Сайн муу хоёр мэдээ байна, сайнаас нь эхлэдэг жишигтэй билүү?
Хог хаягдал ялгагч робот
Испани улсын саяхан байгуулагдсан компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, роботын технологи хөгжүүлдэг Садако Техноложис гарааны компани нь хиймэл оюун ухаан, компьютерийн харааны технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хог хаягдал ялган боловсруулах үйлдвэрийг автоматжуулж, бүтээмжийг нь сайжруулсан Wall-B робот-гар бүтээлээр “Дэлхийн шилдэг роботын гарааны компани” шагнал, мөн "NVidia's Early Stage Challenge" уралдаанд түрүүлж 100,000$ шагналуудыг гардан авчээ.
Тэгэхээр уг роботын эдийн засгийн үр ашиг, тоон үзүүлэлтийг нь сонирхоё, тус компанийн танилцуулгад нь дурдсанаар дэлхий дээр жилд 1.9 тэрбум тонн хог хаягдал үүсдэгээс 13%-ыг нь дахин боловсруулахаар ялган авч чаддаг байна. Үлдсэн 87% нь шатаагдах юм уу, шууд хаягддаг.
Ганц ширхэг ийм робот-гар нь 1ш хаягдал материалыг ~3 секундэд ялгах чадвартай ба жилд нийт 1.8 сая ширхэг хаягдал материал буюу 200 тонн хаягдалыг дамжлага дээрээс шүүн авч чадна. Энэ нь ойролцоогоор 100,000 еврогийн үнэ бүхий хаягдалыг хог болж шатахаас авч үлддэг гэнэ.
Өөрөөр хэлбэл, уг робот-гар нь камерийн тусламжтайгаар ундааны хуванцар сав, лааз гэх мэт дахин боловсруулагддаг хаягдал (хоёрдогч түүхий эд) материалуудыг хүнтэй адил түвшинд ялган таньж чаддаг компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, робот инженерчлэлийн технологийн дэвшлийг ашигласан гэсэн үг юм.
За муу мэдээ нь,
Хог хаягдал ялгагч хүмүүс
Манай нийслэл хотын Цагаан давааны хогийн цэг гэж байдаг ба тэнд сардаа 30 мянган тонн хог хаягддаг гэхээр жилд 260 мянган тонн хог хаягдана.
Өмнөх жишээнээс гол ялгаа нь энд хоёрдогч түүхий эд материалыг робот биш "нинжа" гэж нэрлэгдэх хүмүүс очиж түүн, ялгадаг байна. Хог хаягдлын менежмент нь тусдаа асуудал тул сөхсөнгүй, энд зөвхөн технологийн нүдээр харж байгааг ойлгож байгаа биз ээ. Мөн эдгээр хоёрдогч түүхий эдийг ялган хөдөлмөрлөж буй "нинжа" гэгдэх хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Харин ч нэгэнт хаягдаж байгаа зүйлсийг хүнд хэцүү орчин нөхцөлд, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж авч үлдэн амьдралаа залгуулж байгаа нь сайн хэрэг.
Гол нь хог хаягдал ангилж буй дээрх хоёр гар (arm)-ын ялгааг харуулахаар хичээсэн болно. Тэд болон бидний ялгааны талаар ганцхан жишээг авахад ийм байна.
Сэтгэгдэл бичих