Нийтлэл 10 сарын 24, 2016

БНХАУ-н ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн тухай

Хятадын ардын чөлөөлөх арми 1927 оны 8-р сард үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Манай дэлхийн хамгийн олон цэрэг хүн хүчтэй армид тооцогддог ба эгнээнд  нь нийт 2 сая 285 мянган цэрэг хүн хүч алба хааж байна.  БНХАУ-тусгаар тогтнолоо заралсан 1949 оноос Хятадын ардын чөлөөлөх арми гэж нэрлэх болсон.  Хятад улсын хуулинд 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй  хэдий ч  Хятадын ардын  чөлөөлөх армид алба хаах  нь өндөр шалгууртай нэр төрийн хэрэг болсон байна. Тэд  зөвхөн бие бялдар оюун санааны өндөр хөгжилтэй (хотын, боловсоролтой) залуусыг цэрэгт  татдаг.  Бусад цэргийн насны бүх эрчүүдэд  цэргийн анхан шатны боловсорол олгон сургаж дадлагажуулан бэлтэгдэг.

Хятадын ардын чөлөөлөх армийн туг далбаа

Энэ нөөц хүчний хувьд маш их бараг 40 сая түүнээс дээш хүн хүчтэй аливаа дайны үед тэднийг цэрэгт татан  цэрэг байлдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалтай.  ХАЧАрми  Энэтхэгийн хилийн бүс нутаг Гимлайн өндөр уулс , хойд хилийн бүс нутаг , өмнөд далайн хил хязгаар нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах гэсэн ерөнхий чиг  үүрэгтэй. Хятад улсын сүүлийн жилүүдийн эдийн засгийн асар их хурдацтай өсөлт хөгжил нь цэрэг батлан хамгаалах салбараа өргөжүүлэн бэхжүүлэх , шинэ зэвсэг техник  технологийг  олноор худалдан авах санхүүжүүлэх бололцоог олгож байна. 

Ер нь Хятадын шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил дэвшил нь армийн зэвсэг техникийг улам бүр боловсоронгуй болгон сайжируулан чанаржуулах мөн  зэвсэг техникийн үйлдвэрлэлийг асар ихээр нэмэгдүүлэн цэрэг батлан хамгаалах салбараа бэхжүүлхэд зориулагдаж байна.  

ХАЧА-н хүндэт харуулын рот

 Хятадын ардын  чөлөөлөх арми дотроо 5 төрлийн цэрэгт хуваагддаг.   

1.Хуурай замын цэргийн хүчин

2.Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчин

3.Тэнгисийн цэргийн  хүчин

4. Стратегийн пуужинт зэвсэгт цэргийн хүчин

5.Хятадын үндэсний цэргийн цагдаагийн  хүчин гэсэн үндсэн 5 төрлийн цэрэгтэй.

 

 Хуурай замын цэргийн туг далбаа

 Хятадын ардын  чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хүчин дэлхийд болон Ази тивдээ хамгийн том цэргийн хүчинд тооцогддог. Хуурай замын цэргийн нийт бие  бүрэлдхүүн нь 1,6 сая цэргийн албан хаагчтай бөгөөд нөөц хүчинд нь гэхэд цэргийн алба хаасан 510 мянган цэргийн насны эрчүүд байна.  Үндсэн чиг үүрэг нь улсын хил хамгаалах болон хөрш зэргэлдээ орнуудын нутагт болон тив дэлхийн хэмжээнд цэргийн цохилт өгөх дотоод тогвортой байдлаа  хамгаалах үүрэг зорилготой. Цэргийн хүчээ маш хурдан дэлгэн тараах, хурдтай маневр хийх чадвар Хятадын хуурай замын цэргийн үндсэн зорилт юм.

Персийн буланд 1991 онд болсон Ирак Америкийн цэргийн мөргөлдөөнд Хятадын зэвсэглэлтэй Иракийн арми бут цохигдон  Америкийн цэрэг маш амжилттай давшсан.  Үүнд Хятад  цэргийн мэргэжилтэнүүд  командлал  дүгнэлд хийж өөрийн хуурай замын цэргийн зэвсэг  техникийг эрс шинэчлэн сайжруулхаар шийдсэн.

Хятад улс зөвхөн хуурай замын цэрэгтэй ч биш тэнгисийн цэрэг , агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчинтэй ч тэргүүлэх зэргийн ач холбогдол өгөн тэдгээрийн зэвсэглэл техникийн бүрэн шинэчлэлд зориулан асар их хөрөнгө мөнгө зарцуулаж байна.   

Хятадын хуурай замын цэрэг 2 төрөл загварт хуувагддаг. 1-р төрөл  тэргүүн эгнээний цохилтын хүч энэ нь илүү цомхон , уян хатан олон төрлийн байлдааны үйл ажиллагаа явуулан хурдан маневрлах чадвартай шаардлагтай үед маш хурдан нэгдэж нэгдсэн хүч болдог орчин үеийн шинэ зэвсэг техникээр илүү их хангагдсан байдаг бол 2-р төрөл нь  улсын хил хамгаалах болон дотоодын тогтвортой байдлын хангах гол зорилготой юм.

Тэд илүү олон хүн хүчтэй хэдий ч орчин үеийн шинэ зэвсэг техникээр тийм ч сайн хангагдаагүй байдаг. Хятадад 1978 онд эхэлсэн улс төрийн шинэчлэлт өөрчилөлт Хятадын армийг ч мөн хамарсан  ба сүүлийн 20-30  жилд Хятадын хуурай замын цэрэг маш эрчимтэй шинэчлэгдэн өөрчилөгдөж  хүн хүчний тоогоо  ч хэдэн зуун мянгаар цөөрүүлсэн.  

Хятадын армид өрнөсөн өөрчилөлтөөр хуурай замын цэргийн тоо буурсан хэдий ч өнөөдөр дэлхийн хамгийн олон цэрэг ,хүн хүчтэй армид тооцогдсон хэвээр байна.

Эхний өөрчилөлт зохион байгуулалтаар хуурай замын цэрэг корпусын бүтцээс армиудын бүлэглэлийн зохион байгуулалтанд шилжиж хүн хүч анги нэгтгэлүүдийн тоог маш их цөөлсөн.

Энэ өөрчилөлтөөр 1988 онд армийн 36  корпусыг армийн 24 болгосон  мөн 2002 онд  армийн нэгтгэлүүд  21 болсон  бүр 18 хүртэл бууруулах зорилготой.

ХАЧАрмид 1980-аад оноос цомхон уян хатан , хурдан үйл ажиллагаа явуулах чадвартай цэргийн анги нэгтгэлүүдийн бүрдүүлж  эхэлсэн байна. Цэргийн тойрог болгонд байх тусгай хүчний 7 анги, анги бүр 1000 хүний бүрэлдэхүүнтэй  ба маш өндөр сахилга зохион байгуулалт , байлдааны бэлтгэл сургуулилтыг хангасан байдаг. Эдгээр цэргийн нэгтгэлүүд болон Хятадын тэнгисийн цэргийн өмнөд флотын хүчин тэргүүний цохилтын хүчинд тооцогддог.

Энэ анги нэгтгэлүүд нь 24-48 цагийн дотор хариу цохилт өгөх байнгын байлдааны бэлэн байдалд байдаг. ХАЧА-н эдгээр шуурхай хариу цохилт өгөх анги нэгтгэлүүд нийт 258 мянган хүн хүчтэй ба  тухайн цэргийн тойргууд болон флотын командлалд захирагддаг.

Түргэн шуурхай үйл ажиллагаа явуулах хуягт танкийн болон механикжуулсан мөн явган цэргийн анги нэгтгэлүүд дээр агаарын десантын 3 дивиз , тэнгисийн цэргийн десантын 3 бригад нэмэгддэг. Хятадын хуурай замын цэрэг дэлхийн 2-р дайны үе шиг өргөн  фронтоор байлдааны үйл ажиллагаа (1979 онд болсон Вьетнам-Хятадын дайныг эс тооцвол ) бараг явуулж байгаагүй харин партизаны дайны асар  их туршлагтай юм. Тэд сүүлийн үед  хуурай замын цэргийн Ланьчжу, Цзинань, Нанжин, Гуанчжоу ,Чэнду тойргийн хэмжээнд байлдааны үйл ажиллагааны хээрийн сургуулилтыг маш олноор зохион байгуулж өнөөгийн өндөр технологийн дайнд байлдах чадвараа байнга дээшлүүлсээр байна.

Хятадын хуурай замын цэрэг 7 том тойрогт хуваагддаг бөгөөд тойрог бүр цэргийн тойргийн штаб байрлаж байгаа том хотын нэрээр нэрлэгддэг.(Шэньян, Бээжин, Цзиннань, Ланьчжоу, Чэнду, Гауньчжоу, Нанкин). Тойргуудын бүрэлдхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд , тухайн муж  хязгаар нутагт байрлах цэргийн анги нэгтгэлүүд , том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж , бүс нутгийн нөөц хүчин, цэргийн хэлтэсүүд  хамаарагддаг байна.

Энд зайлшгүй тэмдэглэн хэлхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн , армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл гэсэн хэдий ч  доорхи бүх мэдээ , баримтыг бүгдийг үнэн зөв , яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.  

  1. Шэньяны цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах ба ОХУ-н алс дорнодын бүс нутаг , Солонгосын хагас арлуудад байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн нэгтгэл юм. Шэньян цэргийн тойрогт байрлах агаарын цэргийн десантын дивиз гэхэд Хойд Солонгосын хилийн бүс нутагт тэдний дотоодод үйл ажиллагаа явуулах зорилго чиг үүрэгтэй.Тойргийн бүрэлдхүүнд ерөнхий цэргийн 3 арми буюу 16,39,40-р армиуд мөн муж хотуудын цэргийн анги нэгтэглүүд багтдаг. Шэньяны цэргийн тойргийн 16-р армийн бүрэлдхүүнд 46-р мотобуудалгын дивиз, хүйтэн сэрүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай явган цэргийн 8,9-р бригадууд, 4-р танкийн, 10-р артиллерийн , 1-р танк эсэргүүцэн хамгаалах, 16-р агаараас эсэргүүцэн хамгаалах, 67-р тусгай хүчний  бригадууд байдаг.

Харин 39-р армийн бүрэлдхүүнд 116-р механикжуулсан дивиз , 115-р явган цэргийн бригад, 3-р танкийн , 190-р механикжуулсан, 202,203-р мотобуудлгын ,7-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах 1 бригад , 9-р цэргийн нисэх хүчний хороо, нэг тусгай хүчний хороо багтдаг. Мөн 40-р армийн бүрэлдхүүнд нь 118-р явган цэргийн , 119,191-р мотобуудагын, 5-р танкийн , 11-р артиллерийн, 7-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд нийтдээ 7 бригад багтдаг байна.

Энэ цэргийн тойргийн бүрэлдхүүнд Ляонин мужийн нөөц хүчний явган цэргийн нэг дивиз, мотобуудлгын нэг бригад , артиллерийн нэг хороо, Цзилинь мужийн явган цэргийн 2 дивиз , Хэйлунцзян мужийн зенит-артиллерийн нэг дивиз мөн багтан ордог. Энэ тойргийн нийт бүрэлдхүүнд 1 механикжуулсан, 4 мотобуудалгын, 1 танкийн дивиз , 5 механикжуулсан , 4 мотобуудалгын, 2 танкийн , 3 артиллерийн , 1 танк эсэргүүцэн хамгаалах , 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригад , 2 тусгай хүчний, 2 нисдэг тэрэгний , 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний , 1 Радио Электрон холбооны  хороодууд байдаг байна.

  1. Бээжингийн цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын хойд хилийн дагуух бүс нутагт байралдаг Монгол , ОХУ-н дорнод Сибирийн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэрэг армийн нэгтгэл юм. Бээжингийн цэргийн тойрог нь  ХАЧА-н  хамгийн хүчтэй шилдэгт армиудтай хамгийн том тойрогт тооцогддог.

Түүний бүрэлдхүүнд 3 арми ( 38,27,65-р армиуд ), Өвөр Монгол дахь цэргийн анги нэгтгэлүүд мөн том хотуудын цэргийн горнизонууд багтдаг.  Бээжингийн цэргийн тойргийн бүрэлдхүүнд Хятадын ардын чөлөөлөх армийн цорын ганц агаарын десантын 15-р корпус багтдаг. Түүний бүрэлдэхүүнд 3 агаарын десантын дивиз байдаг ба төв штаб нь Сяогань хотод байралдаг. Дивиз тус бүр нь десантын 3 хороо ,тээврийн болон инженер саперын батальонуудаас бүрддэг.

Энэ агаарын десантын 15-р корпус нь Хятадын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний командад харъялагддаг. Агаарын тээврийн хүч бололцооноос хамаарч эхний ээлжинд 1 дивиз десантаар буулгах боломжтой.

Хятадын хуурай замын цэргийн  шилдэг арми болох 38-р армийн бүрэлдхүүнд 112 ,113-р механикжуулсан дивизүүд,  6-р танкийн дивиз, 5-р артиллерийн бригад, 4-р агаараас эсэргүүцэн хамгаалах, нэг тусгай хүчний бригад, цэргийн нисэх хүчний 8-р бригадууд багтдаг ба төв штаб нь Бээжин хотод байралдаг. Хятадын армийн орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд энэ армийг хангадаг мөн цэрэг байлдааны үйл ажиллагаа явуулах шинэ  шинэ арга ажиллагаанд зориулан байнга бэлтгэл сургуулилт зохион байгуулж байнгын бэлэн байдалд байдаг.

Харин 65-р армийн бүрэлдхүүнд 193-р хөнгөн явган цэргийн, 194-р хүнд явган цэргийн, 195-р механикжуулсан бригадууд, 70,196-р мотобуудлагын, 1-р танкийн , 14-р артиллерийн бригадууд ,нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. Мөн 27-р армийн бүрэлдэхүүнд 188-р хөнгөн явган цэргийн , 235-р механикжуулсан, 80,82-р мотобуудлагын, 7-р танкийн , 16-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад нийтдээ 7 бригад багтдаг байна. Бээжингийн горнизоны бүрэлдхүүн дахь  1,2,3-р дивизүүд  мөн Өвөр Монголын нутагт байралдаг 205-р мотобуудлагын бригад , хилийн цэргийн хороодууд мөн энэ тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.  Бээжингийн цэргийн тойргийн нөөц хүчний хувьд  Бээжин хотоос танкийн болон зенит-артиллерийн тус тус нэг хороо, Тяньцзин мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз, Хэбэй мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз , танк эсэргүүцэн хамгаалах хороо, Шаньси мужаас явган цэргийн нэг дивиз , Өвөр Монголоос мөн явган цэргийн нэг дивиз эмхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн.

Бүх тойргийн хэмжээнд 3-4 механикжуулсан, 2 танкийн, 3 агаарын десантын дивиз байдаг ба  5-8 мотобуудалгын, 3-4 механикжуулсан , 1 танкийн, 3 артиллерийн , 1 тусгай хүчний ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах  бригадууд мөн  цэргийн нисэх хүчний ,  тусгай хүчний ,  хилийн цэргийн, артиллерийн , танк эсэргүүцэн хамгаалах , химийн зэвсэгээс хамгаалах тус бүр нэг хороодууд бүрэлдхүүнд нь багтдаг.

  1. Цзиннань цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятад улсын ямар нэг гадаад хил хязгаарын бүс нутгийг хамаардаггүй зөвхөн дотоод мужууд тэдгээрийн нөөц хүчний хүрээг хамаардаг.

Түүний бүрэлдэхүүн мөн 3 армиас (20,26,54) бүрддэг.

Цзиннань цэргийн тойргийн 26-р армийн бүрэлдхүүнд 8-р танкийн, 200-р механикжуулсан, 77,138,199-р мотобуудлагын ,8-р артиллерийн, 54-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, цэргийн нисэх хүчний 7-р хороо мөн тусгай хүчний нэг хороо багтдаг.

Харин  54-р армийн хувьд орчин үеийн шинэ  зэвсэг техникээр хамгийн тэргүүн эгнээнд хангагддаг ба Хятадын хуурай замын цэргийн шилдэг армиудын нэг юм. Түүний бүрэлдхүүнд 127-р явган цэргийн ,162-р механикжуулсан дивизүүд, 160-р механикжуулсан , 11-р танкийн бригадууд , артиллерийн , агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр  нэг бригад , нисэх хүчний 1-р хороо багтддаг. Энэ цэргийн тойргийн 20-р армийн бүрэлдхүүнд 58,60 механикжуулсан, 13-р танкийн, 2-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг.

Цзиннань цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд нь 3 механикжуулсан ба мотобуудалгын дивиз , 1 танкийн дивиз , 3-4 механикжуулсан , 3 мотобуудалгын, 2 танкийн ,3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , 2 тусгай хүчний  хороо, 2 цэргийн нисэх хүчний ,1 танк эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 2 хөвөгч гүүрний хороодууд багтдаг байна.

  1. Ланьчжоугийн цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын баруун бүс нутгийн хил хязгаарыг бүхэлд нь хамаардаг ба тэр бүс нутагт байралдаг. Төв Ази, Монгол, Оросын баруун Сибирь, Энэтхэг улстай хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн тойрог юм. Өндөр уулын бүс нутаг , байгаль цаг уур, газар орны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн анги хороодуудыг Шиньжан Уйгарын хязгаар нутагт тусгайлан байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд 21,47-р армиуд , Шинжань Уйгарын хязгаар нутагт орших цэргийн анги нэгтэглүүд багтдаг.

Ланьчжоугийн цэргийн тойргийн 21-р армийн бүрэлдхүүнд 61-р уулын явган цэргийн дивиз, 62-р механикжуулсан, 12-р танкийн, 19-р артиллерийн , 184-р тусгай хүчний бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад байдаг. Харин 47-р армийн бүрэлдхүүнд нь 139-р механикжуулсан, 55-р уулын явган цэргийн, 56-р мотобуудлагын, 9-р танкийн, 15-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг.

Мөн Ланжьчжоугийн цэргийн тойргийн бүрэлдхүүнд  8-р хөнгөн явган цэргийн механикжуулсан, 4-р мотобуудлагын, 6,11-р уулын явган цэргийн дивизүүд мөн 2-р артиллерийн бригад , агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад , нисэх хүчний  3-р бригад , Радио электрон холбооны , тусгай хүчний , инженер саперийн тус тус нэг хороодууд багтдаг байна.

Нөөц хүчний хувьд Шэньси мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, явган цэргийн болон материал техник хангамжийн нэг нэг бригад , Ганьсу мужаас зенит- артиллерийн нэг дивиз, Нинся-Хуйск автономит мужаас явган цэргийн нэг дивиз инженер-саперийн нэг хороо эмхлэн зохион байгуулах боломжтой.

Ланьчжоугийн цэргийн тойргийн нийт бүрэлдхүүн 1 хөнгөн механикжуулсан, 1 мотобуудлагын,  3 уулын явган цэргийн ,1 танкийн дивиз, 2 механикжуулсан, 1 уулын явган цэргийн, 1 мотобуудлагын, 1 танкийн, 3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах,1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадуудаас бүрддэг. Мөн тусгай хүчний , инженер саперын ,Радио электрон холбооны хороодууд бий.

  1. Чэндуны цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын өмнөд мужууд Энэтхэг, Мьямар улсуудтай хил залгаа бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдхүүнд 2 арми (13,14-р арми) мөн Төвдийн хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтэглүүд багтдаг. Энэ цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн сүүлд хангагдаг ба Хятадын арми дотроо хамгийн сул цэргийн тойрогт тооцогддог байна. Түүний бүрэлдхүүн дахь 13-р армиин хувьд 37,149-р мотобуудлагын дивизүүд , 17-р танкийн бригад мөн артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Харин 14-р армийн хувьд 31,40,42-р мотобуудлагын, 32-р уулын явган цэргийн, 18-р танкийн, 4-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригадаас бүрддэг. Төвдийн хязаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдийн бүрэлдхүүнд 52,53-р уулын явган цэргийн, 54-р механикжуулсан, 651-р зенит-пуужингийн бригадууд мөн 308-р артиллерийн хороо багтдаг байна.  Нөөц хүчний хувьд Чунцин хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус тус нэг дивиз, материал техник хангамжийн нэг бригад , зенит-артиллерийн нэг хороо, Юньнан мужаас явган цэргийн нэг хороо эмхлэн бүрдүүлэх боломжтой.

Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдхүүн нь 4 мотобуудалгын дивиз, 2 уулын явган цэргийн, 1 механикжуулсан, 2 танкийн , 2 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадууд мөн артиллерийн болон зенит артиллерийн хороодууд, тусгай хүчний нэг хороо, Радио электрон холбооны нэг хорооноос бүрддэг байна.

  1. Нанжиний цэргийн тойрог: Энэ тойрог нь Хятадын зүүн өмнөд бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах түүний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй тойрог юм. Энэ цэргийн тойрог нь чиг үүрэг, хүчин чадлын хувьд Хятадын чөлөөлөх арми дотроо Бээжингийн цэргийн тойргийн дараа Шэньяны цэргийн тойрогтой хамтран 2-3 байрт ордог стратегийн чухал ач холбогдолтой тойрог юм.

Нанжиний цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд хангагдсан шилдэг армиудаас бүрддэг. Түүний бүрэлдхүүнд  мөн 3 арми (1, 12,31 ) Фуцзяны хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Нанжинийн цэргийн тойргийн 1-р армийн бүрэлдхүүнд 1-р механикжуулсан десантын дивиз , 178-р механикжуулсан, 10-р танкийн, 3-р мотобуудлагын, 9-р артиллерийн, 5-р нисэх хүчний бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг. Харин 12-р армийн бүрэлдхүүнд  нь 179-р тусгай хүчний десантын бригад, 34,35-р механикжуулсан, 2-р танкийн, 36-р тусгай хүчний бригадууд мөн артиллерийн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригадууд байдаг. Мөн 31-р армийн бүрэлдхнүүнд 86,91-р мотобуудлагын болон десантын дивизүүд, 92-р мотобуудлагын, 14-р танкийн десантын, 3-р артиллерийн, 13-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , тусгай хүчний нэг бригад , нисэх хүчний 10-р хорооноос бүрддэг. Шанхай хотын цэргийн гарнизоны 1,2,3-р эргийн хамгаалалтын бригадууд ,  Фуцзян мужийн цэргийн анги нэгтгэлүүдийн мөн эргийн хамгаалалтын 2 дивиз, 1 бригад  Нанжины цэргийн тойргийн бүрэлдхүүнд багтддаг.

Энэ тойргийн нөөц хүчний хувьд Шанхай хотоос зенит-артиллерийн нэг дивиз , Аньхой , Цзянси мужуудаас явган цэргийн тус бүр нэг дивиз, Цзянсу хязгаар нутгаас зенит-артиллерийн нэг дивиз эмхлэн бүрдүүлэх боломжтой.

Бүх цэргийн тойргийн бүрэлдхүүнийг  нөөц хүчин , Шанхай хотын горнизоны цэргийг оруулахгүйгээр тооцоолвол  1  механикжуулсан  десантын , 2 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 эргийн хамгаалалтийн дивизүүд , 3 механикжуулсан, 4 мотобуудлагын , 1 танкийн, 2 артиллерийн , 1 цэргийн нисэх хүчний, 4 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 1 эргийн хамгаалалтын, 3 тусгай хүчний бригадууд мөн 2 нисдэг тэрэгний , 1 Радио электрон холбооны, 1 хөвөгч гүүрний хорооноос бүрддэг байна.

  1. Гуаньчжоугийн цэргийн тойрог: Хятадын өмнөд бүс нутагт байралдаг ба Вьетнамын хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Нанжиний цэргийн тойргийн нөөц нэмэгдэл хүчин болох  чиг үүрэгтэй цэргийн тойрог.  Бүрэлдхүүнд нь 2 арми (41, 42-р арми)  мөн Хайнань хязгаар нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс багдтаг.  Энэ тойргийн 41-р армийн бүрэлдхнүүний хувьд  123-р механикжуулсан-десантын дивиз, 121-р уулын явган цэргийн, 122-р мотобуудлагын, 15-р танкийн бригадууд артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригадаас бүрддэг.

Харин 42-р армийн хувьд 124-р механикжуулсан десантын, 163-р мотобуудлагын дивизүүд ,1-р артиллерийн, 16-р танкийн бригадууд  мөн уулын явган цэргийн , агаараас эсэргүүцэн хамгаалах , тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Хайнань мужийн цэргийн анги нэгтгэлүүд  132-р мотобуудлагын бригад , Гонконгийн цэргийн гарнизоны явган цэргийн нэг бригад , нисдэг тэрэгний нэг хороо, тэнгисийн цэргийн тусгай хүчний нэг хороо мөн энэ цэргийн тойргийн бүрэлдхүүнд багтдаг.

Нөөц хүчний хувьд Гуандун мужаас явган цэргийн болон зенит - артиллерийн тус бүр нэг дивиз , офицерууд бэлтгэх сургалтын нэг хороо, Хубэй мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, Хайнань мужаас явган цэргийн 2 дивиз эмхлэн зохион байгуулах боломжтой.

Нийт бүрэлдхүүнд нь 2 механикжуулсан, 1 артиллерийн дивиз , 1 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 2 тусгай хүчний , 1 цэргийн нисэх хүчний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригад , Радио электроник холбооны 1 хорооноос бүрддэг байна.

Д.Отгонбаатар

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-01-06

    Ийм мэдээлэл хэрэгтэй. Гэхдээ оорчлогдсон байгаа шуу. Туунийг нь оруулвал цэргийнхэнд хэрэгтэйл юм байна

arrow icon