй болгосон.[2] Мөн, 2016 оны 9 сарын 28-нд Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх тухай заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн бөгөөд энэ дүгнэлтдээ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт дурдсан хуулийн заалттай адил агуулгатай байх тул шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

3. Хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ шүүгч бүр нотлох баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлэн саналаа чөлөөтэй илэрхийлж олонхын саналаар шийдвэрлэдэг. Олонхтой санал нийлээгүй шүүгч тусгай санал гаргах эрхтэй боловч түүний саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.[3]

Цэцийн дээрх хоёр шийдвэр агуулгын хувьд адилхан. Цэцийн гишүүний тусгай саналыг шийдвэрт хавсаргах тухай заалт болон Дээд шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт нийтлэх тухай заалт нь хоёулаа тусгай саналыг заавал хавсаргах, нийтлэхээр үүрэгжүүлсэн шинжтэй гэж Цэц үзжээ. Энэ нийтлэлээр Цэцийн дээрх хоёр шийдвэрт анализ хийж яагаад алдаатай гарсан бэ гэдгийг дараах зургаан үндэслэлээр харуулна.

1. Шүүгч тусгай саналаа нийтлүүлэхийн тулд л бичдэг. Цэцийн гишүүд болон Улсын дээд шүүхийн шүүгч (аль алиныг нь цаашид “шүүгч” гэх) зөвлөлдөх тасалгаанд тодорхой асуудал дээр санал зөрж болно, ялгаатай байр суурь, үндэслэлээ хэлж болно, тэгээд санал хураагаад олонхоороо асуудлаа шийдвэрлэнэ. Олонхоос өөр саналтай байсан буюу цөөнх болсон шүүгч тусгай санал бичихгүй байж болно, тусгай санал заавал бичихийг үүрэг өгөөгүй. Харин цөөнх болсон шүүгч хүсвэл тусгай санал бичиж болох бөгөөд бичсэн бол тусгай саналыг нийтэлнэ гэсэн агуулгатай заалт хуульд орсон. Шүүгч тусгай саналыг хэвлүүлэхийн тулд л бичдэг, хэвлүүлэхийг хүсэхгүй бол албан ёсоор гаргахгүй байх эрх нь угаасаа бий.

2. Тусгай санал шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулах бус харин бэхжүүлдэг. Шүүгчийн хараат бус байдал нь шүүгч хуулийг хамгийн үндэслэлтэйгээр ойлгож хэрэглэх, үүнийгээ бичиж илэрхийлэх боломжийг шүүгчид өгдөг. Тиймээс, шүүгч тусгай саналаа хэвлэх эрхтэй байх нь тухайн шүүгч бусад шүүгчээс харин ч хараат бус байгааг илтгэдэг. Хуулийн хамгийн маргаантай асуудлууд Цэц эсхүл Дээд шүүх дээр очдог. Шүүгчид чин үнэнчээр хичээсэн ч өөрсдийн үнэт зүйл, эрх зүйн философи, ертөнцийг үзэх үзлийн ялгаа зэргээс шалтгаалан маргаантай асуудлын зөв шийдлийн талаар үндэслэлтэйгээр зөрөлдөх нь олон бөгөөд бүрэлдэхүүн олонх болон цөөнхөд хуваагддаг. Тэр цөөнх болсон нэг эсхүл хэд хэдэн шүүгч өөрийн байр суурь, үндэслэлийг олонхынхоос илүү гэж үндэслэлтэйгээр итгэн үнэмшиж байгаа бол түүнийг тусгай санал болгон бичиж олонхын шийдвэрт хавсарган хэвлүүлэх нь тэр цөөнхийн бие даан боддог, ухамсраа сонсдог гэдгийг харуулдаг.

3. Хууль дээдлэх зарчим шүүхийн шийдвэрийн үндэслэл нууц бус харин ил тод байхыг шаарддаг. Цэц “шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаасаа өмнө үндэслэлүүдийнхээ талаар зөвлөлдөж, хэлэлцэж болно. Гэхдээ, бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэр гарсан бол уг шийдвэрийн гол үндэслэлүүд бүгд ил, тодорхой, ойлгомжтой бичигдэх ёстой. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн ил байдал нь тухайн шүүгч өөрөө хууль дээдлэх ёсонд захирагдаж байгааг, дур зоргоороо шийдээгүйг илтгээд зогсохгүй эдгээр үндэслэлийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг хөхүүлэн дэмждэг. Шүүхийн шийдвэрийг зөвтгөх, зөвшөөрөх үндэслэл нь хуулиар шүүхэд олгосон бүрэн эрхээс гадна тухайн шийдвэрийн үндэслэл байдаг учраас шүүгч шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг заавал хэлэх үүрэгтэй.

4. Тусгай санал нь хамтын зарчмыг зөрчөөгүй харин хуульд үнэнч, зарчимч гэдгээ харуулах боломжийг шүүгчид олгодог. Цэц тусгай саналыг нийтлэх нь хамтын зарчмыг зөрчсөн гэжээ. Хамтын зарчим гэдэг бол тухайн асуудлыг бүрэлдэхүүнээр хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэх гэсэн агуулгатай бөгөөд хувь шүүгч бүрийг дандаа санал нэгдэхийг шаарддаггүй, тийм боломж ч байхгүй. Олонхоороо шийдвэр гаргахыг шаардах боловч цөөн байр суурь, үндэслэлээ хэлэх, бичих, нийтлэхийг хамтын зарчим хориглоогүй. Харин, хамтын зарчим нь бүрэлдэхүүнд орсон шүүгч бүр хуульд үнэнч байхыг шаарддаг. Тусгай санал нь Үндсэн хууль эсхүл хуульд үнэнч гэдгээ харуулах боломжийг хувь шүүгчид олгодог. Түүнчлэн, тусгай санал нь шүүгч хэр зэрэг зарчимч вэ гэдгийг олон нийтэд харуулдаг. Тусгай санал хэвлүүлэх эрхгүй бол шүүгч өөрийн өмнөх шийдвэрийн тулгуурласан зарчмынхаа эсрэг санал өгсөн үү, эсхүл дэмжсэн үү гэдгийг олон нийт мэдэх ямар ч боломжгүй учраас зарчимгүй шүүгчид далдлагдаад өнгөрөх аюултай. Тусгай санал бичиж хэвлүүлж болдог бол эхний тохиолдолд нэг зарчим бариад шийдсэн шүүгч дараагийн адил тохиолдолд уг зарчмаа барьсан эсэхийг мэдэж болдог.

5. Тусгай санал бол шүүхийн шийдвэрийг илүү үндэслэлтэй, чанартай болгож хөгжүүлдэг. Тусгай санал бичиж буй шүүгч нь бусад шүүгчдийн үндэслэлийг шүүмжлэхийн хажуугаар өөрийн саналын үндэслэлийг ил хэлдэг. Цөөнх болсон шүүгч олонхын эсрэг олон нийтийн өмнө маргах учраас өөрийнх нь байр суурь хамгийн сайн үндэслэлээр дэмжигдсэн гэж итгэж байгаа үедээ тусгай санал бичдэг бөгөөд маш сайн судалгаа хийж, өөрийн үндэслэлийг аль болох ойлгомжтой, тодорхой илэрхийлж, олонхын үндэслэлийг няцааж, сул талыг нь илчлэн харуулдаг. Цөөнх ингэж сайн бичих нь тодорхой учраас эвгүй байдалд орохгүйн тулд олонх ч бас адилхан сайн бичихээс өөр аргагүйд хүрдэг. Үүний үр дүнд шүүхэд сайн үндэслэл бичдэг соёл төлөвшдөг. Тухайлбал, 2012 онд тусгай саналаа нийтлүүлэх заалт орсноос хойш Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Тэргүүн М.Батсуурь хоёр, Шүүгч Д.Мөнхтуяа дөрвөн тусгай санал бичсэн байх бөгөөд эдгээр тусгай санал болон олонхын шийдвэрийн үндэслэл нэлээн дэлгэрэнгүй, харьцангуй сайн бичигджээ.[4] Нөгөө талаар, тусгай санал нийтлэхийг зөвшөөрдөггүй практиктай Цэцийн шийдвэрийн дийлэнхэд үндэслэл огт бичдэггүй эсхүл маш товч ганц хоёр өгүүлбэр байдаг. Цэцийн гишүүн тусгай санал бичиж нийтэлдэг болбол энэ үндэслэлгүй байдал өөрчлөгдөнө.

6. Тусгай санал шүүхийн шийдвэрийн зөв бурууг шүүн хэлэлцэх, засах боломж олгодог. Тусгай санал хэвлэгдсэнээр үндсэн хуулийн эсхүл хуулийн заалтын аль тайлбар нь зөв бэ гэдгийг харьцуулах, аль нь илүү зөв шийдсэн бэ гэдгийг харах, тухайн маргааны ээдрээ төвөгтэй байдлыг ойлгох, шүүмжлэх боломж бүрддэг. Тусгай саналыг хэвлэхийг хориглох нь олонхын шийдвэрийн сайн мууг үнэлэх, шүүмжлэх боломжийг хаадаг. Цөөнх болсон шүүгч маш сайн тусгай санал бичвэл тэр нь дараагийн удаа олонход хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.

Дээд шүүхийн шүүгч болон Цэцийн гишүүний тусгай саналыг нийтлэх зохицуулалтыг Цэц хүчингүй болгосон нь Цэцийн хамгийн муу шийдвэрүүдэд хамаарна. УИХ Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх заалтыг түдгэлзүүлсэн Цэцийн 10-р дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл энэ дүгнэлт эцсийн шийдвэр болж тусгай саналыг нийтлэх гэсэн ардчилсан улсуудын нэгэн чухал эрх зүйн соёл Монголын шүүхэд төлөвших боломжгүй болно. Үндсэн хуульт ёсны ойлголттой УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийн эсрэг санал өгч байр сууриа хүчтэй илэрхийлэх нь чухал. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр гаргана. Энэ тохиолдолд Үндсэн хуулийнхаа зарчмыг зөв ойлгодог гишүүн Цэцэд байгаа бол дүгнэлтийн эсрэг санал өгөх, олонх болж чадахгүй бол маш сайн тусгай санал бичиж нийтлүүлэх хэрэгтэй. Цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосон боловч уг хуулийн 3-р зүйлийн 7-г “Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана” гэж 2016 оны 1-р сарын 19-ний өдөр өөрчлөн найруулсныг хүчингүй болгоогүй нь хачирхалтай. Цэц яагаад адил агуулгатай хоёр заалтын нэгийг хүчингүй болгоод нөгөөг хэвээр үлдээсэн бэ гэдэг талаар юу ч хэлээгүй орхисон. Өнөөдөр тусгай саналаа бичгээр гаргаж шийдвэрт хавсаргах зохицуулалт хүчин төгөлдөр байгаа учраас дүгнэлттэй санал нэгдэхгүй байгаа гишүүн тусгай санал бичиж нийтлүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал 25 жил шинэчлэлийн салхи ороогүй, Үндсэн хуулиа үнэт зүйлийнх нь эсрэг тайлбарлаж хэвшсэн энэ байгууллага үндсэн хуулийн шүүхийн нийтлэг чиг хандлага руу ойртох эхний алхам болно. Өнөөдрийн тусгай санал ирээдүйн олонхын санал болох боломжтой.

 

 Жич: Цэцийн холбогдох шийдвэрүүдэд илүү дэлгэрэнгүй анализ хийсэн өгүүллийг ЭНДЭЭС татаж авна уу. О.Мөнхсайхан, Цэцийн гишүүн болон Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг нийтлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй (ноорог), 2016.09.29, https://num.academia.edu/MunkhsaikhanOdonkhuu

[1] Жишээлбэл, Цэц Үндсэн хуулийг харалган тайлбарлаж шүүхийн тойргийн тогтолцоо, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн таслах бүрэн эрх, хэрэг, маргаан шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлах заалт, сонгуулийн холимог тогтолцоог хүчингүй болгож ухралт хийсэн. О.Мөнхсайхан, “Цэцийн шийдвэрийн шүүмж: анхан шатны шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах нь Үндсэн хууль зөрчөөгүй,” Шүүх эрх мэдэл 2 (2015): 17–32. https://num.academia.edu/MunkhsaikhanOdonkhuu; О.Мөнхсайхан, “Монгол Улсын Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй,” Эрх зүй 34, Дугаар 2 (2016): 1–30. https://num.academia.edu/MunkhsaikhanOdonkhuu

[2] МУҮХЦ, Тогтоол 4, 2016.06.7 http://legalinfo.mn/law/details/11992?lawid=11992

[3] МУҮХЦ, Дүгнэлт 10, 2016.09.28, http://legalinfo.mn/law/details/12149?lawid=12149

[4] Хяналтын шатны шүүх хуралдааны шүүгчийн тусгай санал, Улсын дээд шүүхийн цахим хуудас, http://www.supremecourt.mn/tusgaisanal

Сэтгэгдэл бичих

    • Munkhbat
    • 2016-09-30

    Танайх энэ мэдээллээ тавихдаа тухайн хүнээс нь зөвшөөрөл авсан уу?

arrow icon