Монголчууд биднийг намын даргын сонгууль, "Эрдэнэт"-ийн хувьчлал, хотын утаа, бондын өр, хятадуудыг визтэй/гүй оруулах тухай ярьж байх хооронд хорвоо дэлхий дээр ямар сонин содон зүйл болоод өнгөрөв. Та бүхэн надад дуулгах сонин юу байна? Харин би та бүхэнд сонсож мэдсэнээ хуваалцая.
1. Манай гаригийн далай тэнгист ойролцоогоор 5 их наяд ширхэг хуванцар хог хаягдал хөвж явдаг гэж эрдэмтэд тооцоолжээ. Энэ хогноос одооноос эхлэж салахгүй бол ирээдүйд жинхэнэ "шүдний өвчин" болж магадгүй аж. Харин Голланд Улсын хэсэг эрдэмтэд ирэх 10 жилд багтаан далайд буй хуванцар хаягдлын 40 хувийг цэвэрлэх зорилготой "Ocean Cleanup" нэртэй төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд далайд том хэмжээний шүүгч төхөөрөмж байрлуулж усны мандал дээр хөвж яваа хаягдлыг шүүрдэж авах юм. Шүүгч төхөөрөмж нь гаднаас ямар нэгэн эрчим хүчээр тэжээгдэхгүй зөвхөн далайн давалгааг ашиглан өөрийгөө цэнэглэхээр бүтээгдэнэ. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл ирэх 30 жил гэхэд хуванцар хогноос салсан байх ерөнхий төлөв харагдаж байгаа ажээ. Эх сурвалж: The Ocean Cleanup
2. Олон улсын дархан цаазад газрын холбооноос өнгөрсөн оны 9 дүгээр сард “аврага панда”-г устаж буй амьтны тооноос албан ёсоор хассан тухай мэдээлэл хийлээ. 2004 онд 1596 ширхэг аврага панда бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар бамбаруушнуудыг нь оруулахгүйгээр 1864 ширхэг панда тоологдсон байна. БНХАУ-д гэхэд зөвхөн “панда”-д зориулсан 67 тусгай хамгаалалттай газрууд байдаг ба энэ нь нийтдээ 5400 км/кв газар нутгийг хамаарч байна. Эх сурвалж: NBC News
3. БНХАУ нь зааны “соёо”-ны наймааг 2017 оны эцэс гэхэд бүрэн зогсоох зорилготой цогцолбор төлөвлөгөө танилцууллаа. Баян чинээлэг хүмүүс хувийн эд зүйлсээ зааны “соёо”-гоор хийх болсон нь үнийг нь өсгөж тэр хэрээр хулгайн анчдын гарт өртөх болжээ. Өнөөдөр нэг кг соёо 1100 ам.долларын үнэд хүрч байна. Хэрвээ хятадууд зааны “соёо”-ны худалдааг үнэхээр зогсоож чадвал жил бүр 20 мянган зааны амь аврагдах юм. Одоо дэлхийд 415 мянган заан л үлдээд байна. Эх сурвалж: Good News Network
4. АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама-н засаг захиргаа “2010 оноос хойш орон гэргүй ахмад дайчдын тоог 50 хувиар бууруулсан” гэж мэдэгдэв. АНУ-ын Засгийн газрын агентлагуудын хооронд “ахмад дайчдыг дэмжих” зорилгоор байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн үр дүнд ийм амжилтад хүрч чаджээ. Эх сурвалж: Good News Network
5. Хятадууд ойрын хугацаанд 1000 жижиг хэмжээний нүүрсний уурхайнуудыг хаахаар төлөвлөж байгаагаас гадна ирэх 3 жилийн хугацаанд ямар нэгэн шинэ нүүрсний уурхай байгуулах зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргав. Энэхүү арга хэмжээ нь том улсын хувьд өчүүхэн бага байх болох ч сэргээгдэх эрчим хүчийг гаргаж авах, хэрэглэх асуудлыг нэг алхамаар урагшуулахад урам өгсөн үйл явдал болно. Хятадууд сүүлийн хэдэн жилийн туршид органик гаралтай түлшний хэрэгцээгээ байнга бууруулж ирлээ. Эх сурвалж: Bloomberg
6. АНУ-ын Загас, зэрлэг амьтдын албанаас далайн үхрийн/manatee/ одоогийн устгаж байгаа” ангилалыг “устаж болзошгүй” ангилалд оруулах санал гаргажээ. 1972 онд маш ховордож бараг устахдаа тулаад байсан уг амьтан Флорида мужид 500 хувиар үржиж тоо толгой нь 6300-д хүрээд байгаа юм байна. Эх сурвалж: Scientific American
7. Колумбын Засгийн газар болон "Үндэсний чөлөөлөх арми"/FARC/ босогчдын бүлэглэлийн хооронд өрнөсөн 52 жилийн зэвсэгт тэмцэл эцэс болж энхийн гэрээ байгуулжээ. Сүүлийн 4 жилийн турш хүнд хэцүү хэлэлцээрийн явуулсаны дүнд энэхүү энхийн гэрээг байгуулсан юм. Энэ тэмцэлд нийтдээ 52 мянган хүн амь насаа алдаж, 8 сая хүн орон гэрээсээ дайжсан гэнэ. Гэрээний дагуу босогчид тодорхой хэсэг газарт өөрсдийн хяналтаа тогтоосон хэвээр үлдэх ба харин НҮБ-ын ажиглагчийн бүлэгт зэвсгээ хураалгах ёстой юм. Эх сурвалж: BBC News
8. АНУ-ын “НАСА”-аас илгээсэн “Жюно”/Juno/ сансарын хөлөг энэ жилийн сүүлээр 1 тэрбум 280 сая км зам туулсаны эцэст Бархасвадь гаригт хүрнэ. Хөлгийг илгээсэн гол зорилго нь гаригийн цацрагийн бүслүүрийг судлах, тус гариг болоод манай нарын аймаг хэрхэн бий болсон тухай мэдээлэл цуглуулах явдал юм. Эх сурвалж: The Telegraph UK
9. Канад Улс 20 жил тэмцсэний үр дүнд “Аугаа баавгайн ширэнгэ” нэртэй манай гаригийн хамгийн том далайн эргийн тогтуун уур амьсгалтай ширэнгэн ойг хамгаалахаар боллоо. Байгаль хамгаалах идэвхитнүүд, ойн аж ахуйн компаниуд, канадын анхны иргэдийн төлөөлөл хамтарч уг ойн 85 хувийг хамгаалахаар болжээ.
10. Дэлхийн болон Пан америкийн эрүүл мэндийн байгууллага хамтран Хойд болон Өмнөд Америкт “Улаан бурхан” өвчнийг бүрэн устгаж чадсан гэдгээ зарлав. Энэ бол америкчууд тухайн өвчний эсрэг вакцин гарган авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах замаар 5 дахь халдварт өвчнөөс бүр мөсөн салж буй тохиолдол болж байгаа гэнэ. 1980 оноос өмнө эдгээр таван өвчнөөс болж 2,6 сая хүн амь насаа алдаж байсан ажээ. Эх сурвалж: The Atlantic
11. Африкийн Малави Улсад ДОХ өвчний тохиолдол анх 1985 онд бүртгэгдэж байв. 2000 он хүртэл жил бүр уг өвчний халдвар авсан тохиолдол 25 хувиар өсөж байсан бол одоо байдал эрс өөрчлөгдөж халдвар авагчдын тоог 12 хувиар бууруулж чаджээ. Энэ нь тус улсад уг өвчнийг эмчлэх хөтөлбөрийг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй шууд холбоотой. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн ДОХ өвчнөөс болж нас барьж буй хүмүүсийн тоог 260 мянган хүнээр бууруулж чаджээ. Эх сурвалж: Al Jazeera
12. Израйль Улс далайн усыг цэвэршүүлэх замаар ундны ус гаргаж авах төхөөрөмж/шахуурга зохион бүтээжээ. Энд 1,5 сая хүний хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээний цэвэр ус гаргаж авах тухай асуудал яригдаж байна. Израйль Улс бол маш их хуурайшилтай, цөлөрхөг газарт оршдог тул ундны цэвэр усны хангамж маш чухал ач холбогдолтой байдаг. Тель-Авив хотоос өмнөд зүгт 16 км-ийн зайд орших уг ус цэвэршүүлэх төхөөрөмж нь гайхамшигий бодитоор нь бий болгож байна. Эх сурвалж: Ensia
13. Гивней Улсад дэгдсэн үхлийн аюултай “Эбола” өвчний эсрэг туршиж буй вакцин нь 100 хувийн амжилттай болж байгаа мэдээ байна. Ванкцин гаргаж авсанаар жил бүр уг өвчнөөр нас нөгчдөг 11 мянган хүний амь насыг авраад зогсохгүй өвчний халдвар авсан 28 мянган хүнийг эмчлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү эмчилгээний хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Канад, Норвеги, Гивней Улсын засгийн газрууд хамтран санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг.
Эх сурвалж: Newsweek
14. 2010 онд манай дэлхий дээр хүнс тэжээлийн дутагдалд орсон ойролцоогоор 821 сая хүн байсан бол одоо энэ тоо 795 сая болж буурчээ. Хэдийгээр өлсөж буй хүмүүсийн тоо өндөр байгаа хэдий ч 26 сая хүнийг өлсөглөнгөөс гаргаж чадсан нь чамлахааргүй амжилт юм. Эх сурвалж: New York Times
15. 100 жилийн өмнө бар устгаж үгүй болох амьтдын жагсаалтад багтдаг байсан бол одоо байдал эрс өөрчлөгдөж өсөж, үржих болжээ. Одоогийн байдлаар зэрлэг барын тоо толгой 5800 хүрээд байгаа юм байна. Эх сурвалж: National Geographic
16. 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Энэтхэг Улсад ганцхан өдөрт багтаан 50 сая ширхэг мод тарьж дэлхийн рекорд тогтоожээ. Пакистан Улсын өмнө тогтоосон амжилтыг эвдэх зорилгоор явуулсан энэхүү ажилд энэтхэгийн 800 мянган сайн дурын ажилтнууд оролцож 24 цагийн туршид мод тарьсан байна. 2013 онд Пакистанчууд нэг өдөрт 847275 ширхэг мод тарьж байжээ. Эх сурвалж: National Geographic
Сэтгэгдэл бичих