Нийтлэл 01 сарын 22, 2017

ИНТЭРНЭТ УЛСТӨР БУЮУ СЛАКТИВИЗМ #Facebook #trending

Монголчуудын нэг айхавтар сул талыг нь ашиглаж улстөрийн бодит идэвхгүй болгох арга: Нэг сайхан "дайсан" олоод, бултаараа мэрж өгөх. Тэгээд бид мэрж, мэрж, мэрж сэтгэл ханаад, улстөр хийчлээ гэж бодоод тайван нойрсоно. Маргааш өглөө босно, амьдрал яг хэвээрээ үргэлжлэнэ. Авилгачид, хулгайчид, луйварчид бүгд хийдэг ажлаа хийсээр үлдэнэ... Сүрэглэн мэрэх үйл явц фейсбүүк мэтийн олон нийтийн сүлжээтэй хоршихоор хор хөнөөл нь бүр аюултай.

Интэрнэт орчин дахь хүмүүсийн улстөрийн чиглэлтэй үйл ажиллагааг интэрнэт активизм гэх. Ихэнх тохиолдолд иймэрхүү үйл ажиллагаа нэг товч даралт эсвэл хэдэн өгүүлбэрээс бүтсэн сэтгэгдэл/комментоос хэтэрдэггүй аж. Энэ нь хүмүүсийн улстөрийн бодит идэвхийг улам сулруулдаг тухай хэд хэдэн тулхтай судалгаа хийгджээ ( "Online vs. face-to-face deliberation: Effects on civic engagement"; "Social Movement Networks Virtual and Real"; "MyFaceTube Politics Social Networking Web Sites and Political Engagement of Young Adults"). Энэ үзэгдлийг сүүлийн үед СЛАКТИВИЗМ гэж нэрлээд буй. ("The brave new world of slactivism") Африкийн нэг сүртэй дарангуйлагчийн эсрэг чиглэж хийгдсэн бичлэгийг сая орчим хүн үзсэн ч нэгдээд цуглах болоход нэг анги танхим ч дүүргэж чадаагүй тохиолдол хүртэл байна.

Манайх шиг улстөрийн идэвхи үлэмж дорой, ард иргэд нь мэдлэг ойлголт тааруу, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нь хов живээс хэтрэхгүй нийгэмд интернет активизм бүр ч их хор хөнөөл авчирч байна. Наци үзэл улс орнуудад ямар байдлаар газар авдаг вэ?! Ядарсан, дарлагдсан ард иргэдэд тогтолцоо яг яаж ажилладаг, дотоод гадаадын хүчин зүйл ямар аргаар нөлөөлдөг, шударга бус байдлыг хэн дэгдээдэг, хэн завшдаг талаар мөн энэ байдлаас гарах ямар арга зам байж болох, бодитоор яаж эсэргүүцэх, тэмцэх, эрх ашгаа хамгаалахын тулд яаж системтэй хөдлөх зэргийн талаар огт ойлгуулж сэнхрүүлдэггүй. Харин бүр зориуд, тодорхой хувь хүмүүс, урлаг улстөрийнхөн, гадаад ажилчид, үндэстний цөөнхүүд зэрэг амархан "дайсан" болгож болох хүмүүсийг онилж, үзэн ядалтын компанит ажил явуулдаг. Гол зарчим нь: “дайсан” нүдэнд үзэгдэж, гарт баригдах ёстой. Нийлж чичилж, барьж идэхэд амар. Шудрага бус тогтолцоо харин улам амь бөхтэй болсоор байдаг...

Гол зарчим нь: “дайсан” нүдэнд үзэгдэж, гарт баригдах ёстой.

Манайд яг л нэг иймэрхүү үйл явц газаар аваад байх шиг. Ийм маягаар асуудлыг дэгдээгч этгээдүүд зориуд ч ингэж болно, мэдэхгүй ч байж бас болно, хувийн жижиг амбицдаа хөтлөгдсөн байж ч болно. Тэр нь гол биш. Үр дүн нь харин яг ижил. Нийгмийн сэтгэл санааны байдал улам харанхуй болж, үзэн ядалт дэгдэх бөгөөд тэр хирээрээ ард иргэд улам идэвхгүй, харанхуй, бие биедээ хөнөөлтэй, дээрэнгүй болно. Тамд хүргэх зам дандаа сайхан амлалтуудаар дүүрэн байдаг гэдэг дээ! Нийгмийн сүлжээний одууд, хэвлэл мэдээллийнхэн, улстөрийн намынхан, чөлөөт бичээчид та бүхэн маань хиймэл дайсан, хадны мангаа, ардын баатрууд зэргийг үүсгэхдээ, хөөрөгдөхдөө, муулж хараахдаа болгоомжтой байхгүй бол УТААНААС Ч ИЛҮҮ ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙНА ШҮҮ!!! ЭХЛЭЭД ЖООХОН Ч ГЭСЭН БОЛОВСОРЦГОО!

Интэрнэт активизм угийн ийм хор хөнөөлтэй юу гэвэл бас үгүй аж. Броер, Фаруук ("Slactivists or Activists? The Impact of Social Media Use on Individual-Level Political Participation: Evidence from the Brazilian Ficha Limpa Campaign") нарын хийсэн судалгаагаар, хүмүүсийн бодит идэвхи яг ямар төрлийн үйл хийснээс шалтгаалдаг гэнэ. Гол санаа нь хүн тодорхой хэмжээний хүч хөдөлмөр зарсан тохиолдолд цаашид тэр үйл ажиллагаагаа сонирхох, үргэлжлүүлэх магадлалтай болдог. Энэ судалгааны үр дүнд энгийн лайк, шейр хийсэн эсвэл богино хэмжээний сэтгэгдэл бичсэн хүмүүс цаашид тэр улстөрийн акцдаа оролцох магадлал эрс буурч байсан байна. Эсрэгээрээ, блог бичих, жижиг хэмжээний ажил хийх, зураг янзлах, өргөдлийн хуудас бэлтгэх, онлайн асуултад хариулах зэргийг хийсэн хүмүүсийн идэвх сонирхол харьцангуй өндөр байж. Энэ нь "sunk cost fallacy" хэмээх сэтгэлзүйн онцлогтой холбоотой аж. Хүмүүс ямарваа нэг зүйлд цаг зав, мөнгө төгрөг, сэтгэл санаагаа зориулах хирээр тэрэндээ илүү үнэнч болж, нэг ёсондоо “салах дургүй” болдог (Arkes, H. R., Blumer, C. The psychology of sunk costs). Жишээ нь, үнэтэй хоол авсан хүн тэр хоолоо дуусгахын тулд жирийн үеэс илүү иддэг. Нөхөртөө зодуулаад суугаад байдаг бүсгүйчүүд: "энэ хар дуракт хамаг залуу насаа зориулсан, одоо ямар хаяад явалтай нь биш” гэх маягаар сэтгэдэг байж болох. Тэгэхээр иймэрхүү сэтгэлзүй үүсгэх оролцооны эерэг талыг нь ашиглаж чадваас, агаарын бохирдлын эсрэг жагсаал зэрэг нь олон нийтийг хамарсан компанит ажил болох ч юм билүү.

Sanchir Jargalsaikhan

arrow icon