Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэг эриний төгсгөл, нөгөө эриний эхлэл боллоо гэж олон шинжээч үзэж байна. Тэрээр дэлхий дахин нүд чих тавьж байхад “Америкчууд нэг зүрх, нэг гэр, нэг хувь заяа, нэг мөрөөдөлтэй” гээд, түүнийхээ төлөө “эх оронч үзлийн дор бүх Америкчууд гар, сэтгэл нэгдэж даян дэлхийг ялах болно” гэж тунхаглав. Хориннэгдүгээр зууны 17 дугаар онд Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн амнаас сүсэг шүтлэгийг нь л хасчихвал Ленин багш хэлж байсан ч гайхахааргүй үгс сонсох юм гэж хэн саналаа? Илтгэлийнх нь ”Америкчууд”-ыг “пролетарууд” –аар солиод уншаад үзвэл сонирхолтой утга гарна. Харин Обама төрийг хүнээс эрх авсан хүний төлөө шинжтэй гэдгийг давтан сануулж, ардчилал бол алдаа оноотой, алгуур боловч ахиж дэвшиж байх ёстой үнэт зүйл гэж ухуулах утгатай үг хэлээд буусан. Обамагийн илтгэлд Ардчилал гэх үг 20 удаа давтагдсан бол Трамп нэг ч удаа хэрэглээгүй.
Уг нь Ардчилал, АНУ гэх хоёр үг нэг тэрэгний хоёр дугуй шиг явж ирсэн билээ.
Идеологи, романс
Трампын илтгэлээс арчигдсан “ардчилал” гэх үгтэй цуг дэлхийн дэг журмаас олон дүрэм хамт арчигдах магадлалтай байна. Бид зөвхөн хоёр Буш шиг нэг захиргаа нөгөөд шилжиж, 44-ийн тоо 45 болж, хувь хүн хувь хүнээр солигдох явцыг биш хоёр эрин солигдох явцын гэрч болж байна. Трамп бол Трамп биш. Трамп бол түүх гэдрэг эргэх цэг. Трамп бол үзэгдэл. Тэр санамсаргүй юм уу гэнэтийн тохиолдол биш, цаг үеийн олон асуудлын хуримтлал. Түүний засаглалтай хамт олон улсад шинэ дэглэм эхэлж байх магадлалтай байна. Тэгээд ямар эрин эхэлж байна вэ? Бид юунд бэлэн байх ёстой вэ?
Яриагаа цааш нь үргэлжүүлэхийн тулд идеологи гэж хэлц оруулж ирье, гадаад нэршилд харшилтай уншигчдаас хүлцэл өчье. Идеологи гэдэг нь энгийндээ аливааг тайлбарлах үзэл хандлагын цогц
юм. Дарвин гэвэл хувь хүнийг, дарвинизм гэвэл байгаль, хувьсалд хандах үзэл хандлагын цогцыг тэмдэглэх гэх мэтээр бие даасан идеологийг изм гэж тэмдэглэх нь олон. ОУ-ын харилцаанд идеологи яагаад чухал вэ гэхээр хүн гээч ямар мөн чанартай болох, тэднийг цуглахад ямар нийгэм үүсдэг, улмаар тэдгээр нийгмээс бүтсэн хүний дэлхий ямар шинж чанартай гэж үзэхээс улс орнуудын бодлого, хамтын ажиллагаа, улмаар дэлхийн дэг журам тогтдог болохоор тэр юм. Дэлхийн түүх гэмээ нь нэг талаар дэлхийг тайлбарлах илүү романтик идеологийн эрэл, түүнийг бодит байдалд тусгах оролдлогын түүх билээ. Хэт даврагсад, ядуурал, экологийн сүйрэл, Африк, сүүлийн үед Монгол... гээд дэлхий тийм романтик биш нь биш. Гэхдээ үгүй ядаж романтик царайлах эрмэлзэл албан ёсоор зогсож, романс моодноос гарах шиг аюул байхгүй. Ялангуяа Монголын хувьд. Трамп бол дор хаяж одоо ярьж хийж байгаагаас нь харахад романс моодноос гарахуй юм. Арай дэлгэрэнгүй харцгаая.
Дэлхийн түүх бол дэлхийг тайлбарлах илүү романтик идеологийн эрэл, түүнийг бодит байдалд тусгах оролдлогын түүх.
Риалполитик
Ерөнхийдөө улс хоорондын харилцааг тодорхойлох хоёр гол идеологи байдаг нь идиализм ба реализм. Энэ хоёр изм олон салбарт өргөн утгатай ч цэвэр ОУ-ын харилцааны агуулгад аль болох энгийнээр: идиалистууд товчдоо хүний сайн чанарт итгэдэг. Тиймд тэдний дэлхий ч сайн сайхны төлөө зэрэгцэн орших боломжтой гэж үзнэ. Эсрэгээрээ риалполитикт товчдоо хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх, байгальлаг харилцаа үйлчилдэг. Аль алиных нь улстөрийн философийн хөрс суурь нөгөө л Европоос , нөгөө л соён гэгээрлийн 16, 17-р зуунаас тавигдсан байдаг ч дайн дажнаар дүүрэн хүний түүхэнд ихэнхдээ риалполитик үйлчилж ирсэн. Бидний бахархал болсон Монголын Эзэнт Гүрэн ч хэн цэрэг, техникийн давуу талтай нь хүссэндээ халдаж өргөжсөн түүх гэж хэлж болно.
17-р зуунаас Европын дайнд хэсэгчлэн цэг тавьсан Вестфалийн гэрээгээр сувирнитет буюу төрт улс ба тэдний тусгаар байдал, тэдний хоорондын хүчний тэнцвэр олон улсын харилцааг тодорхойлох болсон ч энэ нь 20-р зууны дунд хүртэл үргэлжилсэн колоничлолыг зогсоох хэмжээний либерал дэг журам болж амжилгүй явсаар 20-р зууны эхээр 36 сая хүний амь, бие хохирсон дэлхийн дайн гарсныг бүгд мэднэ. Ер нь риалполитикт хэгэмони буюу нэг улс нь илт давуу ноёрхох боломжгүй хүчний тэнцвэр үүсэхээр том дайн гарах хандлагатай харагддаг. Нэгдүгээр дайн гарах үед түрүүлж үйлдвэржсэн Англи, АНУ, гүйцэж үйлдвэржсэн Герман болон бусад улсын хүч тэнцэж ирээд байлаа. Энэ дайны дараа ОУ-ын харилцаан дахь хамгийн анхны, хамгийн дорвитой идиализм буюу дэлхийд засгийн газрын үүрэг гүйцэтгэх учиртай Үндэстнүүдийн Лиг байгуулах санаачлага гарсан нь санамсаргүй хэрэг биш. Гэхдээ ерөнхийлөгч нь санаачилсан энэ байгууллагыг АНУ өөрөө батлалгүй өнгөрснөөс ердөө 20 жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайн гарсан. 60 сая хүний амь залгисан энэ дайн риалполитикт ямар нэг дэг журам хэрэгтэйг бүгд хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн хүний түүхэн дэх хамгийн том гамшиг байлаа. Бүтээсэн нээсэн бүхнээ хүний амь олноор авах дайны технологид ашигласан ийм гамшиг 1945 онд буюу ердөө 70 жилийн өмнө гарсан гээд бодохоор 200 мянган жил гэгдэх хомосапиэнсийн түүхэнд өнөөгийн либерал дэг журам хэдий алдаа оноотой ч хэчнээн залуухан, хэчнээн үнэ цэнэтэй нь ойлгогдоно буйзаа.
Дэлхий 1945 оны дараа
Дэлхийн дайн гарсных түүнд оролцсон том хүчнүүд бялуугаа хувааж аваад шинэ тэнцвэр тогтов. Гэхдээ энх тайванд риалполитикийн тэнцвэрээс гадна эдийн засаг аж ахуйн хоёр чухал хүчин зүйл үйлчилсэн гэж харж болно. Нэгд, 200 гаруй жил үргэлжилсэн технологийн хөгжлийн дүнд том газар нутаг, том армиас илүү хэн өрсөлдөх чадвартай нь хүчтэй байх бүтэц хэдийнээ үүсээд байлаа. Засгийн газрууд цус урсгасан дайнд хөвгүүдээ илгээхээс илүү цусгүй дайнд ялахаар боловсон хүчин болгох нь илүү ухаалаг бодлого болж ирсэн гэсэн үг. Өрсөлдөх чадварын өрсөлдөөнд өнгөлж байсан Герман, Япон ялагдаад АНУ торойж үлдсэн нь хоёрдугаар дайны дараа АНУ-ын хэгэмони тогтсоны цаад ЭЗ-ийн шалтгаан. Хоёрт, дайнд ялсан хоёр том гүрний дунд мөн л цэрэг зэвсгийн гэхээсээ тогтолцооны дайн өрнөснийг нэгнийх нь шүхэрт багтаж байсан бид хамгийн сайн мэднэ. Капитализм ба коммунизм хэний тогтолцоо илүүгээ үзэх буюу нэг талаар хэн нь илүү сайнаа үзэх романтик уралдаан байсан нь Монголын хувьд завшаан байв. Цөмийн хямрал гэх мэт сүүдэр дагуулсан ч хүйтэн дайн бол ерөнхийдөө хоёр тогтолцоо хөгжлийн чадамжаараа өрсөлдсөн эрин байлаа. Идеологи хэчнээн чухлыг эндээс ч харж болно. Африкынх шиг хэн нь хурдан завшихаа үзэх уралдаан явсан бол хүүхдийн ордон, Филатова, атрын аян гэх мэт үгс манай түүхэнд бичигдэхгүй л байсан болов уу.
Хоёр изм-ын хувьд нэг нь нөлөөний бүстээ төрөөс хөрөнгө оруулж романтизмаа торгоож байсныхаа өртгийг 1989 онд төлж дотроосоо нурсан. Харин АНУ-ын либерализм болохоор төрөөс илүү хувийн хэвшил төвтэй. Хувийн хэвшил буюу бизнес, чөлөөт худалдаа, тэдгээрийг хэрэгжүүлэх инстүүцүүдээр дамжуулан нөлөөгөө тэлдэг байсан нь хүйтэн дайны төгсгөлөөс хойш улам эрчимжсэн. Харин 2010-аад оноос эдийн засгийн хувьд дэлхийн индастриал(үйлдвэрлэлийн) хүчний тэнцвэр өөрчлөгдөж, улстөрийн хувьд ардчиллын нэр хүнд шалдаа бууж ирсэн үеэр Трамп АНУ-ын сонгуульд ялав.
АНУ ба либерализм
Баялгийг хоёр замаар нэмэгдүүлж болно. Бүтээж, арилжих(бизнес) юм уу булааж дээрэмдэх(арми). 1945 оноос хойших энх тайвны 3 шалтгааныг өмнөх хэсэгт тоймлосон. Нэгд риалполитикийн сургамж, хоёрт бизнес армиас илүү үнэд орохуйц индастриал хөгжил ба АНУ-ын хэгэмони тогтохоор өрсөлдөх чадвар, гуравт измүүдийн өрсөлдөөн. Өөрөөр хэлбэл хүчний харилцааны гол тэнхлэг бизнес ба бизнестэй АНУ- руу шилжиж. Шилжлээ гэхэд улс орнуудын хоорондоо бизнес хийх дүрмийг нөгөө л идеологи шийднэ. Өнөөг хүртэл даяаршил хэмээх нөөцийн чөлөөт урсгалыг дэмжих идеологи голлож ирснийг хэн хүнгүй мэднэ. Энэ идеологийн хэрэгжүүлэгч инстүүцүүд болох ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага гээд дайны дараах дэлхийн ЭЗ-ийн архитектур бол АНУ-ын бүтээл. Онолын ертөнц ч худалдаа, санхүүгийн либерал тогтоц ба түүнийг хэрэгжүүлэгч инстүүцүүдийн сайн мууг шүүх үүрэгтэй явж ирлээ. Харин энэ сонгуулиас хойш АНУ манлайлж , академичид шүүмжилж нэг үзээд, улс орнууд зарим нь уурлаж нэг үзээд дийлэхгүй өрнөж байсан процесст Трамп өөрөө цэг тавих шинжтэй болж ирээд байна. Либерализмын загалмайлсан эцэг АНУ-ын ерөнхийлөгч өөрөө манлайлан хана босгож, Хятадаас эдийн засгаа хамгаалж, худалдааны протекшинист бодлого хэрэгжүүлнэ гэнэ. Харин нөгөө талд нь Ши Жин Пин Давост чөлөөт худалдаа мандтугай маягийн юм хэлж явав.
Үүний учир нь хоёрдугаар дайны дараахтай харьцуулахад АНУ өртгөөр Хятадтай өрсөлдөхөөргүй болсонтой зарим талаар холбоотой. Англи өрсөлдөх чадвартай байхад Рикардогоос сонгодог онол төрж, Хятад хамгийн хямд үйлдвэрлэл хийж байгаа өдгөө Ши Жинпин чөлөөт худалдааг дэмжиж, нөгөө талд нь Трамп коммунист шахуу үг хэлж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Хэний өрсөлдөх чадвар илүү байна, тэндээс чөлөөт худалдааны идеологи түгээх хэв маяг давтагдсаар байна. Хямд өртгөөр үйлдвэрлээд түүнийгээ чөлөөт худалдааны идеологи дор хилээ нээсэн дэлхийд зарна. Трампын хатуу байр суурь АНУ өөрт нь ашиггүй болж хувирсан үзэл санааны манаач хийхэд эрч хүч, эдийн засгийн нөөцөө ашиглахгүй гэсэн дохио гэж харагдаж буй.
Улстөрийн ба эдийн засгийн либерализм, бас Монгол
Даяарчлал улс улсын эдийн засагт ямар үр дүн авчирсан бэ гэдэг нь өмнө хэлсэнчлэн маргаантай сэдэв боловч түүнтэй нэг багцад явж ирсэн улстөрийн либерализм бол харьцангуй энх тайван, хүмүүнлэг дэлхийн гарцаагүй чухал нэг тулгуур нь юм. Хэдий суларсан ч хүчирхэг хэвээр АНУ либерал идеологийн манаач хийхгүй, түүгээр ч барахгүй эсрэг үзэл санааг ил тод илэрхийлэх болж ирмэгц хүчтэй нь хүчгүйгээ түрэх риалполитик эргэж хүчээ авах эрсдэлтэй. Бодит хүч/power-гүй, риалполитикт тоглох хөзөргүй манай улсын хувьд улс хоорондын харилцаанд романс моодноос гарах эрсдэлийг олон талаас шинжиж, маш нягт хийгүй гадаад бодлого барьж явах шаардлагатай гэж бодож байна. Учир нь 1990-өөд он хүртэл социализмыг, өнөөг хүртэл ардчиллыг барьж байгуулж байгаа гэдгээрээ л улс хооронд тоогдож, олон улстай романтиклаж явсных нь оргил цэг өнгөрсөн зуны АСЕМ байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, риалполитикт тоглох хүчгүй Монголын төрт улсын дархлаа идеологиос их хамааралтай тул дэлхийн идеологийг сайн ажиглаж бодлого гаргаж явах зайлшгүй шаардлагатай. Ер нь түүхэнд том зөрчил, дайнууд индастриал хүчний тэнцвэр үүсч, нөөцийн өрсөлдөөн ширүүсч эхлэхээр гарч байсныг санахад илүүдэхгүй. Улс дотроо хүний эрхийн зөрчил хээв нэг гаргаж, Брекситийг очиж дэмжиж, Европчуудаас НАТО-д мөнгө нэхэх жишээний хөгшин арслан хамгийн хүчирхэг гүрнийг удирдаж байхад угаасаа сүүлийн хэдэн арваны алдаагаа дааж ядаж байгаа залуу идиализм хаашаа ч ухарч мэдэх эрсдэл бий.
Гэхдээ улстөр, гадаад харилцааны хувьд пост-либерал дэлхий ирлээ гэж дүгнэх хараахан болоогүй. Зарим судлаачид Трампыг бизнесээ хийдэг шигээ хатуу байр суурь барьж хэлцлийн давуу тал үүсгэх бодлого барьж байгаа болохоос Европ, Хятад гэсэн хүчний төвүүдтэй муудалцах хэмжээний нэгдмэл гадаад бодлогогүй гэж үзэж буй. Замын дунд ерөнхийлөгчөөс буух магадлал ч нойл биш. Харин эдийн засгийн хувьд нэг зүйл тодорхой: биотехнологи, мэдээллийн технологи гээд үйлдвэрлэлийн хөгжлөөр одоо ч дэлхийд нэгт жагсах, өөрөө чөлөөт худалдааны бодлого түгээж ирсэн АНУ Хятадаас үйлдвэрлэлээ хамгаалах бодлого ил тод зарлаж байна. Тийм байхад зарим салбар нь бусад улсын 18, 19-р зууны түвшнийг ч гүйцэхгүй манай улс худалдаа эдийн засгийн бодлогоо эргэж харах цаг болжээ. Манай гадаад худалдааны товч түүхээс EPA хонгилын үзүүр дэх гэрэл мөн үү? тэмдэглэлд хэсэгчлэн хөндсөн. Салбар хөгжүүлэх бодлого, худалдааны бодлого хоёр зайлшгүй уялдаатай.
Салбар ба худалдааны бодлогыг төрийн бодлогын инстүүц тулхтай судалж гаргах ёстой ч тариффыг улстөрийн гэнэн либерализмд биш үнэ өртгийн тооцоонд(риализм) суурилдаг болгох нь нэн түрүүний алхам. Улсын хөрөнгө оруулалт ч боржуур, барилга, жорлон, ипотек гэх мэт хэрэглээ биш бодлогоор тодорхойлсон үйлдвэрлэлийн салбарын өртөг буулгах чиглэлд хийгдэх хэрэгцээ үүсээд дэндүү удаж байна. Риализмгүй идилаизм хөөсөн 26 жилд гадаадад гаргаад тоглох power ч нойл зааж, дотоодын амьдрал ч идиал байтугай анархи тийшээ дэлбэрч ирлээ.
Тэгээд коммун, либерал элдэв идеологийн уралдаанд туршилтын туулай болж өхөөрдүүлж явах цаг дуусвал яах вэ? Бодит эдийн засгийн хүчтэй болох бодлого руу парадигм шилжилт хэзээ хийх вэ? Риализм талдаа эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн оронд хулгайлж дэлбэлчихээд, идиализм талдаа ардчилал гэж Обамагаас ч олон хэлж донгоддог удирдагчдад ямар бодлого байна вэ? Либерал идеологи хэмээх өрөөсөн хөл дээр дэнжигнэж байгаа Монголын тусгаар тогтнолд гаднаас ямар эрсдэл ирж байна вэ? Өрсөлдөх чадвар хэмээх тусгаар тогтнолын нөгөө хөлөө хэн хэзээ хэрхэн бэхлэх вэ?! Хоёрдугаар дайнаас хойших харьцангуй идиалист 70 жилийн нэг үзүүрт улстөрийн хувьд оршин тогтнох баталгаагаа олж ирсэн ч нөгөө үзүүрт нь худалдаанд нээлттэй дотоодын үйлдвэрлэлгүй эдийн засаг хэмээх хоёрдмол өв өвлөснөө харах, ийм онцлогтой улсын хувьд дэлхийн дэг журамд гарч буй өөрчлөлтөөс ямар эрсдэл гарч болохыг харж бодлого боловсруулах шаардлагатайг бохьчин боовчин дуучин ламчин хандивчин гишүүдэд нэхэн сануулмаар байна.