Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд батлагдсанаар Монгол Улсын ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болох юм.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон боловсруулсан байна. Гадаад эдийн засгийн таагүй нөхцөл байдал, дотоод эдийн засгийн хүндрэл нь эдийн засгийн идэвхжилийг сулруулж, төсвийн орлогыг их хэмжээгээр бууруулах нөлөөллийг үзүүлж байгаа аж. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд төдийлөн өсөхөөргүй байдал ажиглагдаж байгаагаас богино болон дунд хугацаанд төсвийн орлого огцом нэмэгдэхээргүй байгааг танилцуулгад дурдсан байна. Сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбогдуулан зарлагын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.
Эдийн засгийн энэхүү хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016 онд 18.5%-с, 2017 онд 9.9%-с, 2018 онд 7.5%-с, 2019 онд 5.5%-с, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчилсан юм.
Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийг:
болохоор байгаа гэж тооцоолсноо төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.
Сэтгэгдэл бичих