Нийтлэл 12 сарын 01, 2016

АМАРГҮЙ СОРИЛТ

1945 оны зургаан сард Лондон хот дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяр баясгаланд умбасан хэвээрээ байлаа. Английн хуурай замын цэргийн жавхалзсан залуу хурандаа Браун метроны нэгдүгээр шугамын гарцан дээр зогсчихоод ойролцоох барилгын орой дээрх том цагийг байн байн хяламхийн харна. «Арван найман цаг болоход арван хоёр минут үлдээд байна.» хэмээн хурандаа Браун сэтгэл дотроо бодлоо. «Дайн дажны хүнд хүчрийг туулж өнгөрүүлсэн энэ залуу хурандаагийн сэтгэл зүрхийг ямархан учрал тохиол тэгтэл их догдлуулсан юм бол доо?» хэмээн уншигч авгай нар гайхаж байгаа буй за. Урт удаан хугацааны турш өдрийн бодол шөнийн зүүд болж ирсэн болзоот бүсгүйгээ хүлээсэн байж таарна хэмээн хэр баргийн хүн таагаад хэлчих байх л даа. Үнэндээ ч тийм юм. Тэр бүсгүйн тухай төсөөлөн бодохуйяа Брауны сэтгэлд өнийн бахдам сайхан дурсамж ургаад ирлээ.


* * *
1942 оны 5 сард цэрэгт дөнгөж шинээр татагдсан Браун хамгийн ширүүн тулалдаан өрнөж байсан Умард африкийн фронт руу илгээгджээ. Мань хүн тэнд Германы армийн хамгийн шалгарсан хүч  болох Африкийн бүлэглэлийн цэргүүдтэй нүүр тулах учиртай болсон юм. Нэг удаа Брауны харьяалагддаг анги чухал түшиц газрыг хамгаалах даалгавар аваад окопоо ухаж ч завдаагүй байтал Германчууд тэдэн рүү ширүүн довтлоод эхлэжээ. Урьд өмнө дарийн утаа ч үнэрлэж үзээгүй Брауны хувьд анхны тулалдаан дэндүү аймшигтай санагдсаны улмаас газар дээрээ «Дайны айдас» нэрт сэтгэцийн эмгэгтэй болон хувирсан гэдэг. Тэр удаагийн тулалдааны явцад Браун анги нэгтгэлийнхээ гурван мянга шахам дайчдын хамт Германчуудад олзлогдсон аж. Германчууд олзны цэргүүдийг аймшигтай яргалдаг хэмээн дуулсан Брауны айдас хүйдэс улам илүү ихээр нэмэгдсэн байж таарна. Германы цэргүүд тэр олон олзлогсдыг тууж явахаас төвөгшөөгөөд удалгүй автоматаар шүршиж эхлэхэд нь Браун яаран газар унаад үхсэн мэт дүр эсгээд хэвтчихсэн юм. Тэр арга нь ашиг тусаа өгөөд дайснууд түүнийг анзааралгүй яваад өгчээ. Герман цэргүүд яваад өгсний дараа тэр шөнийн бараан хөшгөөр халхавчлан олон цогцосны дундаас арайхийн босоод өөрсдийнхөө байрлалыг тэмцэн явсаар эцэс сүүлдээ харьяа ангиа олж очсон байна. Гэвч тэр цагаас хойш түүний айдас хүйдэс улам бүр нэмэгдсээр сүр сүлдгүй амьтан өдөр хоногийг өнгөрөөх болсон төдийгүй буун дуу сонсох төдийхөнд байлдах нь байтугай амь нь гарахаас арай наахнуур юм болдог байжээ. Сүүлдээ тэр цэргээс оргон зайлаад Англидаа буцан очиж гэр орныхонтойгоо уулздаг юм бил үү гэж бодох болсон байна. Хулчгар цэрэг Браун «Дайны айдас» эмгэгт тарчлан зовж байхад нэг ер бусын ном түүнийг дотоод сэтгэлийн тарчлаанаас гэтэлгэн ангижруулж шинэ амьдралтай учруулсан гэдэг.
Нэг өдрийн үд дунд Браун дайчин анд нөхдийн хамтаар амарч байлаа. Энэ үеэр хорооны штабын дарга гартаа баахан ном тэвэрчихээд хүрч ирэв. Тэр цэргүүд рүү дөтлөн ирэх зуур: «Ном ирлээ шүү! Ном уншаарай!» хэмээн хашгирч байжээ. Цэргүүд нь ч түүнийг бүчин авцгаав. 1942 онд английн хэвлэлийн хүрээнийхэн «Сайн номыг баатруудад илгээцгээе!» хэмээх аян өрнүүлснээр улс орон даяар цэрэг дайчдын санаа сэтгэлийг сэргээхүйц сайн номыг цуглуулж цэргийн шуудангаар үнэ төлбөргүй фронтын тэргүүн шугам руу хүргэж эхлэсний түрүүч нь тийнхүү хүрэлцэн ирсэн нь энэ ажгуу. Тэдгээр номын дотор тагнуултай зохиол, ариун хайрын түүх, чадварлаг эссе бичлэг хийгээд алдартай эх орончдын намтар зэрэг бүтээлүүд зонхилж байлаа. Гэвч тэдгээр зохиол өөрийнх нь дотоод сэтгэлийн гүнд бугшсан айдас хүйдсийг анагаахад нэмэртэй юм биш гээд Браун тоож ч харсангүй. Тэгээд тэр цааш эргэн явах гэтэл нэгэн номын гарчиг өөрийн эрхгүй түүний анхаарлыг хамгаас илүүтэй ихээр татжээ. «Их бууны галын дор сэтгэлийн тэнцвэрийг хэрхин олох тухай» хэмээх уг номын нэр түүний нүдэнд тод томруунаар тусчээ. Браун тэр номыг шүүрэн аваад ангасан адуу ус залгилах мэт шимтэн уншиж эхлэв. Баялаг агуулга, уран нарийн бичлэгтэйн зэрэгцээ гүн санаа агуулан, чин сэтгэл шингэсэн тэрхүү бүтээл Браунд үнэхээр их таалагджээ. Зохиолч эртний Грекээс 1936 оны Испаний иргэний дайн хүртэл 2000 жилийн турш хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн дайн тулалдааныг бодит жишээ болгон аваад үе үеийн дайчид үхэлтэй халз тулгарах үедээ айдсыг хэрхин дарж бодит байдал лугаа зоригтой нүүр тулж байсныг тодорхой өгүүлжээ. Тэр тусмаа уг зохиолд дор дурдсан нэгэн бичлэг байсан нь Брауны сэтгэлийг хамгаас илүүтэй ихээр догдлуулж чадсан юм.

«Нээрэн ч үхэхийг хүсдэг хэн байх билээ. Гэхдээ дайны явцад олон арван дайчин эрс үхэлтэй халз тулгарах жамтай байдаг. Хэдий тийм боловч Британий арлууд дээр дайны гал дүрэлзэн асаж Англи улсын маань хөөрхөн балчир үрс өлсгөлөнд нэрвэгдэн, ачит эхийгээ аймшигт зовлон лугаа битгий учраасай гэж сүслэн залбирдаг цэрэг эр бүхэн дайны талбар дээр үхлийн аюулыг сөрөн зоригтой тулалдах хэрэгтэй болж таарна. Хэрвээ чи тэгж л чадах бөгөөс хожим хойчид дурсагдах аугаа гавьяа байгуулаад алтан амиа эх орондоо өргөсөн эсэх нь гол бус, олны жишгээр сүр дуулиангүй чимээгүйхэн нүд аньсан байлаа ч гэсэн нэр нь тодроогүй баатар эрсийн хөшөө бунхан дээр чиний гэгээн ариун сүнс тамгалагдан үлдэх нь тодорхой бөлгөө. Тэгж чадсаны төлөө эцэг эх чинь хайртай хүү чамайгаа ямагт бахархан дурсах нь ч ойлгомжтой.»

хэмээн унших мөчид Брауны сэтгэл омогшин огшиж үхлээс эмээх айдас хүйдэс арчигдсан мэт ор мөргүй үгүй болсон аж. Харин түүний оронд эх орныхоо төлөө эрэлхгээр тулалдах учиртай гэсэн үүрэг ухамсар сэтгэлийн цээлд байр сууриа баттай эзлэсэн байлаа.
Түүнээс хойш Браун тэр номыг өврөөсөө салгалгүй нандигнан хадгалж хүнд хэцүү сорилт тулгарах бүрт түүнийгээ гаргаж ирээд амтархан унших болжээ. 1942 оны 10 сард Брауны харьяалагддаг Английн наймдугаар арми Монтгомери жанжингийн удирдлагаар алдарт Аламейнгийн тулалдааныг эхлүүлэв. Уг тулалдаанд Браун эрэлхэг зоригтой тулалдсан тул ахмад цолоор шагнуулсан байна. Нэг өдөр тулалдаан завсарласан сиймхийг ашиглан Браун өөрийн хайртай номын хуудсыг эргүүлэн харж байтал уг номын зохиогч Жүдит хэмээх нэртэй залуухан бүсгүй байсныг олж мэдсэн юм. Тэрхэн агшинд арвин мэдлэгтэй, бусдын санаа сэтгэлийг сайтар ойлгодог, дур булаам сайхан бүсгүйн дүр төрх түүний тархинд урган гарч ирэх шиг санагджээ. «Энэ бүсгүйд захиа бичээд үзвэл яадаг бол?» гэсэн этгээд сонин бодол ч түүний сэтгэлийг эзэмдэх болов. Ингээд тэр Жүдитэд бичсэн анхны захиандаа түүний ном өөрийнх нь санаа сэтгэлийг давхар тарчлаан зовоож байсан айдас хүйдсийг хэрхин анагаан эмчилсэн тухай тоочин өгүүлж эцэс сүүлд нь гүн талархлаа илэрхийлсэн байна. Мань хүн уг захиаг бичиж байх үедээ хариу ирэх болов уу хэмээн огт горьдоогүй бөлгөө. Гэтэл хагас сарын дараа тэр Жүдитийн хариу захиаг хүлээн авснаар тэр хоёр захидлаар байнга харилцах болжээ. Жүдитээс захидал ирэхгүй жаахан алгуурлах бөгөөс тэр байж ядан үймрэх болсон юм.
1943 онд дэлхийн хоёрдугаар дайны африк тивд өрнөсөн тулалдаан Английн цэргийн ялалтаар төгссөнийг бид бүхэн мэднэ. Тэр үед хошууч цолтой болж амжсан Браун Европ тивд ид өрнөж байсан дайнд оролцохоор хөлгийн жолоог залжээ. Жүдит тэр хоёрын захидал харилцаа энэ зуур огтхон ч тасалдаагүй бөгөөд сэтгэлийн сэжмээр холбогдож бие биестээ тэртээ холоос улам илүүтэй ихээр татагдах болсон нь бичсэн үг үсэгнээс ойлгогдох болсон юм. Нэг удаа Браун хайртай бүсгүйгээсээ зургаа явуулаач гэсэн хүсэлтийг захиандаа дайн явуулжээ. Гэсэн хэдий ч Жүдит түүний хүсэлтийг болгоолгүй хариу захиандаа: «Чи өөрийн захиандаа олонтоо дурддагчлан миний өвөрмөц зан чанар, халгисан авьяас хийгээд гүн гүнзий санаа бодолд татагдан дурладаг бөгөөс өдгөө заавал царай төрхийг минь харах гэхийн хэрэг юусан билээ? Хэрвээ чиний намайг гэсэн хайр чин зүрхний гүнээс ундран гарсан юм бол миний царай төрх үзэсгэлэнтэй эсэх нь төдийлөн хамаатай гэж үү? Хэрвээ би жирийн л нэг байдаг бүсгүй, тэр ч байтугай царай муутай нэгэн болохыг үзээд чиний надад тэмүүлэх хайр сэтгэл чинь дундарч дуусчихвал яанам билээ.» хэмээн бичсэн байхыг үзээд Браун гашуунаар инээвхийлэн толгой сэгсрээд өнгөрчээ.
1945 оны таван сард дайн дуусахад хурандаа цолтой болон дэвшсэн Браун эх орондоо эргэн очих боломжтой болов. Тэр нутаг буцахын өмнө Жүдитэд бичсэн захиандаа уулзахыг тэсгэлгүй их хүсэж байгаагаа уламжилжээ. Удаж төдөлгүй Жүдитээс ирүүлсэн цахилгаанд:

«Хоёулаа Лондонгийн метроны нэгдүгээр шугамын гарцан дээр уулзацгаая! Тэр үед чи миний бичсэн номыг гартаа барьчихаад хүлээж байгаарай! Би Англи улсынхаа бэлгэдэл болсон улаан сарнайг энгэртээ зүүчихээд чамайгаа хүлээж байх болно. Гэхдээ би чам дээр түрүүлж очихгүй. Чамд миний дүр төрх таалагдахгүй бөгөөс танихгүй царайлаад өнгөрчих боломж байгаа шүү!»

хэмээн бичсэн байжээ.
* * *
Оройн 18 цаг болоход хурандаа Браун энэ бүх дурсамжаас бодит байдал руу эргэн ирлээ. Тэр хайртай бүсгүйгээ одоохон гараад ирэх байх даа хэмээн горь дүүрэн нүдээр метроны гарц руу ширтэн харав. Энэ үеэр ногоон даашинз өмссөн алтан шаргал үс, улаахан уруул, танан цагаан шүдтэй гунхсан сайхан бүсгүй түүнийг чиглэн ирэхийг Браун олж хараад тэсгэлгүй ихээр баярлажээ. Гэвч уулын согоо шиг тэр сайхан бүсгүйн энгэрт улаан сарнай зүүгээгүй байхын зэрэгцээ цаадхи нь түүнийг тоосон шинжгүй яваад өгсөн байна. Браун арайхийн сэхээ орох зуур: «Энэ сайхан бүсгүй энгэртээ улаан сарнай зүүгээгүй болохоор яахин миний Жүдит байх билээ дээ?» хэмээн бодож амжив.
Цаг хугацаа хором хормоор урсан өнгөрөхийг дагалдан Брауны зүрх улам хүчтэй булгилан цохилж байлаа. Гэнэт энгэртээ улаан сарнай зүүсэн нэг эмэгтэй түүн рүү зугуухан дөтлөн ирэхийг тэр олж харав. Энэхэн агшинд түүний нүд бүлтийн ам нь ангайгаад зүрхний цохилт зогсохоос наахнуур болсны зэрэгцээ ухаан санаа нь хоосроод явчих шиг санагдлаа. Тэнгэр минь! Шингэн тачир үстэй, царайных нь тал харлачихсан өрөөсөн хөл гаргүй залуу бүсгүй таяг тулчихаад түүн рүү ойртон ирэх юм гэж тэр яахин төсөөлөх билээ дээ. «Өөрт чинь таалагдахгүй бол танихгүй царайлаад өнгөрч болно шүү хэмээн тэр захиандаа бичээд байсан нь ийм учиртай байжээ. Би одоо яавал дээр вэ? Түүнийг танихгүй царайлаад өнгөрье гэвэл боломж бас байна шүү дээ!» хэмээх бодол Брауны зүрх сэтгэлийг хүчтэй эзэмдэв. Гэвч дайн дажны хүнд хүчрийг зоригтой даван туулж чадсан тэрбээр удалгүй тайвшраад:

«Үгүй дээ! Би эндүү ташаа зүйл бодож байна. Энэ бүсгүйн буруу гэж юу байх билээ дээ. Фашист Германы онгоцнууд хайр найргүй бөмбөгдсөний улмаас миний эх орны хичнээн олон сайхан үзэсгэлэнт охид бүсгүйчүүл энэ мэт эрэмдэг зэрэмдэг болон хоцорсныг тэр гэх вэ? Үхэж үрэгдсэнийг тооцвол бүр ч олон байж таарна. Гэтэл би энэ бүсгүйн зовлон дээр зовлон нэмж болно гэж үү? Тэгээд ч энэ бүсгүй намайг цөхрөнгөө барж гүйцээд байхад тусламжийн халуун гараа сунгасан удаатай. Бидний хооронд тогтсон хайр сэтгэлийн ариун харилцаа мянга гаруй хоногийн дайн тулалдааны дүрэлзэх галын дунд хатаагдан ширээгдсэн байх учиртай бус уу? Тийм бөгөөтөл сая надад тийм аминч атгаг муу бодол төрдөг нь хичнээн ичгүүртэй хэрэг билээ. Би танихгүй царайлаад явчихвал жинхэнэ увайгүй зан гэж түүнийг хэлэх байх даа.»

хэмээн боджээ. Тэгээд Браун нүүрэндээ инээвхийлэл тодруулан түүний хажуугаар зугуухан өнгөрч одсон эрэмдэг бүсгүйг гүйцэн очоод:
“Эрхэм ээ! Өршөөгөөрэй!” хэмээн дуудаж зогсоогоод гартаа барьсан номоо дээр өргөн даллах зуур ихэд эелдгээр: “Намайг Браун гэдэг л дээ. Хэрвээ би эндүүрээгүй бөгөөс өөрөө Жүдит буй за? Би өнөөдөр өөртэй чинь уулзсандаа маш их баяртай байна. Хоёулаа цугтаа оройн зоогонд орвоос ямар вэ?” хэмээн асуужээ.
Мөнөөх бүсгүй түүний хэлэхийг сонссоны дараа ихэд үймцэн цочирдсон янзтайгаар:

“Үгүй дээ! Та хүн андуурсан бололтой. Намайг Фанни гэдэг. Чухам юу болоод байгаагийн учрыг би өөрөө ч сайн ойлгохгүй байна шүү. Таван минутын өмнө дөнгөж саяхан өөрийн чинь өмнүүр өнгөрдөг гоо бүсгүй надтай уулзаад энэ улаан сарнайг энгэртээ зүүгээд таныг чиглэн очихгүй юу хэмээн гуйсан юм. Тэгэхдээ өөртэй чинь үг өдөн ярьж болохгүй. Хэрвээ та намайг голсон шинжгүй мэндлээд танилцах гэвэл жинхэнэ учир начрыг хэлж болно гэсэн л дээ. Тэр бүсгүй бас өөрт чинь «Та дайн байлдаанаас ч илүү хүнд хүчир сорилтыг амжилттай даван гарч чадлаа.» гэдгийг дуулгаарай гэсэн юм. Одоо тэр бүсгүй эсрэг талын зоогийн газарт таныг хүлээж суугаа.”

хэмээн хэлжээ.
Энэ бүхнийг сонсоод Браун бүр ч илүүтэй ихээр алмайран гайхаж хоцорчээ. Фанни түүнд дахин сануулснаар мань эр нүүрээ улалзуулан мөнөөх зоогийн газрыг чиглэн гүйх зуур сэтгэл нь баяр жаргалаар халгиж байлаа. Хожим Фанни бүсгүй Браун, Жүдит нарын хамгийн дотны анд нөхөр болсон гэдэг.
1996 оны 5 сарын 03-ны өдөр хурандаа Браун насан эцэслэв. Хоёрхон хоногийн дараа эхнэр Жүдит нь мөн түүний араас тэнгэрийн орноо заларчээ. Энэхүү хосгүй нандин хайрын гүн нарийн сэжмээр бөх холбогдсон амраг хос бараг нэгэн зэрэг шахам өөд болсон тул тэдний оршуулах ёслолыг хамтатган гүйцэтгэсэн юм. Тэр хоёрын оршуулах ёслол дээр тэдний гэр бүлтэй хэдэн арван жилийн турш үнэнч нөхөрлөсөн сайн анд найз нь болох Фанни таяг тулан гарч ирээд Браун, Жүдит нарын хайр сэтгэлийн сэтгэл уярам түүхийг анх удаа хүмүүст ярьж өгчээ. Түүнийг яриагаа дуусгасны дараа оршуулах ёслолд оролцохоор ирсэн хүмүүс үнэнч хосын хайр сэтгэлийн гайхамшигт түүхэнд автаж гүйцсэн бололтой нам гүм зогссоор байцгаалаа. Гэнэт талбай дээр алга ташилт нижигнэн удтал үргэлжилсээр байсан нь Браун, Жүдит нарын хосгүй үнэнч хайрын гэгээн ариун түүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлсэн хэрэг байжээ.
Удаах өдөр нь «Таймс» сонины тэргүүн нүүрэнд «Улаан сарнай зүүсэн эрэмдэг бүсгүй» нэрт нийтлэл хэвлэгдэж Браун, Жүдит хоёрын үүх түүхийг өгүүлсэн нь Англи даяар ихээхэн шуугиан дэгдээсэн гэдэг. Түүнээс хойш тэр хоёрын ариун хайраас сэдэвлэсэн зохиол, кино, жүжиг, олон ангит кино ар араасаа цувран гарах болсон байна. 1999 оны 12 сарын 01-ны өдөр Английн хайр сэтгэлийн үүх түүхийг тусгайлан нийтлэдэг нэр хүнд бүхий «Хуримын өмсгөл ба аз жаргал» сэтгүүлээс «20 дугаар зууны хамгийн сэтгэл догдлуулам хайр сэтгэлийн түүх» нэрт шалгаруулалт явуулахад Браун, Жүдит хоёрт тохиолдсон явдал илт давуу оноогоор тэргүүн байранд шалгарсан юм.
Ариун хайрын түүх гэдэг амьдралын бас л нэг содон чимэг байдаг ажгуу.

Сэтгэгдэл бичих

    • иргэн
    • 2017-07-01

    дажгүй түүх байна. таалагдлаа

    • Cygnus
    • 2016-12-06

    Saihan tuuh baina :)

arrow icon