УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлээс 2014 онд "ангийнхандаа" хандаж бичсэн ил захидлыг толилуулж байна.
"Ангийнхандаа” бичсэн ил захидал
Улаанбаатар, 2014 он
Тун удахгүй ээлжит намрын чуулган эхлэнэ, Та бид байнгын хороо, ажлын хэсгүүд гээд тараад явчихна, тэр бүр уулзалдаад улс орны өмнө тулгамдсан асуудлууд болон хэтийн хөгжлийн талаар чөлөөтэй санал бодлоо солилцоод явах цаг давчуу, зав чөлөө тааруухан. Бөөнөөрөө уулздаг нэгдсэн чуулганы үеэр нийтэд хандаж үг хэлэх микрофон оочертой, сэдэв, хугацаа нь хязгаартай. Тийм болохоор та бүхэндээ хандаж энэ намрын чуулганаар та бид онцгой анхаарч хамтран санаачилж хэлэлцэх ёстой хэд хэдэн зүйлийн талаар бодол санаагаа хуваалцах гэж энэхүү захиаг бичиж байна.
- Хуулийн засаглалын “хомсдол”.
Хуулийн засаглалын талаар Монгол улсыг үнэлсэн олон улсын байгууллагуудын үнэлгээ тун тааруу буйг та бүхэн мэдэж байгаа. Хэдийгээр сүүлийн 2 жил энэ чиглэлээр бусад өөр салбараас илүү хурдтайгаар реформын агуулгатай хууль тогтоомж өргөн барьж батлагдаж буй ч энэ асуудлыг зөвхөн Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯам эсвэл Ерөнхийлөгчийн ажил мэт хандсан идэвхигүй оролцоо, сул дэмжлэг, явцуу хүрээнд авч үзэх хандлага УИХ, гишүүд бидний дунд байсаар байна. Хуулийн засаглалын чиглэлийн шинэчлэл, эдийн засгийн шинэчлэл хоорондоо сул холбоотой, хуульчид нь эдийн засгаа ойлгодоггүй эдийн засагчид нь хуулийн засаглалын реформын мөн чанар, агуулгыг сайн ойлгодоггүй байдал УИХ-ын үйл ажиллагаанд илт ажиглагдаж, энэ 2 үйл явцыг органик холбоо хэлхээнд нь бус, тус тусад нь авч үзэх, ингэснээрээ гаргаж буй хууль, тогтоомж маань амьдрал дээр хэрэгжихгүй, эсвэл дутуу эсвэл олон салаа утгатай болдог байдал оршсоор л байна. Иргэд, бизнес эрхлэгчидийн зүгээс хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаа талаар гомдол тасрахгүй, шударга ёсыг мөрдөн сахихгүй байх, хуулиар гул барьж иргэд, бизнес эрхлэгчдийг дарамтлах, юм л бол барьж хорих, хүний эрхийг ноцтой зөрчих байдал байсаар байгааг тэд ярьсаар байна. Бизнесийн орчныг нэг хэсэг нь эрүүлжүүлэх реформ хийх гэж зүтгэж байхад нөгөө хэсэг нь эрүүжүүлэх үйлдэл хийж байна
. Хувийн өмчийн халдашгүй дархан байдал руу хуулийн үзэл санааг нь бус үг үсгийг нь ашиглан зориудаар дайрах, өмчийг нь буцааж авна, хураана, нураана, “нүүлгэн шилжүүлнэ”, “тараан байрлуулна” гэх мэтээр аашлах хэрээс хэтэрч, “эзэн нь юмаа мэддэг”, “ухаалаг” төрийн дээрэнгүй үг, үйлдэл гарах боллоо. Энэ бүхэн та биднийг шинэчилж, ярьж, хэлэлцэж түүнийг хэрэгжүүлж буй яг одоогийн орон зай, цаг хугацаанд болж буйг мэдэхггүй, мэдрэхгүй, дуугүй өнгөрөөж болмооргүй байна.
Хуулийн засаглал (хууль дээдлэх ёс), хувийн өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөө 3 бол ганхаж, ганхуулж огт үл болох суурь баганууд юм
. Үүнтэй та бүхэн санал нийлэх бизээ...
- Эдийн засаглалын “илүүдэл” буюу эдийн засгийн тулгамдсан асуудлууд.
“Эдээрээ оролдвол эвдрэхийн цондон...” гэж ярьдаг шиг эдийн засгаараа “оролдох” явдал хэрээс хэтэрсэн
байна. “Нэгдсэн бодлого л дутаж байна” гэж ярьж, учирлан Их хурал, Засгийн газрын түвшинд олон хууль, тогтоол шийдвэр гаргасан, тэдгээрийн шууд тусгал болсон, хэрэгжүүлж буй эсэх нь эргэлзээтэй 400 гаруй төсөл хөтөлбөр төсвийн хөрөнгө оруулалтын мөчлөгийн бүхий л үе шатны хариуцлагагүй байдлыг өөрөөсөө эхлэн бий болгодог УИХ, Засгийн газрын алдаатай бодлогын илрэл болсон 240 гаруй хөрөнгө оруулалтын объектууд “нэгдсэн бодлогын” маань гашуун бөгөөд харамсалтай үр дүн болсон байна. Бидэнд “нэгдсэн бодлого” дутаагүй, харин илүүдчихээд байна.
Эдийн засгийн бодит ба санхүүгийн сектор хоорондын харилцан бие биеэ дэмждэг, нөхөн төлждөг шүтэлцээний зохистой харьцаа алдагдсан байна.
Санхүүгийн сектор нь дотроо 96:4, бодит сектор нь эрдэс баялагийн сектороос de-facto хамаардаг хандлага архагшиж, экспортын бүтэц нь түүний бодит тусгал болж 90:10 гэсэн харьцаанд орж эдийн засагт олон жил үргэлжилсэн бүтцийн гажуудал ужгирч гүнзгийрсээр байна. Санхүүгийн сектор нь зээлийн хүнд нөхцөл, хүртээмж муугаараа дэлхийн улсуудаас эхний 20-д орж, дундад зууны үеийнхээс дутахааргүй мөнгө хүүлэлтийн шинж давамгайлах болсон
байна. Эдийн засагт эргэлдэж буй хангалттай их мөнгийг эргэлтэд оруулах, ил болгох, далд нөөц боломж, арга хэрэгслийн цогцыг бодлого болгож гаргаж ажиллаагүй хэрнээ бүх асуудлаа бондонд даатгах, “bondonomics” болгох хэвийн бус дуршилтай болсон
байна. Санхүүгийн хүртээмжгүй байдал, мөнгө хүүлэлт ноёлсон байдлаа засаж залруулах, ядахдаа хойд, урд хөршүүд, холын Америкт энэ талаар ямар бодлого хэрэгжүүлдгийг судлах цаг болсон байна. Хүмүүс, аж ахуйн нэгжүүд зээлийн дарамтанд сөхөрч байна. Монголын эдийн засаг дотроо албан ба албан бус эдийн засаг гэж хуваагдсан үйл явц олон жил үргэлжилж сүүлийн жилүүдэд албан бус эдийн засаг өргөжих, энэ дотроо сүүдрийн эдийн засаг нь улам бүр сүүдэртэх хандлага үүссэн байна. Албан бус эдийн засгийн хэмжээ зарим тооцооллоор ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй болж албан бус эдийн засгаас албан руу шилжих үйл явц бус харин ч эсрэгээрээ үйл явц руу түлхсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж үр дүнд нь капитал дайжин зугтах үзэгдэл өрнөж байна.
Ийм нөхцөлд улс орнуудын туршлагаас харахад татварын хувь хэмжээг бууруулах, хураах үйл явцыг хябаршуулах, төсвийн буюу фискаль талаасаа хандахаасаа илүү behavioral change буюу татвар төлөгчийн авир төрхийг эерэг болгох чиглэлээр татварын иж бүрэн шинэчлэл хийх хууль батлах замаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын идэвхижлийг хангаж, татварын суурийг өргөтгөж орлогыг нэмэгдүүлдэг байна.
Бид яг одоо үүнийг хийх цаг ирээд байна. 2014 онд л эдгээрийг амжиж хийхгүй бол бид макро эдийн засгийн хэдэн тоонд хууртаж, эдийн засаг дахь бүтцийн олон жил архагшсан гажуудлыг улам гүнзгийрүүлсээр л 2016 онд ард иргэдийн, бизнес эрхлэгчдийн үл итгэсэн, хүйтэн хөндий царайг л харах болно. Тиймээс эдийн засгийг хардаг, үнэлдэг, дүгнэдэг бидний тархинд буй багаж хэрэгслийн хайрцгаа яаралтай шинэчилж ард иргэддээ наалдацтай, тэдний хүсэн хүлээж байдаг зүйлийг илэрхийлдэг үзүүлэлтүүдээр сэлбэхгүй бол УИХ дээр ярьдаг эдийн засаг, гадуур бодит амьдралын эдийн засаг хоёрын зааг ялгаа улам холдсоор л байна. Саяхан Үндсэний Статистикийн Хороо, Дэлхийн банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх-2014” гэсэн судалгаа гарч тэнд бичсэн дүгнэлтүүдээс үзэхэд ядуурал бол “олон хэмжээст үзэгдэл” гэдгийг нотолсон байхад харин та бидний ядуурлыг хардаг өнцөг нь “ганц хэмжээст”- ажлын байр л бий болгох гэсэн байдалтай байна. Хандлагаа өөрчилье, мөнгө хүүлэлтийг мөнгө, санхүүгийн хэвийн, хүртээмжтэй үйлчилгээ болгоё, нийгмийн дунд анги гэдгээ зөв тодорхойлж тэдэнд хандсан бодлогоо зөв болгоё. Зам, гүүр барих сайхан, гэхдээ тэр зам, гүүрэн дээр халаасандаа мөнгөтэй, хадгаламж нь өсөж байдаг мянга, мянган хүмүүс явдаг бол бүр ч сайхан билээ...
Хүндэтгэн ёсолсон С.Дэмбэрэл
Tuhain tohoildol bolgond tohiruulj asuudaliig shiideh chadvartai l huuli baih estoi. jishee ni Naran tuul zah hotiinhoo tovd tugjrel uusgej busadiin erh ashigiig hohiroogood baigaag yaj shiideh we? hun horongtei geed busadad hohorol boloh shalgaan bolj bolohgyi baih aa