49% тойрсон маргааныг хэсэг ажиглалаа. Аливааг ажиглах авьяасыг Засгийн газраасаа өвлөсөн байх гэснээс 49%-ийг монголчуудын дундын асуудал биш хоёр талын байлдаан гэж үзэх хандлага илт харагдана. Ер нь монголчууд ямар ч асуудалд тэгж ханддаг. Дэлхийн дайдыг эзэлж үзсэн дайнч үндэстэнд юу ч л болов нэг талд гарч байгаад ялах нь чухал бөгөөд үр дүнд нь өөрийнх нь амьдрал сайжрах муудах эсэх нэг их чухал биш юм уу ч гэж гайхмаар. Тиймдээ ч нэгэнт Монгол Улсын Засгийн газар өөрөө шийдвэр гаргаж оролцсон хэрнээ Эрдэнэтийн 49 хувийн асуудал хувьцаа үнэлж хуваах гэх зэрэг бизнес шийдэлд хүрэх шинжгүй зодоон болж хувираад байна. Миний хувьд зарчмын болон эдийн засгийн хоёр шалтгаанаар энэ хувьчлалын аргачлалд эсрэг байр суурь барьж ирлээ. Хоёрдугаарх буюу эдийн засагт суурь контекст өгөх зорилгоор нэгд олон улсын агуулгад, хоёрт Монголын эдийн засгийн реформ, макро эдийн засгийн агуулгад, гуравт хувьцаа гэх мэт зах зээлийн микро тоглогчийн агуулгад цуврал тэмдэглэл гаргасан. Ямар ч гэсэн ерөнхий контекстыг өмнө нь бага боловч өгсөн тул энэ удаа 49%-д холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг энгийн амьдралд хөрвүүлж үзье.
Иргэд сэрж байж цэцэрлэг сэргэнэ
Аль болох хялбар ярилцах үүднээс уншигч та болон таны бизнесийг цэцэг гэе, энэ улсын эдийн засгийг цэцэрлэг гэе. Тэгээд ажлын хэсгийн дүгнэлтээ эргэж харъя. Хууль дүрэм, зарчмын асуудлуудыг орхиод юу ч болов эдийн засгийн утгаар.
Эдийн засгийг цэцэрлэгт хүрээлэн гэвэл цэцэрлэг дотуур хэдэн тойрог татсан усалгааны турбанаас цацарч жигд усалж байдаг юм нь мөнгө юм. Турбаг зөнд нь орхихоор хэрэггүй газар шалба услаад юм уу хэрэгтэй газар усгүй орхиод байх магадлалтай тул илүү устай газраас ус татаж, хэрэгтэй газар нь хүргэх маягийн даралт, хэмжээ тохируулах үүрэгтэй Банк гэж зах зээлийн инстүүц байдаг. Засгийн газар ч турбаны хэвийн ажиллагааг хангаж, цэцэрлэгт хүрээлэн хоггүй, зэрлэг ургамалгүй цэцэг навч жигд аятайхан ургаж байх ажил хариуцдаг. Тэр ажлаа хийхийн тулд ард түмнээс эрх мэдэл, мөнгө авдаг.
Эдийн засгийг цэцэрлэгт хүрээлэн гэвэл цэцэрлэг дотуур хэдэн тойрог татсан усалгааны турбанаас цацарч жигд усалж байдаг юм нь мөнгө юм.
Засгийн газар энэ цэцэрлэгийн хамгийн үр жимстэй өндөр том модны нэг хагасыг түрүүлж авах давуу эрх хэмээх олон нийтийн хөрөнгийг(давуу эрх үүсмэл санхүүгийн хөрөнгө болохыг өмнө нь тайлбарласан) Монголын Зэс Корпорац гэх гурвантаа нэрээ өөрчилсөн, өмнө нь ямар аж ахуйн үйл ажиллагаа явууулж байсан нь тодорхойгүй баянбүрдэд шударга өрсөлдөөний бүх зарчмыг зөрчиж нууц хэлэлцээрийн байдалтай шилжүүлсэн байх агаад тэндээс Оросын Альфа банк руу 400,27 сая ам.доллар шилжүүлжээ. Цэцэрлэгт баянбүрд олон тусмаа сайн ч бусад газрыг услах турбанаас ус шавхаж татах ёсгүй. Энэ баянбүрд хаанаас мөнгө татсан байж болзошгүйг ажлын хэсгийн дүгнэлтээс харъя.
Нэг. Арилжааны банкууд:
УБ банкин дахь 27 настай Ц.Пүрэвтүвшингийн хадгаламж 112 тэрбум төгрөг. Ажлын хэсгийн дүгнэлтэд уг банкны хадгаламж эээмшигчдийн мөнгөн хөрөнгө байх магадлалтай гэжээ. ХХБ-наас өөрөөс нь зээлсэн 75.0 сая доллар(уг зээлийг Эрдэнэтийн 49 хувийг барьцаалж аваад Эрдэнэтийн 2012-2013 оны ногдол ашиг 55,7 сая долларыг буцааж төлсөн гэнэ). Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй барьцаа буюу эсвэл Эрдэнэтээс өөрөөс нь худалдан авах зэсийн баяжмал гэх мэтийг барьцаалж ХХБ-наас гурван компанид үг үсэг ив ижилхэн гэрээгээр зээл олгоод улмаар тэдгээр компаниас МКК корпораци руу шилжүүлсэн 206 сая ам.доллар. Хуулиараа ХХБ нь нэг зээлдэгчийг 149.0 тэрбум төгрөгөөр, Улаанбаатар банк нь нэг зээлдэгчийг 17.0 тэрбум төгрөгөөр “услах” эрхтэй.
Хоёр. QSC компани.
2014 онд Дархан төмөрлөгийг 30 жилийн концессоор авсан, Монголбанкнаас 2014 онд 100.0 тэрбум төгрөгийн зээл, мөн бондын мөнгөнөөс 136.0 тэрбум төгрөгийн зээл авсан, 2015 онд өөрийн хөрөнгөөр барьсан гэх 35.1 км төмөр замыг 90.3 сая доллараар улсад өгсөн, 2016 оны 6 дугаар сарын 30-нд Монголбанкнаас 160.0 тэрбум төгрөгийн зээл авсан QSC компаниас зээлсэн 62,9 сая доллар.
Гурав. Төрийн инстүүцүүд буюу Монголбанк, Хөгжлийн банк
Дээр дурдсан QSC компани нийт 676 тэрбум орчим урт богино хугацааны өр төлбөртэй аж. Энэ дундаа 260 тэрбум төгрөгийн зээл нь яг Эрдэнэтийн хувийг худалдаж авах төлбөр хийж байх үед Монголбанкнаас олгосон зээл гэжээ. Мөн Хөгжлийн банкнаас ХХБ-нд 3.7 тэрбум иен, 160 тэрбум төгрөг байршуулсан. Чингис бондоос Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 84.0 тэрбум, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт 137.0 тэрбум төгрөгийн зээл олгосон. QSC компанийн концессын гэрээгээр бариулсан 36 км төмөр замын хариу төлөлтийн 183.6 тэрбум төгрөг буюу 90.1З0‚577.78 долларыг улсаас төлсөн. Эдгээр эх үүсвэрүүдээс хэсэгчлэн хэрэглэсэн байх магадлалтай гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ.
Ингээд харвал цэцэрлэг даяар цацах усны даралт хэмжээ тохируулах үүрэгтэй арилжааны банк, тэр үүргээ хангаж ажиллаж байгаа эсэхийг нь хянах үүрэгтэй Монголбанк, турбаны хэвийн ажиллагааг хангаж цэцэг навч ургаж төлжих орчин бүрдүүлэх үүрэгтэй засгийн инстүүцүүд цөм нийлээд нэг л жижиг эдийн засаг, нэг л баянбүрд рүү нийт эдийн засгаар эргэж байх ёстой нөөцийг цөм шавхжээ. Банкны тухай хууль нь энгийндээ банкнууд нийтийн хөрөнгөөр усан сан бүрдүүлчихээд өөрийн мод цэцгээ л услаад байхаас сэргийлэх зорилгоор санхүүгийн бус ажиллагааг хориглодог. Энэ зарчим ганц 49% дээр төдийгүй өчнөөн олон жилийн өмнөөс зөрчигдөж, түүнийг хянах үүрэгтэй төрийн инстүүцүүд эсрэгээрээ уухайлан дэмжиж урдаа барьдаг бүхнээ нэг баянбүрд рүү төвлөрүүлж иржээ. Ийм байхад улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж тутмын нэг нь хатаж үхэж
, иргэд ядуурч, ядуураад хаймар түлж, түлсэн угаартаа хордож, хордоод өвдөж, өвдөөд үхэж, уушиг зүрх элэг ходоодны элдэв өвчнөөр урд гишгэх улс олдохоо больж байгаад гайхах юмгүй. Харин хамаг шимээ шавахуулж хатсан цэцэрлэгт үлдчихээд баянбүрдийг минь бүү хөнд гэж орилох народ бол хамгийн гайхмаар үзэгдэл мөн
. Утаа угаарт уушиг нь төдийгүй ухаан санаа нь хордоод самуураа юу гэлтэй. Өөрөөс нь дээрэмдэж ургуулсан баянбүрдээс өвдөл цөвдөл олж хүртсэн иргэд бол яахав очоод өнөө баянбүрдийн гадаа нь боловч хэвтэх газар олсон гэсэн үг. Бусад нь харин бусдын ургуулсан баянбүрдийн сайхныг гайхаж шагшихаас өмнө миний амьдардаг, ажилладаг цэцэрлэг яагаад ийм байна? гэдэг асуултад оюун ухаанаа ашигламаар байна. Энэ асуултад бид эрүүл ухаанаар хариулт өгөхгүй бол, иргэд сэрэхгүй бол цэцэрлэг сэргэхгүй.