Хямрал—ѳсч уруудаж байдаг эдийн засгийн циклийн нэг л хэсэг. Хямралын үед бизнесүүд дампуурч, хүмүүс ажилгүй болж, эдийн засаг агшдаг учир хүсээд байх зүйл мэдээж биш. Тийм ч учраас хямралыг хэрхэн тойрох вэ, хямрал нүүрлэсэн үед яах вэ гэдэг нь эдийн засгийн ухааны хамгийн чухал сэдвүүдийн нэг. Гэсэн хэдий ч 200 гаруй жилийн түүхэндээ эдийн засагчид нэгмөр хариу олж чадаагүй байгаа хүнд сэдэв юм. Сүүлийн жишээ л гэхэд 2007-09 оны дэлхийн санхүүгийн их хямралыг урьдчилж анхааруулж чадаагүй учир эдийн засагчид та нар ер нь ямар хэрэгтэй юм бэ
гэдэг шүүмжлэл хурцаар тавигдаж, одоо ч бүрэн намжаагүй л байна.
Гэхдээ энэ сэдвээр хангалттай их судалгаа мэдээж бий. Тэр дундаас хямрал бол аюулаас гадна боломж гэх ѳѳдрѳг дүгнэлт ч нэлээд түгээмэл. Учир нь бизнесээ оновчтой тѳлѳвлаж чаддаггүй үр ашиг муутай компаниуд дампуурч, ажлаа сайн хийж чаддагүй хүмүүс нь цомхотголд орж...нэг ёсондоо эдийн засагт их цэвэрлэгээ хийгддэг цаг үе нь хямрал
. Цаашлаад нийгмийн тогтолцоонд үүссэн элдэв гажуудал, ялзрал ч бас хямралын үед засагдсан түүх олон.
Элдэв реформ, хувьсгалууд гагцхүү хямрал хүндрэлтэй үед л хийгдэж, ирээдүйд бий болох эерэг ѳѳрчлѳлтийн үр хямралын үед л таригдсан байдгийг хүн тѳрѳлхтний түүх гэрчилнэ.
Монголын хувьд, одоо ѳрнѳж буй хямралыг том боломж гэдэг утгаар нь хараасай гэж боддог. Албан ёсны тодорхойлолтоор бол 2 улирал дарааллан ДНБ агшихад эдийн засгийн хямрал гэж үздэг. Ийм зүйл хараахан болоогүй байгаа ч тоогоо задлаад харвал хямарсан гэж дүгнэж болохоор. Тухайлбал, уул уурхайг хасвал эдийн засаг маань 2015 оны 1-р улирлаас эхлээд 6 улирал дарааллан агшсан
байна. Уул уурхай дотроо Оюутолгойг хасаад харвал байдал мѳн сайнгүй л байгаа.
Тэгвэл яг энэ үед л улс орон даяараа хямралын нѳгѳѳ тал буюу боломжийн тухай бодох цаг болсон санагдана. Ѳсѳлттэй яваа цагт “Ялагчийг шүүдэггүй” гэдэг дүрэм үйлчилдэг бол уналттай яваа энэ үед л нийгэм маань хогийн ургамлуудаа түүж хаях цаг. Тиймээс энэ хямрал цаашид бидэнд дунд урт хугацаанд юу хэрэгтэй хэрэггүйг нухацтай бодох боломжийг олгож байгаа том шанс гэдэг талаас нь харах нь зүйтэй болов уу. Ер нь бол хямрал буюу түр зуурын уналт нь тухайн үедээ хүнд тусч магадгүй ч урт хугацаанд бол нэг их санаа зовох зүйл биш. Харин жинхэнэ санаа зовох ёстой, асуудал болгох ёстой зүйл бол бидний сэтгэхүй. Хөгжил, сайхан амьдралыг хэтэрхий амархнаар төсөөлдөг тэр сэтгэхүй.
Уул нь бидний араас нь явахыг хүсээд байгаа хөгжсөн гэгддэг орнууд дотор үнэхээр амархан замаар явсан улс нэг ч байхгүй.
Амархан л байсан бол дэлхийн 200 гаруй орноос 10 хуруунд багтах хэдхэн улс орон хөгжилд хүрээд, үлдсэн олонхи нь мань мэт шиг төөрч будилж явахгүй л байсан байх. Хөгжлийн түлхүүр бол газар доорхи баялаг, гадагш нь зардаг бараа, гаднаас орж ирдэг доллар ч юм уу эсвэл тогтвортой валютийн ханшийн аль нь ч биш. Тийм ч амархан биш.
Харин цэвэрлэгчээс дарга нь хүртэл хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар яс хийдэг тэр сэтгэхүй.
Хэдэн сая хүн цугласан хотуудад жилийн 365 ѳдѳр, 7 хоногийн 7 ѳдѳр, ѳдѳрт 24 цагаар зогсолтгүй баялгийг бүтээж байдаг тэр хэмнэл. Зун нь амарч, Баасанд шоудаж, хагас бүтэн сайнд зугаалахаас гадна бас тогтмол ажил өрнөж л байдаг тийм амьдралын хэв маяг. Заримдаа хөгжил, сайхан амьдрал гэхээсээ хэдэн үеэрээ хүнд хэцүү хѳдѳлмѳрийн боол нь болж хариуцлагад дөнгөлүүлсэн мэт харагддаг тийм л тогтолцооны үр дүнд хѳгжил бий болдог. Гэхдээ эдгээр нь хөгжлийн түлхүүр гэхээсээ хөгжилд хүрэх хамгийн наад захын шалгуур гэх нь илүү оновчтой байж ч магад…
Харин 1 шөнө ширээний ард сууж хонохыг мэдэхгүй 1 бүтэн ном уншиж үзээгүй оюутнууд, өдөржин цаг нөхцөөж SNS эргүүлдэж суудаг ажилтан албан хаагчид, өмнө нь гаргасан буруу шийдвэрээ л эргэж буцаж засч суудаг тѳр засаг нь хөгжилд амархан хүрнэ гэж бардам боддог бол жинхэнэ хямрал. Хүний тѳлѳѳ тѳрчихсѳн мэт хамаг асуудлаа 76 руугаа чихээд ѳѳрсдѳѳ хичээх биш гуйлга гуйдаг сэтгэхүйтэй сонгогчидтой бол жинхэнэ хямрал. Тэдний юу хүссэнийг нь биелүүлэхийн тулд улс орондоо хохиролтой популист бодлого явуулдаг бодлого боловсруулагчидтай, түүнийг нь зогсоох институцигүй бол жинхэнэ хямрал.
Тэгэхээр, энэ мэт сэтгэхүйнээсээ салаагүй цагт,
"
Андуураад байна аа та нар, тийм ч амархан биш шүү!"
гээд зүүднээс нь сэрээгээд алгадаад ѳгѳх иймэрхүү цочрол хямрал энэ улсад үе үе хэрэгтэй. Энэ удаагийн хямрал 26 жил тѳѳрч будилсан монголчуудад дахиад хэдэн тэрбумаар нь зээлж ирээд унтуулга хийчихгүй бол сэтгэхүйгээ өөрчлөхөөс ѳѳр гарах гарцгүй гэдгийг ойлгуулж ѳгѳх том боломж юм. Андуураад байна аа, ахан дүүсээ!
hi jihih
Estoi goliig ni olood helchihjee demjij bna
Ajildaa ezen bai gedeg l hamgiin chuhal sedev odoo ihenh humuus hii hooson ulsterjij tsagiig hooson ur dungui engeteej bna Zaluu hun gehed yumiig engets talaas bus sain analiz hiij bichgeg Amjilt husie