Эхний хэсэг: Шинжлэх ухаан: Багахан таргалах гэмгүй гэдэг үнэн үү?
Хүний бие үүсэл хөгжлийн явцдаа тэжээлийн илүүдэлд байж үзээгүй
болохоор тарган байхад зохицолдоогүй юм. Хүйтнээс хамгаалахын тулд арьстай үстэй амьтныг агнах тархи хөгжсөнөөс өөрт ноос, өөх байхгүй. Энерги их хэрэглэдэг тархитай болж хөгжсөн болохоор тогтмол хөдөлж, тэжээл хайж байх шаардлагатай байв. Араа, савар, хуяг байхгүй болхоор ухаан, хөдөлгөөн хоёроороо амьдрахын төлөө тэмцдэг учир их жинтэй байх нь харин ч сул тал болно. Даанч хүн үүссэнээс хойших ихэнх хугацаандаа өлмөн зэлмэн байсан болохоор тарга тэвээргийг сайн сайхантай зүйрлэж иржээ. Бүр саяхан болтол нацист германд эмэгтэй кино жүжигчид нь гуя зузаантай, махтай шөлтэй байх ёстой гэж Гөеббэлс айлдаж байсан аж. Бодвол хүүхэд гаргаад, тэжээгээд, аюул тулгарвал араатан амьтнаас зугтчихаар бядтай эмэгчинтэй хүүхдээ өсгөх нь үр удмаа үлдээх магадлалыг нэмэгдүүлдэг байсан биз.
Харин хүнс элбэг болсон орчин үед тарга тэвээрэг өөр утгатай болжээ. Туранхай өлмөн байхад сайн сайхан зүйл мэт байсан бол таргалаад үзмэгц хүний биед зохихгүй нь батлагдаж, түүний хэрээр туранхай гоо сайхны хэмжүүрүүд моодонд орох болов. Амьтны амьд явах нэг гол нөхцөл нь өдөр тутмын энергийн зарцуулалт болон дотоод гэмтэл, өвчин, гадны шимэгч, халдвартай тэмцэх явцад зарцуулах энергийн хэрэгцээг нарийн зохицуулах чадвар байдаг. Өвчтэй үедээ дархлаандаа зарцуулна, эрүүл үедээ чадлаа нөөнө. Зарим шавьж, ялаанд одоо хүртэл энерги хадгалах, үрэвсэл удирдах хоёр үүргийг нэг эрхтэн хангадаг байна. Харин хүний хувьслын явцад энэ хоёр чухал үүргийг гүйцэтгэдэг эд эсүүд төрөлжиж салсан ч үйл ажилгааны механизм, дохио удирдлагын тогтолцоо нь олон талаараа хадгалагдаж ирсэн. Таргалалт нь үрэвслийн төрлийн өөрчлөлт гэх мэт хэд хэдэн чухал, аюултай өөрчлөлт биед үүсэх үндэс болдог байна.
Тэжээлийн илүүдлийн үед эсийн метаболизмын хамгийн чухал бүрэлдэхүүн болох глюкозын хэвийн зохицуулга алдагдаж цусанд хэт нэмэгдэх ч тэр нь эсэд нэвтрэж чадахгуйн улмаас эд эсийн тэжээлийн хангамж муудна. Нэг талд илүүдэл энерги нь элэгний эс болон судасны хананд гликоген, өөх тос болон хуримтлагдана- элэгний өөхжилт, нөгөө талд судас, мэдрэлийн эсүүд чихрэндээ хордож эхэлнэ. Даралт ихсэнэ, судас хатуурна, бөглөрнө, бөөр, нүд гэмтэнэ, чихрийн шижингийн шинж тэмдэгүүд илэрч эхлэнэ. Судасны хатуурал бөглөрөл, нэмээд өндөр даралт нь судасны хананд гэмтэл амархан учруулна. Ямар ч эрхтний судас гэмтэж болох ч тархи, зүрхний судасны гэмтэл хамгийн хор дагавартай. Харвалт, шигдээсний шалтгаантай нас баралт Монгол Улсад бүх нас баралтын 35%-ыг эзлэж байна
. Гэхдээ нүд, бөөр, хөлний судасны өвчнүүд ч гэсэн хүнд өвчин үүсгэдэг. Энэ бүх өөрчлөлтүүд олон жилийн туршид, аажмаар, чимээгүй үүсдэг болхоор ихэнх хүмүүс анзаарч, хайхардаггүй нь монголчуудын эрт нас баралт, бага дундаж наслалтын хамгийн том шалтгаан болж байна.
Хамгийн гол нь хүн өөрөө эрүүл мэнддээ жоохон л анхаарал тавихад л олон зүйлийг шийдэж болно
гэдэгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Багахан гүзээний цаана нь зөндөө их өөх тос элэг, судсанд чинь суусан байна гэсэн үг, биеийн жингийн индексээ ядаж 30-аас доош оруул. Хааяа л нэг хүзүү хөшдөг чинь даралт нэмэгдээд эхэлчихсэн л байна гэсэн үг, бас л жингээ бууруулах хэрэгтэй. Шаардлагатай бол даралтны эм тогтмол ууж байх хэрэгтэй. Эхонд элэг чинь бага зэрэг өөхөлсөн л байна гэж гарсан бол цаанаа зөндөө их өөхөлсөн байна гэсэн үг. Өөхөлсөн элэг үрэвсэх нь амархан, манайхан шиг вирустай, архи их уудаг хүмүүст бол элэг хатуурлын явцыг маш ихээр хурдасгаж байна гэсэн үг. Илүүдэл жинтэй бол даралтаа хянаж бай, боломж олдвол цусныхаа чихрийг бас хянуулж байх хэрэгтэй. Нас явсан одоо өнгөрсөн гэж бодолгүй настай хүмүүс ч гэсэн одооноос биеийн жингээ зөв болгох хэрэгтэй. Багахан арчилгаагаар их хор хөнөөлөөс өөрсдийгөө хамгаалж болдог юм шүү.