Нийтлэл 12 сарын 20, 2016

ТҮҮХ: Жан Зиэн ба XX зууны эхэн үеийн Хятад улс

"Капитализмыг алгасаагүй эрчүүд" эдийн засгийн түүхийн номд багтсан 20 түүхэн хүний намтраас Хятадын соён гэгээрүүлэгч, энтэрпренёр, төрийн зүтгэлтэн Жан Зиэний намтрыг хот, орон нутгийн хөгжлийн тухай хэлэлцүүлэгт зориулж нийтлэв.

 

Манж Чин гүрэн 1839 оноос эхлэн Их Британитай хийсэн Опиумын дайнд[1] ялагдаж, 1860 онд хүч тэнцвэргүй Нанжины гэрээг үзэглэхэд хүрэв. 22 сая таэлийн[2] дайны төлбөр төлж, Хонконгийг Их Британийн мэдэлд өгөх, ажилчдаа Америк руу экспортлох, далайн болон их мөрний боомтуудаа гадаад худалдаанд нээлттэй байлгах үүрэг хүлээжээ. Нэгэн цагт Хятадаас эдийн засаг, соёлын модернизац хийж асан Азийн Япон хүртэл 1894 оны Солонгосын хойг дээрх ашиг сонирхлын дайнд усан армийнхаа ид хавыг гайхуулж, шинэчлэл хийсэн гэх арми нь олон улсад ямаршуу түвшинд яваа тухайд Чин гүрэнд ухамсрын шанаа өгөв. Өрнөөс ч, Дорноос ч шахаанд орсон иргэдийн гутрал бухимдал туйлдаа хүрсэн нь яваандаа Боксэрүүдийн бослого болж хувирчээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болж, бослогоор учруулсан хохирлынхоо төлөө найман үндэстний бүлэглэлд нэг жилийн татварын орлогоосоо ч их 450 сая зооc төлөх үүрэг хүлээсэн нь эртний уламжлалтай энэ орны хувьд урд хожид үзээгүй гутамшигт доромжлол аж. 1908 он гэхэд хатан хаан Цү Ши болон хаан эзэн Бадаргуулт Төр нар нас барж, Манжийн эрхшээл, хаант засгийг халах хөдөлгөөн хүчээ авсан ч дотоодын хагарал, үймээн дунд нэгдмэл бодлогын шинэчлэл хийх боломж байсангүй. Европт дэлхийн дайн дэгдсэн нь л хөгшин лууд түр амсхийх боломж олгожээ. Хятад оронд орчин үеийн соёл, шинжлэх ухаан, үйлдвэржилтийн үрийг тарьсан Жан Зиэний амьдрал замнал ийм ороо бусгаа түүхэн үетэй яг давхацсан байдаг агаад сэтгэлтэй, чадвартай хэн боловч улс орноо өөд нь татахын төлөө бие сэтгэл чилээн зүтгэхээс өөр аргагүй цаг үе байв. Япон капитализмын загалмайлсан эцэг Эичи Шибусава болон Жан Зиэний амьдрал, үзэл санааг харьцуулсан ном их олон байдаг. Энэ хоёрын намтрыг сөхөн харж байх нээ аль аль нь нэг насандаа яаж амжуулсан юм бол гэж гайхмаар арвин хийсэн бүтээсэнтэй, аль ч үгүй өнгөрсөн мэт жилүүдийн араас адгаж харамсмаар болдог бие хүмүүс билээ. 

Жан Зиэн 1853 онд Хөх мөрний үржил шимт гурвалжинд байршдаг Хаимэн дүүрэгт төрж, төд удалгүй өвөг дээдсийн нутаг Наньтун руу нүүсэн аж. Үе удмаараа бичиг үсэггүй газар тариалан эрхэлж ирсэн аав нь таван хүүгийнхээ дундаас Жан Зиэнийг номд сэргэгийг ажиглаад, 3 настайгаас нь эхлэн гэрийн багш, нутгийн сургуулиар дамжуулан боловсрол олгож эхэлснээр Жан Зиэн идэр залуу насаа эрдэм сурах, төрийн албаны шалгалтад бэлдэхэд зарcан байдаг. Хятадад хаант засгийн эрх мэдлийн ихээхэн хэсэг орон нутгийн цэргийн удирдлагуудын гарт шилжээд аливаа нөөцийн хуваарилалт, бүтээн байгуулалт тэдгээр командлагчдын хувь хүнээс их хамаардаг улс төрийн бүтэц тогтоод байв. Олон шилдэг Хятад залуусын нөмөр болж асан Шантун дахь ерөнхий коммандлагч Ву Жанчин түүний номд шаргуу, итгэл даах чанарыг үнэлж 23 настайгаас нь шууд удирдлагадаа ажиллуулах болов. Ву түүнд үндсэндээ бэлэг тэмдгийн чанартай ажил л олгож, шалгалтад бэлдэх бүх талын боломжоор хангаж өгсөн байдаг. Энэ үед Жан Зиэн хожим Хятадын улс төрийн томоохон дүр болсон Юан Шикаи зэрэг сэхээтнүүдтэй танилцаж авчээ. Күнзийн суртлаар эрэмблэгдсэн төрийн албаны олон даваат шалгалтад унаж боссоор хамгийн өндөр зэрэглэлийн чүан-юан шалгалтыг дөрвөнтөө өгсний эцэст тэнцэхдээ нас сүүдэр 40 гараад  байсан агаад Хятадын бичиг үсгийн ертөнцөд хэдийнээ танигдсан сэхээтэн болоод байв.

Дээд түвшний шалгалтад өөрөөс нь дээш 3 үе нь төрийн шалгалт өгч байгаагүй гэх шалтгаанаар бүртгэлээс хасагдаж, өөр хүний нэрээр өгч, дараа нь эргүүлж нэрээ оруулах гэж зүдэрч явахдаа гарал үүслээр аливааг хардаг уламжлалд эргэлзэх болж, даваад гарсан шалгалтынхаа үнэ цэнд итгэл алдарсан гэгдэнэ. Уулын оргилд гараад өргөн талыг харсан нь тэр буй заа. 40 хүртэлх залуу насаа хамгийн чухаг түшмэл нь болоход зарахаас илүү эх орон, оршин буй төр засагтаа өргөх үнэнч зүтгэл байхгүй гэлтэй. Даанч эх орон нь нэгдүгээр зэргээ авснаас нь ердөө жилийн дараа буюу 1895 онд Японтой хийсэн дайнд ялагдаж, 200 сая зоос төлөх, боомтуудаа нээх, Солонгосын хойг дахь ашиг сонирхлоосоо татгалзах, Тайванийг Японы мэдэлд өгөх үүрэг бүхий Шимонэсэкигийн гутамшигт гэрээг үзэглэв. Гутарч цочирдсон Жан Зиэн даруйхан түшмэлийн албаа орхиод төрөлх нутаг Наньтунд эргэж ирлээ. Шимонэсикийн гэрээ түүний эрдэмтэн-түшмэлийн суудлын амьдралд цэг тавив. Улс төрөөс зайлсхийх, бодит ажилд төвлөрөх шийдвэрт нь гүнзгий нөлөөлсөн бас нэг явдал зэргээ авсных нь дараахан болсон гэдэг. Цү Ши хатан зуны ордондоо морилох замд тэрээр төрийн сайдуудтай байж таарчээ. Нөгөөдүүл нь бороотой өдрийн шавхайтай газар албаны хувцастайгаа сөгдөн суугаад явж өнгөрөн өнгөртөл боссонгүй. Цү Ши хатан хүний урманд хялам хийлгүй явж өнгөрчээ. Шавхайнд сөгдөж, толгой бөхийн суухын төлөө аав дүү нарынхаа тариалангийн ажилд ч туслалгүй өчнөөн олон жил зүтгэж ирсэн гэж үү? Газарт шүтэж, хөдөлмөрт итгэж ирсэн үе удмынх нь цус энэ үед амилан сэргэх шиг болжээ. Ширээнээс босож хөдлөх цаг ирэв. Тариачны хүү, хаант засгийн элит түшмэл, хуучин нийгмийн алив бүхний бэлэг тэмдэг Жан Зиэн бээр өөрийн гараар шинэ зуун өөд Хятад орныг чирэх болно. Хятадын ард олон Европын технологи, хүчирхэг эдийн засгаас үүдэлтэй империалист хүч хоёрыг ялгаж салгалгүй, уламжлалаа ямар ч үнээр хамаагүй хадгалах, модернизацыг эсэргүүцэх сэтгэлзүйд автаад байв. Модерн загвар барьж батлан харуулахаас өөр замгүй!

Хятадын ялагдал бол боловсрол, технологи, үйлдвэржилт, энэ бүхнийг дэмнэх төрийн тогтолцоо, бодлогын ялагдал байлаа. Жан Зиэнд өөрийн нөөц боломжоор аж үйлдвэрийг хөгжүүлбэл энэ бүх хоцрогдолтой тэмцэх хамгийн дөт, бодитой зам болох мэт санагдана. Хэдийгээр 40 насан дээрээ бүхнийг шинээр эхэлсэн ч Наньтунаас төрсөн анхны чүан-юан түшмэл хэмээх нэр хүнд, залуу насаа зарж хураасан эрдэм боловсрол нь бизнесийн ертөнцөд ч насан туршид нь түүнийг түшиж өгсөн. Бүх Хятадаар опиум, хөвөн даавуунаас эхлээд барууны импортын бараа улам тархан нэмэгдэж байсны дээр[3], удаа дараагийн хүч тэнцвэргүй гэрээгээр Япон болоод барууны орнууд Хятадад үйлдвэр байгуулах эрх хүчин төгөлдөр болоод байлаа. Гадаадын үйлдвэрүүд Хятадын нөөцөн дээр хөгжих! Аль хэдийн өрнөж эхлээд байсан энэ үзэгдэлд Жан юу юунаас илүү дургүйлхэн эмзэглэв. Хятад улс олон зууны турш дэлхийд толгой цохиж ирсэн хөвөн бүтээгдэхүүнээ гараар боловсруулсан хэвээр, Шанхай төвтэй дотоодын анхны машинт үйлдвэрүүд менежмент, санхүүгийн бэрхшээлээс Япончуудын шүхэрт орж дуусах явдал түгээмэл байв. Яг ийм нөхцөл байдалд Хятад-Японы дайны үеэр танилцсан Хятадын шинэчлэлт, үйлдвэржилтийг хөхүүлэн дэмжигч түүхэн дүр, мужийн захирал генерал Жан Зитунаас Наньтунд утас ээрэх үйлдвэр байгуулах төслийг удирдах санал тавьснаар загатнасан газар маажна гээч болж Жан Зиэний шинэ карьер эхэлвэй.

 

Да Суны утас ээрмэлийн үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалттай бээнч аж ахуй болгон эхлүүлэх ажил түшмэлийн шалгалтаас дутуугүй сорилт болов. Жан олон зууны туршид дэлхийд гайхагдаж ирсэн Хятадын гар урлалын үнэ цэнийг хүлээн зөвшив ч, түүнийхээр

“Машинт үйлдвэрлэлгүйгээр барууны оронтой өрсөлдөх нь мянган бээрийн уралдаанд яст мэлхий хөлөглөн орохтой агаар нэг”

аж. Хувийн өмчийн хамгаалалт, бизнесийн эрх зүйн бүрдэж амжаагүй байсан энэ үед хамтрагчид нь замын дундаас гарч, туршлагагүй эрдэмтний мөрөөдөлд хөрөнгө нийлүүлэх амнаасаа буцах зэргээр ажил сунжирна. Эрхэм түшмэлийн бардам зангаа залгиад санхүүжилт хайн бэдрэх болов. Эрдэм номын ертөнцөөс тэртээ хол, нэг зоосны цалингүй ажилд гурван жил зүтгээд хамаг цөхрөнгөө барсан тэрээр Жан Зитун генералд ийн гомдолж байжээ:

“Сүүлийн гурван жил тоймгүй олон удаа урам хугарч, егөөдүүлж ирлээ. Жирд бол харилцахгүй байсан хүмүүстэйгээ харилцаж, хийхгүй байсан зүйлсээ хийв. Хэл минь чилж бийр минь навсайлаа. Шөнө нь харамсах зүйлсийг өдөр нь хийлээ.”

Эцэстээ тактикаа өөрчилж цугларсан хөрөнгөндөө тааруулаад үйлдвэрээ ашиглалтад оруулав. 1899 оны 5-р сарын 23-нд цэвэр хувийн хөрөнгө оруулалт, хувийн менежменттэй машинт үйлдвэрээс утсан ороомог зах зээлд гарлаа. Улс төр, гадаад харилцааны хувьд ороо бусгаа өдрүүд үргэлжилсээр.

 Боксэрүүдийн бослого эхлэж, Цү Ши хатан бослогыг дэмжих шийд гаргав. Жан Зиэн Хөх мөрний эрэг хавийн захирагчдыг бослогод нэгдэхгүй байхад уриалж, гамшигт үр дүнгээс нь гадаад, дотоод аль аль талыг нь хамгаалж өгчээ. Ийм их үймээн самуун дунд ойролцоо байгуулагдсан 15 ээрмэлийн үйлдвэр бүгд дампуурч байв. Бизнес эрхлэхэд төрийн оролцоо, төвөг чирэгдэл туйлын их, төр оролцоогүй бизнесээс хөрөнгөтэй хүмүүс зайлсхийнэ. Хууль зүйн хувьд ямархан түүхий орчинд гүрийж явсныг нь дөнгөж 1904 онд л аж ахуйн нэгжийн хууль батлагдсанаас харж болно. Гэхдээ Жан Зиэнд аливааг мэдлэгээр задлан шинжлэх чадвар, технологийн дутуугаа хүлээн зөвшөөрөх чадвар, олны итгэл, төрсөн ах Жан Зиа зэрэг хамтрагчид бий. 1907 он гэхэд 4 салбар нэмж, 1925 он гэхэд анх үйлдвэрлэж байснаасаа 9 дахин их утас ээрэн гаргах аж үйлдвэрийн бүс болж өргөжив. Ахынх нь бизнес мэдрэмж дүүгийнх нь уйгагүй хөдөлмөрч зан, зохион байгуулах авьяастай хоршдог байсан гэлцдэг. Да Суны үйлдвэр дэлхийн дайн эхэлтэл ногдол ашиг олгож байсан цорын ганц хувийн үйлдвэр байлаа. Ээрмэлийн үйлдвэр бүс нутагт аж үйлдвэр хөгжих түшиц болж тос, гурилаас авахуулаад хэвлэх, төмөр хайлах, даатгал, уурын тэрэгний тээвэр гээд олон арван салбар компаниуд ах дүү Жаны хөрөнгө оруулалтаар байгуулагдав. Энэ олон аж ахуйг удирдах менежментийн баг дотроо Жан Зиэн голлох энтэрпренёр байсныг 1897 онд өөрөө бичиж мөрдүүлсэн “Үйлдвэрийн Гэрээ” хэмээх 40 хуудас дүрмээс харж болно. Тэрээр өөрийн хариуцах ажлын тухай ийн бичжээ:

“Хувийн болоод төрийн түншүүдийг холбох, ашиг хуваарилах, бэрхшээлийг шийдвэрлэх, дүрэм журам мөрдүүлэх, менежерүүдийг халах томилох, амжилт алдааны учир шалтгааныг судлах, үнэнч байдал ба худал хуурмагийг ялгаж таних, шагнал урамшуулал олгох нь миний үүрэг хариуцлага болно”

.

Жан Зиэн ашгийн төлөө үйлдвэр эрхэлдэг бизнесмэн болсон ч цэвэр мөнгөний харилцаагаар бүхнийг хардаг байгаагүй нь олон баримтаас уншигддаг. Үйлдвэрийн ажилчиддаа эцэг нь мэт ханддаг,  тэдний сайн сайхан байдал, нийгмийн халамжаар тухайн үедээ бүх Хятадад хамгийн хүмүүнлэг ажил амралтын цаг гарган мөрдүүлж байжээ.

Наньтуны оёдол ээрмэлийн мэргэжилтний сургууль

Эх сурвалж: “Modernization and entrepreneurs of Japan, China and America”, 2009.

Үйлдвэржилтэд ихээхэн цаг хүчээ зарсан ч боловсрол үргэлж миний тэргүүн зорилт байсан хэмээн тэрээр хожим дурссан байдаг. Бизнес түүний зорилго байсангүй, боловсролтой хүмүүнлэг нийгэм байгуулахын төлөөх арга хэрэгсэл нь байв. Боловсролтой цөөнх, тариачин ардын дунд гүн ангалтай тогтолцооны оргилд гарсан Жан Зиэн бүх нийтийн боловсрохуйд бүх хөрөнгөө зарсан юм. Үйлдвэрүүд нь жигдэрч ирмэгц Да Сун үйлдвэрээс авалгүй хурааж байсан цалингаа нутгийн сүмийг орчин үеийн сургууль болгох ажилд оруулж, Наньтун дүүргийн анхны багш нарын сургууль 1903 оны 5-р сарын 1-нд хичээлээ эхлэв. Ах дүү Жаны хоёр эхнэр охидын сургууль байгуулах үйлсэд хоёр нөхрөө уриалан дуудаж, анхны охидын хувийн сургууль, анхны эмэгтэй багш нарын сургалтын төвүүд үүслээ. Эдгээр сургууль Наньтун дахь зуу зуун бага дунд сургуулийн багш нарыг бэлдэн гаргасан оюуны уурхай болжээ. Багшийн сургуулийн дэргэд бөс даавуу, торго боловсруулах, анагаах, тариалан зэрэг зарим нь Хятаддаа анхдагч болсон чиглэл нэмсэн нь хожим 1920 онд албан ёсоор Наньтуны Их Сургууль болон өргөжив. АНУ, Европ руу өөрийн биеэр аялаж байгаагүй түүнд 1903 онд Японд үзэж танилцсан сургуулиуд загвар болж өгнө. Аливааг бүтэн тогтолцоогоор нь, нарийн эд анги хүртэл нь тунгааж, зурагладаг зуршлаараа 600 сургууль бүхий өмнөд нутгийн боловсролын сүлжээ тогтолцоо зохиож, газар эзэмшигчдээс авах татвар хүртэл бүх дамжлагыг нь тооцож гаргав. Хэдийгээр төрөөс санхүүжих санаа нь бүтээгүй ч ерөнхий тогтолцоо нь яваандаа хувийн салбарынхны хүчээр цааснаас бодит амьдралд буун биеллээ олсон байдаг. Үйлдвэрийнхээ хажууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан гар урлалын сургууль, эмэгтэйчүүд, оёдол нэхмэлийн сургууль зэргийг мөн нээв. Энэ хүртэл яваад хувийн хөрөнгөө ерөнхийдөө барж дуусаад 1906 оноос эхлүүлсэн дунд боловсролын сургуулийн төсөлдөө засгийн газраас өөрийн биеэр хөөцөлдөж санхүүжилт олж ирэв. Ийнхүү түүний ганц биеийн сэтгэл зүтгэлээр Наньтун дүүрэг хамгийн том боловсролын тогтолцоотой бүс нутаг болон хөгжсөн агаад бизнес ашгийг мэдлэгийн уурхай болгон хувиргасан 370 гаруй сургууль нь санасан ёсоор бусад орон нутагт загвар болж өгсөн гэгддэг. 1926 он гэхэд дунд сургуулиас бусад бүх сургуулийн засаглал түүний шууд ба шууд бус удирдлага дор ажиллаж байв. Бүх нийтийн боловсрол, багш нарыг сургахуй, урлахуйн сургуулийн үнэ цэнийг ухуулж, соён гэгээрэлд уриалсан уриа нь Наньтуны амжилт, өөрийнх нь нэр алдрын хамт орон даяар түгэж байв.

Жан Зиэний төлөвлөсөн Наньтун мужийн боловсролын тогтолцоо

Эх сурвалж: “Modernization and entrepreneurs of Japan, China and America”, 2009.

Улсын хэмжээнд үйлдвэржих таатай орчин бүрдэхгүй бол энтэрпренёрүүд дор бүрнээ зүтгээд алаг цоог үр дүн гарна. Төрийн байгууллыг өөрчилж байж л жинхэнэ реформ эхлэнэ! Жан Зиэн хувийн гэсэн бүхнээ зарж, улс төрийн орчны саадыг ялж ирсэн хүний хувьд энэ үнэнийг сайн ойлгож байлаа. Удаа дараагийн гадаад харилцааны ялагдлаас эрхгүй цочрол авсан Цү Ши хатан 1901 онд шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зарламагц “Шинэчлэлийн тухай Үндэслэлтэй Хэлэлцүүлэг” гэх товхимол бичиж хэвлүүлэв. Улмаар 1903 онд Японы хурдтай хөгжлийг нүдээр үзэж сэтгэлгээний цочрол аваад ирсэн нь ихэд нөлөөлжээ. Хятадаас байгалийн баялгаар хол дутуу орон ингэтлээ хөгжиж байгаагийн нууц нь үндсэн хуулинд нь байна гэж үзсэн агаад хаант засгаас 1908 онд үндсэн хуульт засаглалд шилжих төлөвлөгөө зарлахад Жянсү мужийн хуралдайг манлайлан зохион байгуулах зэргээр Хятадыг парламенттай үндсэн хуульт  орон болгох үйл ажиллагааг 1911 он хүртэл идэвхийлэн явуулав.

Түүхт 1911 он. Энэ онд Жан Зиэн орон нутгаар гол мөрнийг холбох судалгаа хийж явсаар 6 сард Бээжин оров. Хатан хаан Цү Ши, Бадаргуулт Төр хоёр нас барж сүүлчийн эзэн хаан нялх Хэвт Ёс хаан ширээнд суугаад байв. АНУ-тай хамтарсан банк, усан тээврийн шугамны зөвшөөрөл хөөцөлдөхийн ялдамд хааны аав Чин хунтайжтай уулзаж эдийн засаг, аж үйлдвэрийн реформ хийх тухай ярилцахад улс орны доройтолд сэтгэл зовнисон Чин хунтайж уйлж байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Нийслэл дэхь ажлаа дуусгаад өмнөд рүү буцаж Учанд  шинэ үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байхад нь хувьсгал эхэллээ. Цэргийн хүрээний танилууддаа хандан цус урсгалгүй эвээр шийдэх арга замд уриалж, эртний танил Юан Шикаид хаант засгийг сайн дураар буулгах зөвлөгөө өгч байв. Түүний энэ байр суурийг мэдэрсэн хувьсгалчид Жан Зиэнд хандлаа. Тэд Манжийн хааны ширээнээсээ татгалзах мэдэгдлийн эхийг бичиж өгөх хүсэлт түүнд тавьжээ. 100 жилийн өмнө Манж Чин улсын сүүлчийн хаан ширээнээсээ татгалзаж 2000 гаран жилийн түүхтэй хаант засгийн төгсгөлийг уншсан мэдэгдлийг ийнхүү түүний бийр үзэглэсэн аж. Энэ ажил нь яваандаа Сүн Ятсэн тэргүүтэй хувьсгалчдын шинэ засгийн газар 12 сард Нанжинд байгуулагдахад аж үйлдвэрийн сайдын албанд суухад хүргэв. Улсын төсөв улайж дуусаад байлаа. Төсвийн хямралтайг нь ашиглан Япончууд чухал орд, үйлдвэрүүдийг нь хяналтдаа авах ажиллагааг идэвхийлэн явуулж байв. Давсны татварыг үнэт цаасанд хөрвүүлж төсвийн алдагдлыг нөхөх, улсын үйлдвэрүүдийг дампуурлаас хамгаалах ажил хариуцав.

Гэвч Сун Ятсэний радикал бодлого Жаны ул үндэстэй, зарчимтай ажилладаг арга барилтай  тохирсонгүй. Үзэл бодол нэгт нөхдийн хамт Нэгдсэн Нам байгуулж, 1912 оны 3-р сард төрийн эрхийг гартаа авч ерөнхийлөгч болсон Юан Шикаиг дэмжив. Улс төрөөс хөндийрч бизнесээ хөөмөөр байсан ч удаа дараагийн саналд татгалзах аргагүй болж, өмнөд нутаг дахь гоминьданы бүлэглэлийн эсрэг алан хядлагаа зогсоох болзлыг нь Юан Шикай хүлээн авснаар Хөдөө Аж Ахуй, Арилжааны яамны сайдын ажил авлаа. Борооны дараах мөөг шиг улс төрийн нам бүлэглэлүүдийн хагарал, дотоод тэмцлийн үе эхэлжээ. Намын тэмцэл юу ч бүтээхгүйг мэдэх аж үйлдвэрч “тагтаа” эвцүүлэхийн төлөө бүхнийг хийдэг байв. 15 жилийн туршлагаасаа аж үйлдвэрлэлтийн бодлого “Хөвөн ба Төмрийн Аж Ахуй” -г боловсруулсан нь өдөр тутмын хэрэглээг хөвөн даавуугаар, хүнд аж үйлдвэрийг төмрөөр тулж хөгжүүлэх бодлогын эхлэл болов. Угаас улс төрийн эрх мэдэл, нэр хүндэд ямар ч сонирхолгүй Жан хүчээр шахуу томилогдсон сайдын албаа 2 жил хашихдаа аж ахуйн нэгжийн хууль зохиолцох зэргээр бизнесийн орчинг төвхнүүлэх ажил олныг эхлүүлж үлдээсэн байдаг. 1887 оны Шар мөрний үерийн гамшгийг нүднээ үзсэн нь хэзээ ч мартагдахгүй гашуун дурсамж болоод байсан агаад усны нөөц, шинжилгээний товчоо байгуулж далан татах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байв. Хүн бүрийн сэтгэл зовоосоон энэ ажлыг анх удаа төрөөс удирдлагатай, орчин үеийн технологиор шийдэх боломж бүрдэж ирсэн авч улс төрийн тогтворгүй байдал, Юан Шикаин идэвхгүй байдал хойш нь татсаар дэлхийн дайнтай золгож замхарсан агаад түүний насан туршийн гүн харамсал болсон хэмээн хүү нь дурссан байдаг. Ерөөс улстай орооцолдсон ажлын ихэнх нь эс бүтэж, хувийн мэдлэг чадвар, хөрөнгөндөө дулдуйдсан бүхэн нь ажил болж үлдсэн аж.

 Улс орны хувь заяа шийдэгдэж асан их донсолгооны өдрүүд. Жан Зиэн хувьсгалын фронтод биш арын шугамаас галаа манаж, энх тайван цаг өөд чиглэсэн ажлуудаа үргэлжлүүлсээр. Сэдэж эхлүүлсэн зарим ажил нь улс төрийн үймээнд дарагдаж, эх орон нь Дэн Сяопиний шинэчлэл хүртэл хувийн үйлдвэр бүхий хөгжлөөс тэс өмнөө замаар замнасан ч орон нутаг төвтэй түүний ажил, хүсэл мөрөөдөл нь ямар ч хувьсгалаар арчигдахгүй хөрс болон мянга мянган хүний амьдралд шингэсэн байдаг.

“Тэрээр сая сая хүнд амьдрал, орон нутаг даяар хөгжил авчирч бүх улсад нөлөө үзүүлсэн юм.” Ху Ши

Жан Зиэн Наньтунд татварын дарамтыг багасгаж, орон сууц сэргээн засварлаж, сүм хийдийг номын сан болгон хувиргаж, асрах төв, ажил олгох төвүүд, эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр, хэлгүй дүлий хүүхдийн сургууль, хэвлэх бизнес, музей, хажуудаа сургуультай театр хүртэл байгуулжээ. Загвар хотод загвар иргэд амьдрах ёстой. Театрт үзвэр үзэх журам, алга таших дүрэм хүртэл өөрөө бичсэн аж. Хуучин ногоон цэцэрлэгүүдийг янзалж, 1917 он гэхэд 5 цэцэрлэг олон нийтэд нээж, мод тарих аян өрнүүлж, 1918 онд бүх бизнесийнхээ 1 хувийн ашгийг машин зам барих ажилд хийв. 3 өдөр зардаг байсан 2 газрын хооронд 1921 онд ашиглалтад орсон хурдны замаар 3 цаг туулаад явахдаа сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй зангаа ч хорьж дийлэхгүй туйлын их баяртай байсан нь тэмдэглэгдэж үлджээ. 1917 онд 60,000 зоосны хөрөнгө оруулж цахилгаан гэрлийн компани байгуулав.

Орон нутаг төвтэй сэтгэх, төрийн гар харалгүй хувийн нөөцөө ажил болгох.

Энэ бол түүний арга, түүний онцлог байв. Тиймдээ ч “Жан Зиэний Вант Улс” хэмээн нэрлэгдсэн төрсөн нутаг нь түүний нэрийг ард түмэнд мөнхөлж, хөрсөндөө аж үйлдвэр дэд бүтцийн, толгойдоо орчин үеийн боловсролын үр соёолжтой Хятадын ирээдүйн загвар муж болон хөгжсөн билээ.

19, 20-р зуун Хятадын ард олны хувьд их цөхрөл, их горьдлого ээлжилсэн зуун байлаа. Ард олноороо гутамшгаас гарах гэж яарч, бүхнийг орвонгоор нь эргүүлэх гэж тэмцэж, panacea шидэт эмчилгээ хайж явав. Боксэрүүдийн бослого, Бүгд Найрамдах Улс, 5-р сарын 4-ний оюутнуудын бослого, эцэс сүүлдээ коммунист дэглэм. Жан Зиэн харин шидэт эмчилгээ хайж, зэвсэг барьж, бослого удирдаж явсангүй. Морин дэл дээрээс цэрэг зэвсгийн хүчээр хэрхэн талх хуваарилахыг шийдэхэд хүчээ үзэх нэг нь байхад хэн хүнд ногдох талхыг хийх ажилд зүтгэх нэг нь бий. Тогтолцоо нь бүрдээгүй орчинд хувийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орноо өөрийгөө тэжээх, хувцаслах, зэвсэглэх хүчтэй болгох үйлд бие хайргүй зүтгэсэн Хятадын аж үйлдвэрийн пионер, соён гэгээрүүлэгч Жан Зиэн 1926 онд нас барав. Жан Зиэний эх орон түүн шиг энх цагийн баатрууд, түүнийх шиг баатарлаг үйлийг дэмждэг тогтолцоог үзтэл дахин таван арван, гурван хувьсгал дутуу байлаа. Улс орны дайтай шинэчлэлт улсын хэмжээний бодлого, алсын хараа шаарддаг. Гэхдээ төрийн төмөр бодлогоор Японыг дахин бүтээсэн хэмээн гайхагддаг Мэижийн шинэчлэл ч тэр нэр мэдэгдэх, үл мэдэгдэх олон мянган залуусын хөдөлмөр зүтгэлээс бүрдсэн юм. Жан Зиэн ганцаараа зүтгэж хийсэн зүйл нь гайхагдах хэмжээнд ганцаардахгүй олуулаа байсан сан бол хоёр зууны их нүргээнд Хятадын ард олон арай бага төөрч, бага цөхрөх байсан нь лавтай.

 

2014/03/29

 

 

[1] Британийн эзэнт гүрэн, Чин гүрний дунд тамхины импорт, гадаад харилцаа тойрсон зөрчлөөс хоёр удаа дэгдсэн дайн.

[2] Юанаас өмнө хэрэглэгдэж байсан Хятадын зоосон мөнгөний нэгж. 1910 онд 1 юан 0,72 таэлтэй тэнцэж байв.

[3]1867 онд 2234 тон утас импортолж байсан нь 1899 он гэхэд 82 дахин өссөн байв. Японоос зөвхөн Шанхайн боомтоор 1891 онд 1760 зоосны бараа импортолсон атал  10 жилийн дараа 6 сая зоос болжээ.

arrow icon