Нийтлэл 01 сарын 08, 2017

Зорилго тавьж, түүндээ хүрэх арга

Гадны сонин хэвлэл, интернет мэдээг уншиж байхад хуучин онд юу болов, энэ нь ямар үр дүнтэй байв, үүнээс ямар сургамж авч шинэ онд юу хийх вэ гэдэг асуулт хамгийн чухал сэдэв болжээ.

Үүнээс бидэнд авууштай нь:

  • Хүн бүр өнгөрч буй оныг өөрийн ажил үйлсийн хувьд дүгнэж, шинэ онд юу хийхээ төлөвлөх нь зорилготой, ажил хэрэгч байдлын шинж. “Санаж явбал бүтнэ” гэж сайхан монгол үг бий. Зорилготой, түүнийхээ төлөө тэмцэх хүн л амжилтад хүрдэг.
  • Томчууд ингэж ажил амьдралаа дүгнэн төлөвлөхөөс гадна үүнийг үр хүүхдүүддээ бүр багаас нь хэвшүүлж байна. Сургуулийн бага ангид ч “Миний ирэх оны төлөвлөгөө” сэдвээр ярилцаж, хичээл хийдэг.

Ингэж том жижиггүй хүн бүр ирэх оны зорилгоо тодорхойлдог ч жилийн дараа нэгээхэн хэсэг нь хүн болсон хойно болсонгүй ээ хэмээн суудаг. Ийм бүтэлгүйтэл бараг хэвшил болсон тул сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүсийн энэ тал дээр анхаарч өгсөн зөвлөгөөнөөс сонирхуулахад:

Бүтэх боломжтой зорилго тавь

Тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаар хүмүүс тодорхойгүй, хэт ерөнхий зорилго тавьдаг. Эсвэл тавьсан зорилгууд нь хоорондоо харшилдах ч тохиолдол бий. Нөгөө талаар өөртөө хэт ахадсан зорилго тавьдаг. Жишээлбэл сард 10 кг турна гэдэг нь хэт хүнд зорилгоос гадна эрүүл мэндэд халтай. Тэгэхээр өөрийн хийж чадах, бүтэх боломжтой зорилгыг тавих хэрэгтэй.

Зорилгод хүрэх алхмаа дүгнэж байх

Зорилгодоо хүрэхийн тулд хийсэн болон хийгээгүй зүйлс, хүрсэн амжилт, бүтэлгүйтэл зэргийг тэмдэглэж байх нь санамсаргүй хийсэн, анзаарахгүй байсан зүйлээ мэдэхэд тусалж, амжилтад тань хөтөлнө.

Нөөц хувилбартай байх

Хийх зүйлийг сануулж байх толин дээрх календар, сэрүүлэг зэрэг нь зорилгоо биелүүлэхэд тусална. Түүнчлэн хэрэв та 7 хоногт 3 удаа өглөөдөө гүйж байна гэсэн зорилго тавьсан бол цаг агаар муу үед шалтаглан залхуурч зорилгоосоо хазайлгүйгээр нөөц хувилбартай байх хэрэгтэй. Жишээ нь гадаа гарч гүйж болохгүй тул гэртээ дасгал хийнэ, фитнесс клуб явна гэх мэт. Үүнийг “Бэрхшээлийг даван туулах төлөвлөгөө” гэдэг. Хамгийн гол нь тохиолдож болох эрсдэл, бүтэлгүйтлийг тооцоолж, үүний эсрэг бэрхшээлийг даван туулах нөөц хувилбартай байх явдал юм.

Амжилтыг мэдрэх  

Зарим хүн хийгээд байгаа атал амжилтаа олж харалгүй “Ямар ч нэмэр алга, өөрчлөлт мэдрэгдэхгүй байна” гэдэг. Та календар худалдаж аваад орой бүр тэмдэглэл хөтөлж байвал ямар их зүйл өөрчлөгдөж байгааг мэдэрч гайхаж магад шүү.

 Өөрийгөө урамшуул

Амжилтын гол хүч бол урамшуулал. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд хийсэн алхам болгоныхоо дараа өөрийгөө урамшуулж бай. Дасгал хийсэн бол “бие минь хөнгөрч, эрүүл минь сайжирч байгаа даа” хэмээн баярла, гарч гүйсэн бол хэр хол гүйснээ харж “овоо шүү” хэмээн бод. Үүнийг хийлгүй гэртээ ялхайн суусан бол яах байсныг сана. Мөн өөртөө урам өгөх хань татах хэрэгтэй. Ижил зорилготой найзтайгаа нийлж зүтгэх илүү урамтай, өрсөлдөөнтэй. Үр дүнд хүрч байвал өөрийгөө шагна.  

Санаж явах зүйл: Заримдаа хүн өөрийн доторх залхууд ялагддаг ч түүнийг ялж бас болно.

Ингээд танд 2017 онд санасандаа хүрэх амжилтыг хүсье.

Г.Ариунцэцэг

    

Сэтгэгдэл бичих

arrow icon