Украины улстөрд эргэлт хийсэн хүмүүс эх орныхоо тухай элдвийн л мөрөөдөлтэй байсан байж таараа. Европын Холбоонд ойртох, Януковичийг халах гээд л... Гэхдээ тэдний хамгийн гол хүсэл тэмүүлэл хүн төрөлхтөн хэдэн үеэрээ авилга, булхай, эзэрхийлэл дарангуйллын эсрэг тэмцэж ирсэнтэй л адилхан. Тэдэнд дүрмээр ажилладаг ардчилал хэрэгтэй байв.
Үүний учрыг тайлбарлах тийм хэцүү биш. Ардчилсан орнууд тийм бишээсээ илүү орлоготой байдаг, бага байлддаг, авилгатай илүү тэмцдэг. Түүнээс ч илүү чухал нь ардчилал хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн болоод үр хүүхдийнхээ ирээдүйг шийдэх боломж олгодог. Тийм ч болохоор дэлхийн бөмбөрцөгийн эргэн тойронд үй олон хүн энэ үзэлсанааны төлөө, энэ үзэлсанааны уриалан дууддаг бүхний төлөө асар их эрсдэл үүрч тэмцдэг. Даанч сүүлийн үед Киевт болсон шиг уур бухимдал, нэг ижил хэв маягийн үймээн нийслэлээс нийслэлд үзэгдэх болов. Төв талбайдаа цугласан масс. Төрөөс үүрэг авсан, үгэнд орохгүй олон нийт, глобал медиа мэдээнээс залхаж нервтсэн хүчнийхэн. Гэхдээ “мориндоо мордоод” засаглалыг түлхэж унагах амархан, “мориноос буугаад” ардчилал бүтээн байгуулахад зүтгэх амаргүй. Шинэ систем бүтэлгүйтнэ, эдийн засаг хямрана, улс орон мууддаггүй юм гэхэд урд өмнөх шигээ уруудсан хэвээр. Арабын хавар ч, Украйнын “улбар шар” хувьсгал ч ийм хувь заяатай тулгарсан.
Ардчилал өдгөө хэцүү цаг үеийг туулж байна. Эрх мэдэлтнүүдийг өрөөнөөс нь гаргаж хаявч эргээд сөрөг хүчнийхэн нь илүү сайн тогтолцоо барьж чадахгүй. Тэр байтугай ардчиллын арвин түүхтэй улсуудад ч системийн доголдол нүднээ ил болж, улстөрийн хэтийдэл, элийрэл нэгэнт газар авчээ. Уг нь хэдхэн жилийн өмнө ардчилал дэлхийг аваад явчих мэт харагдаж байсан билээ.
Хорьдугаар зууны эхний хагаст ардчилал үзэж болох үйл бүхнийг үзсэн. Германд нацистууд, Энэтхэгийн ядуурал, Африк дахь хядлага. Колонийн төгсгөлүүд Африк, Азид олон шинэ нялх ардчилал төрүүлж, Грект, Испанид, Аргентинд, Бразилд, Чилид авторитар дэглэм ардчилалд байраа тавьж өгсөн. ЗХУ-ын задрал төв Европт олон ардчилсан орон төрүүлэв. АНУ-ын тинктанк Freedom House-ын судалгаагаар 2000 он гэхэд нийт дэлхийн 63 хувь нь ардчилсан системд багтаж байв.
Тэр онд 100 гаран орны төлөөлөгчид Варшавт болсон Ардчиллын Дэлхийн Форумд цуглаж, “хүмүүсийн хүсэл зорго” засгийн эрх мэдлийн үндэс суурь юм гэж тунхаглаж байлаа. АНУ-ын төрийн хэрэг эрхлэх газраас “авторитар, тоталитар дэглэмүүдийн туршилт амжилтгүй болсныг дэлхий харж”, “одоо л нэг юм, ардчилал бол аврал юм” байна гэдгийг ойлгож байх шиг байна” гэж мэдэгдэв.
Хорьдугаар зууны сүүлийн хагаст олсон ололтоо харвал тийнхүүү ардчилалд бардахаас өөр аргагүй байлаа. Өнгөрсөн замаа эргэн харвал ардчиллын ялалт хүний түүхэнд тийм ч түгээмэл үзэгдэл биш байсан билээ. Атены уналтын дараа Соён Гэгээрлийн үе өнгөртөл 2000 орчим жил ичээнд байсан тогтолцоо. 18-р зуунд Америкийн хувьсгал л тулхтай үргэлжилсэн ардчилал төрүүлсөн. 19-р зуунд хаант төрүүд ардчилсан үзэлсанааны эсрэг уйгагүй байлдаж, 20-р зууны эхний хагаст Герман, Испани, Италийн нялх ардчиллууд халагдсан. 1941 он гэхэд олон улсад ардчилсан улс ердөө 11 үлдcэн байв.
Франклин Рузвелт “ардчиллын гал дөлийг муйхар харанхуйгаас хамгаалах боломжгүй” байж магадгүй гэж санаа зовниж байв.
20-р зуунд олсон амжилт даанч 21-р зуун гараад зогсонги байдалд оров. Хэзээ хэзээнээс ч илүү олон хүн, дэлхийн хүн амын 40 хувь чөлөөт сонгуультай улсад амьдарч буй цаг үе ирсэн ч ардчиллын ашиг тус харагдахаа байж, бараг эсрэг үзэгдлүүд олшрох болов. Freedom House 2013 онд дэлхийн эрх чөлөө найм дахь жилдээ дараалан муудаж байна гэж анхааруулав. Эрх чөлөөний индекс хоёр зуун солигдох үеэр оргилдоо хүрснээс хойш унаж яваа гэсэн үг.
1980-2000 онд ардчилалд айхтар том асуудал цөөн гарсан бол 2000 он гарснаас хойш нэмэгдэж ирэв. Зөвхөн тоо төдийгүй цар хүрээний хувьд илүү далайцтай, гүн гүнзгий болжээ. Ихэнх нэрлэсэн ардчиллууд нэг хүний засаглал руу хазайж, сонгуультай мэт харагдавч ардчиллын үндсэн ажиллагааг хангах ёстой эрхүүд, институцууд байхгүй өнгөц тогтолцоо олшров.
Кайро, Киев зэрэг шиг нэр хүндгүй эрх мэдлийн эсрэг тэмцэл амжилт олмогц ардчилалд итгэх итгэлийн гал үе үе асах боловч эргээд унтарсаар. Барууны ертөнцөөс гадуур бол “ардчилагдахын” хэрээр уруудах үзэгдэл түгээмэл болов. Баруун дотроо бол ардчилал өр, үл ажиллах тогтолцоо, гадагшаа хэт оролцоо хийсэнтэй холбогдох ойлголт болжээ. Ардчилал шүүмжгүй явсан удаагүй, гэвч энэ мэт асуудал олшрохын хэрээр хуучны критикүүд үнэд орж, үзэл санааны нөлөөллийн доройтол хаа сайгүй мэдрэгдэх болов. Ардчилал яагаад эрчээ алдав, юунаас болов?
Түүх эргэх нь
Нэгдүгээрт, хоёр гол шалтгаан бий, нэг нь 2007-2008 оны санхүүгийн хямрал, нөгөө нь Хятадын хүчирхэгжилт. Санхүүгийн хямрал сэтгэлзүйн ба санхүүгийн улмөр үлдээв. Уг хямрал барууны ертөнцийн улстөрийн системийн суурь доголдлыг илчлэн харуулж, нэгэн цагт тэдний хамгийн том хөрөнгө байсан өөртөө итгэх итгэлийг үгүй хийв. Олон арван жилийн туршид засгийн газрууд зарцуулалтаа нэмэгдүүлж, эрхээ нэмж, өр хуримтлуулж, улстөрчид унаж босдог эдийн засгийн циклийг үгүй хийлээ гэж барддаг болоод байв. Засгийн газрууд татвар төлөгчдийн мөнгөөр банкируудыг аварч, тэд нар нь асар их бонустай ажлаа гайхуулахуй дор улстөрийн системээ сайн ажиллаж байгаад гүн гүнзгий итгэж согтсон хүн улам олширч байв. Хямралаар Вашингтоны гэрээ(хүйтэн дайн дуусахад зураглагдсан эдийн засгийн реформын багц. орч)-ний нэр хүнд хөгжиж буй орнуудад шалдаа бууж, буруутгагдахад хүргэв.
Тэр зуур Хятадын Коммунист Нам ардчилсан ертөнцийнхний монопольдож ирсэн эдийн засгийн талбарт хүч түрэн орж ирэв. Харвардын Их Сургуулийн профессор Ларри Саммерсын хэлж байгаагаар
АНУ хамгийн хурдтай хөгжиж байсан үедээ амьдралын чанарыг 30 жилд хоёр дахин сайжруулах хурдаар өсөж байсан
аж. Харин Хятадын элитүүдийн үзэж байгаагаар бол ХКН-аар удирдуулсан тэдний загвар буюу хамаг шилдэгээ дээш тавих хувилбар ардчиллаас хамаагүй үр дүнтэй агаад согог гажуудал багатай аж. Улстөрийн лидерүүд үе халагдаж, шинэ хүчээр цус сэлбэж, ур чадвараас хамаарч ахиж дэвших тул ажлаа илүү үр дүнтэй хийнэ гэнэ.
Энэ систем нь эдийн засгийн өсөлт авчирч байх юм бол олонх хятад хүн боломжийн гэж үзэж байна. 2013 оны Global Attitude-ээс хийсэн Pew судалгаагаар АНУ дахь 31 хувьтай харьцуулахад Хятадад 85 хувь нь улс орныхоо явж байгаа чигт сэтгэл хангалуун
байгаа дүн гарчээ. Фудан их сургуулийн профессор Жан Вэивэигийн үзэж байгаагаар ардчилал барууныг, нэн ялангуяа АНУ-г сөнөөж байгаа агаад түүний шалтгаан нь гарах гарцгүй асуудлууд, шийдэл гаргах чадамжгүй засаг, бага Жорж Буш мэт ерөнхийлөгчийг төрүүлдэгт байгаа аж. Бээжингийн их сургуулийн Ю Кепингийн хэлж буйгаар ардчилал энгийн зүйлсийг
“хэрэгцээгүй ярвигтай ба хөнгөн хийсвэр” болгож “хэдэн гоё ярьдаг улстөрчид хүмүүсийг буруу тийш хөтлөхөд”
хүргэдэг гэнэ. Мөн Бээжингийн их сургуулийн Ван Жиси
“
Барууны үнэт зүйл, улстөрийн системийг нэвтрүүлсэн олон орон дэг замбараагүйдэл, хаос байдалд орсон
”
байгааг ажигласан агаад Хятад маягийн өөр хөгжлийн загвар санал болгох болов. Африк(Руанда), Дундад Дорнод(Дубай), Ази(Вьетнам) энэ саналыг нь нухацтай авч үзэх хандлагатай.
Хятадын амжилт өмнө өгүүлсэн 2000-аад оноос хойших ардчиллын бүтэлгүйтэл дунд улам тодорч харагдах болов. Хамгийн эхэнд хамгийн том бүдэрсэн нь ОХУ байлаа. 1989 онд Берлиний хана нурсны дараа Орост ардчиллаас өөр сонголт үлдээгүй мэт харагдаж байв. 1990-өөд онд Борис Елциний удирдлага дор хэдэн “согтуу” арга хэмжээ авсны дараа 1999 онд хуучны КГБ-ын ажилтан Владимар Путин төрийн эрхэнд гарч, нэг удаа ерөнхий сайд, хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Путин хэмээх постмодерн “царь” Оросын ардчиллын үндсийг устгаж, хэвлэлийг хянаж, сөрөг хүчнээ хорихын сацуу бүгд сонгууль өгч-улмаар мань хүн сонгогдох эрхтэй маягийн шоуг үргэлжлүүлж ирэв. Венесуэль, Украйн, Аргентин өөр бас бусгазарт дууриах үзэгдэл газар авч, нэгмөр ардчилсан биш гэж зарлахын оронд сүүдрийн төдий ардчилал хийж тоглох болсон нь системийн нэр хүндэд улам том сүүдэр тусгах болов.
Хямрал ба Хятадаас гадна Иракийн дайн бас нэрмээс болсон. Саддам Хуссейны массаар сөнөөх зэвсгийн үлгэр 2003 оны Америкийн халдлагаар худлаа болох тэр үес Буш халдан довтолсноо эрх чөлөө, ардчиллын төлөө гэж зөвтгөсөн юм. Буш “Улс үндэстнүүдэд ардчиллыг авчрахын төлөө гар нийлсэн хичээл зүтгэл бол манай дайснуудын ялагдлын оршил юм” гэж хоёр дахь удаа ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хэлж байлаа. Ингэж хэлсэн нь жирийн нэг өөдрөг үзэл байсангүй. Буш Ойрхи Дорнод, Дундад Дорнодыг тэдний дарангуйлагчдын гарт үлдэх юм бол цус урсгасан терроризмын талбар хэвээр байна гэж үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Даанч энэ дайн, энэ зөвтгөл нь ардчиллын үйл хэрэгт том гарз авчирсан. Зүүний үзэлтнүүд ардчиллыг зүгээр л Америкийн империализмын урдаа барих зэвсэг гэж үзэх болж, гадаад бодлогын риалистууд Иракийн хаосыг Америкаар удирдуулсан ардчиллын авчирдаг тогтворгүй байдлын бэлэг тэмдэг гэж тайлбарлах боллоо. Франсис Фукуяма нарын нойрноос сэрсэн нео-консерватив, Америкийн улстөр судлаачид энэ дайныг ардчилал бат бэх хөгжлийн хөрсөнд үрсэлгээ хийж чадахгүйгийн баталгаа гэж хүртэл үзэх болжээ.
Гуравдахь том ухралт Египтед гарав. 2011 онд Хосни Мубаракын дэглэм унамагц асар далайцтай эсэргүүцлийн жагсаалууд Дундад, Ойрхи Дорнодод ардчилсан тогтолцоо бий болох итгэл найдвар төрүүлж байлаа. Даанч Египтийн сонгуульд өөрсдөө хэд хуваагдаж орхисон либерал тэмцэгчид биш Мухаммад Морсигийн “Исламийн Ахан Дүүс” ялав. Морси ардчиллыг “ялсан нь бүгдийг авдаг” систем гэж үзэж, улсыг Исламын Ахан Дүүсийн гарт өгөөд байнгын Исламийн олонхи бүхий дээд танхим байгуулж, өөртөө хязгааргүй эрх мэдэл өгөв. 2013 оны 7 сард арми нэмэгдэж, Египтийн анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг баривчлаад үй олон эсэргүүцэгчдийг буудаж хөнөөв. Сири дахь дайн, Ливи дахь анархи нэмэгдээд Арабын хавар ардчиллын хөгжил цэцэглэлтэд хөтлөх итгэл найдварыг үгүй хийвэй.
Тэр зуур ардчиллыг нэвтрүүлсэн зарим орны бал сар бас дуусав. 1994 онд ардчилагдсанаасаа хойш Африкын Үндэсний Конгресс гэх нэг намаар удирдуулж ирсэн Өмнөд Африк амиа бодох замд орж, нэгэнтээ аядуу Ислам ба ардчиллыг зэрэгцүүлэх шинжтэй байсан Турк коррупц, эрх мэдэлд живж ирэв. Үүний дээр Бангладеш, Тайланд, Камбожийн сөрөг хүчний намууд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсах үзэгдэл нэмэгдэнэ.
Энэ бүхэн ардчиллын тулгуур институцуудыг барьж байгуулахад цаг хугацаа хэрэгтэйг харуулж, нэг суулгасан бол цэцэглэнэ хэмээх нэгэн цагт нэн их моодонд орсон итгэл үнэмшилд сүүдэр тусгав. Буш, Тони Блэир нарын хэлснээр ардчилал “универсал аргачлал” байж болох ч соёлоос ургадаг, соёлд түшиглэдэг практик аж. Барууны орнууд ихэнх нь хүний эрх, бие даасан шүүхийн төлөөх үзэл санааг шүтдэг нийгмүүдэд хүчирхэг төрийн үйлчилгээ ба үндсэн хуульт эрх бүхий ул суурьтай сайтар боловсруулсан улстөрийн тогтолцоо нэвтрүүлсний дараа сонгох эрхийг нэмэгдүүлж иржээ.
Тийм байтал шинэ нялх ардчилалд үлгэр дууриал болох ёстой тэдгээр орнуудын систем ч хуучирч, сайн ажиллахгүй байгаа шинж тэмдгүүд илрэх болов. АНУ өөрөө гарах гарцгүй олон асуудалтай агаар нэг сонсогдох болж, хоёр ч удаа дефолт хийхдээ тултлаа партизанууд төсвөөр улстөр хийдэг газар болжээ. Америкийн ардчилал тамга атгаж байгаа нь эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд үндсэн хуулийн зааг хязгаараа хүртэл өөрчлөх жишээний дур зоргоороо улстөрийн коррупцад нэрвэгдэх болов. Ийм асуудал зөвхөн намдаа үнэнчээ тунхаглах хэрэгцээг төрүүлж, тэр нь олон сонгогчдоос эрхийг нь булаах үр дагавар дагуулав. Мөнгө хэзээ хэзээнээс чанга дугарах болов. Конгрессийн нэг гишүүн бүрт 20 ногдох олон мянган лоббистууд тусгай эрхийн төлөө хууль батлуулах урт жагсаалт дээр очерлох болов. Энэ бүхэн Америкийн ардчиллыг бараа мэт, баячуудын зэвсэг мэт харагдуулах болжээ. Ингээд Америкийн имиж, улмаар ардчиллын өөрийнх нь үнэ хүнд шаварт унав.
Европын Холбоо ч ардчиллын бэлэг тэмдэг байж чадсангүй. 1999 онд евро нэвтрүүлэхэд технократууд л алга ташин хүлээж авсан ба зөвхөн Дани, Швед хоёр л санал асуулга явуулсан(аль аль нь эсэргүүцсэн дүнтэй гарсан) . Брусселд их хүчнүүдийг нэгтгэсэн Лисбоны Гэрээн дээр олон нийтээс дэмжлэх авах оролдлого орхигдсон. Еврогийн хямралын оргил үеэр евро-элитүүд Итали, Грекийн ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагчдыг технократуудаар солих болзол тулгасан. Европын ардчиллын гажуудлыг засах урагшгүй оролдлого болох Европын Парламент үл тоогдохын дээр үзэн ядагдахад хүрэв. Ингээд Европын Холбоо Францад гэхэд ард түмнийг их зантай, юу ч чадахгүй элитүүдээс хамгаалах Маринэ ЛюПений Үндэсний Фронт, Нидерландад Геерт Вилдерийн Эрх Чөлөөний төлөө Нам зэрэг популист намуудын үржлийн өлгий нутаг болж ирэв. Грекийн Алтан Гэгээ нам бол ардчилсан орнууд нацист маягийн намыг хэр удаан тэсэх эсэхийг шалгах тэст болж хувираад байна. Европт популистуудыг номхруулах зорилготой мэндэлсэн систем эсрэгээрээ тэдний эргэн сэргэх хөрс болжээ.
Үргэлжлэл бий (2-р хэсэг: Ардчиллыг аврах нь)
Ардчилал бараг л төгсгөлийн шатандаа ирээд байгаа мэт. Одоо явуулж буй зарим үйл ажиллагаа төгсгөлийг улам хурдлуулах. Мэдээж ардчилал хүмүүсийн хамгийн хайртай хамгаалах ёстой ололтын нэг ч өнөөдөр тэр жагсаалтанд нэр хүндээ алдсаар. Ардчилалын эх суурь олон оронд хязгааргүй эрх чөлөө мэт санагдаж зүтгэж босгосон. Гэтэл сүргийн нийгэм ямар нэгэн дарангуйлалгүйгээр оршин тогтнох бараг ямар ч боломж байхгүй. Амьтны ферм бол тэр чигээрээ л ардчиллыг шүүмжилсэн бүтээл. Гахайнууд бол яг л манай болон олон орны удирдагч нарын үнэн төрх. Феодализм ч цагтаа ингэж хөгширч унаж байсан үе. Өнөөдөр хэн ч юу ч амлаад тэгш эрх нэг гараа гэдэг ойлголт ардчилал бүхий олон газарт үлгэр болж байна. Ардчилал нэрийн цаана нуугдах авилгал булхай нь хэрээс хэтэрсэн тал олон газар бий. Хүмүүс цатгалан ажил хийх хүсэлгүй байна. Нэг ёсондоо ардчилал цадсан гэж хэлж болох цатгалан байдал сайн сайхныг төрүүлсэн удаа бий билүү. Нэрийг нь солилтой нь биш өнгийг нь солих болждээ.
Ардчиллын тухай ойлгодог чам шиг хүмүүст байна даа. Ардчилал хэн нэг хүний хэлсэн гоё үг биш. Тэгээд ч Ардилал гээд хоосон үг биш.