Нийтлэл 11 сарын 08, 2016

ГОЛИО ЧИХЭР

Нэг зун эмээ нутагтаа очоод ирэхдээ бидэнд атга атга голио чихэр өгөв. Цагаан цаастай хатуу чихэр ямар амттай байсан гэхэв. Дор нь хүлхэж орхив. Тэгээд л маргаашнаас нь эмээгээс чихэр нэхэж бишгүй зовоосон санагдана. Эмээ минь “ном их уншиж, эрдэм сайн сурвал голио чихэр шуудай шуудайгаар нь худалдаж авч чадна. Ном сайн сур, номоо л сайн сур” хэмээн давтан давтан хэлсэн билээ. Энэ үгсийг эмээ чихэр нэхээд байхаар аргалах гэж хэлээгүй юм байна гэдгийг одоо л оройтсон ч гэсэн ойлгож явна. Тэнэгийн ухаан эцэстээ гэдэг энэ. Тэр цагт би дөнгөж үсэглэх төдий уншиж байсан үе л дээ. Гэвч би ном уншихаар голио чихэр олдоно гэдэгт итгээгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэсэн эргэлзээ байсан хэрэг. Аавын номын сангаас нэг зузаан гэгчийн саарал ном сугалж аваад үсэглэн уншиж эхэлсэн ч юу ч ойлгоогүй тул даруй хаасан юм. Анхны ном унших оролдлого минь ингэж бүтэлгүйтсэн билээ. Харин голио чихэр хүлхэх хүсэл байсаар байлаа.

Манай орон сууц өвөлдөө тийм ч дулаангүй. Өдөр хичээл тарж ирээд аавын үстэй дээлийг нөмрөөд ном унших үндсэн ажилдаа орно. Энэ үеээ би “баатарлаг мөрөөдлийн үе” гэж нэрлэх дуртай. Дайн тулааны дон хэнээтэй болж, цэргийн жанжин, зоригт эрчүүдийн түүхийг өгүүлсэн л бол тэр номыг шүтэн биширнэ. “Н.Ватутин хэмээх цэргийн жанжин фронтын замд германчуудтай тулгараад буудалцаж, хүнд шархдаад хээрийн эмнэлэгт амьсгал хураасан” тухай “Алдарт жанжнууд” нэртэй улаахан номноос уншаад фашизмыг үзэн ядах сэтгэл минь яаж буцалж байсныг коммунист хүмүүжлийн зах зухыг мэдэхгүй одооны хүүхдүүд ойлгохгүй. Харин миний “Баатарлаг мөрөөдлийн үе” төгсөхөд хамгийн хүчтэй нөлөөлсөн Ж.Неругийн шоронгоос охиндоо бичсэн захидлын “Ертөнцийн түүхийг сөхвөл” номыг бараг л цээжилсэн байлаа. Энэ л ном надад “ГОЛИО ЧИХЭР НОМНООС АМТГҮЙ” болохыг таниулсан юм. НОМ чихэрнээс амттай болохыг мэдрүүлсэн юм. Тэгээд л жинхэнээсээ номыг чихэр шиг хүлхэж эхэлсэн.

Шууд л Сартр, Камю, Мишимид хайртай байсан гэдэг үе тэнгийнхээ зарим зохиолчдод би итгэдэггүй. Би М.Горькийг уншдаг, түүнийг хайрладаг байсан. “Фома Гордеев” бол бахдан уншдаг номнуудын минь нэг байсан. Н.Лесков” Өгүүллэгүүд”, Н.Толстой “Дайн ба энх”, К.Пуастовский” “Боргоцойтой сагс”, А.Рыбаков “Нэр нь тодроогүй цэрэг”, А.Гайдар” Цэнхэр аяга” гээд Оросын голдуу зохиолчдыг л уншиж өссөн минь үнэн. “Зөвлөлтийн зохиолчдын туужис” нэртэй зузаан хүрэн ном уран зохиол гэж юу болохыг бага багаар таниж мэдэх замын эхлэл болсон юм. Үнэндээ уран зохиолыг одоо ч бүрэн таниагүй яваа гэдгээ би хүлээн зөвшөөрнө. М.Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын номын сангийн салбар гэх жижигхэн дүнзэн байшин байх. Түүх хувьсгалын дурсгалтай байшин. Оросын хувьсгалчид амьдарч байсан гэдэг. Тэр номын сангаас Галидасын “Үүлэн зардас” нэртэй номыг санамсаргүй авч уншсан минь яруу найраг бидэн хоёрыг улам ойртон нөхөрлөхөд хүргэсэн юм. Зун цаг. Хотын айлууд зусланд гарна. Үүгээр түүгээр үсэрч харайхаас гадна үеийн нөхдүүд цөмөөрөө номын далайд аялна. Бидний дунд хамгийн дуулиантай, хамгийн эрэлттэй номнууд бол ” Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Морь унасан толгой хүн”, “Эрлийз бүсгүй”, “Элс цас”, “Онцгой эрх”, “Харуул Алтай”, ”Амарсанаа” гээд нэрлээд байвал нилээд ном болно. Нууцхан эцэг эхээс далд уншдаг хэдэн ном байна. Мопассаны “Амьдрал”, “ Мянга нэгэн шөнийн үлгэр, Тургеневийн “Анхны хайр” зэрэг. Эр эм хүмүүсийн янаг хайрын тухай тухай ялимгүй жаахан хэсэгт л бичсэн байна. Хүмүүжлийн хувьд бол жаахан асуудалтай номнууд. Учир нь хайр дурлалыг ээж аавын дэргэд ил задгай ярихаас ичиж үхнэ. Аав ээжүүд адилхан ном их унших учраас юуны тухай уншиж байгааг минь шууд л мэднэ. Тиймээс нууж уншина. Жаахан “нууцтай” номнууд ёстой голио чихэрнээс ч илүү амттай. Ядаж хойд зуслангийн нэг охиныг харж явдаг болсныг ч хэлэх үү? Яг энэ үед Алишер Навойн “Уянгын шүлгүүд” нэртэй шүлгийн түүвэр намайг бүрэн эзэмдсэн билээ. “Жимбүүр” нэртэй жижигхэн ном, А.Блокын “Шүлгүүд”, М.Цветаева “Шүлгүүд” “Америк тивийн яруу найраг”, “Ганга мөрний айзам”, С.Дашдооров “Тал бид хоёр”, П.Пүрэвсүрэн “Хүслийн зарлиг” гээд хайрын голдуу шүлэгтэй яруу найргийн номнууд уншиж, хайрын голдуу шүлэг бичиж байсан гэрэлт өдрүүддээ би азаар “Гэрэлт хайр” номыг олж уншсан юм даа. Яруу найргаас өөр ном унших ямар ч сонирхолгүй үед минь хамгийн их нөлөөлсөн хүн бол Очирбатын Дашбалбар. Түүний гэрэлт шүлгүүд. Багш минь баахан зохиолчдын нэр цохож, баахан ном уншиж ирэх даалгавар өгсөн хаврын тэр өдөр одоо ч зүрхэнд уяруусал уянгыг ямагт авчирна.

Эмээ л голио чихэр гээд байснаас хожим мэдэхнээ Завхан аймгийн зартай чихэр “САРМАЙ ДЭЭЛТ” л байсан юм билээ. Завхан гэснээс Б.Явуухулан, Я.Баатар гэдэг хоёр ЗАВХАНЫ хүн яруу найраг, уран зохиол хоёрт намайг анхлан замчилсан ачтай. Нэгийнх нь шүлгүүдийг уншиж, нөгөөгийнх нь сургаалаар явжээ. Ц.Дамдинсүрэн “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, Ш.Гаадамбын “Нууц товчооны нууцаас”, С.Дулам “Монгол домогзүйн дүр”, Л.Хүрэлбаатар “Сонгодог уламжлал, монгол яруу найраг”, Н.Гумилев “Хар домог”, Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” номнууд бахдам сайхнаар нэрлэж болох монгол хэлт уран зохиол судлалын чиг баримжаанууд минь байлаа. Одоо ч хэвээрээ. Тэр цагаас хойш С.Дулам, Л. Хүрэлбаатар нар ямар чухам гайхамшигийг бүтээснийг номын олон мэдэх хойно би юу хэлэх вэ?

Е.Богатын “Мөнхийн хүн”, “Хүний ёсноос гажаагүй бол” хоёр номыг уншаад анх удаа амьдралын тухай илүү гүнзгий бясалгасан байх. Рей Бредбери “П гэж пуужин”, “Луу цаг”, “Раамын үлгэрийн цомирлог”, Сент Экзюпери “Бяцхан хун тайж”, И.Герцен “Туулсан замд төрсөн бодол”, М.Ганди “Туулсан замд төрсөн бодол”, “Ертөнцийн нэгэн гал голомт”, “Брүдвейн шөнө” гээд аль багадаа уншсан олон сайхан номнуудаа одоо ч би халуун дотноор дурсдаг. Эмээ , аав, голио чихэр шиг халуун дотноор дурсдаг.

“Хатсан гар”, А.Франс “Ундаассан бурхад”, К.Оэ “Хожимдсон залуус”, Н.Гоголь “Петрбургийн туужис”, Г.Маркес ”Зуун жилийн ганцаардал, Р.Таагүүр “Өргөлийн дуулал”, Иво Андрич ”Дрино голын гүүр”, Э.Хемингуэй “Африкын ногоон толгод”, Эрвин Штритматтер “Өвөг Шульц” гээд гайхамшигт номнуудыг орчуулж өгсөн гадаад хэл усандаа нэвтэрсэн олон мэргэдэд талархаад баршгүй. Тэр л номнуудыг уншиж энэ л ертөнцийн уран зохиолыг гадарлах болсон юм. Хааяа надаас хүмүүс ямар ном уншвал хүүхдүүд минь ухаантай болох вэ? гэж асуудаг. Би ийм тийм ном гэж нэр зааж хэлэхээс төвөгшөөдөг. Тийм үзэмтэй боов хийх шиг жор ном уншихад байхгүй. Би л хувьдаа жороор ном уншаагүй хар зөн, мэдрэмжээ л хөөж ном уншиж өссөн. Нойр хүрвэл хаачихдаг, нүд сэргэвэл цааш нь уншаад хөөчихдөг л байсан. Энэ л хамгийн шалгарсан арга.

Эмээ минь бичиг үсэггүй хүн байлаа. Амьдралдаа нэг ч ном уншиж үзээгүй. Тэглээ ч ном унших чухал гэдгийг харин мэддэг хүн байжээ. Гэтэл одоо хэд хичнээн хэл устай ч ном уншихын чухалыг ойлгоогүй бичиг үсэгтэнгүүд зөндөө байна. Энэ насандаа олон тэрэг ном уншсанаа гайхуулдаг ч амьдрал, ирэх буцах, жам ёс, зүй тогтол, мөн чанарыг огт ойлгоогүй хүмүүс ч зөндөө. Ном унших хувь тавилан мөн ч юм шиг.

Харин би ганцхан зүйлд л хатуу итгэх болсон. Голио чихэр ямар ч амттай байсан номын амтанд хүрэхгүй. Номын амтыг гүйцэхгүй. Харамсалтай нь олон ном голио чихрийн амтанд ч хүрдэггүй. Тэгэхээр ном бичих хийгээд шимтэн унших ХУВЬ ТАВИЛАН мөн ч юм шиг санагдана. “Эмээ ном их уншвал голио чихэр тийм ихээр олдох уу” гэж эргэлзэнгүй асуухад минь хамар дээрээ бурзайсан хөлсөө мойног гараараа арчаад зальтайгаар инээмсэглээд толгой дохиж билээ.

 

Утга зохиол судлаач, шүүмжилэгч, зохиолч ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

("Номтой Нөхөрлөсөн Түүхүүд" номын хэсгээс... "Номтой Нөхөрлөсөн Түүхүүд" ном нь МУИС-ийн 1-р байрны номын дэлгүүрт цөөн тоогоор зарагдаж байна).

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-09

    Like

    • Зочин
    • 2016-11-09

    Super

arrow icon