Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийгээд өнөөдөр /2016.10.19/ эх орондоо ирлээ. Тэрбээр БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар болон айлчлалын үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Тус хуралдаанд төр, засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлага оролцож, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Уг хурлаас дэлхийн улс төрийн намуудад хандсан 16 зүйл заалттай уриалга гаргасан байна.
М.Энхболд
“Энэ хуралд миний бие оролцож, Монгол Ардын Намын байр суурийг илэрхийлж үг хэлэхийн зэрэгцээ хамтран ажилладаг бусад намын төлөөлөлтэй хоёр талын уулзалтууд хийлээ. Тухайлбал, ОХУ-ын "Нэгдсэн Орос" намын дэд дарга, Төрийн Думын дэд дарга Сергей Владимирович Железняк, Япон улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга Хаяаши нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Намууд хоорондоо цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо хуваалцсан үр дүнтэй хурал боллоо"
гэж тэмдэглэв. УИХ-ын дарга М.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор 2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьснаа мэдэгдлээ.
"Мөн хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрх саналуудын талаар БНХАУ-ын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн"
гэв.
Мөн "БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсанд тайлбар өгөх хэрэгтэй байх. Хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай байх нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан.
Эдгээрийг төлөх цаг хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой байгаа.
Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагуудтай ч яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа. Энэ мэтчилэн олон байгууллагад хандаж байгаагийн нэг нь БНХАУ-ын төр засагт тавьсан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах хүсэлт юм.
Гэхдээ ямар нэгэн зээлийн гэрээ, хэлэлцээр хийгдсэн зүйл одоогоор байхгүй
гэдгийг хэлэх нь зүйтэй. БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтоод Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэнэ.
Монгол Улсаа өр зээлэнд оруулж буй мэтээр сурталчилж, өмнө хийж хэрэгжүүлсэн ажил хэргээ умартан, өнөөгийн бодит нөхцөл байдлыг гуйвуулж, улс төрийн зорилгоор энэ мэт явуургүй аргаар гүтгэлгийн шинж чанартай, олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл, мэдээлэл хийх нь зохимжгүй юм. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан байдаг
. Энэ хүрээнд, хуулийн дагуу л бид ажиллана. Бид зөвхөн нэг оронтой зээлийн талаар ярилцаагүй гэдгийг дахин хэлье. Засгийн газар, Улсын Их Хурал дээр хэлэлцээд, хямралаас гарахын тулд авах арга хэмжээний чиглэлээр үүрэг болгосны дагуу ажиллаж байгааг хэлье” хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичих