Нийтлэл 11 сарын 02, 2016

Орчин цагийн 1001 шөнийн үлгэр буюу Алибаба ба Жак Ма

Арабын “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн хамгийн алдартайд “Алибаба ба 40 дээрэмчин” тооцогддог. Уг үлгэрийн нэрээр компаниа нэрлэсэн ноён Ма Юүн 52 настай (түүнийг биенесийн салбарт Жак Ма гэж дууддаг.) дэлхийн цахим худалдааны салбарт тэргүүлж явна. Өдгөө Алибаба цахим худалдааны групп нь Хятадын цахим худалдааны зах зээлийн 80%-г эзлэх асар том компани болжээ.


IMG_6680
Зураг1. Хятадын цахим худалдааны зах зээлийн 80%-г эзлэх Алибаба групп

 

Алибаба цахим худалдааны групп нь 34985 гаруй ажилчид, дөрвөн том кампусээс бүрдэж байна. Албан ба албан бус судалгаагаар 14 сая гаруй ажлын байрыг бий болгоод байна. Мөн өдөрт 100 сая гаруй хэрэглэгч тогтмол үйлчлүүлж байна. (Yahoo Finance) Үнэхээр үлгэрт гардаг жижиг тосгоны Алибаба хүү шиг түүний амьдрал Хятадын зүүн хэсгийн Ханжоу мужтай салшгүй холбоотой. Ханжоуд түүний хүүхэд насны гэгээн мөрөөдөл хийгээд гэр бүл, найз нөхөдтэйгээ учирсан. Түүний бизнесийн гараа ч Ханжоугоос эхэлсэн бөгөөд “Алибаба”-н 2 том кампус байрладаг.

image
Зураг2. Хан Джоу дахь  төв кампус “Taobao City”
Зураг3. 16 настай Жак Ма/зургийг The Morley Family HarperCollins/
image
Зураг4. Эхнэрийн хамт өөрийн бизнэсээ эхлүүлсэн нь.

 

Тэрээр 12 настайгаасаа англи хэлийг бие даан сурч, ойролцоох буудлын зүг дугуйгаараа байнга очиж жуулчдад үнэгүй хөтөч хийж өгч, өглөө болгон BBC-гээр хичээл сонсож англи хэлийг төгс сайн эзэмшжээ. Гэвч тэр ангидаа толгой цохих нэгэн байгаагүй. Бээжингийн их сургуульд элсэн орох шалтгалтанд 2 удаа бүдэрчээ. Эцэст нь англи хэлний мэргэжлээр Ханжоугийн Багшийн их сургуульд элсэж, оюутны зөвлөлийн даргаар сонгогдож байжээ. Тухайн үед эхнэр Ма Юүнтэйгээ танилцаж, 1988 онд сургуулиа төгсмөгцөө тус сургуульдаа багшлах эрх авч, удалгүй Ма Юүнтэй гэр бүл болжээ. Ханжоугийн их сургуульд эхнэртэйгаа хамт багшилж байхдаа давхар орчуулгын ажил хийдэг байжээ. 1990-ээд онд англи хэлний мэдлэгтэй хүн эрэлттэй болж Жак Ма эхнэртэйгээ хамтран орчуулгын төв нээж, аажимдаа англи хэлний багшийн ажлаа орхижээ. Орчуулгын ажлаараа олон бизнэсмэнүүдтэй хамтран ажиллаж, улмаар 1995 онд АНУ-д нэгэн төслийн орчуулагчийн үүргээр явах завшаан олджээ. АНУ-н компанитай хэл амаа олоогүй учир уг төсөл амжилтгүй болж нутаг буцах болсон. Гэвч түүнд АНУ-д очсон нь маш том өөрчлөлтийг интэрнэтээр дамжуулж хийж болохыг ухааруулжээ. Жак Ма хариад шууд “Хятадын шар хуудас” гэх Хятадын хамгийн анхны худалдааны сайтыг ажиллуулж эхэлжээ. Хятадын асар том зах зээлд хараахан цахим үйлчилгээ нэвтэрч эхлээгүй байсан нь Алибабагийн түүхэн эхлэл байжээ. Гэвч тухайн үед цахим худалдаа нь Хятадын засгийн газар нааштайгаар хүлээн аваагүй тул тийм ч амжилт олж чадаагүй юм. Удалгүй 1999 онд Алибаба цахим худалдааны группыг нээж, японы Софтбанкнаас 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чаджээ.

4.1.1
Зураг5. Ханжоу-н гэртээ нөхдийн хамт. Тэрээр өөрийн бизнесээ 17 найз нартайгаа хамтарч эхлүүлж байсан.

   

Алибаба цахим худалдааны групп нь анх B2B (business to business ) буюу Хятадын үйлдвэрчдийг гадаад худалдан авагчтай зуучилж, дараа нь 2003 онд сая сая хэрэглэгчдийг холбосон Taobao цахим үйлчилгээг нэвтрүүлсэн. Taobao ( ebay, Amazon, Rakuten зэрэг цахим худалдааны сайтуудтай адилхан) нь олон жижиг бизнэс эрхлэгч болон хувь хүмүүст шинэ орлогын эх үүсвэр болж байсан бөгөөд 2013 оны дүнгээр нийтдээ 760 сая гаруй төрлийн бүтээгдэхүүн арилжаалагдаж, дэлхийн хамгийн их хандалттай сайтаар 10-т бичигдсэн тухай Alexa мэдээллэсэн.(Интэрнэт орчинд дата дээр тулгуурлан судалгаа хийдэг компани) Улмаар 2008 онд B2C (Business to Consumer) буюу Tmall (Taobao Mall) онлайн дэлгүүрээ нээсэн. Тус дэлгүүр нь жирийн нутгийн худалдаачид, жижиг бизнэс эрхлэгчдэд интэрнетээр дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд маш хямд зардлаар сурталчилж борлуулах үүд хаалгыг нээж өгсөн. Ийнхүү Хятадын зах зээлийг дэлхийн 190 гаруй орнуудтай холбоход гол үүргийг гүйцэтгэх болов. Түүний бизнес эхний 3 жилийн турш ямар ч орлогогүй байжээ. Учир нь гол орлогын эх үүсвэр нь сайтад тавигдах зар сурталчилгаа, болон худалдаа хоорондын багахан хураамжаас бүрдэж байсан ба төлбөрийн систем нь хамгийн ярвигтай асуудал байжээ. Хятадын засгийн газар “Алипэй” төлбөрийн системийг бүтэшгүй санаа гэж үзэж байжээ. Учир нь бараа болон төлбөрийг зэрэг солилцохоос нааш хэн ч наймаа хийхэд баталгаатай гэж үзэхгүй байсан хэрэг. Тиймээс Алибаба групп төлбөрийн системээ илүү сайжруулахад анхаарч 2004 оноос хүлээн зөвшөөрөгдсөн. “Алипэй” ямар ч хураамжгүйгээр онлайнаар 2 талын төлбөрийн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай гүйцэтгэж эхэлсэн байна. Энэхүү систем нь нийтдээ 65 гаруй санхүүгийн байгууллагууд болон 13 төрлийн гадаад валютаар гүйлгээ хийх боломжтой асар том төлбөрийн систем болжээ. Энэхүү системээр 2008-аас 2012 оны хооронд 660 тэрбум ам.долларын арилжаа хийгдсэн байна.

IMG_6675
Зураг6. Америкийн хөрөнгийн биржиийн түүхэн дэх хамгийн өндөр IPO хийгдсэн компаниуд.

 

Компаниа байгуулаад Жак 2 жилийн дараа буюу 2001 онд Америкийн зах зээл дээр 3 сая ам.долларын хөрөнгө босгох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Харин хоёр дахь удаагаа буюу 2014 оны 9-р сарын 18ны өдөр Алибаба группын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO (IPO=Initial Public Offering нь хөрөнгийн зах зээлд анх удаагаа компанийхаа хувьцааг арилжаалж хөрөнгө босгох юм.) хийгдсэн. Нэгж хувьцааны үнэ 68 ам.доллараас эхэлж, хөрөнгө оруулагчдаас 21.8 тэрбум ам.доллар татаж, Google, Facebook, Twitter( IPO хийгдээд 19.8 тэрбум ам.доллар байсан) гурвыг нийлүүлсэн үнээс давлаа гэж Форбес мэдээллэжээ. Дараагийн өдрийн ханш 92.7 ам.доллараар эхэлж (IPO хийгдэхээс өмнө зах зээлд асар их хүлээлттэй байсан учраас) хэдэн цагийн дотор сая сая ширхэг хувьцаа зарагдаж, Америкийн түүхэнд IPO-н шинэ рекорд эвдсэн.(Зураг6-г харна уу.)

Мөн технологийн салбарын жагсаалтанд зах зээлийн үнэлгээрээ Apple, Google, Microsoft-н араас бичигдэж байна.

comparing
Зураг7. Технологийн салбар дахь ТОР10 (зах зээлийн үнэлгээ= нэгж хувьцааны үнэ* хувьцааны тоо)

 

Жак Ма “Алибаба групп”-н 7.8% н хувьцааг эзэмшиж, Хятадын тэргүүн баян Ван Жианлиний дараагаар 23.7 тэрбум ам.долларын орлоготойгоор хоёрт бичигдэж байна. Тэрээр хэлэхдээ

“Энэ их хөрөнгө бол мөнгө биш юм. Энэ бол Итгэл. Хүмүүс биднийг илүү их зүйл хийж, олон хүнд туслаасай гэсэн итгэл үнэмшил.”

гэж хэлжээ.

IMG_6681
Зураг8. Алибаба цахим худалдааны группын хувьцаа.

 

Тэрээр бас Форест Гаамп киног амьдралдаа 10-аас ч олон үзсэн бөгөөд дахин дахин үзэх дуртай гэж IPO хийсэний дараах CNBC-д ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Мөн Time сэтгүүлд  “Амьдрал бол яг л хайрцагтай шоколад шиг. Чи дотор нь юу байгааг мэдэхгүй” гэж дуртай киноныхоо хэсгээс ишилсэн.  Тэр яг л Форест Гаамп шиг өөрийн дуртай зүйлээ тасралтгүй хийж ирсэн ба шургуу хөдөлмөрийн үр дүнд түүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байжээ. “Гүй, Форест! Гүй.” гэдэг шиг түүний эхнэр Ма Юүн ч “Гүй! Жак Гүй” гэдэг байсан болов уу. Жак Магийн илтгэл болон яриануудаас түүний маш хүчтэй үзэл бодол, хатуужил, эрч хүч болон ирээдүйн хойч үе болсон залуусын төлөөх зүрх сэтгэл буцалж байдаг нь мэдрэгддэг. Тэр залуугаасаа л хойч үеийнхэндээ зааж сургаж ирсэн бөгөөд маш сайн илтгэгч билээ. Багшийн ажлаа орхихдоо өөрийгөө их сургуулийн багшаас илүү туршлагажсан байх болно гэж бодож байсан гэдэг. Тэрээр өөрийн бизнэсээ эхлүүлэхдээ хэнээс ч юуг ч нэхэж бас шаардаагүй. Сайн бас муу цаг үеүүдийг “Асуудал бүрийн ард боломж байдаг” гэдэгт итгэдэг учраас даван туулж ирсэн.   Тэр үргэлж сайн сайхан ирээдүйн төлөө залуу үеийнхэнд хөрөнгө оруулахыг бусдад уриалдаг. Жирийн нэгэн мөрөөдөл ийнхүү агуу зүйлд хүрч болдгийг Жак Ма баталсан. Технологийн хувьсгал Монголын залуус биднийг хүлээхгүй. Асуудал бүрийн ард шийдэл байдаг. “Битгий гомдол, урагшаа залуусаа” гээд түүний үгээр төгсгөе.

Өсөхбаярын Үүлэн
Шиншү их сургууль, Эдийн засгийн факультет
2016.07.31

 

 

Ашигласан материал:

1.Форбес сэтгүүл

http://www.forbes.com/sites/ryanmac/2014/09/18/alibaba-prices-shares-at-68-as-it-gears-up-for-the-largest-us-ipo-ever/#1fff2e0b14e3

2.http://www.businessinsider.com/how-alibaba-defeated-ebay-in-china-2014-4?op=1#ixzz3131IpMr8

3.Нью-Йорк таймс сэтгүүл “The Jack Ma Way”

http://www.nytimes.com/2014/09/07/business/international/at-alibaba-the-founder-is-squarely-in-charge.htmlhttp://finance.yahoo.com/news/alibaba-founder-jack-ma-rejected-160540932.html?nf=1

  1. Алипай төлбөрийн систем

https://alipay.alibaba.com/checkout.htm

  1. Yahoo finance news

6.http://projects.wsj.com/alibaba/

7.http://time.com/3423708/5-life-lessons-jack-ma-alibaba/

  1. Charlie Rose to Talks to Alibaba`s Jack Ma

www.bloomberg.com/news/articles

 

Сэтгэгдэл бичих

arrow icon