Социологид habitus буюу хүмүүний оршихуйн тухай цөм ойлголт бий. Энэ нь хүмүүн бидний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн харилцааны норм, нормативыг багтаасан цогц ойлгоц бөгөөд Францын алдарт социологич Пиэр Бурдьегийн (1939-2002) үзэж байгаагаар рациональ идеологи буюу тухайн нийгмийн ил тунхаглагдсан үзэл баримтлал, хууль дүрмээс илүү гүнд хэвшсэн зүйл ажээ.
Зун болонгуут Улаанбаатарынхан гэлтгүй Монгол даяараа хөдөөгийн зүг хөлгийн жолоог зална. Больё гэхэд зуслан гарч задгай агаарт байхыг эрхэмлэдэг. Яагаад? Шалтгаан нь зөвхөн эрүүл мэнд биш. Тэнд бидний хэдэн мянган жилийн турш амьдарч ирсэн тэр л орчин буюу ориг хабитус байгаа учраас бид тийшээгээ далд ухамсрын түвшинд тэмүүлдэг юм.
Байгалиасаа хэнээс ч хамааралгүй, задгай талд өнгөрсөн зууны 70-аад он хүртэл амьдарч ирсэн бидний хабитус сүүлийн 20 жилд эрс өөрчлөгдөв. Бид түүхэндээ ингэж шавж амьдарч байгаагүй
гээр үл барам амьдрал тэтгэх гол байгалийн өгөгдөл болох нар, агаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал энэ орчинд бид хүний нийгмийн үнэт зүйлсэд тулгуурласан нийгмийн бүтэц, хэм хэмжээ гэхээсээ илүүтэй амьтны аймгийн амьд үлдэхийн төлөө зэрлэг тэмцэлд тулгуурласан нийгмийг инстүүц бүтцийг байгуулжээ.
- Түгжрэл
Яах аргагүй хотын асуудал мөн. Гэтэл машингүй иргэдийн эрх ашгийг хоёрт тавьж автомашинтай иргэдийг дэмжсэн бодлого явуулаад байгааг огт ойлгохгүй юм. Автомашины зам тэлэхэд хамгийн түрүүнд явган хүний зорчих хэсгээс хумсална. Нөгөө талаас нь барилга барьж буй компаниуд шахна. Нэгэнт иргэнд чөлөөтэй алхах орчин байхгүй тул яах вэ? Машин унахыг л бодно. Морио унаж, хэнээс ч хамааралгүй амьдарч ирсэн монголчуудын хувьд машинаа морь гэж үздэг.
Үүний тод жишээ, машины урд тал багтах газар руу чихэх,зогсоол дээр машинаа байршуулсан байдал, цагдаа байхгүй бол дүрэм зөрчиж болно гэдэг сэтгэхүй. Энэ нь дээр дурдсан нөгөө л бидний морьтон үеийн хабитус машин унах зан үйлээр илэрч байгаа хэрэг. Аль том, хүчтэй машинтай нь жижиг хямд машинтайгаа дээрэлхэнэ, шахна. Хотын зам дээрх өдөр тутмын энэхүү үзэгдэл National Geographic сувгийн африкийн цөөвөр чононы тухай баримтат киног эрхгүй сануулдаг.
- Бохирдол
Ойр орчимд 15 км хүн байхгүй байнга нүүж байдаг орчинд нэг өрхийн гишүүдийн ил хаяж буй нус цэр, бохир, ялгадас нэг их асуудал биш. Гэтэл суурин газарт ороод ирэхээр энэ нь маш том асуудал болж хувирна. Хэдийгээр хотын иргэний хувьд мөрдөх зайлшгүй шаардлагатай хэм хэмжээ бий боловч үүнийг мөрдүүлэхэд шаардлагатай олон нийтийн буюу хамтын хяналт манайд байхгүй учраас л бид бүгд дор дороо бухимдаж үглэсээр байна. Хэрэв нус цэрээ хаяж буй хэн нэгэнд үг хэлбэл нөгөө хүн нь урдаас нь элдвээр хэлж, хэрэлдэх нь хууль. Учир нь тийн шаардах нь зөв гэдгийг анхнаасаа ойлгохуйц ухамсартай хүн хүн нус, цэрээ хаяж чадахгүй. Хэрэв иргэд бүгд дарамт учруулж эхэлбэл энэ нь аажимдаа засагдах зан үйл. Бид хамтын ашиг сонирхлоо хамгаалахын тулд мөн хамтын хариуцлага хүлээж, идэвхтэй байр сууринаас хандсан тохиолдолд нийтээр мөрдөгдөх хэм хэмжээ хэрэгжинэ. Миний л хувьд нус цэрээ нийж, “ориг”-оороо байгаа нэгнийг харахаар National Geographic-ийн горилла самжны тухай баримтат кино санагддаг. Тухайн сүргийн тогтсон хэм хэмжээнд захирагдаагүй хэнийг ч самжны сүрэг адлан хөөж чаддаг болохыг уг киноноос харж болно.
Хогны хувьд өөр асуудал. Одоогоос хорьхон жилийн өмнө бидний хэрэглээнд гялгар уут хуванцар сав байгаагүйгээс гадна бидний гаргаж буй ахуйн хогны бүтэц тэс өөр байсан юм. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог ихсэх нь зүй ёсны асуудал. Нэгэнт хэрэглээг дэмжсэн эдийн засагтай улс болохоор хог байсаар байхаас гадна улам ихсэнэ. Хогоо ангилах тухай байтугай дөнгөж хогийн саванд хаях тухай ярьж буй бидний хувьд энэ асуудал шийдэгдтэл дахиад 50 жил байна аа байна.
- Fenced community буюу хашигдсан бага нас
Харуул, хамгаалалттай орчинд амьдарч, хашаатай сургуульд суралцдаг хүүхдүүд. Тэд 30хан жилийн дараа нийгмийн харилцаанд оролцогч хамгийн идэвхтэй нэгж болно. Бараг манай элитар анги эндээс үүсэх биз. Бритиш сургуулийн захирлын ярьснаар монгол хүүхдүүдийн түрэмгийн занг зохицуулах хамгийн хэцүү
байдаг гэнэ. Багаасаа self-regulation буюу өөрөө өөрийгөө хянах чадварт суралцаагүй учраас сөрөг эмоцио шууд илэрхийлдэг, энэ нь ялангуяа шилжилтийн насанд хүчтэй илэрдэг тухай ярьж байсан. Хэдийгээр өсвөр насныхны дунд сөрөг эмоцио бусдад гаргах нь түгээмэл хандлага мөн боловч монгол хүүхдүүдийн хувьд энэ маш өндөр гэж ярьсан нь миний анхаарлыг ихэд татав. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг монгол уламжлалт сурган хүмүүжүүлэх арга нь хүүхэд өөрөө өөрийгөө хянахад маш сайн сургадаг байсан аж.
Сүүлийн 25 жилийн нийгмийн задрал мэдээж өрх айлыг ч тойроогүй. Цөөхөн хүүхэдтэй айлын хүүхдүүд, ялангуяа, эрэгтэй хүүхдийн төлөвшлийн асуудал бидний толгойны өвчин боллоо. Ямар сайндаа л “тавьмал хүүхэд” гэдэг нэр томъёо хүртэл гарах вэ дээ. Залуус яагаад ойворгон, тэвчээргүй, шалчигнуур болоо вэ? Нөгөө л хабитус буюу өөрөө өөрийгөө хянаж сурах орчноос нь тасалснаас эхтэй. Үүн дээр нь эмэгтэйчүүд давамгайлсан боловсролын салбар улам ташуур өгч, намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэсэн араатны хаан арслангууд олширчээ. Байгаль дээр эрслэнгүүд ан хийж, үр зулзагаа өсгөдөг бол Симбанууд зөвхөн үр тогтоох үүрэг гүйцэтгэдэг аж. Байгалийн шалгарлаар саваг үсээ хамгийн их сагсалзуулсан эр арслан сүргийн манлай болж олон эмэгчин хураадаг, тэгж чадаагүй нь хэрэн хэсэн явсаар өлсөж үхнэ, эсхүл сэг зэм, өвчтэй дорой нэгнээр гол зогоосоор үхдэг аж.
Нарны гэрэл сайн тусдаг, байгалийн өнгө давамгайлсан орчинд хүний бүтээмж 28% илүү
бөгөөд монголчуудын хувьд энэ үзүүлэлт үүнээс ч их байх гэж бодном. Учир нь бидний үндсэн хабитус алсын бараа харагдах задгай орчин, нар, салхи, агаар билээ. Бид үндсэн хабитусынхаа яг эсрэг орчныг бүрдүүлээд тэндээ аз жаргал, тэнэгэр сэтгэл, бүтээмж, амжилт эрэн бэдэрсээр...